АНУ-ын сүүдрээс гарах Өмнөд Солонгосын төлөвлөгөө

АНУ-ын сүүдрээс гарах Өмнөд Солонгосын төлөвлөгөө

АНУ-ын сүүдрээс гарах Өмнөд Солонгосын төлөвлөгөө

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80 дахь удаагийн чуулганд оролцохдоо Дональд Трамптай уулзаж, хоёр улсын цэргийн холбоонд удаан хугацаанд яригдаж ирсэн нэг асуудлыг дахин хөнджээ. Энэ нь Солонгосын хойгт дайн дэгдвэл АНУ, Өмнөд Солонгос хоёрын хэн нь нэгдсэн хүчнийг хэн удирдах вэ гэсэн асуудал юм.

Талууд 30 минутын турш уулзахдаа стратегийн хөрөнгө оруулалт, усан онгоц үйлдвэрлэл, цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Үүнээс гадна дайны үеийн үйл ажиллагааны хяналтыг Өмнөд Солонгост шилжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Дайны үеийн үйл ажиллагааны хяналт буюу "Operational Control" гэсэн цэргийн нэр томьёог "OPCON" гэж товчилдог.

Өмнөд Солонгос улс "OPCON"-ын асуудалд дахин анхаарал хандуулах болсон нь өнгөрсөн сард Трамп хоёр улсын жил бүр зохион байгуулдаг "Ulchi Freedom Shield" сургуулилалтыг гэнэт хязгаарласантай холбоотой. Трампын тухайн үеийн шийдвэр хоёр улсын нэгдсэн цэргийн бэлэн байдлын талаарх санаа зовнилыг нэмэгдүүлсэн юм.

БНСУ-ын шинэ Батлан хамгаалахын сайд Кан Шин Чоль албан тушаалаа хүлээн авах үеэр энэ асуудал дахин сөхөгдсөн. Кан Шин Чоль өмнө нь Өмнөд Солонгосын командлагчид тэргүүлж, АНУ-ын арми дэмжлэг үзүүлдэг бүтцийг сайшаан дэмжиж байсан. Тус улсын эрх баригч Ардчилсан нам ч мөн хэдхэн өдрийн өмнө "OPCON" шилжүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, энэ алхам нь үндэсний аюулгүй байдалд ашигтай гэж мэдэгдсэн билээ.

Санал болгож буй шилжилтийн хүрээнд ирээдүйн Нэгдсэн хүчний командлалын удирдагчаар Өмнөд Солонгосын генерал ажиллаж, АНУ-ын генерал орлогч нь болох юм.

Тэгвэл дайны үеийн "OPCON" гэж яг юу вэ? БНСУ яагаад удирдлагыг гартаа авахыг хүсээд байгаа вэ?

ТЭНЦВЭРТЭЙ ХОЛБОО

Өмнөд Солонгос хэдийгээр тусгаар тогтносон улс боловч АНУ-тай байгуулсан холбоо нь онцлог шинж чанартай. Тодруулбал, энх цагт БНСУ өөрийн зэвсэгт хүчнээ өөрөө хянаж, удирддаг. Харин дайны үед Өмнөд Солонгосын тодорхой нэгжүүдийг Нэгдсэн хүчний командлалын удирдлагад шилжүүлдэг. Тус командлалыг нь АНУ-ын дөрвөн одтой генерал удирддаг бөгөөд орлогчоор нь Өмнөд Солонгосын генерал ажилладаг.

"OPCON" нь командлагчид өөрт хуваарилагдсан хүчнийг зохион байгуулах, байрлуулах, ямар үүрэг даалгавар өгөх, тэдний ажиллагааг чиглүүлэх эрх мэдэл олгодог журамтай. Гэхдээ АНУ-д Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийг эзэмших эрхийг өгөхгүй бөгөөд Нэгдсэн хүчний командлал нь хоёр улсын улс төрийн болон цэргийн эрх бүхий байгууллагуудын хамтарсан удирдамжийн дагуу ажилладаг.

Гэвч И Жэ Мёны засгийн газар болон зарим иргэн "OPCON"-ыг өөрсдөө авах нь цэргийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, АНУ-тай илүү тэнцвэртэй холбоо тогтоох алхам гэж үзэж байна.

"OPCON" шилжүүлэх асуудал нь ихэнх өмнөд солонгосчуудын удаан хугацаанд зорьсон зүйл. Тэд үүнийг бүрэн тусгаар тогтнол, цэргийн хараат бус байдлын бэлгэдэл гэж үздэг гэдгийг Солонгос шинжээч Габриэла Бернал хэлж байжээ. Гэхдээ Нэгдсэн хүчний командлалыг хоёр улс хамтран удирддаг учир командлагч нь аль улсынх байхаас бүрэн эрх мэдэл хамаарахгүй гэж судлаач Ян Ук хэлсэн юм.

70 ЖИЛИЙН МАРГААН

Одоогийн "OPCON"-ы зохицуулалт нь Солонгосын дайнаас эхтэй. Тодруулбал, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Сын Ман 1950 оны долдугаар сард Өмнөд Солонгосын цэргийн хүчнийг командлах эрхийг АНУ тэргүүтэй НҮБ-ын командлалд шилжүүлсэн юм. Хожим нь 1978 онд цэргийн ажиллагааны хяналт шинээр байгуулагдсан Нэгдсэн хүчний командлалд шилжжээ. БНСУ 1994 онд энх цагийн ажиллагааны хяналтаа эргүүлэн авсан боловч дайны үеийн хяналт Нэгдсэн хүчний командлалд хэвээр үлдсэн аж.

Энэ цаг үеэс хойш БНСУ-ын олон засгийн газар дайны үеийн "OPCON" шилжүүлэх ажлыг нэг тийш болгохыг зорьсоор иржээ. Дайны үеийн "OPCON"-ыг 2012 онд шилжүүлнэ гэж талууд анх тохирч байсан ч дараа нь уг хугацааг 2015 он болгож хойшлуулсан. Одоогийн ерөнхийлөгч И Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа 2030 онд дуусна. Түүнээс өмнө энэ үйл явцыг бүрэн дуусгахаар тэр зорьж байна.

Шилжилтийг хэрэгжүүлэхийн тулд БНСУ хэд хэдэн чадвартай байх ёстой юм. Үүнд, нэгдсэн хүчнийг удирдах боломжтой байх, Хойд Солонгосын заналхийллийг сөрөх хангалттай чадвар эзэмших, тогтвортой шилжилт хийх стратегийн таатай орчин бүрдсэн байх гэсэн зүйлс багтаж байна. Эдгээр нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр улсын ерөнхий командлагчид шилжилт хийх тохиромжтой хугацааг тогтох аж.

ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНЫ БЭЛЭН БАЙДАЛ

Өмнөд Солонгос дайны үеийн "OPCON"-ыг эргүүлэн авахыг хүслээ гээд түүнийг үнэхээр хэрэгжүүлэх боломжтой, чадвартай гэсэн үг үү? Тус улсын албан тушаалтнууд үүнд итгэлтэй байгаа ч шинжээчдийн үзэж буйгаар тэдэнд хийх ажил мөн ч их байна.

Өмнөдийн Батлан хамгаалахын сайд асан Ан Гю Бэк өнгөрсөн тавдугаар сард "Дайны үеийн ажиллагааны хяналтыг маргааш эргүүлэн өгсөн ч бидэнд өөрсдийгөө хамгаалахад бараг хүндрэл гарахгүй" гэж хэлсэн. Харин ерөнхийлөгч И Жэ Мён түүний үгийг жаахан засаж, "Ямар ч хүндрэл гарахгүй" гэж мэдэгдсэн юм.

Гэтэл Өмнөд Солонгосын армийн ахмад генерал Чун Ин Бом "Манай улс дайны үеийн үйл ажиллагааны хяналтыг бүрэн эргүүлэн авахад хараахан бэлэн болоогүй байна. Өндөр түвшний стратегийн олон талбарт дутагдалтай зүйлс байсаар байна" гэжээ.

"OPCON" шилжилт өнөөг хүртэл хүлээгдсээр байгаа нэг шалтгаан нь эрх шилжүүлэх хэсэг хугацаанд холбоотнуудын хамтын ажиллагаа болон цэргийн бэлэн байдал суларч болзошгүй гэх болгоомжлол юм. Хойд Солонгос улс цөмийн зэвсэгт суурилсан тэгш бус хүч болж хөгжихийн хэрээр энэ ажиллагааны босго өндөр болж буйг Чун Ин Бом анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-28 66.181.178.90

Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.

Avatar

Нэргүй 2026-09-28 66.181.184.54

Чун Ин бом ч хэзээний их хашир золиг л доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж