Сурвалжлага: Бүтээн байгуулалтын галд хамтдаа зүтгэх "очит бамбарууд"

Сурвалжлага: Бүтээн байгуулалтын галд хамтдаа зүтгэх "очит бамбарууд"

Сурвалжлага: Бүтээн байгуулалтын галд хамтдаа зүтгэх "очит бамбарууд"

Төмөр замын зорчигчийн вагон засварын цехэд хөл хөдөлгөөн тасрахгүй. Энд түм түжигнэж, бум бужигнасан ажил өрнөнө. Нэг буланд төмөр таслах чимээ нижигнэж, нөгөө талд гагнуурын оч цахилан үсэрнэ. Ажилчид бүгд завгүй. Цех дүүрэн тос, маслын үнэр ханхийж, төмөр цохих чимээ тасралтгүй үргэлжилнэ. Цехийн нэг талаас засвар хийсэн вагонууд эгнэж, нөгөө талд нь засварын ээлжээ хүлээсэн вагонууд цуварна.

Төмөр зам бол хагас цэрэгжилтийн зохион байгуулалт, сахилга бат, дэг журмыг эрхэмлэдэг онцлогтой салбар. Тиймээс энд нэг ч төмөр дутуу гагнагдах, нэг ч боолт сул үлдэх учиргүй.

Цехийн чимээ шуугиан, ажилчдын хөлс хөдөлмөр бүрийн цаана олон мянган зорчигчийн аюулгүй байдал, эрчит ган замын эгнэгт тасралтгүй хөдөлгөөн бий. Энэ их хөдөлмөрийн дунд өөр өөрийн мэргэжлийн ур чадвараар төмөр замын аюулгүй байдлыг ханган, өдөр бүр мөр зэрэгцэн ажилладаг хүмүүс цөөнгүй. Тэдний нэгэн жишээ бол Д.Энхбаяр, Г.Золжаргал нарын гэр бүл юм. Нэг цехэд мөр зэрэгцэн ажиллах эхнэр, нөхөр гагнуурчид анх 2013 онд танилцаж, гэр бүл болсон түүхтэй. Тэд өнөөдөр төмөр замын вагон депод гагнуурчнаар ажиллаж байна.

Д.Энхбаярын хувьд гагнуур гэдэг амьдралынх нь салшгүй хэсэг болжээ. Гагнуурчин мэргэжлээр төгссөнөөсөө хойш 26 дахь жилдээ энэ ажилдаа зүтгэж байгаа. Гагнуурын бүхий л төрлөөр ажилладаг, олон улсын зэрэглэлтэй гагнуурчин.

Энэ мэргэжилд хөл тавьсан зам нь бүр хүүхэд наснаас нь эхтэй.

Аавынхаа дэргэдээс гагнуурын анхны мэдэгдэхүүн, төмөртэй ажиллах арга ухааныг сурчээ.  “Манай аав ганц гагнуур гэлтгүй олон зүйл хийдэг хүн байсан. Гагнуур хийнэ, машин, мотоцикл засна, сангийн ажил хийнэ. Юмханаар юм хийдэг. Би айлын том хүү учраас багаасаа аавтайгаа хамт юм хийдэг байлаа. Ааваасаа их зүйл сурсан. Ялангуяа төмрөөр хийдэг зүйлсийг нь их сурсан” хэмээн Д.Энхбаяр дурсав. Айлын том хүүгийн хувьд амьдралын хариуцлага ч эрт иржээ. Багадаа аав, ээжийгээ алдаж, хоёр дүүгийнхээ хамт амьдралын хүндхэн үеийг туулсан байна. Өөрийнхөө амьдралыг авч явахын зэрэгцээ дүү нараа өсгөж, ирээдүйг нь бодох шаардлага тулгарчээ. Өдөр нь гагнуурын халуунд ажиллаж, орой нь гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөнө. Олон жилийн хөдөлмөрийнх нь үр дүнд охин дүү нь дээд сургууль төгсөж, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн бол эрэгтэй дүү нь ахынхаа мэргэжлийг өвлөн гагнуурчин болжээ. Ингэж төмөртэй ажилласан олон жилийн хөдөлмөр нь зөвхөн өөрийнх нь амьдралыг авч яваад зогсохгүй, хоёр дүүгийнх нь амьдралын замд ч түшиг болсон байна.

Д.Энхбаярын амьдралын хань нь Г.Золжаргал. Тэд 2013 онд танилцаж, удалгүй амьдралаа холбожээ. “Анх бид нэгнээ таньдаг байсан. Таарч тохироод л гэрлэчихсэн дээ” хэмээн Д.Энхбаяр инээмсэглэн ярив. Түүний эхнэр Г.Золжаргал дурсахдаа“Манай нөхөр манай дүүтэй танил, найзууд байсан. Гэрлэхээсээ өмнө нэгнээ таньдаг байлаа. Тэгээд нэгэндээ дасаж, ойр дотно болсон” гэв. Тэднийг өнөөдөр гэр бүлээс гадна нэгэн мэргэжил холбож байна. Гэхдээ Г.Золжаргалын гагнуурчин болсон зам нөхрийнхөөсөө тэс өөр. Тэр Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангийг төгсөж, хөгжмийн урлагийн замыг сонгожээ. Дараа нь эрх зүйч мэргэжил эзэмшиж, хувиараа бизнес эрхэлж үзсэн байна. Харин 40 нас хүрэхээсээ өмнө амьдралынхаа шинэ хуудсыг нээж, нөхрийнхөө мэргэжлийг сонгожээ. Тэрбээр 2020 онд гагнуурчин мэргэжил эзэмшиж, дараа нь коллежид гагнуурын багшаар ажилласан байна. Өнгөрсөн жилээс эхлэн нөхрийнхөө хамт төмөр замын вагон депод гагнуурчнаар ажиллаж байгаа.

Өглөө гэрээсээ хамт гарч, нэг цехэд ажиллаад, орой мөн хамтдаа харина. Нэг нь 26 жилийн турш хуримтлуулсан туршлагаараа, нөгөө нь шинээр эзэмшсэн мэргэжил, хичээл зүтгэлээрээ нэг ажлын төлөө зүтгэнэ.

“Эхнэртэйгээ хамт ажиллана гэдэг маш сайхан. Хэрэгтэй үед дэргэд минь байдаг, дуудахад хүрээд ирдэг найдвартай туслагч” гэж Д.Энхбаяр эхнэрийнхээ талаар ярив. Харин Г.Золжаргалын хувьд нөхөр нь зөвхөн хань ижил төдийгүй багш нь. “Миний багш бол миний нөхөр гэж хэлж болно. Би сургалтын салбараас энэ салбар луу орж ирсэн. Болохгүй, чадахгүй байгаа зүйлээ яаж хийх вэ, мэргэжлийн түвшинд яаж гаргах вэ гэдгийг нөхрөөсөө харж, суралцдаг. Тиймээс одоо цаг минут, секунд бүр нөхрөөрөө бахархдаг” хэмээн ярьсан юм.

Гагнуурын ажил амаргүй. Халуун, хүйтэн, хүнд нөхцөл гээд эмэгтэй хүнд бүр ч хэцүү санагдах үе бий. Гэсэн ч Г.Золжаргал энэ мэргэжлийг сонгосондоо харамсдаггүй. “Эмэгтэй хүний хувьд энэ ажил хүнд үү гэвэл үнэхээр хүнд. Гэхдээ бүтээн байгуулалтад эмэгтэй хүн яаж оролцож болдог вэ гэдэг нь чухал. Эмэгтэй хүний дотор, зүрхэнд зориг үргэлж байдаг. Хүсэж, зорьж энэ мэргэжлийг сонгосон. Түүгээрээ ч бахархдаг” гэв. Анх ажилдаа орсон үедээ алдаа гаргах тохиолдол цөөнгүй байжээ. Өвөл гадаа гарч гагнуур хийх, халуунд ажиллах, мэргэжлийн алдаа гаргах бүрд шантарч байсан.

Харин ийм үед нөхөр нь “Болохгүй бол надад хэл, болохгүй зүйл байсан ч болгож болно. Бүр болохгүй бол ард нь би байна” гэж хэлдэг.

Нэг ажлын орчинд хамт байх нь тэдний гэр бүлийн харилцаанд ч өөрийн гэсэн онцлогийг бий болгожээ. Санал зөрөх үе гарна. Гэхдээ ажил нь тэднийг заавал дахин ярилцахад хүргэнэ. “Хэчнээн санал зөрөлдсөн ч манай нөхөр бууж өгдөг. Нөгөө талдаа муудалцаад удаан байх боломжгүй. Ажил маань яалт ч үгүй огтлолцдог. Дуртай ч байсан, дургүй ч байсан харилцахаас өөр аргагүй.

Энэ салбарт гагнуурын төмөртэй холбоотой бүх зүйлийг манай нөхөр 100 хувь гүйцэтгэж чаддаг гэж боддог.

Тиймээс үргэлж нөхрөөсөө суралцдаг. Би чадахгүй юм аа гэхэд миний нөхөр чадна. Тиймээс асуугаад суралцана гэсэн зоригтой, бардам ажлаа хийдэг” гэж Г.Золжаргал инээмсэглэн хэлсэн юм.

Харин Д.Энхбаярын хувьд эхнэрийнх нь энэ сонголт, хичээл зүтгэл бахархах зүйл нь. “Анх төгсөөд багш болоод мэргэжил дээшлүүлэхээр Герман явж байхад нь эхнэрээрээ маш их бахархаж байсан. Би 20 жил гагнуур хийсэн хэр нь үүнийг чадаагүй байхад хань минь өөрөө хичээгээд, явчхаад ирсэн шүү дээ” хэмээн дурсахдаа эхнэрийнхээ тууштай занг онцолсон юм.

Нэг нь олон жилийн туршлагаараа зааж, нөгөө нь суралцахын зэрэгцээ өөрийнхөө чадварыг сорьж явна. Заримдаа энэ нь тэдний дунд хөөрхөн өрсөлдөөн ч үүсгэнэ. “Манай нөхөр ‘болохгүй бол надад хэлэхгүй яасан юм’ гэдэг. Гэхдээ хүн л юм чинь хоорондоо хөөрхөн уралдана. Би ч бас нөхөртөө хэлэлгүйгээр гайгүй юм хийчхээд, үзүүлж гайхуулах гээд байдаг. Гэхдээ эмэгтэй хүний чадлаас гарсан зүйл хийх гэхээр чадахгүй байх тусмаа өөртөө гомдоод, бухимдаад уйлах үе ч байна” гэх Г.Золжаргалын ярианаас тэдний ажлын харилцааны хариуцлага харагдана.

ГАГНААСНЫ ЦААДАХ НАРИЙН УХААН

Гагнуур бол хоёр төмрийг нийлүүлэх төдий ажил биш. Түүний цаана нарийн мэдрэмж, ур чадвар, олон жилийн туршлага шаарддаг. Гаднаас нь харахад энгийн мэт боловч гагнаасны чанар, бат бөх байдал нь тухайн ажлын үнэ цэнийг нэмдэг.

Д.Энхбаяр “Торгоос гэдэг тонныг даана” гэх хэллэгийг жишээ болгон тайлбарлахдаа торгоолт хүртэл чанартай, бат бөх байх ёстойг онцолсон юм.

Гагнахаас өмнөх бэхэлгээ, торгоолт сайн хийгдээгүй бол эцсийн үр дүн ч чанартай гарахгүй. “Огт мэдэхгүй хүмүүс зүгээр шаваад л явчихдаг. Тэр нь удахгүй салчихдаг. Яг гагнуурын нарийн салбар, дотоод мөн чанар руу нь аваад үзэхээр тэр бол гагнаас биш” гэсэн нь энэ мэргэжил ямар нарийн ухаан шаарддагийг батална. Г.Золжаргал ч өөрийн ур чадварыг ахиулж, мэргэжлээрээ өрсөлдөхийг дараагийн зорилго болгожээ.  “Өөрийнхөө хувьд мэргэжлээрээ өрсөлдөж болох түвшинд хүртэл гагнуурын салбарт явахыг хүсэж байна. Одоогоор гагнуур гэдэг миний нэг хүсэл мөрөөдөл болчихоод байна” гэлээ.

“ТОМ БОЛООД МАШИН, РОБОТ ГАГНАНА”

Өдөржин гагнуурын цехэд өнгөрүүлсэн яриа гэрийн оройн хоолны ширээнд ч үргэлжилнэ. Төмөр, гагнуур, ажлын тухай ярьсаар байдаг нь дөрвөн настай охинд нь ч нөлөөлжээ. Ээжээсээ гагнуурын баг хийж өгөхийг хүсэж, том болоод “машин гагнана, робот гагнана” гэж ярьдаг болсон байна. “Хүн өөрөө анзаарахгүй ч бид хоёр хоолны ширээний ард нөгөө төмрөө яриад л байдаг юм байна. Тэгэхээр охин маань дагаад байх шиг байгаа юм. ‘Чи чадах юм уу?’ гэхээр ‘Би чадна ш дээ’ гэдэг” гэж Г.Золжаргал хэлэв.

Гэхдээ охин нь эцэг, эхийнхээ мэргэжлийг заавал өвлөх албагүй. Хамгийн гол нь өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлээ зөв сонгоосой гэж тэд хүсдэг.

Ажлын ачаалал ихтэй үед ч боломж гарвал гэр бүлээрээ салхилж, тоглож, хамтдаа цагийг өнгөрөөдөг. Д.Энхбаяр “Хүүхдээ бага байгаа дээр нь бүтээж, хөдөлмөрлөж, амьдралынх нь суурийг тавьж өгөхгүй бол болохгүй гэсэн бодлоор хамтдаа зүтгэж байна” хэмээн ярьсан юм.

Гагнуурын оч үсэрсэн энэ цехэд тэд зөвхөн төмөр холбож байгаа бус, өөрсдийн амьдралын түүхийг ч хамтдаа холбож, бүтээж явна. Олон жилийн турш мэргэжилдээ үнэнч явсан Д.Энхбаяр, амьдралынхаа өөр нэгэн замыг орхин шинэ мэргэжил эзэмшсэн Г.Золжаргал хоёрын хувьд гагнуур бол ажил мэргэжлээс илүү утгатай. Энэ бол хамтдаа амьдралаа авч явах, хөдөлмөрөөрөө ирээдүйгээ бүтээх нэгэн зам болжээ. Гагнуурын оч төмрийг холбодог. Харин энэ гэр бүлийн хувьд гагнуурын халуун оч хоёр өөр замыг нэгтгэж, хөдөлмөр, хайр, хүндлэл дээр тогтсон нэгэн амьдралыг бүтээжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2026-10-05 202.72.245.202

goe umaa urt udaan saicham amidraaraa

Avatar

Нэргүй 2026-10-05 73.202.96.183

Сайхан хосууд байна .Баяр хүргьe. Өнөөдөр Монгол улсын хөгжилд хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс бол гагнуурчин, засварчин механик инженер, зэрэг хүмүүс.

Avatar

Найрамдал 2026-10-05 103.57.92.94

Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Avatar

Нэргүй 2026-10-05 66.181.186.145

Az jargal hvsii

Avatar

Нэргүй 2026-10-05 64.119.26.212

Сайн сайхан бүхнийг хүсье

Avatar

Ок 2026-10-05 122.201.31.16

гэр бүл нь аз жаргал хүсье

Avatar

Нэргүй 2026-10-05 174.114.218.139

mergejil buxen saihan. ikh muruuddug syganii us boloh sonirxoltoi bue unelegch nar sain ynshih xeregtei.
ta nar dargiin tsunkh uurch boobiig xuxuud xunii adag l xaragdana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж