Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Азийн наадмын хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн эсрэг хийлээ. Тэд өрсөлдөгчөө 15-9 гэсэн харьцаатай хожиж, хасагдах шатанд шалгарав. Азийн наадмын нэг хэсгээс гурван баг хасагдах шатанд шалгарах учиртай. Хэдий Монголын баг Филиппин, Малайзад хожигдсон ч Макаог ялснаар цааш шалгарах эрхтэй болов.
Тоглолтын дараа багийн гол тоглогч Б.Нямцэцэг дараах зүйлсийг ярив.
-Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн эсрэг хийж, маш хэрэгтэй хожил байгуулснаар хасагдах шатанд шалгарлаа. Энэ тоглолтод юуг зорьж орсон бэ? Тоглолтын өмнө ямар төлөвлөгөөтэй байсан бэ?
–Сайн байцгаана уу. Сая хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн эсрэг хийлээ. Мэдээж хүчтэй өрсөлдөгч байлаа. Тоглолтын өмнө хэд хэдэн төлөвлөгөө гаргасан. Манай дасгалжуулагч Стив болон Г.Цэнгүүнбаяр ах хоёрын гаргасан төлөвлөгөөг аль болох дагаж тоглохыг хичээлээ. Тэгээд тэрнийхээ үр дүнд багаараа сайн тоглож, хэсгийн сүүлийн тоглолтоо хожлоор төгсгөж чадлаа.
-Филиппин болон Малайзын эсрэг тоглолтуудад юун дээр алдсан бэ? Харин өнөөдөр Макаогийн эсрэг тоглохдоо юун дээр илүү ажиллаж, засаж орж ирсэн бэ?
–Филиппин, Малайзын эсрэг тоглолтын эхний таван минут маш хүчтэй тоглосон. Харин сүүлийн таван минут дээр жижиг, жижиг алдаанууд гаргаад, нэг оноо, нэг оноо гэж явсаар хожигдсон.
Өнөөдөр тэр алдаануудаа засахыг хичээж, тоглолтын турш төлөвлөгөөгөө баримталж тоглосон. Үүний үр дүнд хожил авч чадлаа.
-Өнөөдөр шүүлтийн хувьд ч гэсэн зарим шийдвэр танай багт тааламжгүй санагдсан үе ажиглагдсан. Та бүхэнд хэр мэдрэгдэв?
–Тэр нь яах вэ, мэдээж шүүгчийн харах өнцөг өөр. Тэгээд ерөнхийдөө гайгүй л байсан байх аа гэж бодож байна.

-Дараагийн хасагдах шат маш чухал. Тэр тоглолтуудад та бүхний хувьд багтаа болон өөрсдөдөө хэр итгэлтэй байна вэ?
–Багийнхандаа бол мэдээж итгэлтэй байна. Би ч бас багагүй хугацаанд энэ тэмцээнд оролцохын тулд бэлтгэл хийсэн. Одоо чухал шатандаа гарч ирсэн учраас сайн тоглохыг хичээнэ.
-Өмнөх наадмаар Монголын эмэгтэйчүүдийн баг медаль хүртэж байсан. Тиймээс энэ жил ч гэсэн эмэгтэй баг медаль авах болов уу гэсэн хүлээлт үзэгч, сонирхогчдын дунд байна. Энэ хүлээлт та бүхэнд хэр дарамт болж байна вэ?
–Нэг их дарамт гэхээсээ илүү мотиваци болж байгаа. Гурван жилийн өмнө манай эгч нар аваргын тоглолтод хүрч, мөнгөн медаль авсан. Тэгээд маш өндөр босго тавьсан гэж хэлж болно.
Тиймээс аль болох тэр зорилгыг давуулахгүй юм гэхэд ядаж тэр зорилгод хүрэхийн төлөө бид дөрөв хичээж байгаа.
Үзэж, дэмжиж байгаа монголчууддаа маш их баярлалаа. Цаашдаа илүү их хичээнэ ээ.
-Өнөөдөр та бүхнийг дэмжихээр Монголын 5х5 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийнхан ирсэн байна. Тэдэнд хандаж юу хэлмээр байна?
–Тэд нар маань өчигдөр бас гайхалтай амжилт байгуулсан. Эгч нартаа хандаж хэлэхэд, өчигдөр маш гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Хулан эгч гээд талбай дээр байсан бүх тоглогч маань маш гайхалтай тоглолт үзүүлсэн. Тэгээд бүгдэд нь баяр хүргэе.
Өнөөдөр хэдүүлээ ирж, биднийг дэмжсэнд баярлалаа. Цаашдаа илүү их хичээгээд, бүгдээрээ хамтдаа медаль хасъя.
-Баярлалаа. Амжилт хүсье.
3,600.44






















































Холбоотой мэдээ