Үзэсгэлэнд 600 байгууллага оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнд 600 байгууллага оролцоно

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний хүнс үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор жил бүрийн намар “Намрын ногоон өдрүүд-2010” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 16-22-нд Мишээл экспо төвд болох ажээ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд оролцохоор 19 аймгийн 600 гаруй иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлээд байгаа гэнэ. Түүнчлэн Мишээл экспогийн үзэсгэлэнгээс гадна нийслэлийн дүүрэг бүрт шинэ ургацын төмс, хүнсний ногоог худалдаалж эхлээд байгаа юм. Энэхүү худалдаанд нийт 400 орчим хүнсний ногоо тариалагчид бүтээгдэхүүнээ борлуулж байна. “Намрын ногоон өдрүүд-2010” үзэсгэлэн худалдааг анх зохион байгуулсан 2006 онд 300 аж ахуйн нэгж, иргэд оролцож 500 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байсан бол өнгөрсөн онд 550 аж ахуйн нэгж, иргэд оролцож, нэг тэрбум 500 сая төгрөгийн хүнс худалдан борлуулсан байна. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын тулд улсын төсвөөс 66 сая төгрөг зарцуулах бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Стандартчилал хэмжил зүйн газраас жин хэмжүүрийн баталгааг үнэ төлбөргүй баталгаажуулж, Мэргэжлийн хяналтын газраас бүтээгдэхүүнд хяналт тавих юм байна. Үзэсгэлэнд оролцсон байгууллага аж ахуйн нэгжээс  “Шилдэг хүнс үйлдвэрлэгч ”-ийг шалгаруулан гранпри шагнал хүртээх бол шилдэг махан болон сүүн, гурилан бүтээгдэхүүн,шилдэг ундаа, шилдэг шар айраг, шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн  зэргийг шалгаруулах юм байна.

Д.Цээнэ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж