Франц даяар ахлах сургуулийн сурагчид сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. Парисын захын дүүргийн ахлах сургуулийн багш нарын ажил хаялтаас улбаатай уг жагсаал нэгэнт эрчийг авч, энэ Даваа гаригийн байдлаар 500 сургууль үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Мөн өнгөрсөн өдрүүдэд 6000 гаруй хүн саатуулагдсаны ихэнх нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй насанд хүрээгүй хүүхдүүд байв. Парис даяар нулимс асгаруулагч хийн үнэр ханхалж, сургуулийн сандал, ширээ шатааж буй дүр зураг үзэгдэнэ. Эмх замбараагүй байдал дунд гэмтэж бэртсэн хүмүүс ч олон. Тухайлбал, Ленс хотод гранат дэлбэрснээс болж нэг хүүхэд гаргүй болсон бол Тур хотод нэг хүүхэд хараагүй болсон тохиолдол гарчээ.
Парисын захын дүүргийн Сент-Экзюпери ахлах сургуульд есдүгээр сарын 21-нд эхэлсэн анхны эсэргүүцэл төдийлөн анхаарал татаагүй. Тухайн үед багш, сурагчид нэгдэн боловсон хүчин, нөөцийн дутагдлыг эсэргүүцэж байв. Тэдний шаардлагын дагуу сургуульд нэмэлт ажилтан илгээснээр ажил хаялт зогссон ч өөр газруудад эсэргүүцлийн хөдөлгөөн хэдийнэ дэгдээд эхэлсэн байжээ.
Одоо Францын Боловсролын яам хямралыг бүрэн хянах боломжгүй болсон гэж сурагчдын удирдагч Манес Надел хэлжээ.
Жагсаал цуглаан хяналтаас гарсан нь олныг хамарсан цагаачлалын асуудалтай холбогдоно гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн ийм хурдтайгаар хүчээ авч, хүчирхийлэл дагуулсан нь олон хүнийг гайхашруулсан ч нөгөө талаасаа энэ нь сурагчдын бухимдал, гомдол удаан хугацаанд хуримтлагдсаны үр дагавар юм. Сургуулийн анги танхимуудад сандал, ширээ хүрэлцдэггүй, багшийн хомсдолын улмаас заримдаа хичээл цуцлагддаг тухай санал гомдол цахим орчинд олон жил гарсан. Францын төрөлтийн түвшин 2010 онд огцом нэмэгдсэн нь өнөөдөр сургуулиуд ачааллаа дийлэхээ больсонтой их бага хэмжээгээр холбогдож байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2010 онд төрсөн хүүхдүүд өнөөдөр ахлах ангийн сурагчид болсон гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Францын ерөнхий боловсролын дунд сургуулиудад 2008 оныхоос цөөн багш ажиллаж байгаа хэдий ч сурагчдын тоо 250 мянгаар нэмэгдсэн байна. Мөн улсын сургуулиудын анги дүүргэлтийг авч үзвэл, нийт ангийн 70 хувь нь 30-аас дээш сурагчтай байгаа юм.
АСУУДЛАА ОЙЛГООГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР
Засгийн газар 2027 оноос технологийн ахлах сургуулиудын төлбөртэй холбоотой шинэ зохицуулалт хийхээр төлөвлөсөн байсан ч эсэргүүцлийн жагсаалын дараа үүнийгээ цуцалж, төсвийн төслөөс хасжээ.
Гэсэн ч жагсагчдад энэ хангалтгүй байна. Нөхцөл байдал хэрээс хэтэрсэн ч засгийн газар дорвитой хариу арга хэмжээ аваагүй, тэр бүү хэл нөхцөл байдлаа бүрэн ойлгоогүй мэт харагдаж байгааг шүүмжлэгчид хэлж байна.
Засгийн газар эхэндээ хэт зүүний үзэлтэй "LFI" нам болон тус намын оролцоонд анхаарлаа хандуулж байжээ. Тодруулбал, Жан-Люк Меланшоны удирддаг "LFI" нам нь сурагчдын жагсаал хийх эрх болон өөрсдийн оролцоог удаа дараа хамгаалсан аж. Түүнчлэн эсэргүүцлийн улмаас учирсан зардал мөнгө, цагдаа нарын хариу арга хэмжээнд засгийн газар хамаг анхаарлаа хандуулжээ. Зөвхөн Парисын бүс нутаг дахь сургуулиудад учирсан хохирлыг долоон сая евро гэж одоогоор тооцоолоод байгаа юм.
Сурагчдын удирдагч Манес Надел "Засгийн газрын хариу арга хэмжээ хариуцлагагүй байсан. Энэ нь сурагчид яг юунд бухимдаад байгааг баталж харууллаа. Учир нь засгийн газар сурагчдын дуу хоолойг хэзээ ч сонсдоггүй. Тэд зөвхөн дарамт шахалтаар хариу өгч байна" гэжээ.
Гэхдээ эсэргүүцлийн жагсаал хүчирхийллийн шинжтэй болж ирснээр засгийн газар сая нэг асуудалд бүрэн анхаарлаа хандуулах болсон байна. Тус улсын Боловсролын сайд Эдуар Жеффрай өнгөрсөн Баасан гаригт /2026.10.02/ сурагчдын төлөөлөлтэй уулзжээ. Харамсалтай нь талууд ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүйгээр үл барам асуудал улам даамжирсан байна. Тодруулбал, уг уулзалтын дараа сурагчдын удирдагчид илүү олуулаа жагсаалд оролцохыг хүмүүст уриалжээ.
Францын Дотоод хэргийн яамны тооцоолсноор, улс даяар ойролцоогоор 256 мянган хүн жагсаалд оролцоод байна. Үүнээс 56 мянга нь нийслэл Парист байгаа юм. Харин жагсаалыг зохион байгуулахад оролцсон ахлах сургуулийн сурагчдын үйлдвэрчний эвлэл "Union Syndicale Lycéenne" байгууллагын мэдээлснээр жагсаалд улс даяар 450 мянган хүн нэгджээ.
Францын ерөнхий сайд Себастьян Лекорню "Хэт туйлширсан хүчирхийлэл сургуулиудын хаалгыг тогшлоо. Ийм зүйлийг эргэлзэлгүй буруушаах ёстой. Үймээний үеэр 215 сурагч, боловсролын салбарын 85 ажилтан гэмтэж бэртсэн. Энэ бол сүүлийн хэдэн 10 жилд боловсролын салбарын ажилтнууд хамгийн олноор гэмтсэн тохиолдол" гэжээ.
Мөн тэрбээр энэ долоо хоногоос эхлэн сургууль бүрт дотооддоо хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг өгчээ. Үүний зэрэгцээ сурагчид өөрсдийн санаа зовниж буй асуудал болон тогтолцоог сайжруулах талаарх саналаа хуваалцах боломжтой цахим платформыг Боловсролын яамнаас ажиллуулж эхэлсэн байна.
Дашрамд дурдахад, Францын ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно. Уг сонгуулийн өмнө ийм үймээн самуун дэгдсэн нь ерөнхийлөгчийн сонгууль ширүүн өрсөлдөөнтэй болохын дохио юм.
3,600.44



















































Нэргүй 2026-10-08 178.174.229.45
JAGSAAL HIIJ BGAA N DANDAA HAR HALTAR HUUHDUUD BUGDIIG BUUDAJ ***h HTEI
Зочин 2026-10-08 192.82.92.42
Францууд биш цагаачид нь олон арваар хуухэд гаргаад хун ам есч байгаа юм. Беен харын эрлийзууд харагдана. Бодлогогуй терийн гай!