Хятадын залуу үеийнхний Алтангадас

ХҮМҮҮС

Хятадын залуу үеийнхний Алтангадас

Хятадын залуу үеийнхний Алтангадас

Поп дуучин, кино од аль нь ч биш хэрнээ хятад залуусын шүтээн болоод буй хүн бол профессор Бяо Шиан. Амьдрал гэдэг өөрсдийнх нь төсөөлсөн шиг амар хялбар зүйл биш болохыг ойлгосон залуу үеийнхний дунд Алтангадас од нь болоод буй түүнийг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Антропологич мэргэжилтэй Бяо Шиан 1972 онд мэндэлжээ. Энэ бол Хятад улс эмх замбараагүй байдлаас гарч, дэлхийтэй худалдаа хийж эхэлсэн түүхэн эргэлтийн он цаг байв. Тухайн үед Хятад улс хурдацтай хотжиж, жирийн иргэд бизнес эрхлэгч болж, коммунист улсын түүхэнд анх удаа хувийн бизнесүүд өргөн хүрээнд хөгжиж эхэлсэн юм. Аж үйлдвэрийн томоохон боомт хот болон өөрчлөгдсөн Вэньжөү хотод өссөн учир Бяо Шиан энэ бүхнийг өөрийн нүдээр харжээ.

"Хаа сайгүй жижиг бизнес эрхлэгчид гарч ирсэн. Хүмүүс боловсролд нэг их ач холбогдол өгдөггүй байлаа. Хамгийн чухал зүйл нь бодит амьдрал, тэр дундаа хэрхэн мөнгө олох вэ гэдэг байсан" гэж Бяо Шиан тэр үеийг дурссан байдаг.

Тэр үеийн хүмүүсийн олонх нь үнэхээр амжилтад хүрчээ. Тийм ч учраас тэдний хүүхдүүд Хятадын эдийн засгийн ид гялалзсан үед өсч өндийсөн гэхэд болно.

Гэвч Covid-19 цар тахлын дараачаас Хятадын эдийн засаг доройтож, өмнөх гялалзсан түвшиндээ хараахан хүрч чадаагүй л байна. Шаргуу хөдөлмөрлөвөл тогтвортой ажилтай байх болно гэсэн ойлголт нэг л мэдэхэд ард хоцорч. Хятадад ажилгүйдлийн түвшин 21.3 хувьд хүрсний дараа буюу 2023 оны дунд үеэс засгийн газар энэ үзүүлэлтийг ил тод нийтлэхээ больжээ. Төрийн албан хаагч, томоохон компанийн ажилтан, инженер зэрэг сайн ажилтай хүмүүс хүртэл ажлаа алдах вий гэсэн айдастай амьдарч байна.

Өнөөдөр Хятадын залуу үе шинэ итгэл үнэмшил, шинэ замнал эрэлхийлж байна. Тэд урт цагаар залхаан цээрлүүлдэг, сэтгэл зүйгээр туйлдуулдаг, хортой ажлын орчны талаар байнга гомдоллох болж. Мөн тэд "35 насны хараал"-аас айдаг. Сүүлийн үед ажлын зарууд дээр 35 насыг дээд хязгаар болгон заах болсонтой энэ хэллэг холбоотой. Өөрөөр хэлбэл, 35-аас дээш насныханд ажил олоход улам л хэцүү болсон гэсэн үг.

Яг энэ төвөгтэй цаг үед гарч ирсэн Бяо Шианыг "Диваажингаас илгээсэн од" гэж дэмжигчид нь нэрлэж байна. Зарим нь түүнийг "idol" буюу "шүтээн" гэлцэнэ.

Энэ бүх алдар нэр нь түүний ярьдаг сэдвүүдтэй холбоотой. Бяо Шиан түгшүүр, айдас гэж юу болох, түүнийг хэрхэн даван туулах талаар ярьдаг.

Хятадын эдийн засаг, технологи асар хурдацтай хөгжсөн ч "Z" үеийнхэнд санаа зовох зүйл цөөнгүй бий. Ажил олдох эсэх, хайр дурлалын харилцаа, бусдаас хоцрохгүй байх гээд олон асуудал, дарамт тэднийг зовоож байна.

23 настай шинэхэн төгсөгч ярихдаа "Сургуулиа төгсөөд бодит амьдралд хөл тавих нь маш олон тодорхойгүй зүйлийг дагуулдаг юм байна. Тэр тодорхойгүй зүйлсийн учрыг яаж олохоо мэдэхгүй учир хүмүүс айж түгшдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдралд чиглүүлэгч хэрэгтэй. Бяо Шианы хэлж буй үгс бидэнд нэгийг бодогдуулдаг. Биднийг ойлгох хүн байгаа юм байна гэсэн мэдрэмж төрүүлдэг" гэжээ.

Профессор Бяо Шиан саяхан Сингапурт уулзалт зохион байгуулахад 500 орчим хүн хүрэлцэн иржээ. Тэдний олонх нь хятад хүмүүс байсан аж. Бяо Шианы яриа цаг гаруй үргэлжилсэн бөгөөд үүний араас түүнтэй тусгайлан уулзах, зураг авхуулах хүсэлтэй хүмүүсийн бөөгнөрөл үүсчээ. Энэ үйл ажиллагааг оролцогчид нь "академик ертөнцийн шүтэн бишрэгчдийн уулзалт" гэж нэрлэжээ.

Бяо Шиан өнгөрсөн хугацаанд Хятадын томоохон хэвлэлүүдэд яриа өгснөөс гадна их сургуулиудад ч лекц тавьсан байна. Залуусын дунд "Эргэлзээ төрвөл Бяо Шианаас асуу" гэх үг хүртэл гарчээ.

Сингапур дахь илтгэлдээ Бяо Шиан өнөөгийн хятад залуус бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж хэрхэн тэмцдэг тухай ярьжээ. Их сургуульд тэнцэх гэж өрсөлдөнө, ажлын байраа хадгалах гэж хичээнэ, энэ бүхний эцэст залуус ямар нэг үнэлгээний дүнгээр өөрийгөө хэмжихээс өөр аргагүй болж байгаа аж. Гэтэл энэ нь алсуураа залуусыг туйлдуулж, сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлдөг.

Өөрийн үнэ цэнийг гадны шалгуураар хэмжихийн оронд бусадтай харилцах явцдаа амьдралын утга учрыг ойлгож, үүгээрээ дамжуулан өөрийгөө илүү сайн таньж мэдэх нь илүү зөв хандлага гэж тэр үзэж байна.

Түүний үзэж буйгаар Хятадын нийгэм одоо эргэлтийн цэг дээрээ ирээд байна. Хүмүүс нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийг ойлгохыг хичээхийн зэрэгцээ амьдралынхаа утга учрыг эрэлхийлж байна. Дэлхийд хүчирхэг байр сууриа хэдийнэ эзэлсэн улсын залуус ирээдүйдээ итгэлгүй байгааг Бяо Шиан онцолж, үүний цаад шалтгааныг тайлбарладаг.

Ингэхдээ тэр хүмүүсийн анхаарлыг татахуйц сонирхолтой нэр томъёонууд ашигладаг. Тухайлбал, Бяо Шиан амьд үлдэхийн төлөө тасралтгүй тэмцэж буй хүмүүсийг "хөвөгсөд" гэж нэрлэжээ. Мөн тэрбээр "ойр тойрон" гэсэн хэллэгийг ашигладаг. Энэ нь орчин үеийн хүмүүс "би" болон "дэлхий" гэсэн хоёр туйлын хооронд гацаж, яг хажууд байгаа хүмүүс, жижиг боловч утга учиртай харилцаагаа алдаж байна гэсэн утгатай шүүмжлэл юм. Амьдралын утга учраа хайж буй залуу хүмүүст энэ хэллэг ялангуяа гүн гүнзгий нөлөөлдөг аж.

"RedNote" платформд нэгэн хэрэглэгч "Тэр аливаа асуудлыг үргэлж эмзэг байгаа нэгний нүдээр хардаг. Хувь хүний мэдэрч буй дарамтыг нийгэм, эдийн засгийн томоохон шалтгаантай холбон тайлбарлаж, хүмүүсийг идэвхтэй амьдрахад нь түлхэц болдог. Үнэхээр гайхалтай" гэжээ. Мөн өөр нэг хэрэглэгч "Тэр хоосон урам зориг өгөх үгс хэлдэггүй. Харин бидэнтэй хамт бодит амьдралын бэрхшээлтэй нүүр тулдаг" гэжээ.

Ижил төстэй сэдвээр ярьдаг бусад хүнээс Бяо Шиан бүхнийг илэн далангүй дэлгэж тавьдгаараа ялгаатай. Хятадын засгийн газрын янз бүрийн цензураас шалтгаалаад зарим зүйл ил тод байдаггүй.

Гэсэн ч залуусын дунд ямар нэг байдлаар айдас түгшүүр оршин байгаа нь цахим сүлжээнд их сургуулийн элсэлтийн шалгалт, гэрлэлтийн инж, хүнсний үнэ зэрэгтэй холбоотой асуудал үүсэхэд илрэн гарч ирдэг. Бяо Шианы үзэж буйгаар залуусын түгшүүрийг нэмэгдүүлсэн үндсэн хоёр хүчин зүйл бий. Үүнд, үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон дээд боловсролын тогтолцоо орно.

Дээрх хоёр асуудлаас улбаатайгаар залуусын дунд амьдралын нэг л нийтлэг загвар бий болжээ. Энэ нь "сайн дипломтой төгсөх – тогтвортой ажилтай болох – гэрлэх – орон сууц худалдаж авах" гэсэн загвар юм. Бяо Шианы хэлснээр 1.4 тэрбум хүн бүгд нэг ижил уралдаанд оролцож байна. Өөрөөр хэлбэл, асар олон хүн нэг л амжилтын загварын араас хөөцөлдөж байна.

Бяо Шиан гурван жилийн өмнө нэг амралтын газарт очиж илтгэл тавьжээ. Түүнийг очсоноос хойш тэр амралтын газар үнээ нэмсэнийг сонсоод Бяо Шиан зөвхөн академик хүрээлэлд танигдсан хүн биш болсноо ойлгосон байна.

Бяо Шианыг нэр хүндээ хамгаалж, болгоомжтой байх хэрэгтэйг мэргэжил нэгтнүүд нь сануулдаг. Гэсэн ч тэр өөрийнх нь нөлөөлөл улам өсөн нэмэгдэж буйд таатай ханддаг. "Хэрвээ хэн нэгэн намайг нөлөөлөгч гэж нэрлэвэл би магтаал гэж хүлээж авна. Учир нь миний хүмүүст үзүүлж чадах жинхэнэ нөлөө бол тэдний өмнөөс хариулт өгөх биш, харин өөрсдөө бодож тунгаахад нь түлхэц өгөх явдал юм" гэж Бяо Шиан хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ganba 2026-10-01 88.183.144.162

yu gd bgaa yum be , yu ch oilgosongyu e. .Bao Shayn

Avatar

Нэргүй 2026-10-01 202.70.38.250

Agree that China is a developed country !

Avatar

Нэргүй 2026-10-01 150.228.177.47

Ишш

Avatar

Ээж 2026-10-01 64.119.16.121

Дэлхий тэр чигээрээ энэ охшихуйн сэтгэл зүйн гацаанд орчихсон. Унш тунгаа өөртэйгөө байж, бусдыг өөр шигээ бодож хүндэлж харьцаж сурах л зовлонг бага амар амгаланг их мэдрэх ганц гаргалгаа.

Avatar

Нэргүй 2026-10-01 122.201.21.179

ёстой чидэнд хамаагүй од ч гэх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж