Хиймэл оюун ухаанаар бүтээсэн моделиуд олон нийтийн сүлжээ болон зар сурталчилгаанд улам олноороо харагдах болж. Энэ нь техник технологийн дэвшил мэт боловч хүний бие махбодийн талаарх ойлголтод сөргөөр нөлөөлж байна. Залуу үеийнхэн бодит бус гоо сайхны стандартаас улам л зугтахын аргагүй болж байна.
Хэт их идэх эмгэгтэй байж байгаад эдгэрсэн 19 настай Миа үүнд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Хэрвээ би идэх эмгэгтэй байх үедээ хиймэл оюун ухаан ашигласан бол нөхцөл байдал бүр л дордох байсан байх. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгүүдийг улам л ялгах аргагүй болжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цахим ертөнцөд хиймэл оюун ухаанаар бүтээсэн үзэсгэлэнтэй, сайхан биетэй моделиуд эрс нэмэгдсэн. Тийм контентын доор дандаа бага насны охид сэтгэгдлээ бичсэн байдаг. Миний мөрөөдлийн бие, ямар дасгал хийдгээ хуваалцаач гэх мэт. Энэ үнэхээр гунигтай. Яагаад гэвэл хүн хиймэл оюун ухаанаар бүтээсэн модель шиг харагдах ямар ч боломжгүй. Үүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх цор ганц арга нь хиймэл оюун ухааны хөгжлийг хянах. Өө, энэ чинь бодит биш, хиймэл оюун ухаан шүү дээ гэж хэлэх амархан. Гэхдээ яг хооллох эмгэгтэй хүн бол аливааг логиктой бодож сэтгэх нь ховор. Залуу хүмүүс болгоомжтой байж, юм бүхэнд эргэлздэг байх хэрэгтэй" гэжээ.
Зөвхөн өнөөгийн хиймэл оюун ухааны эрин үе гэлтгүй, ер нь өөрийгөө бусадтай харьцуулах нь бүх цаг үед байдаг үзэгдэл.
41 настай Келли 2000-аад онд ихэнх өсвөр насныхны л адил гадаад төрхдөө санаа зовж, сэтгүүлийн нүүрийг чимдэг загвар өмсөгчидтэй өөрийгөө харьцуулдаг байжээ. Гэтэл өнөөдөр түүний 11 настай хүү хуурамч төгс хүмүүстэй өөрийгөө харьцуулах вий гэж тэр санаа зовж байна.
Келли маркетингийн салбарт ажилладаг учир хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг өдөр тутамдаа хаа сайгүй хардаг. Хамгийн гол нь тэдгээр контентын хаана нь ч "AI" гэсэн тэмдэглэгээ байдаггүйг тэр хэлж байгаа юм.
Баруун Английн Бристолын их сургуулийн Гадаад төрх судлалын төвийн сэтгэл судлалын профессор Филиппа Дидрихс "Хүн төрөлхтөн өөрийгөө бусадтай харьцууламтгай. Гэтэл гоо сайхны ерөнхий стандартууд нь маш явцуу байдаг. Өөрөөр хэлбэл, тэр явцуу стандартад нийцэх хүн цөөхөн гэсэн үг. Дижитал аргаар бүтээсэн зургуудын хувьд энэ нь бүр л тодорхой. Тийм дүр төрх биологийн бодит байдалд огт оршдоггүй" гэжээ.

Тэгвэл хиймэл оюун ухаанаар бүтээсэн моделиудыг хэрхэн таних вэ?
Филиппа Дидрихсийн хэлснээр, тэднийг арьсны бүтэц, нүдний харц, үсний хэлбэр зэрэг илэрхий шинжээр нь таних боломжтой. Мөн арьс нь огт нүх сүвгүй, өөгүй толигор байдаг. Гэсэн ч технологи өдөр бүр л сайжирч, шинэчлэгдэж байгааг анхаарах хэрэгтэй.
Орчин үеийн залуус аливаад харьцангуй шүүлтүүртэй, шүүмжлэлтэй ханддаг болсон нь сайн хэрэг. Мөн тэд технологийн талаар ахмад үеэ дагуулахгүй мэдлэгтэй. Гэхдээ анхаарах зүйл ч бий.
Хиймэл оюун ухаанаар бүтсэн зураг гэдгийг хэдий ойлгож мэдэж байгаа ч тэр зураг шиг харагдах хүний хүслийг юу ч зогсоож дийлэхгүйд асуудлын гол учир оршино.
Хэрвээ ийм байдалд орвол өөрөөсөө дараах асуултуудыг асуух хэрэгтэй. Энэ зураг надад хэрэгтэй зүйлийг маань өгч байна уу? Үүнийг харсны дараа би өөрийгөө сайн сайхнаар хүлээж авч байна уу? Надад урам зориг өгч байна уу? Хэрвээ эдгээр асуултад та үгүй гэж хариулсан бол, тэр зураг, бичлэг танд дутуугийн мэдрэмж төрүүлсэн бол үүнийг анхаарах ёстой чухал дохио гэж хүлээж аваарай.
Зарим брэнд бодит загвар өмсөгчдийн виртуал ихрийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн байдаг. "Balmain", "Levi’s", "H&M" зэрэг хэд хэдэн брэнд үүнийг туршиж үзжээ. Гэхдээ хүмүүс сүүлд нь хиймэл оюун ухаант моделиудыг бодит хүн биш гэдгийг нь мэдээд ихэвчлэн сөрөг хариу үйлдэл үзүүлсэн аж.
Эцэст нь дурдахад, хиймэл оюун ухааныг том, жижиггүй бүх брэнд ашиглаж байна. Гэвч хиймэл зүйл хүний урлагийн мэдрэмж, бүтээлч байдлыг орлохыг хэзээ ч зөвшөөрөх учиргүй юм.

3,600.44
















































Нэргүй 2026-10-07 118.221.147.99
хэтрээд хүнээс өөр харагдаад эхэлбэл бас дургүй болно