“SpaceX” компанийн “Falcon 9” пуужин дөрвөн сансрын нисгэгч бүхий “Crew 13” багийг тээвэрлэн Пүрэв гаригт /2026.10.01/ Флорида мужаас хөөрчээ. АНУ-ын хоёр, Канадын нэг, Оросын нэг сансрын нисгэгчээс бүрдсэн тус баг Олон улсын сансрын станцад (ОУСС) ажиллах бөгөөд хүний эрүүл мэнд, сансарт удаан хугацаанд ажиллах чадвартай холбоотой шинжлэх ухааны судалгаа хийх юм.
Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг тээвэрлэж буй “Crew Dragon” хөлөг Флорида дахь АНУ-ын Сансрын хүчний баазаас “Falcon 9” пуужингаар хөөрсөн байна. Хөөргөх ажиллагааг шууд дамжуулсан. 25 давхар барилгатай ойролцоо өндөртэй пуужингийн есөн “Merlin” хөдөлгүүр нэгэн зэрэг асаж, өтгөн утаа, уур манан дундаас хүчтэй хөөрч буй дүрс бичлэг цацагджээ.
Пуужин хөөрснөөс хойш ойролцоогоор гурван минутын дараа “Falcon 9”-ийн эхний угсраа салж, дэлхий рүү буцан газардсан байна. Энэ нь дахин ашиглах зориулалттай бөгөөд “SpaceX” компанийн пуужин хөөргөх зардлыг бууруулах технологийн нэг хэсэг юм.
Харин пуужингийн хоёр дахь угсраа “Crew Dragon” хөлгийг цааш тээвэрлэн, шаардлагатай тойрог замд амжилттай гаргажээ. Ингэснээр НАСА-гийн сансрын нисгэгч Жессика Уоткинс, Люк Делэни, Канадын сансрын нисгэгч Жошуа Кутрик, Оросын сансрын нисгэгч Сергей Тетерятников нарын сансрын аялал эхэлсэн байна.
Хөөргөсний дараа “SpaceX”-ийн Калифорни мужийн Хоторн дахь удирдлагын төвөөс “Crew Dragon” хөлөг пуужингаас салсныг баталгаажуулж, багийн гишүүдэд тойрог замд тавтай морилохыг хэлжээ.
“Crew Dragon” хөлөг өөрийн хөдөлгүүрийг ашиглан ойролцоогоор найман цагийн турш ниссэний дараа Дэлхийгээс 400 орчим километрийн өндөрт орших ОУСС-тай АНУ-ын Зүүн эргийн цагаар 19:00 цагийн орчимд залгагдахаар төлөвлөгдсөн байна.
Багийн гишүүдийн тухайд

“Crew 13” багийг 38 настай геологич, НАСА-гийн сансрын нисгэгч Жессика Уоткинс ахалж байна. Тэрбээр сансарт хоёр дахь удаагаа нисэж байгаа бөгөөд “Crew Dragon” хөлгөөр хоёр удаа ниссэн НАСА-гийн анхны сансрын нисгэгч болжээ.
Багийн нисгэгчээр 47 настай Люк Делэни ажиллаж байна. Тэрбээр өмнө нь туршилтын нисгэгч болон сөнөөгч онгоцны нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ удаа сансарт анх удаа нисэж байна.
Багийн бусад хоёр гишүүн болох 44 настай Канадын сансрын нисгэгч Жошуа Кутрик, 37 настай Оросын сансрын нисгэгч Сергей Тетерятников нар мөн сансарт анх удаа нисэж байгаа юм. Тэд багийн мэргэжилтнээр ажиллана. Кутрик туршилтын болон сөнөөгч онгоцны нисгэгчээр ажиллаж байсан бол Тетерятников шумбагч онгоцны системтэй холбоотой инженерийн чиглэлээр мэргэшсэн байна.
“Crew 13” баг ОУСС-д байх хугацаандаа хүний бие сансрын орчинд хэрхэн дасан зохицдог, удаан хугацаанд сансарт ажиллах үед эрүүл мэнд болон ажлын гүйцэтгэлд ямар өөрчлөлт гардаг зэрэг асуудалтай холбоотой судалгаанд оролцох юм.
3,595.72





















































Зочин 2026-10-02 66.181.161.116
Амжилт хүсье