УИХ-ын гишүүд Наурызын мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд Наурызын мэндчилгээ дэвшүүллээ

Өнөөдөр өдөр, шөнө тэнцэн хаврын хугас дунд улирал эхэлж, казах түмний хаврын баяр, нарны баяр Наурыз тохиож байна. Энэ баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн Х.Жекей, Х.Баделхан, А.Тлейхан нар мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд:

“Эрхэм хүндэт буянтай буурал аксакалууд, ах, эгч, дүүс анд нөхөд өө!
Казак түмний үндэсний урин хаврыг угтахын бэлгэшээлт өдөр, шөнө тэнцсэн, тэгш сайн өдрийн Наурызын баярын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Монгол Улсын төр, засаг үндэстнийхээ цөөнхийн хэл, соёл, ёс заншил, шашин шүтлэг, уламжлалт баярт хүндэтгэлтэй ханддаг бөгөөд сүүлийн арав гаруй  жил Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, казак түмний нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах нэн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд бодлого анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа юм. Монгол төрийн үе үеийн мэргэн бодлогын үр дүнд казак  түмэн бид эх орныхоо хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнол, энх цагийн бүтээн байгуулалтад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан билээ. Та бидний дундаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, уул уурхай, аж үйлдвэр, соёл урлаг, шинжлэх ухааны олон салбарт ажил үйлс, нөр их хөдөлмөрөөрөө нэр алдраа дуурсгасан гавьяат үйлстнүүд олноороо төрөн гарсныг Монгол түмэн нийтээрээ хүндэтгэн бахархаж байдгийг хэлэхэд нэн таатай байна.

Монгол орныхоо өнцөг булан бүрт аж төрөн амьдран суугаа манай казак  түмэн элэг нэгт, элгэмсэг монгол ах дүү нарынхаа хамт өв уламжлал, ёс заншлаа чандлан сахиж, өргөө хотлоороо өтгөс буурлууддаа золгон мэндчилж, өнгөрч буй он, гарч буй жилийнхээ өнгийг ярилцан, ирээдүйд хийж бүтээхээ товлодог найрсаг сайхан Наурыз баяраа хамтран угтаж, өргөн дэлгэр тэмдэглэж байгаадаа баяртай байна. Түмэн олноороо цэнгэн баярлаж, төвшин жаргалтай байхын ерөөлийг өөд өөдөө өргөн дэвшүүлье.

Төр төвшин, түмэн олон маань энх амгалан байх болтугай” гэжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж