Өмгөөлөгч Х.Чинбаттай хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах болон худал мэдээлэл тараахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар ярилцлаа.
–Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн орчин өнөөдөр ямар түвшинд байна вэ. Үндсэн хуулийн зохицуулалтаас яриагаа эхэлье?
–Монгол Улсын Үндсэн хуульд хүний нэр төр, алдар хүнд болон хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахтай холбоотой зохицуулалт бий. Мөн иргэний үндсэн үүрэг хэсэгт бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэн хамгаалах тухай заасан байдаг. Уг нь 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, "Худал мэдээлэл тараах" гэдэг бие даасан гэмт хэргийг зааж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан бол торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах зэрэг ял шийтгэлтэй байв. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр энэхүү зүйл заалтыг "Үндсэн хууль зөрчсөн байна" гэж үзэн хүчингүй болгосон. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Эрүүгийн хуулиас уг заалт хасагдсан бөгөөд "Худал мэдээлэл тараахтай холбоотой шинэ зохицуулалтыг боловсруулна" гээд ажлын хэсэг байгуулсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл буюу бараг 9-10 сарын хугацаа өнгөрч байхад шинэ хуулийн зохицуулалт батлагдаагүй л байна.
–Өнөөдөр иргэн, хуулийн этгээд бусдад гүтгүүллээ гэхэд Эрүү болон Зөрчлийн хуулиар хамгаалуулах боломжгүй болсон гэсэн үг үү?
-Тэгэж ойлгож болно. Яг одоогийн байдлаар Эрүүгийн хуульд хүний нэр төрийг хамгаалсан гэмт хэргийн бүрэлдэхүүн алга. Өмнө нь Зөрчлийн тухай хуульд байсан "Гүтгэх" зөрчил бас хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, Эрүү болон Зөрчлийн эрх зүйн хүрээнд худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэх явдлыг хариуцлагажуулах зохицуулалт байхгүй, эрх зүйн орон зай буюу хийдэл үүсчихээд байна.
–Иргэний хуулиар нэр төрөө сэргээлгэх боломж бий байх аа. Шүүхэд хандахад ямар хүндрэлүүд үүсдэг вэ?
-Иргэний хуулийн 21.1, 497 болон 510 дугаар зүйл заалтуудын дагуу хэн нэгний нэр төрд халдсан бол шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх, мэдээллийг няцаалгах, уучлалт гуйлгах, сэтгэл санааны болон эдийн засгийн хохирлоо нэхэмжлэх боломж нь нээлттэй. Өнөөдөр Улаанбаатар хотын тойргийн шүүхүүдийн ачаалал хэтэрсэн. Нэг шүүгчид 200-400 хэрэг хүлээгдэж байна. Нэг маргааныг шийдвэрлүүлэхэд дор хаяж нэг болон түүнээс дээш жил шаардагддаг. Иргэний шүүхэд хоёр тал өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж мэтгэлцдэг.
Хөндлөнгийн мөрдөн шалгах байгууллага гэж байхгүй тул мэдээлэл үнэн үү, худал уу гэдгийг нотлоход иргэдээс маш их цаг хугацаа, эрх зүйн мэдлэг шаарддаг.
Энэ нь шүүх хурал дахин хугацаа алдахад хүргэдэг. Өнөөдөр цахим орчинд хэн нэгнийг "хулгайч, луйварчин, завшсан, залилсан" гэж зарлан, нийгэмд бүхэлд нь харлуулахад тэр мэдээлэл маш хурдан тархдаг. Гэтэл шүүхээр явсаар нэг жилийн дараа "Илт худал мэдээлэл байжээ, уучлалт гуй, няцаалт хий" гэсэн шийдвэр гарахад хэдийнэ цаг хугацаа алдаж, нэр төрийг сэргээх ач холбогдол нь байхгүй болсон байдаг.
–Нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглээ энэ асуудалд хэрхэн нөлөөлж байна вэ?
–Манайд цахим орчны хэрэглээ маш өндөр. Хүн бүр фэйсбүүкээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Гэвч үүнийг буруугаар ашиглаж, хоорондоо маргалдахаараа нөгөө талыг гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах замаар өөртөө давуу байдал үүсгэх явдал газар авлаа. Нөгөө талдаа олон нийт нотлох баримтгүй, хийсвэр мэдээлэлд шууд итгэх хандлагатай байна. Үүнээс болоод худал мэдээлэлд өртсөн хүн нийгэмд байр сууриа алдах, жигшигдэх зэрэг сөрөг үр дагавартай тулгардаг. Хуульч, өмгөөлөгчийн хувьд иргэн болон хуулийн этгээдийг өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож байхад ийм кейсүүд маш их гарч байна.
Бодит байдал дээр ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байхад нийгэмд аль хэдийнэ гэмт хэрэгтэн болгож харагдуулдаг.
Хуулийн шинэ зохицуулалт гарах хүртэл иргэд Иргэний хуулийн дагуу л эрхээ хамгаалуулна. УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай баталж, энэ эрх зүйн орон зайг нөхөхгүй бол иргэдийн нэр төр, алдар хүндийг хамгаалах явдал практик дээр асар их асуудалтай, үр дүнгүй байсаар байх болно.
–Шүүхийн шийдвэр гарах хүртэл багагүй хугацаа шаардагддаг. Энэ хооронд тухайн иргэн, бизнесийн байгууллага дахин гүтгүүлж, хохирохоос урьдчилан сэргийлэх эрх зүйн боломж бий юу? Хохирлоо хэрхэн тооцож нэхэмжилдэг вэ?
–Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д шүүхийн шийдвэр эцэслэгдэн гарах хүртэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, урьдчилсан арга хэмжээ авах зохицуулалт байдаг. Энэ нь хариуцагч буюу мэдээлэл тараасан этгээдэд шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл тухайн иргэн, хуулийн этгээдийн талаар дахин худал мэдээлэл тараахгүй байх, тодорхой үйлдэл хийхгүй байхыг даалгасан түр шийдвэрийг шүүхээс гаргах боломж юм. Гэхдээ энэ нь өмнө нь нийтэлсэн пост, рийлийг шууд устгана гэсэн үг биш, зөвхөн дахин тараахыг зогсоох урьдчилсан хамгаалалт юм. Харин Иргэний шүүхийн процесс нь хоёр тал өөрсдөө мэтгэлцдэг диспозитив зарчимтай тул шаардлага гаргаж байгаа тал хохирлоо өөрөө нотлох ёстой. Сэтгэл санааны хохирол амссан бол сэтгэл зүйчид очиж эмчлүүлсэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн зардлаа нэхэмжилж болно. За мөн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүн сард 10-20 сая төгрөгийн ашигтай ажилладаг байтал гүтгэлгийн улмаас худалдан авалт, борлуулалт нь багассан бол тэр багассан хэмжээгээр эдийн засгийн хохирлоо тооцож нэхэмжлэх боломжтой бөгөөд үүнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн жишиг кейсүүд байдаг.
–Нийгмийн сүлжээн дэх хуурамч хаяг буюу троллуудыг Иргэний шүүхээр тогтооход яагаад хүндрэлтэй байдаг вэ? Цаашид энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой гэж өмгөөлөгч хүний хувьд харж байна вэ?
–Эрүүгийн хуулийн "Худал мэдээлэл тараах" гэдэг заалт хүчин төгөлдөр байхад цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, IP хаяг, бүртгэлтэй утасны дугаар болон фэйсбүүк хуудастай холбоотой байгууллагуудаас албан ёсны тодорхойлолт авч, цаана нь байгаа эзэн, захиалагч, хамжигч, хатгагчийг нь олоод тогтоочихдог байсан. Гэтэл одоо энэ заалт хүчингүй болсноор Иргэний шүүхийн процессоор фэйсбүүк хэрэглэгчийн цаана хэн байгааг тогтоох боломжгүй болчихсон.
Дээр нь Иргэний шүүхэд хандахын тулд хариуцагчийн овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг нь тодорхой байх ёстой тул тролл хаягаар гүтгүүлсэн тохиолдолд иргэний шүүхийн хамгаалалт авах боломж хомс байна.
Улстөрчид нийгэмд сайн нэр хүндтэй байх эрмэлзэлтэй, сонгуулиар сонгогддог учраас бие биенийхээ эрх ашигт халдахын тулд ийм мэдээллийг их тараадаг. "Сүх далайтал үхэр амгалан" гэгчээр өөрсдөө худал мэдээлэлд өртөөд ирэхээрээ л анхаарлаа хандуулж байгаа юм. Иймд нэгдүгээрт, иргэд ярьж байгаа зүйл нь нотлох баримтаар баталгаажсан уу, үнэн үү гэдэгт хэрсүү ухаанаар, цензуртэй хандах хэрэгтэй. Хоёрдугаарт, өмнөх Хууль зүйн сайд нь энэ заалтыг батлуулалгүй явсан, одоо дараагийн сайд болон УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Ажлын хэсэг үтэр түргэн хуралдаж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн заалтаа УИХ-аар нэн яаралтай батлуулах ёстой гэсэн байр суурьтай байна.
–Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба бусдын нэр төрийг хамгаалах зааг яг хаана байх ёстой вэ? Хуучин заалт яагаад шүүмжлэлд өртөж, шинэ зохицуулалтад ямар шаардлага тавигдаж байна вэ?
–Манай Үндсэн хууль нэг талаасаа ардчилсан, хүний эрх чөлөөг хамгаалсан суурь баримт бичиг хэдий ч хэн нэгнийг гүтгэж, доромжлон, нэр төрд нь халдаж болно гэсэн эрхийг олгоогүй.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаа ч тэр нь бусдын нэр төр, эрх ашгаар хязгаарлагддаг.
Өмнөх Эрүүгийн хуулийн заалт нь "илт худал мэдээлэл" гэж хэт өргөн агуулгаар тусгасан нь тухайн мэдээлэл бодитой юу, эсвэл зүгээр зөрүүтэй юу гэдгийг тогтооход мөрдөн шалгах болон шүүх, прокурорын байгууллагаас субъектив байдлаар хандах эрсдэлийг дагуулж байсан. Улмаар иргэний шүүхийн процессоор явахаар зөвхөн тухайн мэдээллийг нийтэлж тараасан суваг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд л хариуцлага буудаг. Харин эрүүгийн эрх зүйн мөрдөн шалгах ажиллагаагаар тэрхүү худал мэдээллийг бэлтгэсэн, хатгасан, захиалсан, хамтран оролцсон бүх этгээдийг тогтоон хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг юм. Тиймээс шинэ хуулийн зохицуулалт нь худал мэдээлэл тараах, гүтгэх гэмт хэргийн шинжийг хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй нь Үндсэн хуулийн суурь зарчимд тохируулан яг зохистой түвшинд нь зөв зааглаж өгөх шаардлагатай.
3,600.44






















































Нэргүй 2026-09-24 114.72.153.117
Хамгийн үр дүнтэй арга бол хулгай хийсэн хүний хурууг цөөлөөд, худал ярьсан хүний хэлийг имнэх.
Нэргүй 2026-09-24 202.126.91.201
дандаа худал мэдээлэл тараадаг Ойдовын цэцэгмаа гэж ямар этгээд бнаа!!!
Нэргүй 2026-09-24 66.181.171.142
hudal medeelliig huulichilchihaar chin hudlaa yrisan ch yal avahgui gesen ug uu
Зочин 2026-09-24 202.179.24.233
Ккк ойлгож умш