Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Азийн наадмын аяллаа өнөөдөр/2026.09.24/ өндөрлүүллээ. Тэд шөвгийн наймын шатанд Хятадын эсрэг тоглож, 63-89 гэсэн харьцаатай дийлдэв. Сарын өмнө л дэлхийн аваргын шөвгийн наймд үлдсэн Хятадын баг тун формтой байсан.
Б.Ариунцэцэг хэсгийн шатанд тохойндоо хүнд бэртэл авсан ч энэхүү тоглолтод оролцсон. Мөн 17 настай Б.Анунгоо өөрийнхөө нөөц бололцоог харуулжээ.
Тоглолтын дараа ахлах дасгалжуулагч Хавьер Гарсиа Альварес болон О.Хулан нар хэвлэлийн бага хуралд оролцлоо.
-Дасгалжуулагч аа, маш өрсөлдөөнтэй, ширүүн тоглолт боллоо. Танай баг эцсээ хүртэл тэмцсэн. Энэ бүх тэмцээний талаар таны бодол ямар байна вэ?
Хавьер Гарсиа Альварес:
-Миний бодлоор бидний хувьд үнэхээр сайн тэмцээн боллоо. Бид Монголын 5х5 сагсан бөмбөгийн түвшнийг өмнөхөөс нь бага зэрэг ахиулж чадсан гэж бодож байна. Ялангуяа маш өрсөлдөөнтэй багуудын эсрэг тоглосон нь биднийг 100 хувь хүчин чармайлт гаргахад хүргэсэн.
Тиймээс бидний хувьд маш сайн туршлага боллоо. Бид шилдэг найман багийн нэг болж чадсан. Одоо дараагийн сорилтдоо бэлдэхийг, түүндээ өрсөлдөхийг хүлээж байна.
-О.Хулан, энэ удаагийн Азийн наадмаас таны олж авсан хамгийн том туршлага юу байв?
О.Хулан:
-Мэдээж, илүү өндөр түвшний өрсөлдөөнтэй тоглох нь хамгийн том туршлага байлаа. Азидаа тэргүүлэгч Хятадын багтай тоглосон. Тэд яагаад Азийн номер нэг баг вэ гэдгийг бид өөрсдөө мэдэрсэн.
Тэдэнтэй тоглосон нь бидэнд маш том туршлага, суралцах боломж болсон. Энэ туршлага биднийг улам сайжруулж, дараагийн түвшинд хүргэнэ гэж найдаж байна.
-News.mn сайтаас дөрвөн асуулт байна. Юуны өмнө Азийн наадмын үеэр үзүүлсэн үр дүнд тань баяр хүргэе. Та энэ багтай үнэхээр сайн ажиллалаа. Эхний үед бид маш сайн тоглосон. Гэхдээ эхний үеийн дараа юу буруу болов?
Хавьер Гарсиа Альварес:
-Мэдээж, ийм өндөр түвшний багийн эсрэг тоглох үед 40 минутын турш үргэлж өндөр түвшинд тоглоно гэдэг хэцүү.
Бид эхний үед маш сайн тоглосон. Мөн гурав, дөрөвдүгээр үед ч маш сайн байсан. Гэхдээ нэг зүйл бий. Бидэнд энэ багийг зогсоох хангалттай олон хувилбар байгаагүй.
Тэд өндөр түвшний 10 тоглогчтой. Тиймээс тоглолтын тодорхой мөчид бидний тоглолтын түвшин бага зэрэг буурсан. Хэрэв би зөв санаж байгаа бол энэ нь хоёрдугаар үед болсон бөгөөд тэд 52:25-аар тэргүүлж байсан.
-Хятадын залуу өндөр тоглогчийн талаар бүгд ярьж байна. Харин манай багт ч мөн 17 настай, Б.Анунгоо байна. Өнөөдөр тэр маш сайн тоглолоо. Түүний тоглолтын талаар та юу хэлэх вэ?
Хавьер Гарсиа Альварес:
-Тэр үнэхээр гайхалтай байсан. Дөнгөж 17 настай хүүхэд гэхэд талбай дээр ямар ч айдасгүй тоглож, тэмцэж, бүх хүчээ гаргасан. Түүний талаар муу зүйл хэлэх зүйл огт байхгүй. Тэр гайхалтай тоглосон.
Би эхэнд хэлсэнчлэн тэр Монголын шигшээ багийн ирээдүйн гол холбогч тоглогч байж магадгүй. Тэр үргэлжлүүлэн сайжирч, хөгжих хэрэгтэй.
Бид түүнд илүү тогтвортой, итгэлтэй тоглогч болох цаг хугацааг нь өгөх хэрэгтэй. Тэгвэл тэр маш сайн тоглогч болно.
-Дасгалжуулагч аа, Хятадын өндөр тоглогчийн өнөөдрийн тоглолтын талаар та ямар бодолтой байна вэ? Түүнийг зогсоохын тулд танд болон Азийн бусад багуудад ямар нэгэн тактикийн шийдэл байна уу?
Хавьер Гарсиа Альварес:
-Маш хэцүү. Тэр өөрөө юу хийж байгаагаа маш сайн мэддэг. Бөмбөгийг самбарын ойролцоо авах үед нь зогсоох бараг боломжгүй.
Хийж болох цорын ганц зүйл бол биеийн хүч сайтай тоглогчид ашиглаж, түүнийг цагаригт хэт ойртохоос нь өмнө түлхэж, зай барихыг хичээх. Гэхдээ энэ нь маш хэцүү. Мэдээж тэр үнэхээр гайхалтай тоглогч. Тэр дэлхийн шилдэг нэг, хоёр тоглогчийн нэг болох нь гарцаагүй гэж бодож байна.
-Монголын шигшээ багийн дараагийн зорилго юу вэ?
О.Хулан:
-Бидний дараагийн сорилт бол ирэх жил болох Азийн цомын В дивизион. Энэ Азийн наадмаас олж авсан бүх туршлагаа ашиглаад, багийн хувьд дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Дасгалжуулагч сая бидэнд ч гэсэн үүнийг хэлж байсан. Тиймээс ирэх жилийн Азийн цомын В дивизион бол бидний дараагийн том сорилт.
Хавьер Гарсиа Альварес:
-Би бүрэн санал нэг байна. Өнгөрсөн жил бид аль хэдийн сайн тоглож, хагас шигшээд шалгарсан. Ирэх жил бид нэг алхам урагшлах хэрэгтэй. Энд бид өөрсдийгөө А дивизионы түвшинд тоглож чадахыг харуулсан гэж бодож байна.
Тиймээс бидний дараагийн зорилго бол А дивизион руу дэвших. Үүний төлөө 100 хувь хичээх болно.
-Дасгалжуулагч аа, таны шигшээ багтай байгуулсан гэрээ хэзээ дуусах вэ? Та цаашид энэ багтай үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна уу?
Хавьер Гарсиа Альварес:
-Миний гэрээ яг одоо, энэ Азийн наадмын дараа дуусаж байна. Цаашид юу болох нь миний гарт биш. Хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй.
Би гэр бүлийн уур амьсгалтай баг, хөтөлбөрийг бий болгож чадсан гэж бодож байна. Би охиддоо маш их хайртай. Би үүнийг хувцас солих өрөөнд ч хэлсэн.
Бид хоорондоо маш сайн зохицож, сайн хамтарч ажилласан гэж бодож байна. Тиймээс би үргэлжлүүлэн ажиллахад бэлэн. Гэхдээ шийдвэр миний гарт биш. Энэ бол бусад хүмүүсийн гаргах шийдвэр.
-Хэрэв бид Хятадын Тайпэйг хожсон бол хасагдах шатанд, бүр хагас шигшээд хүрэх боломж байсан болов уу?
Хавьер Гарсиа Альварес:
-Тийм ээ, тоглолт бүр өөр. Мэдээж Хятадын Тайпэйтэй хийсэн тоглолтод бид эцсийн хоёр, гурван минутад хожигдсон.
Ийм төрлийн тоглолтыг даван туулах, тоглолтыг илүү сайн хянахын тулд бидэнд бага зэрэг илүү туршлага хэрэгтэй.
Гэхдээ өнөөдрийнх шиг тоглолтууд, Солонгосын эсрэг хийсэн тоглолт, тэр ч байтугай өчигдрийн тоглолт бидэнд их зүйл өгсөн. Өчигдөр бид фаворит байсан ч маш их сандарч, 100 хувь хичээх шаардлагатай болсон.
Малайзын эсрэг тоглохдоо ч мөн адил. Ийм тоглолтууд биднийг илүү туршлагатай болгож байна. Бид багаа үргэлжлүүлэн хөгжүүлж, туршлага хуримтлуулсаар байх болно. Удахгүй бид тэр түвшинд хүрнэ гэж бодож байна.
3,600.44






















































Нэргүй 2026-09-24 174.219.227.74
👍
zo 2026-09-24 59.153.112.196
охидууд гайхалтай байлаа