Үнэ өсч, өрхийн зардал нэмэгдсээр байна. Дэлгүүрт орж, өдөр тутмын бараагаа авдаг иргэд инфляцыг бодитоор мэдэрч байгаа. Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-ны мэдээллээр 2026 оны наймдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсчээ. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 8.8 хувь байсан бол 3.7 нэгж хувиар нэмэгдсэн байна. Энэ өсөлтийн хамгийн том шалтгаан нь хүнсний үнэ. Хүнсний бараа, ундаа, усны үнэ жилийн хугацаанд 21.5 хувиар өссөн бөгөөд нийт инфляцын 46.9 хувийг дангаараа бүрдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийг иргэдийн өдөр тутмын хэрэглээ, өрхийн төсөвт мэдэгдэхүйц нөлөөг үзүүлдэг болсон байна. Ялангуяа махны үнэ анхаарал татах хэмжээнд өсчээ. Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 48.4 хувиар нэмэгдсэн. Үүнд үхрийн мах 51.6 хувь, хонь, ямааны мах 58.2 хувиар өсчээ.
Улаанбаатар хотод үхрийн цул махны нэг килограммын дундаж үнэ наймдугаар сард 36,521 төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 50.7 хувиар өндөр байна.
Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 9.9 хувиар өссөн. Гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 10.9 хувиар, гоймонгийн үнэ 34.2 хувиар нэмэгдсэн байна. Өрхийн өдөр тутмын хэрэглээнийн эдгээр бүтээгдэхүүний үнэ өсөх нь инфляцын тооноос илүүтэйгээр өрхийн төсөвт шууд нөлөөлж байгаа юм.
Үнийн өсөлт зөвхөн хүнсээр хязгаарлагдсангүй. Наймдугаар сард тээврийн бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, боловсролын үйлчилгээний үнэ 17.4 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 16.4 хувиар өсчээ.
Мөн АИ-92 бензиний нэг литрийн дундаж үнэ 2,958 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар нэмэгдсэн байна. Нөгөө талд импортын барааны үнэ ч инфляцад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. ҮСХ-ны тооцоогоор наймдугаар сарын 12.5 хувийн инфляцын 3.6 нэгж хувь буюу 29.2 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа нь Монгол Улсын үнийн түвшин гадаад зах зээлээс хэр хамааралтайг харуулж байна. Улаанбаатар хотод ч мөн адил. Нийслэлийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ жилийн хугацаанд 11.6 хувиар өссөн байна. Харин аймгуудад инфляц 9.4-17.5 хувийн хооронд хэлбэлзжээ. Увс, Сэлэнгэ аймагт 17.5 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Инфляц 12.5 хувьд хүрсэн нь зөвхөн нэг сарын статистик тоо биш. Хүнсний бүтээгдэхүүн, мах, шатахуун, тээвэр, боловсрол зэрэг иргэдийн өдөр тутамд мөнгө зарцуулдаг гол хэрэгцээний үнэ зэрэг өсөж байгаа нь өрхийн бодит зардлыг нэмэгдүүлж байна. Тиймээс инфляцыг бууруулах тухай ярихдаа зөвхөн нийт үнийн индексийг бус, түүний цаана ямар бараа, үйлчилгээний үнэ өсөж байгааг хамтад нь харах шаардлагатай болжээ.
3,602.33






















































Хурандаа чааваас 2026-09-22 66.181.165.234
хил гаалийг Хүрэлсүхийн мафиас чөлөөлөхгүй бол инфлаанз улам өснө
Нэргүй 2026-09-22 202.133.76.2
УСНЫ ҮНЭ 40% НЭМСЭН НЬ ИНФЛЯЦИ ГААРУУЛСАН… Ямар үндэслэлээр цэвэр ус 40%, бохир ус 33% нэмсэн юмбэ????….УСНЫ ХОРООГ, УСУГ-г ШАЛГААЧЭЭ…
T1t 2026-09-22 202.9.47.99
Болж, хохь нь!