Хүүгийнхээ сонирхлыг ойлгохын тулд стриймэр болжээ

Хүүгийнхээ сонирхлыг ойлгохын тулд стриймэр болжээ

Хүүгийнхээ сонирхлыг ойлгохын тулд стриймэр болжээ

Хятадын Гуандун мужид амьдардаг 60 настай Жун Жуаньжуань ахмад настнуудын талаарх олны хэвшмэл ойлголтыг эвдэж, цахим тоглоомын алдартай стриймэр болжээ. Интернэт хэрэглэгчид түүнийг "Жуань эгч" гэж өхөөрдөн дууддаг. Тэрбээр цахим орчинд хэдийнэ 527 мянган дагагчтай болсон бөгөөд өдөрт хоёр удаа лайв стрийм хийдэг. Тухай бүрийг нь дунджаар 10 мянган хүн үздэг ажээ.

Нэгэн цагт Жун цахим тоглоомыг гэр бүлийнхээ дайсан гэж үздэг байв.

Яагаад гэвэл түүний бага хүү 20 гаруй жилийн өмнө цахим тоглоомд донтож, улмаар сурлага нь эрс мууджээ. Тухайн үед Жун хүүгээ хайж нутгийнхаа интернет кафенуудаар байнга хэсдэг байв. Хүүгээ тэндээс хүчээр чирч гаргасаар яваандаа ээж хүү хоёрын дунд үл ойлголцол ч үүссэн байна.

Эцэст нь Жун зургаан жилийн өмнөөс энэ шинэ ертөнцөд өөрөө хөл тавьжээ. Гэртээ олон цагаар компьютер тоглох хүүгээ чухам юунд ингэтлээ татагдаад байгааг нь ойлгож мэдэх, өөрөө тоглож үзэх санаа түүнд 2020 онд төрсөн аж. Ээжийнхээ шинэ сонирхлыг хүү нь гайхан хүлээж авсан ч түүнд тэвчээртэйгээр тоглохыг зааж өгсөн байна. Гэвч Жун нас ахисан хүн тул хараа нь муу, хариу үйлдэл, хөдөлгөөн удаан гээд бүх зүйл тийм амар байсангүй.

Ингээд бага багаар сайжирсаар 2022 оноос стрийминг хийж эхэлсэн байна. Тэрбээр тоглоомоо сайн тоглоод зогсохгүй залуусын хэрэглэдэг нэр томъёонуудыг хүртэл чөлөөтэй ашигладаг нь интернет хэрэглэгчдийг гайхашруулдаг.

Өнөөдрийн байдлаар тэр нийтдээ 8000 гаруй цаг тоглосон "амжилттай" байгаа юм.

Түүний нэр хүнд 2024 оны арванхоёрдугаар сард эрс өссөн байна. Учир нь тэр "CS:GO" тоглоомын цахим үзүүлэх тоглолтод оролцох урилга авчээ. Түүний өрсөлдөгчдийн нэг нь тухайн тоглолтын өмнөхөн дэлхийн аварга болсон, "donk" хочтой Оросын тоглогч байв. Гэтэл олныг гайхашруулсан явдал болж Жун тоглолтын үеэр дэлхийн аваргыг буулгаж авчээ.

Зарим интернет хэрэглэгч түүнийг өөрөө тоглодоггүй, хүү нь өмнөөс нь тоглодог ч гэж харддаг. Энэ эргэлзээг арилгахын тулд хүү нь ээжийнхээ тоглож байгааг олон өнцгөөс харуулах зорилгоор камерууд хүртэл суурилуулсан байна.

Өнөөдөр ээж хүү хоёр 20 жилийн өмнөхөөсөө тэс өөр болж, байр нь солигджээ. Одоо ээж нь тоглоомд олон цаг зарцуулдаг бол хүү нь түүнийг шөнө орой болтол тоглуулахгүйн тулд 00:00 цаг болмогц интернетийг нь салгадаг.

Өдий насандаа тоглоом тоглолоо гэж Жуныг шүүмжлэгсэд ч бий. Харин Жун хариуд нь "Ээж хүн зөвхөн гэрийн ажил хийх ёстой гэж үү? Миний насны эмэгтэйчүүдийг гэртээ ач зээгээ хараад, эсвэл нийтийн бүжигт явдаг гэж хүмүүс боддог. Гэхдээ тоглоом тархи хөгжүүлдэг. Хийх юмгүй сууж байснаас хамаагүй дээр биш гэж үү? Шинэ зүйл сурч эхлэхэд хэзээ ч оройтохгүй" гэж хэлдэг.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

grf$ 2026-10-03 202.126.90.25

ulyy ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж