УИХ 2026 оны төсвийн тодотголыг батлахгүй байснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, цалин тэтгэврийг нэмэх нь үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ? зэрэг сэдвийн хүрээнд эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг өргөн бариад бараг сар боллоо, өнөөдрийг хүртэл баталсангүй. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Уг нь аливаа улсын төсөв өөрөө макро эдийн засгийн хамгийн чухал бодлого байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого айл өрх болон аж ахуй нэгжүүдэд ээлтэй байх ёстой. Харамсалтай нь, Монгол Улсад улсын төсвийг эрх баригч нам ирэх сонгуульд ялах хэрэгсэл болгоод байна. Тэгэхээр эдийн засгийн зорилгоосоо гажиж, улстөржсөн төсөв болж хувирсан. Дээрээс нь сонгуулиар дарга ангийг санхүүжүүлдэг төсөв дагасан улстөрчдөд ойрхон, төсвөөс асар их хараат бүхэл бүтэн давхарга бий болсон.
Товчхондоо, улсын төсвийн хөрөнгө оруулалт, тендерээр амьдардаг, том том кампаниуд бий болчихсон. Тэд Монголын эдийн засгийн нэг хэсэг болсон.
Улсын төсөв батлагдахгүй байгаад байхаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг авч, тендерээр амьдардаг компаниудын орлого тодорхойгүй байдалд орж байгаа юм. Мөн дулааны улиралд ажил эхлүүлчихсэн компаниудын ажил энэ ондоо багтахаа байлаа, тэгэхээр ирэх жил хүртэл хойшлуулж таарах байх. Үүнээс үүдэж хүлээлтийн өртөг их гарна гэх мэт төсвийн тодотголоо батлахгүй байснаар эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Дээрээс нь иргэд төр засагт итгэх итгэлийг бууруулж, эдийн засгийн идэвхжилийг бууруулж байна. Мөн ирэх жилийн төсөвт илүү нэмэлт зардал, дарамт авч ирэх үндсийг бий болгож байна.
-Сүүлийн жилүүдэд ихэвчлэн алдагдалтай, зардал нь орлогоосоо давсан төсөв баталж байна. Энэ нь өнөөдрийн энэ эдийн засгийн хүндрэл бий болохоод нөлөөлж байна уу?
-Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нэг яамны хийдэг байсан ажлыг гурван яам, зургаан агентлаг хийдэг болгож задалсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын буруу бодлогын үр дагавар одоо гарч ирж байна. Нүүрсний үнийг байнга 300 ам.доллар байх юм шиг бодож, төсвийг дандаа өндөр төсөөлж ирсэн. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ 90 ам.доллар байна шүү дээ. Дээрээс нь андлалын хөшөө шиг маш олон хөшөө дурсгалыг энд, тэнд эхлүүлээд хаячихсан. Төрийн албыг хэт данхайлгасан.
Үндсэндээ эдийн засгийн ач холбогдолтой багатай, улс төрийн намуудад ойр бүлэглэлийн авлигажсан шинжтэй төслүүд их байлаа. Ихэнх мөнгө нь гадагшаа урссан.
Дотоодод өгөөж бага, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл бага байсан.
Гэтэл эргээд өгөөжөө өгөх ДЦС гэх мэт үйлдвэр, станцууд барьсан бол чухал байх байлаа. Атал ямар ч ач холбогдолгүй сонгууль угтсан гоё, гоё нэртэй төслүүдийн ТЭЗҮ-ийг баталж, маш их мөнгө угаах төслүүд рүү мөнгө зарцуулаад эхэлчихсэн байсан. Энэ нь бас эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан болж байна. Үндсэндээ төрийг хэт данхайлгасан. Үүнийг эргүүлээд хумих их хэцүү. Яагаад гэхээр, эрх баригч нам чинь дотроо нэгэндээ шаардлага тавьж чадахаа больчихсон байна.
-Жил ирэх тусам төсөв нь тэлээд байгаа. Гэсэн ч энэ нь иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөхгүй байх шиг. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?
-УИХ ард түмний төлөөлөл. Хийх үндсэн ажлынх нь хамгийн чухал хэсгийн нэг нь төсөв батлах. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг Засгийн газарт баталж өгөх ёстой. Гэтэл эрх баригч нам дотроо өс зангидчихсан, бие, биенээ эсэргүүцэж, ирц бүрдүүлэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Ирцээ бүрдүүлж чадахгүй хоёр долоо хоночихлоо. Үүнд улстөрчдийн хариуцлагын асуудлыг ярих ёстой. Энэ болгонд хуулийн хугацаа гэж бий. 2026 оны төсвийн тодотголоо батлаад, дараа оныхоо төсвийг батлах ёстой.
Энэ удаагийн улсын төсөв батлах энэ үйл явц УИХ-ыг ямар хэмжээнд сул, дорой болсныг харуулж байна.
Энэ байдлаараа байвал 2027 оны төсөвт ч тодотгол оруулахыг үгүйсгэхгүй. Ер нь улстөрчдийг оюун санааны хувьд манлайлдаг лидер аль, аль намд дутагдаж байна л гэж харж байна. “Уучлалт гуй” гэх зэрэг жижиг асуудал тойроод нэгнээ эсэргүүцээд байдаг. Гэтэл Монгол Улсын эдийн засаг улсын төсвөөс маш их хараат болчхоод байна. Хамгийн том худалдан авагч нь төр болоод хувирчихсан. Худалдан авагчийн цаана эрэлт бий, эрэлт зогсчихвол нийлүүлэлт зогсоно. Хувийн хэвшил хохироод байна. Энэ маш буруу тогтолцоо, гэхдээ жишиг болчихсон. Их л хүнд байдалтай байна.
“Хэмнэ, хэмнэнэ” гээд л яриад байдаг. Төсвийн хэмнэлтийг юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Хэмнэх нь зөв. Гэхдээ хэмнэж болохгүй хэд, хэдэн салбар бий. Тодруулбал, боловсрол, эрүүл мэндийн салбар буюу багш, эмч, сувилагч нарын цалинг хэмнэж болохгүй. Эдгээрийн цалинг нэмэх ёстой. Харин дээр хэлсэн. Нэг яамны хийх ажлыг гурван яам, агентлаг хийдэг. Элдэв зөвлөл, өчнөөн хүрээлэнгүүд байна. Тиймээс давхардсан чиг үүрэг бүхий яам, агентлагийг бүгдийг нэгтгэх хэрэгтэй. Эндээс бодит хэмнэлт гарч ирнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын балгийг буцаавал маш том хэмнэлт болно. Андлалын хөшөө шиг өгөөжгүй үй түмэн төсөл хот болоод орон нутгуудад байна. Өөрөөр хэлбэл, дутуу баригдчихсан хоёр, гурван их наяд төгрөгийн объектууд байна. Эдгээрийг бүгдийг нь царцаагаад хувьчлах хэрэгтэй.
Эдгээр объектууд бол тойргийн улстөрчдийн дахиж сонгогдох гэсэн л авлигын шинжтэй төслүүд.
Энэ мэт хувалзнуудын төслийг нам зогсоогоод, хэмнэсэн мөнгөөрөө багш, эмч нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй. Мөн төрийн өмчит компаниудыг зоригтой хувьчлах шаардлагатай. Ерөнхийдөө улс төрд бүдэрсэн улстөрчид Төрийн өмчийн компаниудын удирдлага хийж байгаа. Эд нар аль ч намынхаа шийдвэр гаргалтад том нөлөөтэй.
"Манайхыг цомхотгоод үзээрэй, намайг халаад үзээрэй. Ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй чинь ярина шүү" гээд л шантаажлаад байж байгаа.
Эндээсээ зоригтой салж чадах уу гэдгээс их зүйл хамаарна. Одоогоор бол чадахааргүй л харагдаад байна. Улс төрийн нам доторх бүлэглэл инфляцыг өөгшүүлдэг, үр ашиггүй төрийн өмчит компаниудыг томруулдаг бүтэц болоод хувирчихсан. Ийм тогтолцоотой үед ямар ч эдийн засгийн бодлого яриад нэмэргүй.
-Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цаг, минутаар өсөж байхад, цалин тэтгэвэр нэмэх нь шийдэл мөн үү, эргээд эдийн засагт тодруулбал, иргэдийн амьдралд бодитоор хэрхэн нөлөөлөх вэ?
-Цалин гэдэг бол өөрөө үнэ. Тухайн хүн төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаагаас үл хамаарч, ажилтны бүтээмжийг үнэлж байгаа төлбөр. Гэтэл манайд цалин утгаа алдчихаад байна л даа. Ялангуяа төрийн албан хаагчид сонгогчдын хамгийн том сегмент болчихсон учраас тэд нарыг бүтээмжтэй, бүтээмжгүй байхаас үл хамаарч санал авах хэрэгсэл болгож байна. Цалин, тэтгэвэр хоёр үндсэн үүргээсээ гажсан байна. Хоёрдугаарт, худалдан авах чадамжийг хамгаалдаг байх ёстой. Гэтэл худалдан авах чадварыг хамгаалж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд нэрлэсэн цалин тэтгэвэр нэмэгдэж байгаа ч үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа. Бодитоор худалдан авах чадвар унаж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ гурав дахин өсчихсөн байхад цалин, тэтгэврийг хоёр дахин өсгөөд ач холбогдолгүй. Тэгэхээр цалин, тэтгэврийг нэмэх замаар инфляцтай тэмцэхгүй.
-Ер нь монголчууд бид эдийн засгийн хямралаас гарах найдвар байна уу, яаж энэ хямралыг даван туулж, төр засаг ямар арга хэмжээ авах шаардлагатай байна гэж та харж байна?
-Манай аж ахуй нэгжүүд үндсэн хөрөнгө худалдаж авахаа больсон байна. Уг нь аж, ахуй нэгжүүд ашигтай ажиллаж байж дотоод хөрөнгө оруулалт татна. Тэгж байж ажлын байр бий болно.
Гэтэл манайд эсэргээрээ хөрөнгө гадагшаа зугтаж байна. Хөрөнгө оруулалтын урсгал дээр маш алдагдалтай ажиллаж байна.
Гадаадынхан хөрөнгө оруулалт хийхээ больчихлоо, дотоодод хөрөнгө оруулалт хийхгүй байна. Ийм байхад эдийн засаг яаж өсөх юм. Эдгээр бүгд төсвөөс хамааралтай болчихсон.
-Монгол Улс орлого төвлөрүүлдэг ганцхан эх үүсвэртэй гэхэд хилсдэхгүй. Өчнөөн жил нүүрсээ зарж орлогоо бүрдүүлж байна. Цаашид орлого төвлөрүүлэх олон эх үүсвэрийг бий болгох шаардлагатай гэдгийг зарим эдийн засагчид хэлдэг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Манай эдийн засгийг авч явж байгаа, үрэлгэн данхар төрийг тэжээж байгаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихгүй байгаа хоёр хүчин зүйл бол зэс, нүүрс. Төрөлжүүлэх хэд, хэдэн чиглэл байж болно. Нүүрсээ боловсруулаад гаргах боломж бол бий. Нүүрс, зэсээ боловсруулаад гаргая гэхээр маш өндөр АМНАТ төлдөг. Тэгэхээр түүхийгээр нь гаргах бодлоготой байдаг. Үүнийг өөрчлөх сонирхол байхгүй. Газрын ховор элемент уран зэргээ борлуулж болж байгаа юм. Гэвч асар их эсэргүүцэлтэй тулгардаг. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлж болно. Гэтэл шатахууны үнэ өсөөд, дутагдалд ороод байна.
3,600.44





















































Зочин 2026-09-29 103.145.234.36
Дайн самуунтай байхад АН эрх мэдэл, намын өчүүхэн эрх ашгийн төлөө төр засгаа самрах ганцхан зорилготой. Энэ нам улс орон, ард иргэдээ бодож байна уу? Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу? Ер нь АН ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй нам.
Нэргүй 2026-09-29 202.9.40.198
ЧИ ХУЦАЛГҮЙ ДУУГАЙ БАЙ. ХЭНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙГААГ ЧИНЬ МЭДНЭ.
Иргэн 2026-09-29 202.9.40.158
Өнөөдрийн энн их хэрүүл тэмцэл Женко, Оюунэрдэнэ, Амарбаясгалан, Нямбао нарын л гай шүү дээ! Монголын элийн засаг сэргэх маш олон боломжуудыг үгүй хийж, төсвийн мөнгийг түм бумаар нь үрэн таран хийж, хулгайлж, зувчуулж, татвар төлбөрөөр дарж, үндэсний э/з-ийг сүйрүүлсэн. Одоо иргэдээ хамгаалж цалин , тэтгэвэр, тэтгэмж нэмэхээс өөр аргагүй. Төсөв тэлж л таарна. Энэ ЗГ учрыг нь олж асуудлаа шийдэх гэж зүдэрч л бн. Харин хулгайч худалчид ял наймаалцах гэж зориуд үймүүлж бн шүү дээ. Төсвөө хурдан б
ААН 2026-09-29 59.153.112.141
Их сайн ярилцлага болжээ. Хувийн хэвшил сөхөрч уналаа
Иргэн 2026-09-29 66.181.171.98
Эх орноосоо урваж, Оюу толгойн асар их баялгийг гадны луйварчдаас авилга авч , найр тавьж өгчихөөд одоо ямар нүүрээрээ олон юм донгосоод байна, урд хөршид бол бүх хөрөнгөө хураалгаад буудан авах хүмүүс шүү та нар.
Зочин 2026-09-29 66.181.182.246
ОЮУ ТОЛГОЙН ЛУЙВАРЧДЫН ТАВИУЛ ЭНЭ АВИЛГАЧ ГӨЛТРӨГ ШОРОНГООС ГАРЧИХСАН ЮМ УУ
Нэргүй 2026-09-29 43.242.242.59
АН-ын удирдах зөвлөлийн гишүүн гэх энэ нөхөр дандаа худлаа юм ярина. МАн-ын засгийн газрыг муулах өвчин туссан хүн дээ. Асуудалд улс төржихгүй бодитоор л хандах ёстой доо
Зочин 2026-09-29 103.145.234.36
АН өөрсдөө идэх болохоороо асар их өр тавьдаг харин цалин тэтгэвэр нэмэх гэхээр өрөнд санаа тавьсан болж жүжиглэж төсвийн тодотголыг батлуулахгүй засаг төрийг самрахыг оролдож байна. АН-ын тавьсан асар их өрийг одоо ч төлж байгаа.
ддд 2026-09-29 103.26.195.50
үнэн шүү.АН төр барь 4 жилдээ цалин тэтгэвэр огт нэмээгүй шүүдээ.Үнэн оюуны потенцал муутай.зөвхөн албан тушаалын хэнээтэй
Нэргүй 2026-09-29 103.229.122.50
МАНАЙ ТОРИЙН ХАМГИЙН АРЧААГУЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГГУЙ ИНСТИТУЦ НЬ УЛСЫН ИХ ХУРАЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШУУДИЙН 70 ХУВЬ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГУЙ ЧАДВАРГУЙ ХУМУУСЭЭС БУРДЭЖ БАЙНА УЛСЫН ИХ ХУРЛЫГ ТОМСГОСОН НЬ УЛСЫН ИХ ХУРАЛД ЧАДВАРГУЙ АРЧААГУЙ УЛСУУДААР ДУУРГЭХ УУД ХААЛГА НЬ БОЛСОН УЛСЫН ИХ ХУРАЛ 76 ГИШУУНЭЭС ОЛОН БАЙЖ БОЛОХГУЙГ ЭНЭ АРЧАА МУУТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГУЙ ИХ ХУРАЛ ХАРУУЛЖ БАЙНА
зочин 2026-09-29 66.181.181.100
Улс орныг хагалан бутарган,самуун үүсгэж,улмаар эдийн засаг санхүүгийн боломжийг доройтуулж ,үүнээс үүссэн бүх бурууг одоогийн төрд ажиллаж буй хүмүүст тохох ,гүтгэх доромжлох,эх оронч дүр эсгэн жүжиглэх АН гэх бүлэг этгээдийн хорон санаа монголд амжилттай хэрэгжиж байна, Үүнд Украин Иранд барууны өдөөсөн дайны улмаас дэлхий дахинд түүний дотор манайд үүссэн хүндрэлүүдийг эд нар өвжин ашиглаж байна,Одоогийн их хурлыг тарааж,шинээр сонгон,улс орныг сайн сайхан болгоно гэгч бол хоосон амлалт,
зочин 2026-09-29 66.181.181.100
МАН дотроо,үзэл бодлоор өөр хоорондоо зөрчилдөн хоёр хэсэг болж тэмцэлдэж буй нь үнэн,,ҮүниЙ үр дүн нь улс орныг хорон муу санаатнуудын идэш болгоход хүргэж байна, Иргэд хохироход хүрч байна, Дотроо ярилц,Эв зүйгээ ол, Гэхдээ хууль зөрчсөн ,нийгэм иргэдийн эрх ашигт хохирол учруулсан гэмт хэрэг байгаа бол түүнийг өмгөөлж хамгаалж хэрхэвч болохгүй,Мөн хэлмэгдэл үүсгэж болохгүй, Хагарал тэмцлээ зогсооё,, улс орны эрх ашгийг нэгд тавья, Урагшлуулах талаар бүгд нэгдэж нягтарч ажилламаар байна
дд 2026-09-29 103.26.195.50
Улсын их хурлын гүшүүд нь ямарч боловсролгүй,мэдлэгүй төсөв гэж юу байдагийг мэдэхгүй хүмүүс яаж төсөв батлах юм.Цаана гарах үр дагаварыг нь ойлгохгүй шүүдээ.