“Амжилттай цөөнх” гэх ойлголтоос “ажлын байр булаагчид” хүртэл

“Амжилттай цөөнх” гэх ойлголтоос “ажлын байр булаагчид” хүртэл

“Амжилттай цөөнх” гэх ойлголтоос “ажлын байр булаагчид” хүртэл

АНУ-д амьдардаг Энэтхэг, Бангладеш, Пакистаны иргэдийн эсрэг үзэн ядалт, доромжлол агуулсан постууд цахим орчинд эрс нэмэгджээ. Судлаачдын үзэж буйгаар, үүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлого, энэ талаарх улс төрийн яриа, эдийн засгийн хүндрэл, мөн Өмнөд Ази хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэж буй зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.

“Органикжсон үзэн ядалтыг судлах төв” (CSOH)-өөс гаргасан “АНУ-д өмнөд Азийнхны эсрэг үзэн ядалт нэмэгдэж байна” тайланд дурдсанаар, “X” платформ дахь Өмнөд Азийнхны эсрэг үзэн ядалт агуулсан постын тоо 2024 оны нэгдүгээр сараас 2026 оны зургаадугаар сар хүртэл 240 хувиар өсжээ. Тодруулбал, сард дунджаар 12,904 байсан постын тоо 43,843 болж нэмэгдсэн байна.

Судлаачид 2025 оны нэгдүгээр сараас 2026 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд “X” платформоос 542 мянга гаруй үзэн ядалт агуулсан пост илрүүлжээ. Уг судалгаанд НҮБ-ын үзэн ядалт агуулсан үг хэллэгийн тодорхойлолтыг ашигласан байна.

Үзэн ядалт агуулсан постуудын бараг талд нь Өмнөд Азийн иргэдийг АНУ руу олноор нэвтэрч, америкчуудын ажлын байрыг булааж байгаа, эсвэл хүн амын бүтцэд заналхийлж буй мэтээр дүрсэлжээ. Мөн Өмнөд Азийн хүмүүсийг доромжлон нэрлэдэг “pajeet” гэх үг болон түүний хувилбарууд хамгийн их ашиглагдсан байна.

Түүнчлэн Өмнөд Ази иргэдийг бохир, ариун цэвэр сахидаггүй хэмээн дүрсэлсэн постын тоо “X” платформд 171 хувиар өссөн нь бусад төрлийн үзэн ядалт агуулсан постуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Судлаачдын үзэж буйгаар, цахим орчинд Энэтхэг, Пакистан, Бангладешийн иргэдийг хооронд нь ялгалгүй нэг бүлэг мэтээр ойлгон пост бичих хандлага ажиглагдаж байна. Мөн хиндү, мусульман, сикх, христийн шашинтнуудыг ч ялгалгүй нэг бүлэг болгон дүрслэх болжээ.

ЯАГААД ҮЗЭН ЯДАЛТ НЭМЭГДЭХ БОЛОВ?

Энэтхэг, Бангладеш, Пакистаны иргэдийн эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл АНУ-д саяхнаас дэлгэрсэн зүйл биш. Харин сүүлийн үеийн өсөлтөд уламжлалт хэвшмэл ойлголтоос гадна улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдал нөлөөлж байна гэж судлаачид үзжээ.

Тайланд дурдсанаар, энэ асуудлын гол шалтгаануудын нэг нь H-1B визийн хөтөлбөр аж. Уг хөтөлбөрөөр АНУ-ын компаниуд гадаадын мэргэшсэн ажилтныг ажиллуулах боломжтой бөгөөд H-1B виз эзэмшигчдийн 70 гаруй хувийг Энэтхэгийн иргэд бүрдүүлдэг байна.

Дональд Трампын засаг захиргаа 2025 оны есдүгээр сард H-1B визийн зарим шинэ хүсэлтэд 100 мянган ам.долларын төлбөр ногдуулахаар болсон. Судлаачдын үзэж буйгаар, энэ шийдвэр нь цахим орчинд Өмнөд Ази иргэдийн эсрэг үзэн ядалт нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Мөн Трампын хэлсэн үг, улс төрийн мэдэгдлүүд энэ хандлагад нөлөөлжээ. Тухайлбал, 2025 оны долдугаар сард болсон хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп АНУ-ын технологийн компаниуд ажлын байраа Энэтхэг рүү шилжүүлж байгааг шүүмжилсэн. Үүний дараа Өмнөд Ази иргэдийн эсрэг сөрөг агуулгатай постын тоо эрс нэмэгдсэн байна.

Үүнээс гадна 2026 оны есдүгээр сард АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам “Transformers: Age of Deportations” гэсэн гарчигтай пост нийтэлжээ. Уг постод “Ноён Сингх” гэж нэрлэсэн сикх эрийг дүрслээд, “манай замаас зайл” гэсэн утгатай үг ашигласан байна.

Хэд хоногийн дараа Боловсролын яам “Make College Football Great Again” гэсэн пост нийтэлжээ. Энэ нь Техас мужийн Бүгд найрамдах намын улстөрч Бо Фрэнч Техасын их сургуулийн хөлбөмбөгийн тоглолтод Өмнөд Азийн иргэд олноор оролцож байгааг шүүмжилсэн мэдэгдэл хийсний дараа гарсан байна.

Судлаачдын үзэж буйгаар, ийм төрлийн улс төрийн мэдэгдэл нь өмнөд азийнхныг АНУ-ын нийгэмд гаднын хүмүүс бөгөөд хэзээ ч энэ улсын жинхэнэ нэг хэсэг болж чадахгүй гэх ойлголтыг улам бэхжүүлж байна.

“АМЖИЛТТАЙ ЦӨӨНХ” ГЭХ ОЙЛГОЛТООС “АЖЛЫН БАЙР БУЛААГЧИД” ХҮРТЭЛ

Судлаачдын үзэж буйгаар, эдийн засгийн бухимдал нь Өмнөд Азийн иргэдийн эсрэг үзэн ядалт нэмэгдэх өөр нэг шалтгаан болж байна. Өмнөд Азийн зарим иргэдийн амжилтыг тэдний эсрэг ашиглах хандлага нэмэгджээ.

Өмнө нь Энэтхэг гаралтай америкчуудыг “амжилттай цөөнх” гэж эерэгээр дүрслэх нь түгээмэл байсан бол одоо цахим орчинд тэднийг “ашиг хонжоо хайдаг, шударга бус хүмүүс” мэтээр харуулах болжээ.

Мөн ажилгүйдэл болон эдийн засгийн хүндрэлд Өмнөд Ази хүмүүсийг буруутгах хандлага ажиглагдсан байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Ази гаралтай хүмүүс АНУ-ын улс төрд улам олноороо орж ирж байна. Тухайлбал, дэд ерөнхийлөгч асан Камала Харрис, Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани, дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнсийн эхнэр Уша Вэнс, улстөрч Вивек Рамасвами нарыг нэрлэж болно.

Тайланд дурдсанаар, эдгээр хүмүүс улс төрд нөлөөтэй болсны дараа арьс өнгөөр ялгаварласан болон мусульман шашинтнуудын эсрэг доромжлол цахим орчинд нэмэгдсэн тохиолдол бий.

Тухайлбал, Мамдани хотын даргаар сонгогдсоны дараа Өмнөд Азийн иргэд болон мусульман шашинтнуудын эсрэг доромжлол эрс өссөн байна. Судлаачдын үзэж буйгаар, эдийн засгийн бухимдал болон Өмнөд Азийн хүмүүсийн улс төр, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэж байгаа нь зарим америкчуудын дунд “өөрсдийн байр суурь, нөлөөгөө алдаж байна” гэх айдсыг нэмэгдүүлж байгаа аж.

Мөн энэ нь барууны орнуудад цагаан арьст хүн амыг зориудаар өөр үндэстний хүн амаар солих гэж байна гэх “Их солилцоо” (Great Replacement Theory) хэмээх хуйвалдааны онолтой холбогдож байгааг судлаачид онцолжээ.

СОШИАЛ МЕДИА БОЛОН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ НӨЛӨӨ

Сошиал медиа нь Өмнөд Азийн иргэдийн эсрэг сөрөг ойлголтыг тодорхой хүмүүст чиглэсэн дарамт, доромжлол болгон хувиргахад нөлөөлж байна гэж судлаачид үзжээ.

Судалгаагаар, зарим “X” хэрэглэгч H-1B визийг хууль бусаар ашигласан, эсвэл америкчуудын ажлын байрыг булаасан гэж буруутгагдсан Өмнөд Ази хүмүүсийн хувийн мэдээллийг цахим орчинд задруулсан байна. Үүнийг “doxxing” гэж нэрлэдэг бөгөөд хүний гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хэлнэ.

Мөн зарим цахим орчны нөлөөлөгч хүмүүсийн гэр, ажлын байранд очиж уулзан, тэднийг буруутгасан бичлэг хийж, цахим хуудсаараа тараасан байна.

Тухайлбал, H-1B визийн хөтөлбөрийг ашигласан гэж Өмнөд Азийн нэг иргэнийг буруутгасан, дарамталсан бичлэгээ барууны үзэлтэй цахим нөлөөлөгч Сара Гонзалес нийтэлжээ. Түүний цахим хуудсыг 500 мянга гаруй хүн дагадаг байна.

Мөн судлаачдын үзэж буйгаар, хиймэл оюун ухаан ийм төрлийн үзэн ядалт агуулсан контент бүтээхийг улам хялбар болгожээ. "AI" ашиглан Өмнөд Азийн хүмүүсийг “бохир, ариун цэвэр сахидаггүй”, “бэлгийн дарамт үзүүлэгч”, “соёлын хувьд хоцрогдсон” эсвэл “АНУ-ын хүн амд заналхийлж буй бүлэг” мэтээр дүрсэлсэн контент бүтээх болсон байна.

Гэхдээ судлаачид цахим орчин дахь үзэн ядалт нь бодит амьдрал дээрх халдлагаас тусдаа зүйл биш гэдгийг онцолжээ.

Тухайлбал, долдугаар сард Юта мужид Энэтхэг гаралтай, лалын шашинтай худалдааны төвийн ажилтан хутгалуулсан бөгөөд холбооны прокурорууд уг халдлагыг үзэн ядалтын гэмт хэрэг гэж үзэн үйлдсэн этгээдэд ял тулгасан байна.

Харин есдүгээр сард Вайоминг мужид сикх шашинтай ачааны машины жолооч 17 удаа хутгалуулсан хэрэг гарчээ.

Судлаачдын дүгнэснээр, цахим болон бодит амьдрал дахь үзэн ядалт бие биенээ улам дэвэргэж болдог. Өөрөөр хэлбэл, цахим орчинд тархсан хэвшмэл ойлголт, доромжлол нь улс төрийн яриа, хэвлэл мэдээлэл болон өдөр тутмын амьдралд нэвтэрч, бодит амьдрал дахь гадуурхал, халдлагыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 178.174.229.45

TAMIIN NUHEN ORON GJ INDIA PAKISTAN BANGA 3 MUNUUSUU MUN ESTOI BUZARUUUD PAKISTAN BOL ZUGEER L TERORISTUUUD

Avatar

Нэргүй 2026-10-02 202.70.38.250

ай Ази Африкууд гэж ядарсан амьтас Европ, Америкуудыг сайн хашраадаг юм бна дааа ……………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж