NEWS агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа асрах үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, санхүүжилт, үйлчилгээ авагч болон үзүүлэгчийн эрх, үүргийг цогцоор нь зохицуулахаар боловсруулсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг онцолж байна.
Хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр асаргаа, дэмжлэг шаардлагатай иргэдийн тоо өсөж байгаа ч Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээний эрх зүйн орчин тусдаа, цогц байдлаар бүрдээгүй байна. Өнөөдөр асрах үйлчилгээтэй холбоотой харилцааг Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хэсэгчлэн зохицуулж байгаа ч үйлчилгээний төрөл, стандарт, хүний нөөц, санхүүжилт, төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын оролцоог бүхэлд нь зохицуулахад хангалтгүй гэж үзжээ.
Тиймээс асрах үйлчилгээг бие даасан хуулиар зохицуулах хуулийн төслийг боловсруулсан байна. Уг төсөл нь 10 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд асрах үйлчилгээний төрөл, хэлбэрээс эхлээд санхүүжилт, даатгал, төрийн дэмжлэг, хяналт, хариуцлага, маргаан шийдвэрлэх хүртэлх харилцааг хамруулжээ.
ЗӨВХӨН АХМАД НАСТАНД БИШ, АСАРГАА ШААРДЛАГАТАЙ БҮХ ХҮНД ҮЙЛЧИЛНЭ
Асрах үйлчилгээг зөвхөн ахмад настанд зориулсан үйлчилгээ гэж хязгаарлахгүй. Өдөр тутмын амьдралын үйл ажиллагаагаа бие даан гүйцэтгэх боломж нь хязгаарлагдсан, бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай бүх хүнд үйлчлэхээр хуулийн төслийн үйлчлэх хүрээг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хүнийг нас, өвчин, хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь ангилахаас илүү бодит хэрэгцээ, бие даан амьдрах чадварын түвшинд үндэслэн асрах үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна.
Хуулийн төсөлд асрах үйлчилгээг зөвхөн хооллох, хувцаслах зэрэг ахуйн тусламжаар хязгаарлахгүй.
Үндсэндээ:
- өдөр тутмын ахуйн асаргаа;
- сэргээн засах асрах үйлчилгээ;
- хүний эрх болон нийгмийн оролцооны дэмжлэг гэсэн гурван төрөлтэй байхаар тусгажээ.
Тухайлбал, өдөр тутмын ахуйн асаргаа нь хооллолт, хувийн ариун цэвэр, хөдөлгөөн зэрэг өдөр тутмын хэрэгцээнд туслах бол сэргээн засах үйлчилгээ нь хүний бие даан амьдрах чадварыг хадгалах, сэргээхэд чиглэнэ. Харин нийгмийн оролцооны дэмжлэг нь асруулагчийг нийгмийн амьдралд оролцох, эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь дэмжихэд чиглэх юм.
Мөн асрах үйлчилгээг зөвхөн тусгай төвд байрлуулж үзүүлэхээр хязгаарлахгүй. Хуулийн төсөлд гэрээр, байгууллагад байршуулан, явуулын буюу хөдөлгөөнт, өдрийн гэсэн хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна. Мөн үйлчилгээний хугацааг цагийн болон өдрийн, түр хугацааны, богино хугацааны, урт хугацааны гэж ангилжээ. Ингэснээр асруулагчийн эрүүл мэнд, бие даан амьдрах чадвар, гэр бүлийн нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өөрт тохирох үйлчилгээг сонгох боломж бүрдэхээр тооцсон байна.
АСРУУЛАГЧ ӨӨРӨӨ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧЭЭ СОНГОХ ЭРХТЭЙ
Энэ хуулийн төсөлд асруулагчийг зүгээр нэг үйлчилгээ хүлээн авагч бус, эрх бүхий оролцогч гэж үзэж байгаа нь онцлог. Асруулагч үйлчилгээ авах эсэхээ шийдэхээс гадна үйлчилгээ үзүүлэгчээ сонгох, өөрчлөх, өөрийн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл авах, асаргааны төлөвлөгөө боловсруулахад оролцох, нэр төр, хувийн мэдээллээ хамгаалуулах, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл асаргаа шаардлагатай иргэн өөрийнхөө талаар гаргаж буй шийдвэрт оролцох эрхийг хуулиар баталгаажуулахыг зорьжээ.
Асрах үйлчилгээний чанар хүний нөөцөөс шууд хамаардаг учраас үйлчилгээ үзүүлэгчид тодорхой шаардлага тавихаар тусгасан байна.
Асаргааны мэргэжилтэн, ажилтны сургалтын агуулга, хугацаа, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог бий болгож, үйлчилгээний төрөл, эрсдэлийн түвшин, асруулагчийн хэрэгцээнд тохирсон мэргэжлийн хүний нөөцтэй байх шаардлага тавихаар болжээ.
АЛСЛАГДСАН СУМ, ОРОН НУТАГТ “ЯВУУЛЫН” ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭНЭ
Хуулийн төсөлд явуулын буюу хөдөлгөөнт асрах үйлчилгээг тусгайлан тусгасан нь орон нутгийн иргэдийн хувьд чухал зохицуулалт байж болохоор байна. Ялангуяа алслагдсан, үйлчилгээ хүрэхэд хүндрэлтэй бүс нутгийн иргэдэд хүрч ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан бөгөөд энэ нь асрах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Асрах үйлчилгээний санхүүжилтийг зөвхөн улсын төсөвт тулгуурлахгүй байхаар төсөлд тусгасан байна.
Үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн хөрөнгө, улсын болон орон нутгийн төсөв, төрөөс үйлчилгээ худалдан авах санхүүжилт, үйлчилгээ авагчийн төлбөр, даатгал, олон улсын байгууллага болон хандивын эх үүсвэрийг ашиглахаар зохицуулжээ. Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд төрөөс үйлчилгээ худалдан авах хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг нээж өгчээ.
ИРГЭНИЙ НЭР ДЭЭРХ ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУРИМТЛАЛЫГ АСАРГААНДАА АШИГЛАЖ БОЛНО
Хуулийн төслийн анхаарал татах зохицуулалтын нэг нь Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд иргэний нэр дээр бүртгэгдсэн хөрөнгийг асрах үйлчилгээний төлбөрт ашиглах боломж юм. Ингэснээр иргэн урт хугацааны асаргаа шаардлагатай болсон тохиолдолд өөрийн нэр дээр хуримтлагдсан хөрөнгөд тулгуурлан үйлчилгээний зардлаа санхүүжүүлэх эрх зүйн боломж бүрдэхээр тусгажээ.
Мөн Монгол Улсад асрах үйлчилгээний даатгалын тогтолцоог шинээр бий болгохоор төлөвлөжээ.
Эхний үе шатанд сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд асрах үйлчилгээ шаардлагатай болсон үед гарах зардлыг санхүүжүүлэхэд чиглэнэ. Үүний зэрэгцээ үйлчилгээ үзүүлэгчийг мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах зохицуулалтыг тусгасан байна.
Мөн асрах үйлчилгээний салбарт хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор татварын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Тухайлбал, асрах үйлчилгээний үйл ажиллагааны орлогыг татварын хөнгөлөлтөд хамруулах, асрах үйлчилгээний төв байгуулах хөрөнгө оруулалтыг дэмжих, асрах үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт тусгасан байна.
ЧАНАРЫН ШААРДЛАГА ЗӨРЧВӨЛ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ
Асрах үйлчилгээ нь хүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, хувийн мэдээлэлтэй шууд холбоотой учраас хяналт, хариуцлагын тогтолцоог мөн хуульчлахаар болжээ. Үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шаардлагыг ноцтой зөрчих, асруулагчийн эрхийг зөрчих, хүчирхийлэл үйлдэх, санхүүжилтийг зориулалтын бусаар ашиглах, нууц мэдээлэлд халдах, зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхлэх зэрэг үйлдлийг ноцтой зөрчилд тооцож, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах боломжтой байхаар тусгасан байна.
Ингэснээр асрах үйлчилгээний салбарыг зөвхөн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчноор хязгаарлахгүй, чанар, аюулгүй байдал, хүний эрх, санхүүжилт, хариуцлагыг нэг дор зохицуулах тогтолцоог бий болгохыг зорьжээ.
Асрах үйлчилгээний тухай хууль батлагдвал энэ салбарын үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан бие даасан эрх зүйн орчин бүрдэхээс гадна төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоо, санхүүжилтийн олон эх үүсвэр, мэргэжлийн хүний нөөцийн тогтолцоог бүрдүүлэх суурь тавигдах юм.
3,602.33





















































Холбоотой мэдээ