Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-наас өнгөрсөн 2008 оноос хойш төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөр, урамшуулал, санхүүгийн дэмжлэг, зээлийн татаас болон түүний үр дүнгийн талаар сонсгол зохион байгуулав. Гэхдээ сонсгол тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд УИХ-ын зарим гишүүд оролцоогүй, мэдээлэл дутуу ирүүлснээс болж гацсан гэдгийг сонсгол зохион байгуулагчид онцолсон.
Харамсалтай нь, сонсголын үр дүнд яригдсан зээл, санхүүгийн дэмжлэг, урамшууллыг цөөхөн хэдэн компани аваад завшаад, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулаад дууссан гэсэн ойлголт олон нийтэд үлдэв.
Тэгвэл ХХААХҮЯ-наас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс үр дүнтэй төслүүд юу байв гэдгийг бид цувралаар онцолж байна. Мэдээж, зээл, дэмжлэг, урамшуулал бүхэн зориулалтын бусаар ашигласан байгаа бол түүнийг нь холбогдох байгууллагууд шалгаж тогтоогоод эцэслэх учиртай. Нийгэмд өндөр дүнтэй хэдэн компанийн нэрийг "шидэж" өгч, хөтөлбөрүүд үр дүнгээ өгөөгүй, цөөхөн хэдэн хүн хуваагаад "идчихсэн" гэсэн улс төрийн зорилго агуулсан оролдлого ч бас сонсголын үеэр явсан гэдгийг онцлох зүйтэй болов уу.
Хүнс, хөдөө аж ахуйн салбар олон мянган хүн ажилладаг, амьдралаа залгуулж, үйлдвэрлэж, бүтээдэг, нийт импортын 25.4 хувийг эзэлдэг томоохон салбар. Монголчууд дан ганц уул уурхайн салбараа түшиглэхээс гадна хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж экспортоо нэмэгдүүлж, импортоо орлуулах ёстой гэсэн амбицаасаа хэзээ ч ухарж болохгүй гэдгийг бид цар тахлын үед нийтээрээ мэдэрсэн. Нэг л өдөр хил хаагдахад бид юу идэх вэ, монголчууд яаж амьдрах вэ гэдэг асуудалтай тулгарахгүйн тулд бид импортыг орлох бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хөгжүүлж, төрөөс ч бодлогоор дэмжих ёстой гэдгийг covid-19 цар тахал бидэнд хатуу сануулсан.
2008 оноос хойш тус салбарт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн байна. Ингэхдээ газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр гэсэн чиглэлээр хэд хэдэн томоохон төсөл хэрэгжсэн байна.
СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 34, ӨНДӨГНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 46.6 ХУВИАР ӨСЧЭЭ
Монгол Улс хүнсний импортын 90 орчим хувь нь урд хөршөөс хамааралтай. Энэ хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд 2023-2026 онд 1.2 их наяд орчмын хөнгөлттэй зээл олгожээ. Үүний үр дүнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал 40 орчим хувиар, 42 хувиар ажлын байр нэмэгдсэн гэсэн тоон мэдээлэл байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 32 хувиар өссөн байна. 2025 оны жилийн эцсий байдлаар мах, махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 93.7 хувь, малын мах 99.2 хувь, сүү 99.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 79.4 хувь, гурил 80.9 хувь, гурил, гурилан бүтээгдэхүүн 73.6 хувь, өндөг 66.7 хувийн түвшинд хүрсэн байна.
Махны үйлдвэрлэл 8 хувь, сүүний үйлдвэрлэл 34 хувь, өндөглөгч буюу дотоодын өндөгний үйлдвэр 46.6 хувь, зөгийн бал 20 хувь, тэжээлийн үйлдвэр 40 хувиар тус тус нэмэгджээ.
Хүнсний үйлдвэрлэлд нийт 735.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор үйлдвэрийн хүчин чадал 2022 онд 231.7 мянган тонноос 324.2 мянган тонн буюу 40 хувь, ажлын байр 42 хувь, бүтээгдэхүүний нэр төрөл 32 хувиар өсч, үйлдвэрийн тоо 53-аар нэмэгдсэн байна. Тухайлбал, 2020 онд 8 үйлдвэр дөрвөн мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 3.5 сая литр сүү нийлүүлж байсан бол 2025 онд 37 үйлдвэр, 9.3 мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 19.6 сая литр сүү нийлүүлдэг болжээ. Энэ нь сүү нийлүүлэлт 5.6 дахин нэмэгдэж, сүүний урамшуулалд 13 аймаг, нийслэлийн малчид хамрагджээ. Дотоод малчдын сүүний нийлүүлэлт нэмэгдсэнээр зах зээл дээрх хуурай сүүний импорт 17 орчим хувиар буурч, гадагшаа валютын урсгал 10 тэрбум төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл, 2021 онд 5.4 мянган тонн байсан хуурай сүүний импорт 4.5 мянга болж буурсан байна. Гэхдээ салбарынхны онцолж буйгаар энэ тоо дахиад ч буурах боломжтой гэнэ.
Хүнсний ногоог импортоор авахаас илүү дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хүнсний ногооны урамшууллыг олгодог. Энэ хүрээнд 2022-2025 онд дотоодын ургац хураалт 92.5 хувиар өссөн бол тариалангийн талбай 65.1 хувиар нэмэгджээ. Ингэснээр байцаа, лууван, сонгино, манжин, өргөст хэмх, улаан лооль зэрэг дотоодын тариалалтууд нэмэгдэж, импортын тодорхой хувийг бүрдүүлж эхэлсэн байна. 2019 онд 99.5 мянган тонн ургац хураадаг байсан бол 2025 онд 239.8 мянган тонн ургац хураадаг болжээ. Мөн газар тариалангийн салбарт хөнгөлөлттэй зээл олгосноор тариалангийн талбай нэмэгдэж, үтрэмийн багтаамж 24.4 хувь, хүлэмжийн талбай 24 хувь, зоорийн багтаамж 12.2 хувиар нэмэгджээ.
УРАМШУУЛАЛ, ЗЭЭЛ ОЛГОСНООР МАЛЫН ТҮҮХИЙ ЭД “ХАЯГДАХАА” БОЛЖЭЭ
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэхээр “Монгол мал” хөтөлбөрийг 2010-2021 онд үе шаттай хэрэгжүүлж, 2021 онд мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөг байсан бол 2021 онд 6.2 их наяд, 2025 онд 8.7 их наяд төгрөг болж өсчээ.
Малын гаралтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд арьс ширний урамшуулал, ноосны урамшуулал, ноолуурын дэмжлэг зэрэг олон хөнгөлөлт, дэмжлэг үзүүлжээ. Тухайлбал, ар2014-2025 онуудад арьс ширэн түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэх хүрээнд арьс ширний урамшууллыг олгож, арьс, арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 80 тэрбум төгрөгт хүрчээ. Арьс ширний урамшуулал түүхий эдийн үндэсний үйлдвэрлэл, борлуулалт 2025 онд 65.8 тэрбум төгрөгт хүрч, 2.8 дахин өссөн байна. Мөн ноосны урамшуулал олгосноор салбарын үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдэж 2025 онд борлуулалтын хэмжээ 1.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 2.9 дахин өсчээ. Түүнээс гадна 203.6 малчинд 174.9 тэрбум төгрөгийн ноолуурын урамшуулал олгожээ.
Ш.ЧИМЭГ
3,595.72






















































Нэргүй 2026-10-02 202.9.40.206
Урамшуулал хулгай болж дууссан даа. 300 тэрбум төгрөгийн хулгай. Хулгайчдийг илрүүлж, шоронд хорьж, хариуцлага тооцох ёстой.