ХҮМҮҮС
Омахагийн МЭРГЭН

Уоррен Баффетт бол орчин үеийн бизнес, хөрөнгө оруулалтын түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. Түүнийг дэлхий даяар “Омахагийн мэргэн” гэж нэрлэдэг бөгөөд урт хугацааны хөрөнгө оруулалтын зарчмаараа олон арван жилийн турш амжилттай ажилласан билээ. Тухайлбал, "Berkshire Hathaway" компанийг хүнд байдалд орсон нэхмэлийн үйлдвэрээс дэлхийн хамгийн алдартай бизнесийн нэгдлүүдийн нэг болгон өөрчилсөн юм. Гэхдээ Баффетт баян гэр бүлд төрж, бэлэн бизнес өвлөж авсан хүн биш. Тэрбээр хүүхэд байхдаа өөрөө мөнгө олж, жижиг бизнес хийж, хувьцаа худалдан авч эхэлснээр бизнесийн салбарт хөл тавьсан. Түүний амьдралын түүх бага хэмжээний мөнгөөр эхэлсэн сонирхол хэрхэн дэлхийн хэмжээний бизнес болон хөгжиж болдгийг харуулдаг. "NEWS" агентлаг "ХҮМҮҮС" буландаа дэлхийн хамгийн алдартай, хөрөнгө оруулалтын "аварга загас" Уоррен Баффеттыг онцолж байна. 


Уоррен Эдвард Баффетт 1930 оны наймдугаар сарын 30-нд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод төржээ. Тэрбээр Ховард Баффетт, Лейла Баффетт нарын гурван хүүхдийн хоёр дахь нь бөгөөд айлын ганц хүү байв. Түүний эцэг Ховард Баффетт хувьцааны брокер хийдэг байсан бөгөөд хожим АНУ-ын Конгрессын гишүүнээр ажиллажээ. Тиймээс Уоррен багаасаа бизнес, хөрөнгө оруулалтын орчинтой танилцсан байна.

Тэрбээр хүүхэд байхдаа эцгийнхээ брокерын газарт байнга очиж, хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигладаг байжээ. Эцэг нь ч хүүгийнхээ бизнес, тоо болон хөрөнгө оруулалт сонирхдогийг ойлгож, дэмждэг байв. Гэвч Баффеттын бизнес эрхлэх сонирхол зөвхөн хувьцаагаар хязгаарлагдсангүй.

Тэрбээр багадаа бохь, "Coca-Cola" ундаа болон сэтгүүл зэргийг айлуудаар явж зардаг байв. Мөн өвөөгийнхөө хүнсний дэлгүүрт ажиллажээ.

Улмаар өсвөр насандаа сонин тарааж, өөр өөр аргаар мөнгө олохыг эрэлхийлдэг болжээ.

Баффетт 11 настайдаа хөрөнгийн зах зээлд анхны хөрөнгө оруулалтаа хийсэн байдаг. Тэрбээр "Cities Service Preferred" компанийн гурван ширхэг хувьцааг тус бүрийг нь 38 ам.доллараар худалдан авсан байна. Хувьцааны үнэ эхлээд буурсан ч удалгүй сэргэж, Баффетт багахан ашигтайгаар заржээ. Гэвч удалгүй уг хувьцааны үнэ илүү өндөр түвшинд хүрсэн нь түүнд зах зээлийн богино хугацааны хөдөлгөөнийг таахад хэцүү бөгөөд тэвчээртэй байх нь чухал гэсэн эртний сургамжийг өгсөн байна.

Түүний бизнесийн сонирхол ахлах сургуульд орсон хойно нь ч унтарсангүй. Баффетт нэг найзынхаа хамт 25 ам.доллараар хуучин пинболын машин худалдан авч, үсчний газарт байршуулсан байна. Энэ бизнес нь ашиг олж эхэлснээр тэд дахин хэд хэдэн машин авч, өөр газруудад байрлуулжээ. Эцэст нь Баффетт уг жижиг бизнесээ 1,200 ам.доллараар зарсан байна. Тэрбээр 14 настайдаа олсон ашгаараа 40 акр газар худалдан авч, тариаланчид түрээслүүлжээ.

Ийнхүү бага насандаа олсон туршлагууд нь түүний хожмын амжилтын үндэс болжээ.

Өөрөөр хэлбэл, тэр мөнгийг зүгээр хадгалах бус, эргэлдүүлж, дахин орлого бий болгох боломжтойг ойлгожээ.

 БЕНЖАМИН ГРЭМ, ЧАРЛИ МАНГЕРИЙН НӨЛӨӨ

Баффетт өсвөр насандаа Пенсильванийн их сургуулийн "Wharton School"-д элсэн оржээ. Тэнд хоёр жил суралцсаныхаа дараа Небраскагийн их сургуульд шилжин суралцаж, 1951 онд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Гэхдээ түүний боловсролын хамгийн чухал үе нь Колумбийн их сургуульд суралцсан үе байв. Тэрбээр Колумбийн бизнесийн сургуульд нэрт эдийн засагч, хөрөнгө оруулагч Бенжамин Грэмийн шавь болжээ. Грэм нь “value investing” буюу үнэ цэнд суурилсан хөрөнгө оруулалт хэмээх зарчмыг хөгжүүлсэн хүмүүсийн нэг юм.

Грэм хөрөнгө оруулагчдыг зах зээлийн түр зуурын хөөрөлд автах бус, тухайн компанийн бодит үнэ цэнийг анхаарч үзэхийг сургадаг байв.

Энэ үзэл санаа Баффеттын хөрөнгө оруулалтын арга барилд маш хүчтэй нөлөөлсөн юм. Түүний хувьд Грэмийн 1949 онд хэвлүүлсэн “The Intelligent Investor” буюу “Ухаалаг хөрөнгө оруулагч” ном онцгой ач холбогдолтой байжээ. Учир нь Баффетт богино хугацаанд ашиг олохын оронд бодит үнэ цэнээсээ доогуур үнээр арилжаалагдаж буй компанийн хувьцааг олж, урт хугацаанд эзэмших арга барилыг суралцсан байна.

Колумбийн их сургуулийг төгссөнийхөө дараа тэрбээр Грэмийн "Graham-Newman Corporation" хөрөнгө оруулалтын компанид ажиллаж, компани болон үнэт цаасанд дүн шинжилгээ хийх практик туршлага хуримтлуулжээ.

Баффетт 1956 онд Омаха хотдоо буцаж ирээд "Buffett Partnership Ltd." компанийг байгуулжээ. Тэрбээр хэсэг хөрөнгө оруулагчийн мөнгийг удирдан, Грэмээс сурсан хөрөнгө оруулалтын зарчмуудаа хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус хөрөнгө оруулалтын түншлэл өргөжин тэлэхийн хэрээр Баффеттын нэр хүнд ч өсжээ. Тэрбээр зах зээл дээрх боломжийг эрэлхийлж, хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг урт хугацаанд өсгөхөд анхаардаг байв.

Энэ үед тэрбээр Чарли Мангертэй танилцсан нь түүний карьерын бас нэг чухал үйл явдал болсон юм. Баффетт, Мангер нар 1959 онд Омаха хотод танилцсан бөгөөд улмаар олон арван жил үргэлжилсэн бизнесийн түншлэл бий болгожээ. Мангер Баффеттын хөрөнгө оруулалтын философид чухал нөлөө үзүүлсэн.

Туйлын хямд компанийг хайхаас илүүтэйгээр сайн, чанартай бизнесийг боломжийн үнээр худалдаж авах нь чухал гэдгийг Мангер онцолдог байв.

Энэ үзэл санаа хожим "Berkshire Hathaway" компанийн хөгжлийн гол зарчмуудын нэг болсон юм.

"BERKSHIRE HATHAWAY"-Г ӨӨРЧИЛСӨН НЬ

Баффетт 1960-аад оны эхээр "Berkshire Hathaway" компанийн хувьцааг худалдан авч эхэлжээ. Тухайн үед "Berkshire Hathaway" нь Массачусетс мужийн Нью-Бедфорд хотод төвтэй, үйл ажиллагаа нь хүндэрсэн нэхмэлийн компани байв. Улмаар 1965 он гэхэд Баффет тус компанийг хяналтдаа авсан байна. Гэвч хожим тэрбээр "Berkshire Hathaway"-ийн нэхмэлийн бизнесийг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь алдаа гэж дүгнэсэн байдаг. Учир нь нэхмэлийн үйлдвэрлэл цаашид ашгаа өгөх боломж багатай байжээ.

Гэсэн хэдий ч Баффетт компанийг шууд орхихын оронд "Berkshire Hathaway"-г аажмаар хөрөнгө оруулалт хийдэг холдинг компани болгон өөрчилсөн байна. Энэ нь түүний карьерын хамгийн чухал эргэлтийн цэгүүдийн нэг байлаа. Дараагийн хэдэн арван жилд "Berkshire Hathaway" даатгал, эрчим хүч, тээвэр, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа болон өргөн хэрэглээний бараа зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг худалдан авч, хөрөнгө оруулалт хийжээ.

1980 онд

Тус компанийн хамгийн алдартай хөрөнгө оруулалтуудын нэг нь "GEICO" байсан. Мөн "Coca-Cola" зэрэг томоохон компаниудад их хэмжээний хувь эзэмшсэн байна. Хожим "Berkshire Hathaway" нь "BNSF Railway" зэрэг томоохон бизнесүүдийг өөртөө нэгтгэжээ. Баффеттын хөрөнгө оруулалтын арга барил богино хугацаанд их ашиг олохыг зорьдоггүй байв.

Харин өөрийн сайн ойлгодог бизнесийг сонгож, урт хугацаанд эзэмшин, тухайн бизнесийн үнэ цэн өсөхийг хүлээдэг байлаа.

"Berkshire Hathaway" өсөн томрох тусам Баффетт дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болжээ. Гэсэн ч түүний амьдралын хэв маяг бусад тэрбумтантай харьцуулахад энгийн хэвээр үлдсэн байна. Тэрбээр олон арван жилийн өмнө худалдаж авсан Омаха дахь байшиндаа амьдарсаар ирсэн бөгөөд энгийн хоол хүнс хэрэглэх, ном унших, бизнес судлах, бодож тунгаахад цаг зарцуулах дуртай гэдгээрээ алдартай.

Баффетт Уолл Стритийн өндөр зэрэглэлийн санхүүч хэдий ч илүү энгийн байдлаар хөрөнгө оруулалтын талаар ярьдаг байв. Тэрбээр санхүүгийн нарийн төвөгтэй ойлголтуудыг олон нийтэд энгийн үгээр тайлбарлах чадвараараа улам алдартай болсон юм. "Berkshire Hathaway"-ийн хувьцаа эзэмшигчдийн жил тутам болдог хурал нь Омаха хотын хувьд хамгийн томоохон үйл явдлуудын нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч оролцдог болсон.

Баффетт болон Чарли Мангер нар хурлын үеэр хэдэн цагаар хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулж, хөрөнгө оруулалт, бизнес, алдаа болон амьдралын талаар ярилцдаг байсан юм.

ГЭР БҮЛ, ХУВИЙН АМЬДРАЛ

Баффетт 1952 онд Сьюзан Томпсонтой гэрлэжээ. Тэд Сюзан, Ховард, Питер гэсэн гурван хүүхэдтэй болсон байна. Хосууд 1970-аад онд тусдаа амьдрах болсон ч харилцаагаа хадгалсаар байжээ. Сьюзан Томпсон 2004 онд нас барах хүртлээ Баффетттай ойр дотно харилцаатай байсан аж. Дараа нь 2006 онд Баффет олон жилийн турш хамт байсан Астрид Менкстэй гэрлэжээ. Менкс нь Баффеттын гэр бүлтэй олон жилийн турш ойр харилцаатай байсан.

Анхны эхнэр, хоёр хүүхдийн хамт

Хамгийн сонирхолтой нь Томпсон Менксийг тухайн үед хамт байсан нөхөртөө танилцуулсан байна. Менкс Омаха хотын коктейль клубд зөөгч хийдэг байсан бол Томпсон заримдаа тус газар дуулахаар очдог байснаар тэд найзууд болжээ. Улмаар 1970-аад онд Томпсон Сан-Франциско хот руу дуучны замналаа хөөхөөр явахдаа Баффеттыг харж хандахыг Менксээс хүссэн байна. 1978 онд Менкс болон Баффетт нар хамтран амьдарч эхэлжээ.

Менкс болон Баффетт

Баффеттын хүүхдүүд эцгийнхээ замыг шууд дагаж хөрөнгө оруулалтын бизнес эрхлээгүй. Түүний хүү Ховард Г. Баффетт хөдөө аж ахуй болон буяны үйл ажиллагаанд түлхүү оролцдог бол бусад хүүхдүүд нь мөн буяны ажилд хувь нэмрээ оруулдаг. Баффетт олон жилийн турш мөнгөн хөрөнгө, эд баялаг амьдралын цорын ганц зорилго биш гэдгийг онцолж ирсэн. Тэрбээр зөв хүмүүс, зөв харилцааг сонгох нь хүний амьдралд маш чухал гэж ярьдаг.

ХӨРӨНГӨ БА БУЯНЫ ҮЙЛС

Баффетт хэдхэн хоногийн өмнө "Berkshire Hathaway" компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалаасаа албан ёсоор бууж, хүү Ховард Г.Баффеттдаа эрх мэдлээ шилжүүллээ. Харин Грег Абел компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших юм. Баффетт 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс "Berkshire Hathaway"-ийн гүйцэтгэх захирлын үүргийг олон жилийн турш хамтран ажилласан Грег Абелд шилжүүлсэн бөгөөд өөрөө ТУЗ-ийн даргын албан тушаалаа хэсэг хугацаанд үргэлжлүүлэн хашсан юм.

Харин есдүгээр сарын 18-нд "Berkshire Hathaway" компани Баффеттыг ТУЗ-ийн хүндэт дарга болсон талаар албан ёсоор мэдээлжээ. Тэрбээр компанийн ТУЗ-ийн гишүүн хэвээр үлдэж, туршлага, зөвлөгөөгөөрөө компанид хувь нэмрээ оруулах юм. Түүний хүү Ховард Г. Баффетт шинэ ТУЗ-ийн даргаар сонгогдсон бөгөөд тэрбээр 1993 оноос хойш "Berkshire Hathaway"-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн.

"Berkshire Hathaway" нь төвлөрсөн удирдлагаас илүүтэйгээр өөрийн харьяа компаниудад бие даан ажиллах боломж олгодог бизнесийн соёлоороо онцлог.

Тиймээс ТУЗ-ийн даргын хувьд хүүгийнх нь гол үүрэг бол компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохоос илүү энэхүү зарчмыг хадгалах, урт хугацааны бодлогыг дэмжихэд чиглэх юм.  Эдийн засгийн ахлах стратегич Брайан Жейкобсен уг өөрчлөлтийг олон жилийн турш төлөвлөсөн залгамжлалын үйл явц гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, "Berkshire Hathaway" удирдлагын шилжилтэд олон жилийн турш бэлтгэсэн бөгөөд энэ нь гэнэтийн өөрчлөлт биш юм.

Ийнхүү Баффеттын "Berkshire Hathaway"-г удирдсан олон арван жил өндөрлөж байна.

Баффетт мөн хөрөнгийнхөө дийлэнх хэсгийг буяны үйлсэд зориулахаар төлөвлөж ирсэн бөгөөд дэлхийн чинээлэг хүмүүсийг хөрөнгийнхөө ихэнхийг буяны зорилгоор хандивлахыг уриалдаг "Giving Pledge" санаачилгыг дэмждэг.

Баффетт 2006 оноос хойш компанийн 60 гаруй тэрбум ам.долларын хувьцааг буяны байгууллагуудад хандивласан байдаг.

УОРРЕН БАФФЕТТЫН ҮЛДЭЭСЭН ӨВ

Уоррен Баффеттын түүх бол зөвхөн хөрөнгийн зах зээлээр дамжуулан асар их баялаг бий болгосон хүний түүх биш юм. Түүний карьер жижиг зүйлээс эхэлжээ. Сонин тараах, газар худалдаж авах, пинболын машин ажиллуулах, цөөн хэдэн хувьцаа худалдан авах зэрэг хүүхэд насны туршлагууд нь бизнес, хөрөнгө оруулалтын суурийг тавьсан байна. Бенжамин Грэмийн сургалт түүнд компаниудыг үнэлэх аргачлалыг өгсөн бол Чарли Мангертэй олон жил хамтран ажилласан нь сайн бизнесийг таних, урт хугацаанд эзэмших үзэл санааг нь улам хөгжүүлжээ.

Харин "Berkshire Hathaway" нь эдгээр үзэл санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн гол хэрэгсэл болсон юм. Баффеттын амьдрал бол тэвчээрийн тухай түүх. Тэрбээр богино хугацаанд байнга худалдан авч, зардаг хөрөнгө оруулагч байгаагүй. Харин боломжийг хүлээж, бизнесийг сайтар судалж, тохирох хөрөнгө оруулалтыг хийснийхээ дараа олон жилийн турш үнэ цэнийг нь өсөхийг хүлээдэг байв.

Хүүхэд насны сонирхол, зөв мэдлэг, сахилга бат, тэвчээр, урт хугацааны зорилго нийлж чадвал жижиг бизнес дэлхийн хэмжээнийх болтлоо хөгжих боломжтойг түүний түүх өгүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

darangyilagch Xylgaigaa zaaj baigaan bna 2026-09-24 202.126.90.123

BOLiNET

Avatar

Нэргүй 2026-09-24 103.212.118.152

сонирхолтой нийтлэл байна. баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж