Шинэ хаалга нээх цаг иржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Шинэ хаалга нээх цаг иржээ

Лобби гэсэн үгийг Монголд бараг авилга мэтээр ойлгодог нийгмийн хандлага байдаг, тэгвэл АНУ-д энэ нь нийгмийн сэтгэл зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт бөгөөд гадаад бодлогын олон чухал шийдвэр дээр Вашингтон дахь лобби бүлгүүд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Зөвхөн  2008 оны дүнгээр л гэхэд АНУ д  20000 гаруй лоббичид сенатад бүртгүүлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж дээрээс нь зөвхөн энэ зах зээлээс сүүлийн 5 жилд бараг 15 тэрбум долларын “бүтээгдэхүүн”-ийг  арилжагджээ.  Лобби нь АНУ-д нилээд дээх нь үеийн ойлголт бөгөөд 1876 онд анхны лобби орчныг зохицуулсан хууль батлагдан гарч лоббичин гэсэн мэргэжил ажлын байр бий болж байсан байна. Мөн энэ үеэр анхны клубууд байгуулагдан АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг Конгрессоор дэмжүүлэх асуудал дээр ажиллаж байсан байх юм  Өнөөдөр лоббийн орчин нь 1995 онд Ерөнхийлөгч Билл Клинтоны засаг захиргааны үед батлагдсан хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд гадаадын иргэд ч албан ёсоор бүртгүүлэн лобби үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдснаас гадна хуулиар хүлээх шийтгэлээс шоронд хорихийг хасаж торгуулах шийтгэлийг үлдээсэн нь энэ чиглэлийн ажил эрхлэгчидэд том боломж олгосон гэлтэй.
Өнөөдөр АНУ-д хамгийн хүчтэй лобби бүлгийг Израйлийхийг гэж тооцдог бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш эдийн засгийн болон цэргийн зориулалтын буцалтгүй тусламж хэлбэрээр 160 тэрбум гаруй долларыг Америкийн татвар төлөгчидөөс авч дөнгжээ, мөн жил бүр 3 тэрбум доларын шууд тусламж авч байгаа нь АНУ-ын бүх гадаад тусламжийн 20 орчим хувь бөгөөд нэг Израил иргэн  жилд 500 ам.доллар авч байна гэсэн үг юм. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр 1982 оноос хойш Израилийн эсрэг  санаачилсан 32  хориг арга хэмжээн  дээр АНУ вето /хориг/ тавьсан бөгөөд Израилийн цөмийн зэвсэгтэй болсоныг  сүүлд нь “мэдэж”, цөмийн зэвсэг дээр нь олон улсын атомын байгууллагаас тавих хяналтыг хүртэл эсэргүүцдэг юм байна.  Энэ бүгд мэдээж АНУ-ын конгресс дахь Израйл лоббийн ажлын үр дүн бөгөөд энэ бүхий л  үйл ажиллагаа нь AIPAC байгууллагаар дамжин явдаг юм байна. Энэ оны 3-р сард АНУ дахь Израилийн Лобби бүлгийн хурал болоход нийт 7500 гаруй хүн уригдсанаас Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүд нийлээд конгрессийн  төлөөлөгчидийн танхимын 30 хувь, Төрийн Нарийн Бичгийн Дарга Х.Клинтон хүртэл оролцож үг хэлжээ.  Израилийн лобби бүлгийн энэ идэвхитэй үйл ажиллагаа нь тус улсын аюулгүй байдлын баталгаа болдог бөгөөд энэ бүхэнд Израилийн төсвөөс гаргадаг зардлаа нууцалдаг байна.

Мөн АНУ-д Албанийн лобби сайн ажиллдаг бөгөөд ялангуяа Нью Йорк-д хэвлэл мээдээлэлд өндөр нөлөөтэйд ордог ажээ. 1997 онд Белградыг бөмбөгдсөн асуудал, Босния дахь Серби Албанийн дайнд уг нь албани серби нэг нэгнээ хэлэлтгүй геноцид хийсэн ч өнөөдөр дэлхий дахинд Радован Кражич, Ратко Младич гэх сербүүд л буруутсан,  энэ бүгд нь  Сербийн лобби муу ажиллаж эсвэл огт ажиллалгүй харин албани нөхдүүд сайн ажилласаны л үр дүн юм.    Ер нь АНУ-ын лоббичдын      ажилладаг  үндсэн зарчим нь шийдвэр гаргах хоёр л хаалга байдаг нэг   Цагаан ордны нарийн хаалга, нөгөөх нь Капитолийн өргөн хаалга алийг сонгох нь захиалагчидын сонголт гэх маягтай юм уу даа.

Нэгэнт дэлхийн улсууд өөрсдийн эрх ашгийг хамгаалах цаашлаад шийдвэрлүүлэхээр  ийм дүрмээр ажиллаж байхад манай улсын гадаад бодлого энэ чиглэлрүү хэр ажиллаж байна вэ. Монгол жижиг орон гадаад бодлогын хувьд бид л идэвхи гаргахгүй бол  биднийг хэн ч тоохгүй.  Тэр тусмаа  АНУ-д Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй байгаа үед манай гадаад яам болон дипломатуудаас өндөр идэвхи санаачлага ур ухаан гарч байж бид дэлхийн бодлогыг тодорхойлдог энэ улсад бага ч болсон тоогдох байх. Жижиг Монгол байтугай том Хятад хүртэл 2006 оноос эхлэн томоохонд орох лобби товчоо болох Patton Bogs -той олон саяын гэрээ үзэглэжээ. Гэрээний үндсэн агуулга нь БНХАУ-ын сонирхолыг  хамгаалах л гэсэн цөөхөн өгүүлбэртэй. Тэгэхдээ энэ нь зөвхөн худалдаа эдийн засгийн асуудлаар хийх лобби бөгөөд Тайвантай холбоотой бүс нутгийн аюулгүй байдал болон улсын нэгдмэл байдалтай холбоотой асуудлаар  өөр товчоотой давхар гэрээ хэрэгждэг ажээ. Зөвхөн эдийн засаг худалдааны гэрээнийн хүрээнд 2008 онд л гэхэд New York times, Wall street Journal, Washington Post гэх мэт лоббичидийн үндсэн хэвлэлүүдэд 28 нийтлэл гарчээ. Монголоос бүх үеийн түүхэнд төлбөртэй нийтлэл нэг л байсан нь одоогийн Ерөнхийлөгчийн 2006 онд бичсэн нэг нийтлэл л байх жишээтэй. Эндээс идэвхи санаачлагын зөрүү тод харагдаж байгаа болов уу.  Өнгөрсөн оны 9 сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-д хийсэн айлчлалын үеэр Америкийн өндөр дээд тушаалын нөхдүүдтэй уулзалт болоогүй явдал, мөн оны 11 сард АНУ-ын Ерөнхийлөгчийн Азийн  орнуудаар хийсэн 9 өдрийн айлчилалын хүрээнд Бээжингээс Сөүл орох гээд яг л манай дээгүүр нисээд өнгөрсөн  гээд энэ бүгд нь нэг талаас манай гадаад бодлогод шинэ хаалга үүд нээж арай илүү агаар салхи оруулах болсоны нотолгоо болов уу.  Ялангуяа хоёр хөршийн бидэнд хандах хандлага илтэд сэргэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн асуудлыг тодорхойлох торгон агшинд гурав дахь хөршийн харилцаа холбоог идэвхижүүлэн сэргээх нь нүүрс зэснээс дутхааргүй  чухал асуудал байх ёстой.  Оросууд хүртэл  өөрийн лоббичидтой бөгөөд яг өнөөдөр Нью-Йорк болон Вашингтонд салбартай Ketchum PR агентлагаас гадна Law offices of Stewart and Stewart компаниуд Оросуудын сонирхолыг АНУ-д хамгаалдаг юм байна.

Өнгөрдөг зун АНУ-д албан ёсоор бүртгэлтэй лоббичонтой уулзах боломж олдсоных манай улстай холбоотой хэд хэдэн асуудлыг сонирхсон юм. Түүнтэй ярилцаж суухад   Монгол иргэдийг АНУ-д визгүй зорчих асуудлыг ч  энэ чиглэлэээр ажилаад үзвэл болмоор юм шиг сэтгэгдэл төрснөө нуугаад яахав. Ж.Бушийн захиргаа цагаан ордныг орхихоос  өмнө амжиж 7 орныг АНУ-руу 90 хүртэлхи хоног визгүй зорчих боломж олгосон дотор Латви, Литва, Эстони, Чех, Унгар, Словак,  Өмнөд Солонгос багтсан юм. Эдгээр улсууд нь АНУ-ын явуулж байсан бүхий л бодлогыг дэмжиж, терроризмын эсрэг дайн гэх мэт компанит ажилд оролцсоны шагналаа авч буй мэт харагдаж байвч яг үнэндээ өнгөрсөн 10 гаруй жил хийсэн лобби ажиллагааны үр дүн гэвэл бодитой дүгнэлт болно гэж яг энэ чиглэлээр ажилласан хүний амнаас сонслоо. Уг нь эхлээд 8 орныг визгүй зорчих асуудлыг нь шийднэ гэсэн мэдээлэл явж байсан боловч яг шийдвэр гарахдаа 7 болж Польш хасагдсан шалтгааныг лоббичноос асуувал, польшууд жаахан биеэ тоогоод лоббиндоо зарцуулах төсөвтөө хэмнэлт хийсний л үр дүн шүү дээ гэж  бодох ч үгүй хариулсан нь лобби гэх тоглоомын дүрмийн талаархи хангалттай тодорхойлолт болов уу. Монгол иргэдийг хувьд ч тэр визгүй зорчих асуудал нь  манай дипломатууд идэвхитэй санаачлагатай ажиллах юм бол багадаа 5 жилийн дотор энэ асуудал дээр ахиц гаргаж болох байх гэсэн дүгнэлтийг өгсөн юм. 

Өнөөдөр Вашингтонд 135 улс өөрийн албан ёсны бүртгэлтэй лоббичнийг ажилуулж байна Үүний дотор Түвд, Уулын Корбах хүртэл өөрийн лоббичонтой. Гэтэл Монголын гэсэн бүртгэлтэй лоббичин алга л байна.  Энэ нь манай гадаад бодлогын том сул тал. АНУ-тай стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлснээр харилцан визгүй зорчих асуудал, төрийн өндөр дээд хэмжээний айлчилалыг тогтмолжуулах, АНУ-аас дэлхийн  улсуудад олгодог буцалгүй болон хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл тусламжид хамрагдах гэх мэт олон боломж нээгдэхээс гадна Монгол Улсын гадаад харилцааны үндсэн номлол болох дипломат аргаар тусгаар тогнолыг батлан хамгаалахад хамгийн чухал нөлөөтэй гэдэгтэй хэн нэгэн санал зөрөхгүй болов уу.  Хорин нэгдүгээр зууны Монгол иргэдэд Хойд Америкийн болон Шенгений ханыг нурааж өгөх цагийг ойртуулах ёстой. Энийг ажил  болгоход өнөөгийн эрх баригчадад урьд өмнөх  бүхий л үетэй харьцуулахад санхүүгийн болон улс төр эдийн засгийн байдлын хувьд илүү их боломж бололцоо байгааг хүлээн зөвшөөрөх бизээ.   Гагцхүү сэтгэл,  итгэл, зүтгэл л үгүйлэгдэж байна. Гадаад бодлого болон харилцаанд эрс өөрчлөлтийг хийж, өдөр аргацаасан,  өөрийн гэсэн амбицгүй, сул дорой байдлыг нэн даруй өөрчилж идэвхитэй, санаачилгатай бүс нутгийн болон тивийн хэмжээний цартай бодлогод шилжих алтан аргамжаа өнөөдрийн залуу сайдын монгол эх орны өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Гагцхүү залуу хүнээс л гарч болох үйлдэл,  эр зориг,  идэвхи яг энэ цаг үед илүү үгүйлэгдэж байна.   

АНУ-д нэгэнт тогтсон энэ бүтцээр өөрсдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхолыг хангадаг байх нь Монгол улсын ашиг сонирхолын салшгүй хэсэг байх ёстой. . Үүний тулд тоглоомын дүрэм, асуудлыг шийдэх механизмыг ойлгож мэдрэх,  энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг ГХЯ болон ҮАБЗ бодлогоор бэлдэх цуглуулах нь нэн тэргүүний ажил болов уу.

Эцэст нь хэлэхэд АНУ ч гэлтгүй Канад, Британи, Франц, Германид  лобби нь хуулийн зохицуулалттай бөгөөд дэлхийн улс төр эдийн засгийн  байдалд нөлөө бүхий орнуудад сууж буй элчин сайдын  яамдад хэдэн дарга нарын ах дүү, амраг садан томилогддог, нөгөөдүүл нь өдөр хоногийг аргацааж өнгөрөөдөг байдлыг өөрчилж идэвхи санаачлагтай тухайн чиглэлээр мэргэшсэн мэргжилтнүүдийг тусгай үүрэг өгч томилж байвал манай гадаад хамтын ажиллагаанд  ихээхэн ахиц дэвшил гарна гэсэн бодол төрсөнийг энд тэмдгэлье.

О.Магнай. /Ардчиллыг бэхжүүлэх ОУ-ын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, АН-ын ҮЗХ-ны гишүүн/


2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж