ОХУ ирэх жил батлан хамгаалах төсвөө Зөвлөлтийн үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүргэхээр төлөвлөж байна. Үүний тулд иргэний хөтөлбөрийг танаж, татварыг нэмэгдүүлж байгаа аж. Тэгвэл "NEWS" агентлагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа ОХУ-ын ирэх жилийн батлан хамгаалах төсвийн талаар онцолж байна.
ОХУ-ын өнгөрсөн долоо хоногт танилцуулсан 2027 оны төсвийн төсөлд батлан хамгаалах салбарт 17.1 их наяд рубль буюу 205.2 тэрбум ам.доллар хуваарилсан байв. Энэ нь өмнө нь яригдаж байсан дүнгээс 26 хувиар, дайны өмнөх буюу 2021 оны дүнгээс 375 хувиар илүү байгаа юм. Мөн ирэх оны батлан хамгаалах зардал нь тус улсын нийт зарлагын гуравны нэгийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс ЗХУ задарснаас хойших хамгийн өндөр дүнтэй батлан хамгаалах төсөв гэж тодорхойлогдож байна. Шинжээчдийн үзэж буйгаар батлан хамгаалах төсвийг өндөр дүнгээр батлахаар төлөвлөж буй нь ОХУ дайныг дуусгах бодолгүй байгааг илтгэж байна. Мөн энэ зардлын дарамтыг тус улсын айл өрх, бизнесийн салбар болон төрийн үйлчилгээний салбар үүрэх болно.
Эдийн засагч Борис Грозовский ОХУ-ын дайны үеийн эдийн засагт одоогоор санхүүгийн тодорхой нөөц боломж байгаа гэж үзэж байна. Гэхдээ засгийн газар дайны зардлыг нөхөхийн тулд иргэд, бизнесээс аль болох их хэмжээний мөнгө татахыг эрмэлзэж байна гэж дүгнэжээ.
Түүний хэлснээр, хаанаас нэмэлт орлого олох боломж байна, тэндээс мөнгө татахын зэрэгцээ засгийн газар өөрөө аль болох бага хөрөнгө зарцуулах бодлого баримталж байна.
ОХУ мөн батлан хамгаалах зардлын төсвийг танилцуулахаас бодит зардлыг харуулдаггүй. Тус улс 2022 оноос хойш зөвхөн төлөвлөсөн зардлын талаарх мэдээллийг ил болгож байгаа бөгөөд бусад дүнг нууцалж иржээ. Гэсэн хэдий ч жил бүр нэмэгдэх батлан хамгаалах зардал нь Оросын эдийн засагт хүндрэл учруулж байна. 2025 онд төсвийн алдагдал нь 5.65 их наяд рубльд хүрсэн бол 2026 онд 7.3 их наяд рублийн алдагдал хүлээж байна. Харин 2027 онд алдагдлыг 5.4 их наяд рубль буюу ДНБ-ий 2.2 хувь хүртэл бууруулахаар төлөвлөжээ. Гэвч "Sberbank"-ийн эдийн засагчид 2027 оны алдагдал засгийн газрын төсөөлснөөс өндөр буюу ДНБ-ий 2.7 хувьд хүрч болзошгүй гэж үзжээ.

ОХУ-ын төсвийн алдагдал өндөр байгаа ч одоогоор санхүүгийн хямралд хүрэх хэмжээнд биш аж. Зарим шинжээчдийн хувьд үүнийг ОХУ одоогоор зохицуулах боломжтой түвшинд байгаа бөгөөд Францын ДНБ-ий 5.4 хувь, Их Британийн 4.3 хувьтай харьцуулахад бага байна. Гэсэн хэдий ч дайны зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийн алдагдлыг бууруулахад хүндрэлтэй болжээ. Тус улсын засгийн газар 2027 онд алдагдлаа нөхөхийн тулд 6.1 их наяд рубль буюу 73.2 тэрбум ам.доллар зээлэхээр төлөвлөж байгаа аж. Гэвч зээлийн хүүгийн төлбөр ч нэмэгдэж, 2027 онд 4.6 их наяд рубль буюу 55.2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь холбооны төсвийн нийт зардлын 9.4 хувьтай тэнцэнэ. ОХУ-ын Төв банк инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалж байгаа тул зээлийн хүүгийн зардал өндөр хэвээр байна. Инфляц өсөхөд засгийн газрын өндөр зардал мөн нөлөөлж байна.
Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Москва мөн иргэний салбарын зардлыг танаж, гурав дахь жилдээ дараалан татвар нэмэхээр төлөвлөжээ.
Шинэ төсвийн төсөлд 2027 онд өмнө нь төлөвлөж байсан хэмжээнээс эрүүл мэндийн салбарын зардлыг 5.5 хувь, боловсролын зардлыг 5.4 хувь, нийгмийн хөтөлбөрүүдийн зардлыг 6 хувиар бууруулахаар тусгажээ. Мөн эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг тэргүүлэх чиглэлд хэрэгжүүлдэг төрийн зарим хөтөлбөрийн санхүүжилтийг цаашид танахаар байна. Тухайлбал, “Урт удаан, идэвхтэй амьдрал” төслийн санхүүжилт 2026 онд 181.1 тэрбум рубль буюу 2.17 тэрбум ам.доллар байсан бол ирэх онд 145.9 тэрбум рубль буюу 1.75 тэрбум ам.доллар болж, ойролцоогоор 20 хувиар буурах юм.
Холбооны хорт хавдартай тэмцэх хөтөлбөрийн санхүүжилтийг 44.9 тэрбум рубль буюу 538.8 сая ам.доллароос 3.9 тэрбум рубль буюу 46.8 сая ам.доллар болгон бууруулахаар төлөвлөжээ. Мөн шинээр хэрэгжүүлэхээр санал болгож буй татварын арга хэмжээнүүдээс нэмэлт 1.5 их наяд рубль буюу 18 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр тооцож байна. Үүнд гадаадын цахим худалдааны сайтаас хийсэн худалдан авалтад 22 хувийн НӨАТ ногдуулах, мөн 200 еврогоос бага үнэтэй илгээмж бүрээс 100 рубль буюу ойролцоогоор 1.2 ам.долларын гаалийн хураамж авах зэрэг арга хэмжээ багтжээ.
Мөн банкны хадгаламжийн хүү, ногдол ашиг, үл хөдлөх хөрөнгө борлуулснаас олсон орлого зэрэгт ногдуулах татварын дээд хэмжээг 15 хувиас 22 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Одоогоор эдгээр орлогод 13-15 хувийн татвар ногдуулдаг. Үүнээс гадна уул уурхай, металлургийн компаниудад нэг удаагийн нэмэлт татвар ногдуулах санал гаргажээ. Идэвхгүй орлогод ногдуулах татварын өөрчлөлтөөс хамгийн их буюу 700 тэрбум рубль буюу 8.4 тэрбум ам.доллар хүртэлх орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин цахим худалдан авалтад ногдуулах татвараас 500 тэрбум рубль буюу 6 тэрбум ам.доллар олох төлөвтэй байна.
Шинжээч Александра Прокопенко батлан хамгаалахын зардал улсын нийт зардлаас илүү хурдацтай өсөж байгаа нь бусад салбарт зарцуулах мөнгийг багасгаж байна гэжээ. Тэрбээр мөн засгийн газар дайныг санхүүжүүлэхийн тулд татвараар нэмэлт орлого бүрдүүлэх боломжийнхоо хязгаарт ойртож байж болзошгүй гэж анхааруулсан байна. Хэрэв татвараас олон нэмэлт орлого хүрэлцэхгүй бол засгийн газар Төв банкиндзээлийн хүүг бууруулах дарамт үзүүлж магадгүй. Ингэснээр засгийн газар болон компаниудын зээл авах зардал багасна. Мөн санхүүгийн хүндрэлд орсон компаниудын өрийг төлөх хугацааг сунгах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болж магадгүй гэж тэр үзжээ.
3,600.44






















































Нэргүй 2026-10-06 103.229.120.32
ОХУ руу 2030 онд довтлоно гэдгээ Европын холбооны ба Герман, Франц, Их британи гээд бүх улсын удирдлагуудзарлаж жинхэнэ утгаараа нийгмийн халамжийн төсвөө хумиж эсэргүүцлийн бөөн жагсаал цуглаан болж байгааг энэ сайт мэдэхгүй байгаа гэхэд хэн ё итгэхгүй. НАТО-гийн цэргийн төсөв их наяд доллараар хэмжигдэж орос японоос бага төсөвтэй үргэлж довтолно гэдэг заналхийллийн дор байгаа улс төсвөө нэмэхгүй байх юм уу? Харин ч орос жил бүр тэтгэвэр цалинтай ээжийн төсвөө нэмж байгааг олж харахгүй байна уу
зочин 2026-10-06 64.119.17.154
Пупин огцрох , Хэтэрхий зөөлхөн
дараагийн хүн Атомын дайн биш гэхэд