Бразилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва спортын тогтмол коэффициенттой бооцоог хориглох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат болохоос ердөө долоо хоногийн өмнө гарлаа. Тогтмол коэффициенттэй бооцоо гэдэг нь ялсан тохиолдолд мөнгөө хэд дахин нугалж авах нь урьдчилан тодорхойлогдсон бооцоог хэлнэ.
Шинэ журмаар спортын бооцоо явуулах, зуучлах, сурталчлахыг хориглох юм. Ерөнхийлөгчийн зарлиг нэн даруй хэрэгжиж эхэлсэн бөгөөд 120 хоногийн дотор Конгрессоор батлагдвал цаашид хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Мөн бооцооны платформд шинээр мөнгө байршуулахыг хориглож, хэрэглэгчдэд дансанд байгаа мөнгөө аравдугаар сарын 5-ны дотор татаж авах боломж олгожээ.
Лула энэ шийдвэрийг гэр бүлүүд бооцоонд мөнгөө алдаж, өр зээлд дарагдахыг бууруулах зорилготой гэж тайлбарласан байна.
“Би хатуу, эрс шийдэмгий, шаардлагатай арга хэмжээ авахаар шийдсэн” гэж Лула Сан-Паулу хотод сэтгүүлчдэд хэлжээ.
Түүний засгийн газар спортын бооцоог сурталчлах, иргэдийн хувийн мэдээллийг ашиглан бооцоо тавихыг уриалах зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн төсөл мөн боловсруулж байгаа аж.
Лула энэ асуудлыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр ч хөндөж, “донтолтыг ашиг орлого болгож” байна гэж бооцооны компаниудыг буруутгасан. Харин ерөнхийлөгчийн сонгуульд мөн адил өрсөлдөж буй Флавио Болсонаро уг шийдвэрийг “сонгуулийн зорилготой арга хэмжээ” гэж шүүмжилжээ.
Бразилд цахим бооцоо, мөрийтэй тоглоомын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжсөн байна. Тус улсын Төв банкны мэдээллээр, бразилчууд сар бүр бооцоонд ойролцоогоор 30 тэрбум реал зарцуулдаг байжээ. Харин 2025 оны судалгаагаар бооцоо болон мөрийтэй тоглоом нь Бразилийн нийгэмд жил бүр ойролцоогоор 38.8 тэрбум реалын зардал учруулж, сэтгэл гутрал болон амиа хорлох эрсдлийг дагуулж байна гэж дүгнэсэн байна.
Бразил 2018 онд цахим бооцоог зөвшөөрснөөс хойш энэ салбар хурдацтай тэлжээ. 2023 оны арванхоёрдугаар сард Лула бооцооны компаниудыг анх удаа зохицуулж, татвар ногдуулах тухай хуульд гарын үсэг зурсан. Үүний дараа засгийн газар хууль бус гэж үзсэн 2000 гаруй бооцооны сайтыг хаасан бөгөөд зарим нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой байсан гэж мэдээлсэн байна.
Спортын бооцоо нь Бразилийн хөлбөмбөгийн салбарт ч ихээхэн орлого авчирдаг. Тус салбарын жилийн орлого 4 тэрбум ам.доллароос давдаг гэж бизнесийн шинжээчид тооцоолжээ.
Харин Бразилийн хөлбөмбөгийн томоохон клубүүд бооцооны компаниудын ивээн тэтгэлэг зогсвол санхүүгийн хүндрэлд орж болзошгүйг анхааруулсан байна. Тэдний мэдээлснээр бооцоог хориглосноор клубүүдийн ивээн тэтгэгчийн орлого буурах эрсдэлтэй аж.
3,602.33






















































Холбоотой мэдээ