“Азтай” нь номтой, “азгүй” нь худалдаж авна

“Азтай” нь номтой, “азгүй” нь худалдаж авна

“Азтай” нь номтой, “азгүй” нь худалдаж авна

“Азтай” нь номтой, “азгүй” нь мөнгөтэй байх ёстой юу?

Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн ч зарим сургуулийн сурагчид сурах бичгээр бүрэн хангагдаагүй хэвээр байна. Цөөн тооны номыг сурагчдад сугалаагаар хуваарилж, ном хүрээгүй нь өөрийн мөнгөөр худалдаж авах нөхцөл үүссэн талаар эцэг, эхчүүд хэллээ.

Өнгөрсөн хичээлийн жилд бага ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийн хэвлэлт, түгээлт удааширч, зарим сургуулийн сурагчид номоор дутсан. Тухайн үед сурах бичгийг сугалаагаар хуваарилсан нь эцэг, эхчүүдийн шүүмжлэлийг дагуулж байсан ч энэ асуудал шинэ хичээлийн жилд дахин давтагджээ.

ХОЁР ХҮҮХДИЙН НОМЫН БАГЦАД 400 МЯНГАН ТӨГРӨГ

Сурах бичиг хүрэлцэхгүй байгаа нь эцэг, эхчүүдэд нэмэлт санхүүгийн дарамт болж байна.

Нэгэн эцэг эх гурван хүүхдийнх нь нэг нь сугалаагаар түрээсийн сурах бичиг авсан ч үлдсэн хоёр хүүхдийнхээ номыг худалдаж авахаас өөр аргагүй болж, нийт 400 мянган төгрөг зарцуулжээ.

“Манайх сургуулийн гурван хүүхэдтэй. Нэгэнд нь аз таарч, сугалаагаар түрээсийн сурах бичиг авсан. Харин нөгөө хоёр хүүхдийнхээ бүх хичээлийн сурах бичгийг худалдаж авсан. Хоёр хүүхдийн номын багц нийлээд 400 мянган төгрөг болсон. Жил бүр сурах бичиг худалдаж авах нь санхүүгийн хувьд маш хүнд байна. Уг нь сурах бичгийг сургуулиас бүрэн хангаж өгөх ёстой биз дээ” хэмээн ярив.

Өөр нэгэн эцэг эх зайлшгүй шаардлагатай цөөн номыг авч өгөөд, үлдсэн хичээлийн сурах бичгийг худалдаж авах боломжгүй байгаагаа хэлсэн юм.

“Зайлшгүй шаардлагатай зарим сурах бичгийг л авч өгөхөөс өөр аргагүй байна. Үлдсэн хичээлийн номыг худалдаж авах мөнгө алга. Тиймээс хүүдээ номтой хүүхдээс утсаараа зургийг нь дарж, даалгавраа хийхийг захисан. Сургууль дээр сугалаа явуулж, азтай нь сурах бичиг авч, азгүй нь өөрсдөө өндөр үнээр худалдаж авч байна” гэв.

СУРАХ БИЧГИЙН БАГЦ 18,900-169,000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Одоогоор 6-12 дугаар ангийн сурах бичгийг Aplus систем болон холбогдох сувгаар худалдаалж байна. Анги, номын багцаас хамааран үнэ нь ялгаатай бөгөөд зургаадугаар ангийн сурах бичгийн багц 18,900 төгрөгөөс эхэлж байгаа бол төгсөх ангийн багц 169 мянган төгрөг хүртэл үнэтэй байна. Мөн Багшийн их сургуулийн орчимд хуучин сурах бичгийг багцлан 100-150 мянган төгрөгөөр, шинэ сурах бичгийн багцыг 190 мянган төгрөгөөр худалдаалж буй худалдаачид ч байна. Нэгэн худалдаа эрхлэгч “Хуучин сурах бичгийг 17 хичээлийн номоор багцлаад 100-150 мянган төгрөгөөр, шинэ номын багцыг 190 мянган төгрөгөөр зарж байна. Ширхэглэн зарвал үнэ нь арай өндөр. Гэхдээ худалдан авалт муу байна” хэмээн ярив.

ХУУЛЬД ЗААСАН ЭРХ ХЭРЭГЖИЖ БАЙНА УУ?

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хэрэглээнд бага ангийн сурагчид үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах, дунд болон ахлах ангийн сурагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглах зохицуулалттай. Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т тодорхой зорилтот бүлгийн хүүхдийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангахаар заасан байдаг. Гэвч сурах бичгийн хүрэлцээ муу байгаа нөхцөлд зарим хүүхэд хичээлээ бусдын номоос хуулж, зураг авч ашиглах, эсвэл эцэг, эх нь нэмэлт зардал гарган худалдаж авах шаардлагатай болж байна.

Өөрөөр хэлбэл, сурагч бүрд байх ёстой үндсэн сургалтын хэрэглэгдэхүүн өрхийн санхүүд нэмэлт дарамт болж, номтой болох эсэх нь хүртэл “аз”-аас хамаарах нөхцөл үүсчээ. Өнгөрсөн хичээлийн жилд асуудал болсон сурах бичгийн хүрэлцээ шинэ хичээлийн жилд дахин яригдаж байгаа нь хэвлэлт, түгээлт, нөөцийн төлөвлөлт бодит хэрэгцээгээ хангаж байгаа эсэхийг эргэн харах шаардлагатайг харуулж байна.

Сурагчийн хичээл хийх үндсэн хэрэглэгдэхүүн болсон сурах бичиг хүрэлцэхгүй байхад цөөн номыг сугалаагаар хуваарилах нь асуудлыг шийдэх арга биш. Харин сурагч бүр шаардлагатай сурах бичгээрээ хангагдах нөхцөлийг бүрдүүлэх нь салбарын байгууллагуудын анхаарах ёстой асуудал болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-30 122.201.31.2

Монголд бол аз л шийддэг дээ. 0.7 газар газраа ч иргэддээ өгч чадахгүй азаа үзэж чадвал аваарай чи гэдэг зарчим

Avatar

зочин 2026-09-30 66.181.166.196

Энэ түрээсийн ном гэдэг юм хэзээнээс гарч ирсэн юм бэ, бидний багад соц үед бүх л ном дэвтэрээ өөрсдөө бэлдэж сургуульдаа очдог байсан санагдах, ном гэдгийг чинь цаасан дээр хэвлэдэг, халтартаж урагдана, элэгдэж муудна ш дээ, ямар мөнхийн эд биш, тэгээд ч бага насны хүүхдүүд хэрэглэж байгаа юм чинь юм юм л болно ш дээ, нэртэйгээр сургуулийн дүрэмт хувцасыг түрээслэдэг болгочихооч

Avatar

Нэргүй 2026-09-30 202.179.15.130

Азтай, азгүй гээд олон юм яриад талцуулаад битгий бай. Жаахан судалгаатай юм бич. Аав, ээж нар хүүхдүүддээ аль болох л шинэ ном хэрэглүүлэхийг боддог. Даанч тэр нь олдохгүй болохоор хуучин навсайсан, тоос шороо болсон, ямарч нян бактер тээгч болох нь тодорхойгүй ном хэрэглүүлээд байж байна. Номын дэлгүүрт байдаг бол дийлэнх нь д шинийг авна.

Avatar

зочин 2026-09-30 66.181.171.211

энэ завхралыг таслан зогсоох ёстой үнэ төлбөргүй бага ангийг номоор хангах ёстой байтал одоо бүүр зараад байна. цаана ямар нэг холбоотой байгаа. бага ангийн хүүдүүийн номыг зарах эрхгүй. энэ боловсролын сайдаас хичээл эхэлсэн хугацаанд хүүхэд юу сурах ёстой байсан. одоо хариуцлага нэх. хүүхдүүдийнхээ сурах суралцах эрхийн төлөө хариуцлага яагаад нэхэж болдоггүй гэж. бид мөнгө нэхээгүй 1 сарын хугацаанд хүүхдүүд юу сараад ямар түвшинд очсон байх ёстой тэр түвшингийн сургалтыг нэхэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-09-30 122.201.31.113

oorsdoo nomoo avdag boloh heregtei, tureesiig boliul.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж