Байгаль хамгаалах талаар хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах талаар хуралдав

“Монгол орны зэрлэг амьтдын хамгаалалд тулгарч буй бэрхшээл, цаашид шийдвэрлэх асуудлууд” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудалд эхэллээ. Уг хуралд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны акедимийн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөлөгчид оролцож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй “Монголын Алтай-Соёоны эко бүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах” төсөл болон Зэрлэг амьтадыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран уг хурлыг зохион байгуулж байгаа аж.

Хоёр хоног үргэлжлэх энэхүү хурлаар Монгол орны зэрлэг амьтдаас цагаан зээр, аргаль хонь, янгир ямаа, хулан адуу, тахь адуу, хавтгай  тэмээ, цоохор ирвэс, мануул мий, цэн тогоруу, идлэг шонхор, мазаалай зэрэг амьтдын тоо толгой, шилжилт хөдөлгөөн, тахрац зэрэг биологийн мэдээлэл өгөх аж. Мөн зэрлэг амьтадын амьдрах орчинд нөлөөлж байгаа аюул, дарамтыг бууруулах өнөөгийн байдал эдгээр амьтдын амьдрах орчны талаар нийт 43 илтгэлээр хэлэлцүүлэг явуулах юм байна.

Түүнчлэн зэрлэг амьтдын популяцийн өөрчлөлтийг урт хугацааны тогтвортой ажиглалт судалгааны бодит үр дүнг танилцуулсанаар байгаль хамгааллын бодлогыг оновчтой болгох шийдвэрт хүрэх гэнэ. Мөн энэ салбарт ажилладаг эрдэмтэн судлаачид, бусад талуудын  хамтын оролцоотойгоор нэн ховор, ховордсон амьтдыг хамгаалах хөтөлбөр гаргах юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж