Сурвалжлага: Зурааснаас зураг, зургаас бүтээл болон амилах урлаг

Сурвалжлага: Зурааснаас зураг, зургаас бүтээл болон амилах урлаг

Сурвалжлага: Зурааснаас зураг, зургаас бүтээл болон амилах урлаг

Урлаг гэдэг цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэлбэр, илэрхийллийн арга нь өөрчлөгдсөөр ирсэн зүйл. Хадны сүг зураг, шавар баримлаас эхлээд уран зураг, дижитал бүтээл хүртэл хүн төрөлхтөн өөрийн төсөөлөл, мэдрэмжээ илэрхийлэх шинэ арга замыг эрэлхийлсээр иржээ. Харин сүүлийн жилүүдэд урлагийг тоглоомын хэлбэрээр илэрхийлж, уран бүтээлчийн төсөөллөөр бүтсэн дүрүүдийг бодит биет бүтээл болгон хувиргадаг шинэ төрлийн соёл дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна.

Анх харахад хүүхдийн тоглоом мэт боловч цаанаа уран бүтээлчийн үзэл санаа, ур чадвар, өөрийн гэсэн онцлог хэв маягийг шингээсэн Art Toy нь энгийн нэгэн цуглуулгын эд зүйлээс хэдийнэ давж, бие даасан урлагийн бүтээл хэмээн үнэлэгдэх болжээ.

Тэгвэл энэ шинэ урсгал Монголд хэрхэн нутагшиж байна вэ? Залуу уран бүтээлчдийг Art Toy бүтээхэд юу татдаг бол? Мөн тэд өөрсдийн санаа, төсөөллөө хэрхэн бодит биет бүтээл болгон хувиргадаг вэ?

Энэ удаа бид өөрсдийн төсөөллөөр бүтээсэн дүрүүдээ бодит болгож, тоглоомын хэлбэрээр урлагийг хүргэж буй “Nomad Toys” студийн залуусын бүтээлч ертөнцөөр зочиллоо.

“Nomad Toys” студийн залуусын хувьд Art Toy нь хүүхдийн тоглоом бус, орчин үеийн баримлын нэгэн хэлбэр. Тиймээс тэд бүтээсэн дүрүүдээ зөвхөн тоглоомын зориулалтаар бус, урлаг сонирхогчид, цуглуулагчид болон байгууллагуудад зориулан бүтээдэг байна.

“Nomad Toys” студийн захирал Э.Түвшинтөр зураач мэргэжилтэй. Тэрбээр Art Toy-ийн чиглэлээр 2019 онд ажиллаж эхлэх үед Монголд энэ төрлийн бүтээл туурвидаг уран бүтээлч, студи цөөн байжээ. Харин олон улсад хэдийнэ эрчээ авч байсан энэ урсгалыг Монголд хөгжүүлэх боломжийг тэр олж харсан байна.

Ингээд анхны бүтээлүүдийнхээ нэг болох “Зэрэг нэмсний дараа” хэмээх дүрийг бүтээж, Монголын танил дүр, санааг орчин үеийн хэлбэрээр дахин илэрхийлэх уран бүтээлийн замаа эхлүүлжээ.

Өнөөдөр “Nomad Toys”-ийн бүтээлүүдэд Монголын нүүдэлчдийн хэв маяг, ахуй соёлын онцлогийг орчин үеийн дүрслэлтэй хослуулсан шийдэл түлхүү харагддаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн Art Toy-ийн урсгалыг дагахаас гадна Монголын онцлогийг шингээсэн, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгохыг зорьдог байна.

Түүнчлэн студи үндэсний контент бүтээгчид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдний бүтээсэн дүрүүдийг бодит биет хэлбэрт оруулдаг. Ингэснээр цахим орчинд бий болсон дүр өөрийн гэсэн биетэй болж, цуглуулагчдын хадгалан үлдээх бүтээл болон хувирдаг байна.

Харин нэг дүрийг бодит бүтээл болгох үйл явц хаанаас эхэлдэг бол?

Бүх зүйл санаа, төсөөллөөс эхэлнэ. Эхлээд дүрийн ерөнхий төрх, хийц, онцлогийг тодорхойлсон ноорог боловсруулж, дараа нь гурван хэмжээст загварчлалын программ ашиглан дүрийн моделийг бүтээнэ.

Бэлэн болсон загварыг 3D принтерээр хэвлэж, эх загварыг гаргасны дараа хэв авч, тусгай материалаар цутгана. Үүний дараа өнгөлж, засварлан, эцэст нь гараар буддаг байна.

Тиймээс хэдхэн сантиметр хэмжээтэй нэг дүрийн цаана санаанаас эхлээд загварчлал, хэвлэлт, цутгалт, өнгөлгөө, будалт хүртэл олон үе шат, урт хугацаа, гар ажиллагаа шингэдэг. Одоогоор “Nomad Toys” долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна дүр хөгжүүлэлт, захиалгат бүтээл, байгууллагын тусгай бэлэг, цуглуулагчдад зориулсан хязгаарлагдмал тооны бүтээл зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Тухайлбал, нэг сарын хугацаанд 100 ширхэг тусгай загварын Art Toy үйлдвэрлэн гаргасан туршлага тэдэнд бий. Үйлдвэрлэлийн хурд, арга технологи нь ч студи байгуулагдсан эхний үеэсээ сайжирч, харилцагч байгууллагын тоо нэмэгдэн, үйл ажиллагаа нь аажмаар тогтворжиж байгаа аж.

Гэхдээ Монголын Art Toy-ийн зах зээл одоогоор дэлхийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй жижиг хэвээр. Цуглуулах соёл, хэрэглэгчдийн хүрээ дөнгөж бүрэлдэж байгаа ч энэ нь салбарын хөгжлийн эхлэл гэж уран бүтээлчид харж байна.

Учир нь хүмүүсийн хэрэгцээ зөвхөн өдөр тутмын хэрэглээгээр хязгаарлагдахгүй. Өөрийн сонирхол, гоо зүй, дурсамж, үнэт зүйлээ илэрхийлсэн бүтээлийг цуглуулах соёл ч мөн адил хөгжиж байна. Энэ орон зайд Art Toy өөрийн гэсэн байр суурийг эзлэх боломжтой.

Тиймээс “Nomad Toys”-ийн залуусын хувьд энэ ажил зөвхөн тоглоом үйлдвэрлэх бизнес биш. Монголын түүх, ахуй, нүүдэлчин соёлын онцлогийг орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлж, шинэ үеийн үзэгч, цуглуулагчдад хүргэх нэгэн хэлбэр юм.

Энэ ч утгаараа тэд залуу уран бүтээлчдэд студийнхээ үүдийг нээлттэй байлгаж байна. Комик, дүрслэх урлаг, дизайн сонирхдог залуус өөрсдийн бүтээсэн дүр, санаагаа хөгжүүлж, хамтран ажиллах боломжтой.

Монголд одоогоор цөөн хэдэн уран бүтээлч, студи энэ чиглэлээр ажиллаж байгаа ч дэлхийд Art Toy-ийн соёл улам бүр тэлж байна. Харин Монголын хувьд энэ урсгалыг өөрийн өнгө төрхтэйгөөр хөгжүүлэх боломж нь бидний өв соёл, нүүдэлчин ахуй, баялаг дүрслэлд бий. Хүүхдийн тоглоом шиг жижигхэн биетэй ч түүний цаана бүтээлч санаа, ур чадвар, соёлын агуулга багтсан байдаг талаар “Nomad Toys”-ийн уран бүтээлчид ярьсан юм.

Art Toy гэх шинэлэг урлагийн төрөлд хөл тавьж, өөрсдийн бүтээлч амьдралаа энэ чиглэлтэй холбосон залуусын нэг бол “Nomad Toys” студийн артист Э.Тэргэл. Номын зураач мэргэжилтэй тэрбээр оюутан байх үеэсээ тус студид ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө принтерээс гарсан дүрүүдийг өөрийн гараар будаж, өнгө оруулан амилуулж байна.

Э.Тэргэл багаасаа Art Toy урлагийг сонирхдог байсан бөгөөд 2023 онд “Nomad Toys” студийн захирал Э.Түвшинтөртэй холбогдсоноор энэ чиглэлээр ажиллах эхлэл нь тавигджээ. Тэрбээр нэгдүгээр курсээсээ тус студид ажиллаж эхэлсэн бол энэ оны зургадугаар сараас үндсэн ажилтнаар ажиллаж байгаа аж.

Номын зураач мэргэжил нь түүний одоогийн ажилтай ч мөн тодорхой хэмжээгээр холбогддог. Учир нь номын дүрийг цаасан дээр зурж бүтээдэг бол Art Toy-ийн хувьд тэрхүү төсөөлөл, дүрийг биет хэлбэрт оруулж, өнгө будгаар амилуулдаг. “Ном гэдэг өөрөө дүртэй. Тиймээс миний одоо хийж байгаа ажил үүгээрээ холбогддог” хэмээн тэр ярьж байв.

Түүний хувьд зурсан дүрүүд нь биет бүтээл болж хувирахыг харах нь энэ ажлын хамгийн сонирхолтой хэсэг. Цаасан дээрх эсвэл дэлгэцэн дээрх дүр бодит хэмжээтэй фигур болж, өөрийн гараар өнгө орж эхлэх тэр мөч түүнд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг байна. “Зурсан дүрүүд биет болж байгааг харах миний хувьд хамгийн гоё байдаг” хэмээн Э.Тэргэл онцолсон юм.

“Nomad Toys”-ийн бүтээлүүдээс түүний хамгийн их сонирхдог коллекц нь “Зэрэг нэмсний дараа”. Өөрөө уг коллекцийн бүтээлд оролцоогүй ч дүрслэл, санааны хувьд хамгийн их таалагддаг бүтээлүүдийнх нь нэг ажээ.

Харин одоо Э.Тэргэл өөрөө бүтээлүүдийн будалт дээр ажиллаж байна. Анх энэ ажлыг хийж эхлэхдээ нэг бүтээлийн учрыг олох, нарийн деталь бүрийг гаргах гэж нэлээд хугацаа зарцуулдаг байсан бол одоо туршлага сууж, ажил нь харьцангуй гарт оржээ.

Нэг фигурийг бүтээхэд зарцуулах хугацаа нь тогтмол биш. Тухайн бүтээл хэдий хэмжээтэй, хэр олон детальтай, хэдэн төрлийн өнгө ашиглах зэргээс шалтгаалан хугацаа нь өөрчлөгдөнө. Үүнээс гадна ашиглаж буй материал, будгийн төрөл болон хатах хугацаа ч нөлөөлдөг байна. Ялангуяа том хэмжээтэй фигуруудыг бүрэн дуусгахад нэгээс хоёр долоо хоног хүртэл хугацаа шаардагддаг.

Энэ төрлийн ажлыг хийхэд мэргэжлийн ур чадвараас гадна тэвчээр хамгийн чухал аж. Олон цагийн турш нэг бүтээл дээр төвлөрч суух, жижиг деталь бүрийг анхаарч ажиллах шаардлагатай учраас эхлүүлсэн ажлаа эцэст нь хүртэл хийж дуусгах чадвар чухал гэдгийг хэлж байв.

Гэхдээ өдөр бүр шинэ дүр, шинэ бүтээл дээр ажилладаг нь түүнийг нэгэн хэвийн ажлаас залхахгүй байх шалтгаан нь аж. Шинэ бүтээл бүр дээр ямар өнгө сонгох, хэрхэн будвал илүү сонирхолтой харагдах, эцсийн байдлаар яаж гоё дуусгах вэ гэдгийг багийнхантайгаа хамт ярилцаж, туршиж үздэг байна.

Ийнхүү бусдын зурсан эсвэл бүтээсэн дүрийг өөрийн гараар өнгө оруулан бодит биет болгон хувиргаж буй Э.Тэргэл цаашдаа зөвхөн бусдын бүтээлийг амилуулаад зогсохгүй өөрийн гэсэн дүрийг бүтээж, өөрийн нэрийн бүтээл гаргах хүсэлтэй. Түүний хувьд Art Toy нь зүгээр нэг тоглоом бус, зураг, уран сэтгэмж, гарын ур дүйг нэг дор шингээж, төсөөллийг бодит зүйл болгон хувиргах боломж олгодог бүтээлч орон зай ажээ.

“Nomad Toys”-ийн хамгийн сүүлд дуусгасан бүтээлүүдээс дурдвал, морин дээрх дүрслэлээрээ Монголын алдарт зураач Марзаншаравын “Монголын нэг өдөр” бүтээлийг Art Toy-ийн хэлбэрт буулгажээ. Ингэхдээ үндэсний өв соёлын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглах бус, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс албан ёсны зөвшөөрөл авч, бүтээлд тулгуурлан энэхүү дүрийг бүтээсэн байна.

Уран бүтээлчдийн хэлснээр үндэсний сан хөмрөгт хадгалагддаг үнэт бүтээлүүдийг орчин үеийн хэлбэрээр дахин туурвихдаа эх бүтээлийн эрх, зөвшөөрлийн асуудлыг хүндэтгэх нь чухал. Тиймээс энэхүү бүтээлийг ч мөн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хийжээ.

Энэ нь “Nomad Toys”-ийн олон жилийн турш хөгжүүлж буй төслүүдийн нэг бөгөөд Монголын сонгодог урлагийн бүтээлүүдийг орчин үеийн Art Toy хэлбэрээр шинэчлэн хүргэх зорилготой цуврал ажлын нэг хэсэг юм.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж