Кувейтын захирагч Зайсанд газаргүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Кувейтын захирагч Зайсанд газаргүй гэв

Кувейт улсын нийслэл Кувейт хотын захирагч Али аль Жаббер Аль Ахмад Аль сабах Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч  Б.Баатарзоригтой уулзлаа. Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг түүнийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг “Арабын орнуудаас анх удаа Кувейт улсын нийслэлийн захирагч хотын захиргаанд айлчиллаа. Үр дүн нь маш өндөр байгаа. Гэр хорооллыг барилгажуулах болон дэд бүтцийн асуудалд хөрөнгө оруулах ажиллагаа үе шаттайгаар хэрэгжинэ. Мөн Кувейт улс хэрэгжилтэд нь анхаарал хандуулахаа мэдэгдээд байгаа” гэсэн юм.

Харин Кувейт хотын захирагч Али Аль Жаббер Аль Ахмад Аль Самах “Манай улсын эрхэмсэг дээдэс эмир танай оронд эх элэгтэй байдаг. Мөн Улаанбаатар хотод Кувейт улсын Элчин сайдын яамыг байгуулж байгаа нь цаашдаа хоёр орны харилцаанд их хэрэгтэй зүйл боллоо гэж бодож байна” гэдгийг уламжлав.

Сүүлийн үед Кувейт хотын захирагчийн айлчлалыг Зайсан толгой орчмын хувийн газрын асуудлынхаа талаар ирсэн гэсэн шуугиан гараад байсан билээ. Энэ талаар Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригоос тодруулахад “Би ийм асуудлыг анх удаа сонсож байна. Ийм газрын асуудал огт байхгүй” гэв. Харин тус улсын Засгийн газраас тусламжаар Богд хан ууланд Байгаль орчны шинжилгээ судалгааны иж бүрэн төвийг байгуулж байгаа. Кувейтын нийслэлийн захирагч Али аль Жаббер Аль Ахмад Аль сабах 15,00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхана.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж