"Хавдраас сэргийлэхэд өдөр тутмын дадал хамгийн чухал"

"Хавдраас сэргийлэхэд өдөр тутмын дадал хамгийн чухал"

"Хавдраас сэргийлэхэд өдөр тутмын дадал хамгийн чухал"

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, хавдар судлаач, химийн эмчилгээний эмч Б.Болорцэцэгmэй ярилцлаа.


–Монгол Улсад хамгийн түгээмэл тохиолдож буй хавдрын төрлүүд аль нь вэ? 

–Монгол Улсад хавдрын өвчлөл дунд тодорхой таван байрлалын хавдар зонхилон тохиолдож байна. Тухайлбал, хоол боловсруулах замын хавдар, үүний дотор элэг, ходоодны хавдар, мөн уушги, хөх, умайн хүзүүний хавдар түгээмэл байна. Улсын хэмжээнд 2026 оны байдлаар 32 мянга гаруй хүн хавдрын оноштойгоор бүртгэл, хяналтад байна.

–Хавдрыг эрт үед нь илрүүлснээр эдгэрэх боломж нэмэгддэг гэж үздэг. Иргэд ямар шинжилгээг хэдэн наснаас тогтмол хийлгэх хэрэгтэй вэ?

–Хавдрын эрт илрүүлгийн хамгийн чухал зүйл нь тухайн хүний эрсдэлт хүчин зүйлсийг эхлээд тодорхойлох явдал. Тухайлбал, В, С вирусын халдвартай эсэх, архи, тамхины хэрэглээ, давсны хэрэглээ, илүүдэл жин, таргалалт зэрэг хүчин зүйлийг хянах шаардлагатай. Насанд хүрсэн хүн В, С вирусын шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Харин 30-аас дээш насныхан хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдах нь зүйтэй.

Мөн 40-өөс дээш насныхан бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Эдгээр шинжилгээ, үзлэгийг хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд хийж байна. Хавдрыг эрт үед нь илрүүлж, оношилж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой. Тиймээс насандаа тохирсон эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдах нь маш чухал.

–Хавдрын эхний үед илэрч болох боловч иргэдийн анзааралгүй өнгөрөөдөг нийтлэг шинж тэмдгүүд юу вэ?

–Хавдрын шинж тэмдэг нь тухайн хавдрын байрлал, төрлөөсөө хамаараад харилцан адилгүй байдаг. Тиймээс бүх хавдарт адилхан илрэх нэг шинж тэмдэг гэж байхгүй. Жишээлбэл, хоол боловсруулах замын хавдрын үед хоолны дуршил буурах, хоол шингээлт муудах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Бүдүүн гэдэсний хавдрын үед өтгөнтэй хамт цус гарах, цус алдах, жин буурах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь зөвхөн хавдрыг илтгэнэ гэсэн үг биш. Олон төрлийн өвчний үед ижил шинж тэмдэг илэрдэг. Тиймээс ямар нэгэн зовиур илэрсэн үед өөрөө онош тавих бус, эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

Хамгийн гол нь шинж тэмдэг илрэхийг хүлээлгүйгээр насандаа тохирсон эрт илрүүлгийн үзлэгтээ тогтмол хамрагдах нь чухал. Ингэснээр хавдрыг эрт үед нь оношлох боломж нэмэгдэнэ.

–Хавдар үүсэхэд нөлөөлдөг гол эрсдэлт хүчин зүйлс юу вэ? Тухайлбал, тамхи, архины хэрэглээ, буруу хооллолт, илүүдэл жин, таргалалт зэрэг нь хавдрын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

–Хавдар үүсэх шалтгааныг ерөнхийд нь дотоод болон гадаад хүчин зүйл гэж авч үзэж болно. Дотоод хүчин зүйлд удамшил, насжилт, бодисын солилцооны өөрчлөлт, дааврын өөрчлөлт зэрэг багтана. Эдгээр нь тухайн хүний бие махбодын онцлогтой холбоотой учраас бүгдийг нь урьдчилан сэргийлэх боломжгүй. Харин гадаад хүчин зүйлд тамхи, архины хэрэглээ, В, С вирусын халдвар, агаарын бохирдол, буруу хооллолт, илүүдэл жин, таргалалт зэрэг орно. Эдгээрийн тодорхой хэсгийг амьдралын хэв маягаа өөрчлөх замаар бууруулах боломжтой. Тухайлбал, тамхи татахгүй байх, архины хэрэглээг хязгаарлах, давсны хэрэглээг багасгах, илүүдэл жингээс сэргийлэх, зөв хооллох, тогтмол хөдөлгөөн хийх зэрэг нь хавдрын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

–Монгол Улсад хавдар хожуу шатандаа оношлогдох тохиолдол хэр түгээмэл байдаг вэ? Хүмүүс хавдрыг эрт илрүүлэх, эмнэлэгт хандах явцдаа ямар алдаа гаргадаг вэ?

–Хавдрыг нэг, хоёрдугаар үе шатанд нь оношилсон тохиолдолд эмчилгээний үр дүн илүү сайн байдаг. Харин гурав, дөрөвдүгээр үе шатанд оношлогдсон хавдрын үед эмчилгээний боломж хязгаарлагдаж, нас баралтын эрсдэл өндөр болдог. Орчин үеийн эмчилгээ, технологи хөгжиж байгаа хэдий ч хавдрыг хожуу үед нь оношлох нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ямар нэгэн зовиур илрэхийг хүлээхгүйгээр хүн бүр өөрийн нас, эрсдэлд тохирсон эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах хэрэгтэй. Монголчуудын дунд түгээмэл ажиглагддаг нэг алдаа нь эрт илрүүлгийн шинжилгээг ач холбогдолгүй мэтээр хүлээж авах явдал. Үүний улмаас оношилгоо, эмчилгээ хийх боломжтой байсан хугацааг алдах эрсдэлтэй.

–Хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдахдаа иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

–Юуны өмнө тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал болон эрсдэлт хүчин зүйлээс хамаарна. Насанд хүрсэн хүн В, С вирусын шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Ялангуяа элэгний хавдрын эрсдэлтэй хүмүүс вирусын халдвараа эрт илрүүлж, эмчийн хяналтад орох нь чухал. Эхний шатанд өрхийн эмнэлэгтээ үзүүлж, шаардлагатай шинжилгээг хийлгэнэ.

Хэрэв В, С вирус илэрвэл халдвартын эмчийн хяналтад орж, эмчийн зааврын дагуу тогтмол шинжилгээ хийлгэх шаардлагатай. Эрсдэлийн түвшнээс хамаарч цаашид хавдрын эмчийн хяналтад шилжих боломжтой.

Мөн хөх болон умайн хүзүүний хавдар 30-аас дээш насныханд түлхүү тохиолддог тул энэ наснаас хойш эрт илрүүлгийн шинжилгээндээ тогтмол хамрагдах хэрэгтэй. Өрхийн эмнэлэгт үзүүлсний дараа шаардлагатай тохиолдолд дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн эмнэлэгт шилжүүлэн үзүүлдэг.

Тиймээс хүн бүр өөрийн насанд тохирсон нэгдүгээр шатлалын үзлэг, шинжилгээндээ тогтмол хамрагдах нь хамгийн чухал.

–Хавдар удамших эрсдэлтэй юу? Гэр бүл, удамд нь хавдрын өвчлөлтэй хүн байсан тохиолдолд тухайн хүн ямар шинжилгээ, үзлэгт хамрагдаж, хэрхэн хяналт тавих шаардлагатай вэ?

–Бүх төрлийн хавдар удамшдаггүй. Гэхдээ тодорхой төрлийн хөх болон эмэгтэйчүүдийн хавдар удамших хандлагатай байдаг. Ийм тохиолдолд генийн шинжилгээ хийж, тухайн хүн удамшлын эрсдэлтэй эсэхийг тодорхойлох боломжтой. Монголд Хавдар судлалын үндэсний төв генийн шинжилгээг хийж эхэлж байгаа бөгөөд хувийн эмнэлгүүдэд ч мөн энэ төрлийн шинжилгээг хийж байна. Хэрэв гэр бүл, удамд нь хөх болон эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн түүх байгаа бол эмчид энэ талаарх мэдээллээ хэлж, шаардлагатай тохиолдолд генийн шинжилгээ болон нэмэлт үзлэгт хамрагдах нь зүйтэй.

–Хавдрын талаар олон нийтэд түгээмэл байдаг буруу ойлголтууд юу вэ? 

–Хамгийн түгээмэл буруу ойлголт нь хавдраар оношлогдсон л бол заавал эдгэрэхгүй, нас барах эрсдэлтэй гэж ойлгодог явдал. Энэ нь зөв ойлголт биш. Хавдрыг эрт үед нь илрүүлж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэвэл бүрэн эмчлэгдэх боломжтой. Тиймээс хавдрын онош сонссон тохиолдолд сэтгэлээр унаж, эмчилгээг хойшлуулах бус эмчийн зөвлөгөө, хяналтад орж, эмчилгээгээ цаг тухайд нь хийлгэх нь чухал.

–Иргэд хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн тулд өдөр тутмын амьдралдаа юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй вэ?

–Хамгийн түрүүнд хорт зуршлаас татгалзах хэрэгтэй. Тамхи татдаг бол зогсоох, архины хэрэглээг хязгаарлах нь чухал. Мөн хооллолтоо зөв болгох, давсны хэрэглээг багасгах, илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх шаардлагатай. Өдөр тутам хөдөлгөөнтэй байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь маш чухал. Зөв хооллолт, хөдөлгөөн, хорт зуршлаас татгалзах гэсэн энгийн дадлуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр олон төрлийн өвчний, тэр дундаа хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой.

Өдрийн гурван хоолоо тогтмол, хэт оройтуулалгүй идэж хэвших нь чухал. Мөн махан хоолны хэрэглээг тохируулж, хүнсний төрөл зүйлээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

Зуны саруудад цагаан идээ, хүнсний ногоо зэрэг хөнгөн хүнс түлхүү хэрэглэж, махан хоолны хэрэглээг багасгах гэх мэтээр улирлын онцлогт тохируулан хооллох нь монголчуудын уламжлалт хооллолтын нэг хэсэг юм. Үүнээс гадна хөдөлгөөн хамгийн чухал. Өдөр тутам тогтмол хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Харин үүнээс гадна насандаа тохирсон эрт илрүүлгийн шинжилгээндээ тогтмол хамрагдах нь хавдрыг эрт үед нь илрүүлэх хамгийн чухал алхам юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж