“Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт” олон улсын дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо есдүгээр сарын 23-24-ний өдөр болж байна. Улс төрийн намуудын санхүүжилт олон нийтэд төдийлөн ил тод бус, хяналт тавих боломж хязгаарлагдмал сэдэв байсаар ирсэн. Харин Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн зохицуулалтаар төрөөс намд олгох санхүүжилт, түүний зарцуулалтад тавих хяналт, тайлагналын тогтолцоонд өөрчлөлт орж, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох боломж бүрдээд байна. Шинэ зохицуулалт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа, намууд санхүүжилтээ юунд зарцуулж байгаа, энэ мэдээлэл нь иргэд болон иргэний нийгмийн хяналтад ямар ач холбогдолтой талаар байр суурийг тодрууллаа.
"ТӨРӨӨС НАМД ОЛГОХ САНХҮҮЖИЛТ ШИНЭ ЗҮЙЛ БИШ"
СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа:
-Улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгож байгаа хэлбэр нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа зүйл биш. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад намуудад төрөөс санхүүжилт олгох олон янзын хэлбэр, тооцоо, томьёолол байдаг. Энэ нь цаанаа намуудыг дэмжих, бодлогын нам болгон төлөвшүүлэх зэрэг олон зорилгыг агуулдаг. Монгол Улсын тухайд 2005 оноос эхлэн, түүнээс өмнө ч төрд, тухайлбал парламентад суудал авсан намуудад зохих хэмжээний санхүүжилт олгож эхэлсэн. Гэвч энэ талаарх мэдээлэл олон нийтэд төдийлөн хүрдэггүй, ил тод байдал хангалтгүй байсан учраас 2023 онд шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхлэхэд иргэд төрөөс намд санхүүжилт олгож байгаа зохицуулалтыг харьцангуй шинэлэг зүйл мэт хүлээж авах болсон.
Өмнө нь Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт орсноор намууд хоёр хэлбэрээр буюу дөрвөн жилд нэг удаа болон жил бүр төрөөс санхүүжилт авдаг байсан. Гэхдээ үүнийг нийтэд ил тод мэдээлэх байдал дутмаг, мөн хяналтын байгууллагуудын уялдаа холбоо, чиг үүрэг тодорхой заагдаагүй байсантай холбоотойгоор мэдээлэл хязгаарлагдмал хүрээнд хүрдэг байсан. Энэ талаар олон судалгаа, бүтээлд ч дурдсан байдаг.
Тухайлбал, 2019 оны байдлаар 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон талаарх тоо, тооцоолол Үндэсний аудитын байгууллагын аудитын судалгаа, дүгнэлтүүдэд дурдагдсан байдаг. Харин 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, томоохон өөрчлөлтүүд хийснээр намын санхүүжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагуудыг тодорхой болгосон. Үүний нэг нь Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ юм. СЕХ энэ чиг үүргийнхээ хүрээнд УИХ-д суудал авсан, тухайн ээлжит сонгуулиар хуульд заасан шаардлага хангасан улс төрийн намуудад санхүүжилт олгож, санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавин, мэдээллийг ил тод болгож эхэлсэн.
Үүний хамгийн чухал ач холбогдлын нэг нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгосноор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хэмжээг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах боломж бүрдэж байгаа явдал юм.
Улс орнуудын туршлагыг харахад улс төрийн намын санхүүжилтэд хяналт тавих чиг үүрэг нь Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн байгууллага, Засгийн газрын харьяа байгууллагууд зэрэг өөр өөр байгууллагад байдаг. СЕХ сүүлийн хоёр жил дараалан улс төрийн намуудад санхүүжилт олгож, зарцуулалтын тайланг нь олон нийтэд мэдээлж байна. Энэ нь иргэдийн мэдэх эрхийг хангах, намуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах зорилготой. Үүний зэрэгцээ улс төрийн намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэх, цаашид төрийн дээд байгууллагыг сонгох иргэдэд намын үйл ажиллагаа, бодлогын талаар мэдээлэлтэй байх боломж бүрдүүлэх зорилготой юм.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа СЕХ хуульд заасан шаардлага хангасан улс төрийн намуудад санхүүжилтийг олгосон. Мөн 2024 оны санхүүгийн тайланг нь хянаж үзээд олгох санхүүжилтийн хэмжээг СЕХ тогтоосон. Үүний дагуу бид 2024 оны санхүүгийн тайлантай танилцаж, төрөөс өмнө нь санхүүжилт авч байгаагүй, хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан намуудад зохих хэмжээний санхүүжилтийг олгосон. Намууд 2025 онд энэ санхүүжилтээ зарцуулсан. Харин 2026 онд санхүүжилтээ хэрхэн зарцуулсан талаарх тайлангаа намууд тайлагналаа. Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийг хэрхэн зарцуулахтай холбоотой гурван шалгуур үзүүлэлт байдаг. Үүнийг СЕХ хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, зарцуулалтын талаарх тайлан мэдээг дэлгэрэнгүй гаргасан.
Хуулийн дагуу санхүүжилтийн 50-иас доошгүй хувийг ямар зориулалтаар зарцуулахыг тодорхой заасан байдаг. Үүнд СЕХ хяналт тавьж ажиллаж байна.
Мэдээж улс төрийн намууд хуулийг сайтар хэрэгжүүлж, мөрдөх шаардлагатай. Гэхдээ хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор намуудын санхүүгийн ажилтныг тогтвортой ажиллуулах, хуулийн зүйл заалтыг хэрхэн ойлгож, мөрдөх зэрэг олон асуудал шинээр гарч ирсэн. Бид энэ асуудлыг хамтын хүрээнд хамтран хэрэгжүүлж байна. Алдаа, зөрчил гарсан тохиолдолд намууд улс төрийн манлайлал, дотоод соёлоо төлөвшүүлэх үүднээс алдаагаа засаж, цаашид дахин гаргахгүй байх чиглэлээр хамтран ажиллаж эхэлж байна. Үүнийг мөн хуулийн ололттой, давуу тал гэж ойлгож болно.
"ХАНДИВ ӨГСӨН КОМПАНИУДЫН ТӨРИЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОХ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ БОЛСОН"
“Нээлттэй Нийгэм Форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Энхцэцэг:
-Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөөд удаагүй байгаа учраас хуулийн үр дүнг шууд хэмжиж, дүгнэхэд арай эрт байна. Гэхдээ энэ хуулийн хүрээнд зөвхөн парламентад суудалтай намууд төдийгүй сонгогчдын тодорхой хэмжээний дэмжлэг авсан намуудад төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгож эхэлсэн. Төрөөс санхүүжилт олгож байгаа нь өөрөө тодорхой үр дүн авчирч байна. Тухайлбал, санхүүжилт авч байгаа намууд санхүүжилтээ ил тод болгож эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, зөвхөн төрөөс авч байгаа санхүүжилтийнхээ хэмжээг мэдээлэхээс гадна бусад ямар эх үүсвэрээс санхүүжилт авч, юунд зарцуулж байгаа талаарх мэдээллээ олон нийтэд ил тод мэдээлдэг болж байна. Үүн дээр аудитын шалгалтууд давхар хийгдэж байгаа. Тэгэхээр энэ утгаараа улс төрийн намын санхүүжилтэд тавих хяналт Монгол Улсад өмнө байгаагүй түвшинд хэрэгжиж эхэлж байна. Үүний үр дүн нь цаашид урт хугацаанд харагдана.
Улс төрд эргэлдэж байгаа мөнгөтэй холбоотой авлигыг бууруулахад ч хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.
Одоо ил тод болсон мэдээлэл дээр иргэний нийгмийн байгууллагууд ажиллах боломжтой болж байна. Тухайлбал, өмнөх сонгуулиар улс төрийн намуудад хандив өгсөн компаниуд дараа нь төрийн тендерт хэрхэн оролцож байна вэ гэдэгт хяналт тавих боломж нээгдэж байгаа. Өмнө нь ийм мэдээлэл ил тод биш байх үед хаана, ямар солилцоо явагдаж байгаад иргэний нийгмийн хөндлөнгийн байгууллагууд хяналт тавих боломжгүй байсан. Харин одоо тоо баримтад үндэслэн асуудлыг шүүмжлэх, засаж залруулах, цаашид эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж боловсруулах, үүний дагуу арга хэмжээ авах боломж бүрдэж байна.
Тиймээс мэдээлэл бол бүх зүйлийн эхлэл. Мэдээлэлтэй болсноор хуулиа сайжруулах, практик үйл ажиллагаагаа сайжруулах, хяналтаа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түрүүн хэлсэнчлэн шууд гарч байгаа үр дүн нь мэдээлэл ил тод болсон явдал. Одоо бид цаашид авах арга хэмжээндээ анхаарах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.
3,600.44






















































Нэргүй 2026-09-23 202.133.76.47
авилгачдын цуваа тасрахгүй.Хуулийн байгууллага ялзарсан Монголд шударга ёс яриад хэрэггүй
Зочин 2026-09-23 203.91.115.39
үлгэр !!
Нэргүй 2026-09-23 66.181.171.252
Авлига өгсөн хүн эрүүгийн хариулцлага хүлээдэгүй болгочиход л авлига алга болно. Одоо авлига өгөхөөс өөр аргагүй болсон хүмүүсийг эхүүгийн хариуцлагад татаад байхаар чинь хэн авлигыг илчлдэх юм бэ?
зочин 2026-09-23 66.181.184.180
Зах зээл бол өөрөө авилгыг буй болгодог систем, Мөнгө бүхнийг шийднэ, Мөнгөний төлөө, ямар ч аргаар хамаагүй хөрөнгөжихийн төлөө хүн бүр явна, Маш хатуу хууль гаргаж байж үүнээс ямар нэг хэмжээгээр ангижирах б**х, Гэтэл үүнд хүн бүр дургүй,Дарангуйлал гэж үзнэ,Ийм чиглэлтэй засгийн газар удаан тогтохгүй, Унана, АНУ-аас эхлээд ардчиллын аврагууд энэ олон жил авилгаасаа салаагүй л байна,Бүүр томорсон,Яаж ч чадахгүй байгаа юм биш үү
зочин 2026-09-23 66.181.184.180
Энэ чиглэлээр судалгаа гаргадаг олон улсын байгууллагын судалгаагаар АНУ-ын индекс 2015 онд 76 байсан бол, буурсаар 2025 онд 64 болсон гэнэ, Канад Ургувайгаас ч доогуур, Дээд шатандаа авилга их гэнэ, Сонгуулийн ханлив гэх мэт хууль ёсны лобби их,Энэ мэт нь чинээлэг компани,ашиг сонирхолын бүлгүүд,төрийн шийдвэрт нөлөөлөх боломж олгодог гэнэ, Доод шатандаа харьцангуй бага гэнэ Худлаа даа,Ихэнх шорон хувийнх, Зөрчилд холбогдсон хүмүүс ол авч ирж шорон дүүргэсэн цагдаагийн урамшил бусдаас ах гэнэ,
зочин 2026-09-23 66.181.184.180
Гэхдээ АНУ-д гэмт хэрэг их гардаг,Түүний өчүүхэн хэсгийг нь л илрүүлнэ, Зарим газар цагдаа нар очихоос айна, Аюултай газар их,Төв замаас бусад газар явах нь их эрсдэлтэй, Галзуу солиотой,эсвэл м*нс**р*х бодисонд донтсон зэрэг жинхэнэ гэмт хэрэг өдөөгчдийг цагдаа барих сонирхолгүй Учир нь тэдэнд мөнгө байхгүй,Харин энгийн иргэдэд бол хатуу хандана, Шоронд нэг орвол гарахад хэцүү Сайн өмгөөлөгчтэй ,эсвэл мөнгөтэй байх шаардлагатай гэх мэт зүйл л хэвлэлээр их бичигдэх юм