У.Хүрэлсүхийг унагах ажил эхэлсэн гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийг унагах ажил эхэлсэн гэнэ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг унагах операц  эхэлсэн сураг байна. С.Баяр дарга энэ сарын эхээр АНУ-аас түүнтэй утсаар ярихдаа байдлыг хурцатгалгүй хүлээж байхыг сануулж, би байхгүй бол чи ч байхгүй шүү гэсэн хатуу анхааруулга өгсөн талаар өмнө нь мэдээлж байсан. МАХН-ын даргаасаа даалгавар авсан генсек У.Хүрэлсүх аядуухан байхыг хичээж буй ч нэр төрд нь таагүй нөлөөлж мэдэх нэгэн үйл явдал эхэлж магадгүй болсон байна.
У.Хүрэлсүх дарга УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг намынхаа байранд дуудаж аваачин ухамсрын шанаа өгсөн явдал өнгөрсөн намар болсныг уншигчид санаж байгаа байх. Тухайн үед хэн хэн нь ноцтой явдал болоогүй хэмээн ам таглацгаасан. Гэвч Э.Мөнх-Очир гишүүний ойрын хүн түүний дагзны ар хэсэг язарч хавдсан байсныг хэлсэн ба Азийн спортын тоглолтод Монголын баг тамирчдыг ахалж явах байсан эрхэм гишүүн эх орондоо хоцорч Д.Арвин гишүүн тамирчдаа авч явсан нь бас л нэг зүйлийг өгүүлсэн хэрэг. Тэгвэл Төрийн ордонд нэг яриа дуулдах боллоо.

Э.Мөнх-Очир гишүүн тухайн үед У.Хүрэлсүх даргад зодуулсан талаараа шүүх эмнэлэгт хандаж тодорхойлолт гаргуулж авсан гэнэ. Дарга, гишүүн хоёрын хооронд ноцтой юм болох нь ч болжээ, өнгөрсөн намар.

Шүүх эмнэлгийн магадлагааг аваад Э.Мөнх-Очир гишүүн шүүхэд хандах юм бол МАХН-ын “боевик” ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүний бүрэн эрхэд ноцтойгоор халдсан хэрэгт холбогдоход бэлэн болсон байна. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдаж биед нь гэмтэл учруулсан хүн хатуухан хэрэгт унаж таарна. Тэр нь У.Хүрэлсүхийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас огцруулах хангалттай шалтгаан мөн. Ингэх эрх МАХН-ын бага хуралд бий. Жигүүрийн гишүүдээ ч зодож цохисон хэрэг генсекийн нэр дээр дуулддаг. Байдал ингэж эргэвэл С.Баяр даргын байр суурь ганхаж, МАХН-ын бага хурал дээр шинэ генсекийн асуудал хөндөгдөн, улмаар МАХН-ын даргыг солихын тулд залгуулаад  их хурал зарлан хуралдуулж ч магадгүй болжээ. МАХН дотор ийнхүү генсекийн эсрэг “атак” эхэлж, удирдлагаа солих их ажил ундрах нь тодорхой болоод байна.
                                
Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж