Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна хэмээн иргэдийг залилан мэхлэхээр бэлтгэж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.
Уг этгээд нь өмнө нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ 2024 онд оргон зайлсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Д нь “Хаус 1020”, “Арвижих виллаж”, “Сүмбэр хаус капитал” зэрэг цахим хуудсыг ажиллуулж, хаус хорооллын төслийн зураг, танилцуулга, рекламны шторк зэргийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээлгэж, цахим орчинд сурталчилдаг байсан нь тогтоогджээ.
Тэрбээр эдгээр хуурамч төслийн мэдээллийг ашиглан урьдчилсан байдлаар 11 иргэнээс нийт 500 сая төгрөгийг орон сууцны захиалгын төлбөр нэрээр залилан авсан байна.
Үүгээр зогсохгүй 120 иргэнтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулж, нийт 3.6 тэрбум төгрөгийг залилан авах зорилгоор бэлтгэл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ.
Иймээс Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид яллагдагч Д-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг үл хөдлөх хөрөнгө, орон сууц захиалахдаа тухайн компани, төсөл нь бодитоор хэрэгжиж байгаа эсэх, газар эзэмших болон барилга барих эрх, зөвшөөрөл, гэрчилгээ зэрэг холбогдох баримт бичгийг сайтар шалгаж, зөвхөн цахим сурталчилгаа, зураг төсөлд үндэслэн мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.
3,600.44





















































Зочин 2026-09-24 64.119.19.5
Наадхи новшийн Луйварчинг насаар нь шоронд байлга!