Нетаньяху цэргийн ажиллагаагаа зөвтгөжээ

Нетаньяху цэргийн ажиллагаагаа зөвтгөжээ

Нетаньяху цэргийн ажиллагаагаа зөвтгөжээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху тус улсын Иран, Газын зурвас болон Ойрхи Дорнодын бусад бүс нутагт явуулж буй цэргийн ажиллагаагаа хүчтэй хамгаалж, үг хэлжээ. Үүнээс өмнө түүнийг үг хэлэх ээлж ирэхэд танхимд байсан хэдэн арван төлөөлөгч эсэргүүцлээ илэрхийлэн гарч явсан байна. Гэсэн хэдий ч индэр дээр гарсныхаа дараа Нетаньяху цаашид тулалдахаа андгайлж, “Бид ялах болно. Бидэнд өөр сонголт байхгүй” гэж мэдэгджээ.

Мөн эсэргүүцлээ илэрхийлэн танхимаас гарсан төлөөлөгчдийн дараа “Хэрэв өөр хулчгарууд үлдсэн бол одоо танхимыг орхиж гарна уу” гэж хэлсэн байна.

Нетаньяху илтгэлдээ Израиль улс Газад хоморголон устгалт явуулаагүй гэж мэдэгджээ. Гэвч түүнийг үг хэлэхээс хэдхэн цагийн өмнө Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас НҮБ-ын хурал дээр Баруун эрэгт ирсэн хууль бус еврей суурьшигчид Палестины ард иргэд, төрсөн нутгийнх нь оршин тогтнолд халдаж байна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Израилийн Палестины эсрэг бодлого нь энх тайвны төлөөх үйл хэргийг аюулд оруулж байна гэжээ.

Аббасын хэлснээр Израилийн цэргийн хүч Газын палестинчуудыг “аллага, сүйрэл, өлсгөлөн, орон гэрээс нь хөөх болон хоморголон устгалын” субьект болгож байна. Тэрбээр АНУ-аас виз олгохоос татгалзсан тул Ерөнхий ассамблейн хуралд цахимаар оролцсон юм.

Гаагийн шүүхээс баривчлах шийдвэр нь гарсан Нетаньяху өөрийг нь шүүмжилсэн улс орон, удирдагчдыг мөн буруутгажээ. Тэрбээр “Тэд Израилийг, маш жижигхэн Израилийг колоничлол явуулдаг гэж буруутгаж байна. Хэн биднийг буруутгаж байгааг хар л даа. Тэд бол Британи болон Францын хүмүүс. Бурхан минь, тэд өөрсдөө колоничлол гэдэг ойлголтыг бий болгож, бүтээсэн хүмүүс шүү дээ” гэжээ.

Тэрбээр дараа нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг “дарангуйлагч” гэж тодорхойлж, Палестины зэвсэгт бүлэглэл Хамасыг дэмжиж байна гэж буруутгажээ.

Эрдоган Мягмар гаригт Ерөнхий ассамблейд хэлэхдээ, Газын зурвас болон Баруун эрэгт тулгарч буй шударга бус байдал нь хүн төрөлхтний ухамсрыг гүнээ эмзэглүүлж байна гэж мэдэгдсэн юм.

Нетаньяхугийн илтгэлийн дараа Туркийн ерөнхийлөгчийн харилцаа холбооны газрын дарга Бурханеттин Дуран дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Израилийн ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрийг ашиглан Турк болон Эрдоганы эсрэг үндэслэлгүй буруутгал хийсэн нь НҮБ-ын энх тайван, хууль дээдлэх ёс, яриа хэлэлцээг эрхэмлэдэг зарчимтай нийцэхгүй” гэжээ.

Нью-Йорк хотын дарга Зохран Мандани ч Израилийн ерөнхий сайдын шүүмжлэлд өртжээ. Мандани өмнө нь Нетаньяхуг баривчилна гэж мэдэгдэж байсан ч дараа нь өөрт нь ийм эрх мэдэл байхгүй гэдгийг хэлсэн юм. Израилийн ерөнхий сайд “Таныг энэ хотын даргаар сонгогдсоноос хойш олон еврей хүн Нью-Йоркт өөрсдийгөө аюулгүй гэж мэдрэхээ больсон” гэж хэлжээ.

Харин Манданигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд “Нетаньяху палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зөвтгөхийн тулд үндэслэлгүй худал мэдээллийг дахин давтсан” гэжээ.

Түүнчлэн Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “зоримог удирдлагыг” сайшааж, хоёр улс хоёрдугаар сард Тегераны эсрэг хамтран агаарын цохилт өгсөн үйл явдлыг дурдсан байна. Тэрбээр “Израиль, Америк хоёр зөвхөн өөрсдийгөө хамгаалахын төлөө бус, соёл иргэншлийг аврахын төлөө хамтран ажилласан” гэж мэдэгджээ.

АРДАРТНУУД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

Нетаньяху Нью-Йорк хотод айлчилж байгааг эсэргүүцсэн хэд хэдэн хүнийг баривчилжээ. Тэдний дунд Оскарын шагналт жүжигчин Сюзан Сарандон, “Hacks” цувралаараа Эммигийн шагнал хүртсэн жүжигчин Ханна Айнбайндер нар байжээ. Мөн Ардчилсан намын Конгрессын сонгуульд нэр дэвшигч Дариализа Авила Шевалье болон Нью-Йорк хотын зөвлөлийн гишүүн Чи Оссе нарыг саатуулсан байна. Нью-Йоркийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, эсэргүүцэгчид замын уулзварыг хаасан тухай дуудлага ирсний дараа цагдаа нар “зөвшөөрөлгүй жагсаал” болсон газарт очжээ.

Израилийн арми 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас Израиль руу халдсаны дараа Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Тухайн халдлагын үеэр 1,200 орчим хүн амиа алдаж, 251 хүн барьцаалагдсан байна. Газын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш тус бүс нутагт 73,920 гаруй хүн амиа алджээ.

Өнгөрсөн онд геноцид судлаачдын дэлхийн тэргүүлэх байгууллага болох Геноцид судлаачдын олон улсын холбоо (IAGS) Израилийг Газын зурваст геноцид үйлдэж байна гэж мэдэгдсэн.

Тус байгууллагын баталсан тогтоолд Израилийн үйлдэл нь НҮБ-ын Геноцидын тухай конвенцид заасан хуулийн тодорхойлолтод нийцэж байна гэж дурджээ. Харин Израиль Газад явуулж буй үйл ажиллагаа нь геноцид гэсэн буруутгалыг тогтмол няцааж, өөрийгөө хамгаалах зорилготой гэж тайлбарладаг.

Мөн хоёрдугаар сарын 28-нд Израиль болон АНУ Ираныг нууцаар цөмийн зэвсэг бүтээж байна гэж сэжиглэн тус улсын эсрэг өргөн хэмжээний агаарын цохилт эхлүүлсэн. Харин Тегеран энэ мэдэгдлийг няцаажээ. Үүний хариуд Иран улс Израиль болон АНУ-ын цэргийн бааз байрладаг Персийн булангийн Арабын орнууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-25 64.119.21.53

а******н

Avatar

Нэргүй 2026-09-25 202.21.106.150

I would extinguish my rats and cockroaches too.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж