Корнеллийн их сургуульд гарсан бүлэг хүчирхийллийн хэргийг дахин шалгана

Корнеллийн их сургуульд гарсан бүлэг хүчирхийллийн хэргийг дахин шалгана

Корнеллийн их сургуульд гарсан бүлэг хүчирхийллийн хэргийг дахин шалгана

Нью-Йорк мужийн прокурорууд 2024 онд Корнеллийн их сургуульд нэгэн эмэгтэй хүчирхийлүүлсэн гэх хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлүүлжээ. Тодруулбал, тухайн эмэгтэй энэ оны есдүгээр сарын 16-нд Айви Лигийн их сургуулийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, тус их сургуулийн ахан дүүсийн нийгэмлэгийн байранд бэлгийн хүчирхийлэлд өртөж, мансууруулах бодис хүчээр хэрэглэсэн гэж мэдэгджээ. Мөн Корнеллийн их сургууль холбогдох эрчүүдийг хангалттай шийтгээгүй, хохирогчийг хамгаалаагүй гэж мэдэгдсэн байна.

Эдгээр эрчүүдийг "Корнеллийн долоо" гэж нэрлэсэн бөгөөд шүүхийн материалд эмэгтэйг Жейн Доу гэж тодорхойлсон байна.

Шүүх салбарт хохирогч эсвэл гэрчийн аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах үүднээс жинхэнэ нэрийг нь нууцалж "Жейн Доу" гэж нэрлэдэг.

Корнелл хэргийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн боловч холбогдох хүмүүсийг шийтгээгүй гэсэн мэдэгдлийг няцаасан байна. Мөн хэргийг бие даасан мөрдөн байцаагчаар шалгуулахаар тохиролцсон байна.

НЭХЭМЖЛЭГЧ ТАЛ ЮУ ГЭЖ МЭДҮҮЛСЭН БЭ?

101 хуудас бүхий иргэний нэхэмжлэлд, 2024 оны аравдугаар сарын 19-ны орой Корнеллийн их сургуулийн "Chi Phi" эрэгтэй оюутны ахан дүүсийн нийгэмлэгийн байранд тус нийгэмлэгийн долоон гишүүн хэдэн цагийн турш эмэгтэйг мансууруулж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн байна. Нэхэмжлэл гаргасан эмэгтэй тухайн үед 20 настай байсан бөгөөд Корнеллийн их сургуулийн бакалаврын оюутан байжээ.

Жейн Доу нэхэмжлэлдээ, хэрэг гарах үед согтуу байсан бөгөөд ямар нэгэн зөвшөөрөл өгөх, татгалзах чадваргүй байсан гэжээ. Мөн тухайн орой эмэгтэй найзуудтайгаа уулзаж, согтууруулах ундаа хэрэглэсний дараа ганцаараа явж, эрэгтэй найзтайгаа уулзах гэж байгаад Итака хот дахь "Chi Phi" эрэгтэйчүүдийн бүлгэмийн байр руу "гуйвлан алхсан" гэж ярьжээ.

Хохирогчийн тал нэхэмжлэлд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, биед халдсан, хайхрамжгүй хандсан, гэрээний үүргээ зөрчсөн болон Нью-Йорк мужийн Хүний эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгажээ. Уг нэхэмжлэлийг Корнеллийн их сургууль, тухайн ахан дүүсийн нийгэмлэг болон хэрэгт холбогдсон эрэгтэйчүүдийн эсрэг гаргасан байна.

Мөн нэхэмжлэлд ахан дүүсийн нийгэмлэгийн групп чатны зураг хавсаргасан байв. Уг зурагт буруутгагдсан залуусын нэг нь Доу-той бэлгийн харилцаанд орох боломжтой болсон тухай бусад гишүүддээ бүдүүлэг үг хэллэгээр мэдэгдсэн байжээ.

Доугийн өмгөөлөгчийн мэдээлснээр, тэрбээр халдлагын дараах өдрүүдэд сэтгэл санааны хүнд цохилтод орж, юу болсныг хүлээн зөвшөөрөхөд бэрх байсан бөгөөд өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тэрбээр болсон явдлын талаар 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд Корнеллийн их сургуулийн цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Хамгийн их олон нийтийн бухимдалыг төрүүлээд буй нь, их сургуулийн цагдаагийн албанаас хэргийг үйлдсэн гэх эрчүүдэд "эсээ бичих замаар хариуцлагаа хөнгөрүүлэх боломж олгосон" байв. Доугийн өмгөөлөгчийн хэлснээр, хэрэгт холбогдсон хоёр эрэгтэй их сургуулиас хөөгдсөн бөгөөд Доу халдлагын дараа сургуулиа орхисон байна.

Корнеллийн их сургуулийн сонины редакц есдүгээр сарын 21-нд нэхэмжлэлд нэр нь дурдагдсан эрчүүдийн нэрийг нийтэлжээ. “Корнелл нийтлэхгүй бол бид нийтэлнэ” гэсэн гарчигтай уг нийтлэл нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл, маргаан дагуулсан байна.

АХАН ДҮҮСИЙН НИЙГЭМЛЭГИЙН ГРУПП ЧАТАНД ЮУ ГЭСЭН БАЙВ?

Корнеллийн их сургуулийн Цагдаагийн газар 2024 оны арваннэгдүгээр сард прокуроруудад "Chi Phi Actives" нэртэй "Snapchat" чатын зургийг нотлох баримт болгон өгсөн байна.

2024 оны аравдугаар сарын 20-ны орон нутгийн цагаар 02:00 цагийн орчимд болсон уг чатад хэрэг үйлдсэн гэх гишүүдийн нэрс дурдагдсан. Тэд "Жэйн Доу"-той хийсэн "үнэгүй" бэлгийн харьцааны талаар бүдүүлэг үг хэллэг ашиглан ярилцсан байна.

"CBS News New York" агентлаг мөн шүүгдэгчдийн нэг болон Доу байж болзошгүй эмэгтэй хүний ​​хооронд солилцсон гэх нэмэлт мессежүүдийн хэсгээс нийтэлжээ. Эдгээр мессежийг хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг гарснаас хоёр хоногийн дараа илгээсэн гэж мэдээлж байна.

Мессежүүдийн нэгэнд эрэгтэйчүүдийн нэг нь "үйл явдал хэрхэн өрнөсөн"-д уучлалт гуйж буй мэт зүйл бичжээ. Тэрбээр өөрийнх нь ой санамж "бага зэрэг бүрхэг" байгааг хэлээд, нөхцөл байдал хяналтаас гарахаас өмнө "үйл явдлыг зогсоож, хүмүүсийг гаргаж явуулах" боломжгүй болтол хэт их согтсондоо өөр нэг эрэгтэйн хамт гэмшиж буйгаа илэрхийлсэн байна.

Хариуд нь нөгөө эмэгтэй өөрийнх нь ой санамж ч мөн "маш бүрхэг" байгааг болон тэд бүгд согтуу байсныг бичжээ. Тэрбээр мөн "бэлгийн шинжтэй үйлдлүүдийн аль нь ч хууль бус байгаагүй" бөгөөд тэрхүү эрэгтэй болон нөгөө эрэгтэйн хамт байх нь таалагдсан гэж бичсэн байна. Доу тэдэнд дахин хамт тамхи татахыг санал болгосон ч "нэмэлт таван тэрбум эрэгтэй хүн болон кетамин"-ыг оролцуулахгүй байхыг хүсчээ.

КОРНЕЛЛИЙН ИХ СУРГУУЛЬ ХЭРХЭН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВСАН БЭ?

Доу болсон явдлын талаар халдлагаас хоёр долоо хоногийн дараа Корнеллийн их сургуулийн цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Үүний дараа тус их сургууль мэдэгдэл гаргаж, "Chi Phi"  ахан дүүсийн байгууллагын байранд хар тамхи хэрэглэсэн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх ноцтой мэдээлэл ирснийг баталсан байна.

Их сургуулийн цагдаа хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд "Chi Phi" нийгэмлэгийн тухайн салбар болон хэд хэдэн оюутны үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн Корнелл дотоод шалгалт явуулж, "Title IX" буюу боловсролын байгууллагад хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглодог холбооны хуулийн хүрээнд тусгай шалгалт эхлүүлсэн байна.

Харин шинэ нэхэмжлэл гарсны дараа Корнеллийн их сургууль Доугийн “хэргийг хангалттай шалгаагүй, буруутай оюутнуудад зохих шийтгэл ногдуулаагүй” гэх мэдээллийг няцаажээ.

Их сургуулийн мэдээлснээр, хэргийг багш, ажилтнуудаас бүрдсэн тусгай баг шалгаж, холбогдсон оюутнуудад сургуулиас хөөх, түр хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авсан байна. Зарим оюутанд болсон явдлын талаар эсээ бичих даалгавар өгсөн эсэхийг Корнелл үгүйсгээгүй. Гэхдээ “Хэн ч зөвхөн эсээ бичсэнээр хариуцлагаас мултрах боломжтой байгаагүй” гэж тайлбарлажээ.

Корнелл мөн 2024 онд болсон үйл явдлыг “тухайн үедээ ч, одоо ч хүлээн зөвшөөрөхийн аргагүй” гэж мэдэгдээд, сургуулийн орчинд бэлгийн хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрдөггүй соёлыг бий болгохын төлөө ажиллаж байгаа гэжээ. Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул Лхагва гаригт /2026.09.30/ Корнеллийн ерөнхийлөгчтэй утсаар ярьж, уг хэргийг хөндлөнгийн, хараат бус байгууллагаар шалгуулах тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Корнелл их сургууль ч энэхүү хараат бус шалгалтыг явуулахаар болсныг баталжээ.

Харин "Chi Phi" ахан дүүсийн байгууллагын хэрэг гарсан салбарыг 2024 онд хаасан бөгөөд одоо хүртэл сургуулийн кампуст үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.

 ЯАГААД ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАЖ ЭХЭЛСЭН БЭ?

Томпкинс тойргийн прокурорын газар хоёр жилийн өмнө болсон гэх бэлгийн хүчирхийллийн хэргийг дахин шалгахаар болжээ. Тус тойргийн прокурор Мэттью Ван Хаутен Даваа гаригт мэдэгдэл хийхдээ, шаардлагатай гэж үзвэл хэргийг тангарагтны шүүхээр хэлэлцүүлж, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийднэ гэж хэлсэн байна.

АНУ-ын хуульд тангарагтны шүүх нь цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг авч үзээд тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байгаа эсэхийг шийддэг.

Ван Хаутены хэлснээр, 2024 онд болсон гэх халдлагын дараа Доугийн өгсөн анхны мэдүүлгийг прокурорын газар шалгахад эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үзсэн. Гэвч сүүлийн үед шинэ мэдээлэл гарч ирсэнтэй холбоотойгоор прокурор Доу болон түүний өмгөөлөгчидтэй дахин холбогдож, нэмэлт мэдээлэл авахаар болсон байна.

Прокурор мөн 2024 онд Корнеллийн их сургуулийн цагдаад өгсөн Доугийн мэдүүлэг болон саяхан гаргасан нэхэмжлэлд дурдсан зүйлс хоорондоо ялгаатай байгааг онцолжээ.

Тухайлбал, Ван Хаутены мэдээлснээр Доу 2024 оны арваннэгдүгээр сард өгсөн мэдүүлэгтээ өөрийгөө албан хүчээр мансууруулагдсан эсвэл бүлэглэн хүчиндүүлсэн гэж хэлээгүй байна. Харин тухайн үед хар тамхи хэрэглэсэн болон бэлгийн харилцаанд орсон нь өөрийнх нь хүсэл зоригийн дагуу болсон гэж мэдүүлсэн гэж прокурор тайлбарлажээ.

Гэхдээ дараа нь гарсан цагдаагийн ярилцлагын бичлэг, тайлангуудад Доу тухайн шөнө хэт согтсоны улмаас өөрөө шийдвэр гаргах боломжгүй болсон гэж хэлсэн байна.

Тэрбээр мөн тухайн үед болсон явдлыг “хүчээр тулгасан мэт санагдсан” гэж мэдүүлжээ. Өөр нэг ярилцлагад Доу болсон явдлын талаар “100 хувь итгэлтэйгээр хэлэхэд, намайг хүчиндсэн” гэж хэлсэн байна.

Корнеллийн их сургууль цагдаагийн байгууллага мөрдөн шалгалтын дэлгэрэнгүй тайланг тойргийн прокурорын газарт хүргүүлсэн гэж мэдэгджээ.

Харин прокурор Ван Хаутен мөн шинэ нотлох баримтуудын талаар Доу болон түүний өмгөөлөгчтэй ярилцах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Доу гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа нь чухал. Бид үнэн зөвийг нь тогтоохыг хүсэж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.40.138

би ёстой хэзээч яллагдж үзээгүйн бн шүү хэзээч ялгдах ч гүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж