“Англи хэл сурахыг хүсвэл эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй”

“Англи хэл сурахыг хүсвэл эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй”

“Англи хэл сурахыг хүсвэл эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй”

FOCUS сургалтын төв 2019 онд Күнз дунд сургуулийн харьяа “Юнайтед Фокус” нэртэйгээр байгуулагдаж, өдгөө Улаанбаатар, Өмнөговь аймагт нийт зургаан салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монгол, Филиппин хосолсон 15 багштай тус төв хүүхдийн нас, түвшинд тохирсон англи хэлний сургалт болон нэмэлт дугуйлан, эрчимжүүлсэн ярианы хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монгол хүүхдүүдийн англи хэл сурах хандлага, хэлний хэрэглээний талаар FOCUS сургалтын төвийн багш Salvador P. Espinosa III-тай ярилцлаа.


-Монголд багшлаад хэр удаж байна вэ. Монгол хэл сурч байна уу?

– Би Филиппин улсын иргэн. Монголд англи хэлний багшаар ажиллаад нэг жил болж байна. FOCUS сургалтын төвд ажиллаж байгаа нь миний хувьд гадаад улсад багшилж буй анхны тохиолдол. Багшлахын зэрэгцээ Монголын хүүхдүүдтэй танилцаж, тэдний соёл, амьдралын хэв маягийн талаар мэдэж авч байгаа нь надад их сонирхолтой санагддаг. Мэдээж би монгол хэл мэдэхгүй, хүүхдүүд ч филиппин хэлээр ярьдаггүй болохоор эхэндээ хоорондоо ойлголцоход бага зэрэг хүндрэл гардаг. Тиймээс хичээл дээр аль болох англи хэлээ ашиглаж харилцахыг хичээдэг.

Миний хувьд зөвхөн үг, дүрэм заах нь хангалттай биш гэж боддог. Хүүхдүүд сурсан зүйлээ өөрсдөө ярьж, бодит нөхцөлд ашиглаж байж англи хэлийг илүү сайн сурна.

Тиймээс хичээлийн үеэр англи хэлээрээ ярьж, өөрийгөө илэрхийлэх боломжийг нь илүү их олгохыг хичээдэг.

-Монгол суралцагчдын англи хэл сурах хандлага, идэвх оролцоо хэр байдаг вэ?

-Монгол хүүхдүүд их эелдэг, багш нараа хүндэлдэг төдийгүй шинэ хүнтэй танилцахдаа нээлттэй, сониуч зантай санагддаг. Ялангуяа гадаад хүнтэй ярилцаж, харилцах боломж тэр бүр байдаггүй учраас хүүхдүүд надтай уулзахдаа ихэд сонирхож, баяртай хүлээж авдаг. Тэдний англи хэл сурах хүсэл, эрмэлзэл нь ч өндөр. Хичээлдээ идэвхтэй оролцож, өөрсдийн мэддэг зүйлээ хуваалцахын зэрэгцээ шинэ мэдлэг, мэдээллийг ихэд сонирхон хүлээж авдаг. Би тэдэнд Филиппиний тухай ярьж өгдөг бол хүүхдүүд Монголынхоо түүх, соёл, уламжлалын талаар надад танилцуулдаг. Ийнхүү бид бие биенийхээ улс орон, соёлын талаар ярилцаж, харилцан суралцдаг нь надад үнэхээр сайхан санагддаг.

-Монгол суралцагчдад англи хэл сурахад хамгийн их тулгардаг бэрхшээл юу байна вэ?

-Миний бодлоор хүүхдүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь англи хэлийг өдөр тутмын амьдралдаа ашиглах боломж хязгаарлагдмал байдагтай холбоотой. Монголд, ялангуяа ахмад үеийнхэн англи хэлээр төдийлөн ярьдаггүй учраас хүүхдүүд хичээлээс гадуур англи хэлээр харилцах хүн, орчин бага байдаг. Тиймээс тэд англи хэлээ ихэвчлэн зөвхөн хичээлийн үеэр ашигладаг.

Гэвч хэл сурах үйл явц зөвхөн анги дотор явагдахаас гадна өдөр тутмын амьдралд үргэлжилж байх нь чухал. Англи хэлээр ярилцах, сонсох, өөрийгөө илэрхийлэх бодит боломж олон байх тусам хүүхдүүдийн хэлний мэдлэг, хэрэглээ сайжирна.

Тиймээс англи хэлээ өдөр тутмын амьдралдаа ашиглах боломж хомс байгаа нь хүүхдүүдийн хувьд нэг том бэрхшээл гэж боддог.

-Англи хэлийг богино хугацаанд үр дүнтэй сурахын тулд ямар арга барил ашиглах хэрэгтэй вэ?

-Би өөрөө CLT буюу Communicative Language Teaching, өөрөөр хэлбэл, харилцаанд суурилсан хэлний сургалтын аргыг ашигладаг. Энэ аргын гол онцлог нь англи хэлийг зөвхөн үг, дүрэм цээжлүүлэх байдлаар бус, бодит амьдралын нөхцөлд зөв ашиглаж сурахад чиглэдэг. Тиймээс би хичээлийн үеэр аль болох монгол хэл ашиглахгүйгээр англи хэлээр харилцахыг хичээдэг. Жишээлбэл, шинэ үг, дүрэм заахаас гадна тэдгээрийг өдөр тутмын ярианд хэрхэн зөв, бодит нөхцөлд ашиглахыг дадлагажуулдаг. Ингэснээр хүүхдүүд англи хэлийг зөвхөн хичээлийн зүйл гэж харахгүй, харин өдөр тутамдаа ашиглаж болох харилцааны хэрэгсэл гэж ойлгож эхэлдэг. Миний бодлоор хэл сурахдаа заавал том зүйлээс эхлэх шаардлагагүй. Бага зүйлээс эхэлж, өдөр бүр англи хэлээ тогтмол ашигласаар байвал аажмаар илүү сайн ойлгож, өөртөө итгэлтэйгээр ярьж сурна.

-Сүүлийн үед хүүхдүүдийн дуудлага, ярианы чадвар харьцангуй сайжирсан гэж ярьдаг. Ярианы ур чадварыг сайжруулахын тулд ямар арга хэрэглэдэг вэ?

-Монгол хэлний дуудлага англи хэлний дуудлагаас нэлээд ялгаатай. Тухайлбал, англи хэлний “L” авиа монгол хэлний “Л” авианаас өөрөөр дуудагддаг. Мөн монгол хэлэнд байдаггүй олон авиа англи хэлэнд байдаг учраас хүүхдүүдэд тэдгээрийг зөв дуудаж сурахад нь байнга давтуулж, өөрөөр нь хэлүүлж дадлага хийлгэдэг.

Ер нь хэл сурахад хамгийн чухал зүйл бол тухайн хэлээ өөрийг нь ашиглаж, бодитоор хэрэглэж үзэх гэж боддог. “Туршлага бол хамгийн сайн багш” гэдэг шүү дээ.

Тиймээс би хүүхдүүдэд англи хэлээр аль болох олон удаа ярьж, хэрэглэж үзэх боломж олгохыг хичээдэг. Эхэндээ дуудлага нь буруу байх нь мэдээж хэвийн. Хамгийн гол нь алдахаас айлгүй оролдож, дахин дахин ашиглах хэрэгтэй. Хэлээ тогтмол хэрэглэж, туршлага хуримтлуулахын хэрээр хүүхдүүдийн дуудлага, сонсгол болон ярианы чадвар аажмаар сайжирдаг гэж боддог.

-FOCUS сургалтын төвийн сургалтын арга барил бусад сургалтын төвөөс юугаараа ялгаатай вэ?

– Би FOCUS-д ажиллаад бараг нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд өөр өөр нас, түвшний олон ангид хичээл заасан. Энэ хугацаанд ажигласнаар FOCUS-ийн хамгийн гол онцлог нь сурагч төвтэй сургалт явуулдагт оршдог гэж боддог.

Багш бүх зүйлийг тайлбарлаж, хүүхдэд бэлэн мэдлэг өгөхөөс илүүтэй сурагчдыг өөрсдөөр нь аливааг олж нээж, туршиж, сурсан зүйлээ бодитоор ашиглах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, зөвхөн үг, дүрэм заахад төвлөрдөггүй. Харин сурагчдыг англи хэлээ өөрсдөө идэвхтэй ашиглаж, мэдлэгээ өргөжүүлэн, өөрийн боломж, чадвараа нээж хөгжүүлэхэд нь чиглүүлдэг. Энэ нь зөвхөн хэлний мэдлэг олгохоос гадна хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, бие даан суралцдаг болоход дэмждэг учраас FOCUS-ийн сургалтын гол онцлог гэж би хардаг.

-Англи хэл сурч байгаа залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

– Юуны өмнө яагаад англи хэл сурч байгаагаа өөрөөсөө асуугаасай гэж зөвлөмөөр байна. Өөрөөр хэлбэл, англи хэл сурах зорилгоо тодорхойлох нь хамгийн чухал гэж боддог. Хүн өөрөө сурах хүсэл, сонирхолтой байвал хэл сурах үйл явц илүү хялбар, сонирхолтой болдог. Мөн англи хэл бол дэлхийн хаана ч ашиглаж болох хэл. Тиймээс зөвхөн гэртээ, сургуульдаа эсвэл сургалтын төвдөө хэрэглэхээс гадна өдөр тутмын амьдралдаа аль болох ашиглах хэрэгтэй. Жишээлбэл, англи хэлээр юм үзэх, сонсох, өөртэйгөө англиар ярьж үзэх, мэддэг үг, өгүүлбэрээ өдөр тутамдаа ашиглах зэрэг жижиг зүйлсээс эхэлж болно.

Хамгийн гол нь “Би яагаад англи хэл сурч байгаа вэ?” болон “Ирээдүйд үүнийг хэрхэн ашиглах вэ?” гэдэг зорилгоо ойлгочихвол сурах хүсэл, урам зориг илүү нэмэгдэнэ. Тэгээд сурсан зүйлээ өдөр бүр бага багаар ашиглаад байвал англи хэл аажмаар өдөр тутмын амьдралын нэг хэсэг болно гэж боддог.

-FOCUS сургалтын төвийн сурагчаараа хамгийн их бахархсан, дурсамжтай үеэсээ хуваалцаач.

– Монгол хүүхдүүд сургууль дээр гаргасан амжилтаа бидэнтэй хуваалцах их дуртай. “Багш аа, би медаль авсан”, “Би нэгдүгээр байр эзэлсэн” гээд баяртай мэдээгээ өөрсдөө ирээд хэлдэг. Тэдний амжилтыг сонсох үнэхээр сайхан байдаг. Миний хувьд хамгийн их бахархсан нэг тохиолдол бий. Манай нэг сурагч сургууль дээрээ англи хэл дээр зохион байгуулсан дебатын тэмцээнд оролцоод түрүүлсэн юм. Тэгээд тэмцээний дараа над дээр ирээд “Багш аа, надад англи хэл зааж, тусалсанд маш их баярлалаа” гэж хэлсэн. Уг нь би багш хүний хувьд ажлаа л хийж байгаа шүү дээ. Гэхдээ сурагч маань миний заасан зүйл, гаргасан хичээл зүтгэлийг үнэлж, эргээд талархаж хэлсэн нь надад үнэхээр сайхан санагдсан. Тэр мөчид багш хүний хувьд маш их бахархаж, баярласан. Багшийн хийж байгаа зүйл сурагчийнхаа амжилтад бага ч гэсэн хувь нэмэр болж чадсан гэдгийг мэдрэх нь өөрөө хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.17.164

Монгол улсын ирсэн Англи хэлний багш орчуулагчид маш их байдаг. Яах гэж Хятад Филлипин хүмүүст бүр 15 нд хүнд мөнгө цалин төлөөд тэжээгээд Монгол амьдруулаад байгаан бол? Яагаад 15 хүнд багшлуулж брллхгүй байгаа юм. Багшийн дээдийг жил бүр 20 30 хүн төгсөдгүй муу???

Avatar

би л байна 2026-10-08 64.119.17.164

Монгол улсын иргэн

Avatar

Нэргүй 2026-10-08 178.174.229.45

gadaadad JISHEE N ENE PILIFFIND HUUHDUUD 2 NASNAASAA ENGLISH SURCH EHELDEG TEGEED UNAGAN ENGLISHTEI BOLJ BAS EH HELEE SURAAD 7 NAS GEHED ALI HEZEE 2 HELTEI BOLDOG EUPOIIN HOLBOO BAS ADILHAN . TIIM BHAD MONGOLCHUUD ENGLISHIIG 4 -R ANGIAS ZAANA GJ MUNHAGTAAAD BDAG . OROS HELIIG DEER YED 4-R ANGIAS ZAASAN YUCH SURAAGUI PISDA TAI L ULDSEN SHUU DEE

Avatar

Уншигч 2026-10-08 202.179.25.192

Зорилго: Англи хэл сурах!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж