38 тэрбум долларын ДАЙН

38 тэрбум долларын ДАЙН

АНУ, Ираны зургаан сар гаруй үргэлжилж буй дайн ойролцоогоор 38 тэрбум ам.долларын зардал гаргажээ. Товчоор, АНУ 38 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн үг. Цаашид энэ зардал сар бүр ойролцоогоор 3 тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байна гэж АНУ-ын Конгрессын Төсвийн алба (CBO) мэдээлжээ. Тэгвэл энэ талаар "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буланд онцолж байна.


Тус байгууллага зардлыг наймдугаар сарын 1 хүртэл тооцсон байна. Мөн дайны улмаас АНУ-д 2027 оны эхний гурван сард инфляц 0.5 хувиар нэмэгдэх төлөвтэй гэж тооцоолжээ. Дайны зардал нэмэгдэхийн зэрэгцээ АНУ-ын зэвсгийн нөөц багасаж, эрчим хүчний үнэ өсч байна. Энэ нь АНУ цаашид өөр зөрчил мөргөлдөөнд оролцох шаардлагатай болсон тохиолдолд хангалттай зэвсгийн нөөцтэй байх эсэхэд санаа зовних шалтгаан болжээ.

"CBO"-ийн мэдээлснээр, дайны зардлын ихэнх нь зэвсэг, сум, пуужингийн нөөцийг богино хугацаанд их хэмжээгээр ашигласантай холбоотой. АНУ-ын зэвсгийн нөөцийг бүрэн сэргээхэд таван жил хүртэл хугацаа шаардлагатай байж болзошгүй гэж тус байгууллага тооцоолжээ. Мөн Ираны эсрэг дайны үеэр АНУ алсын тусгалтай нарийвчлал өндөртэй пуужингийн нөөцөө бараг бүгдийг нь ашигласан гэж "Reuters" өмнө нь мэдээлсэн байв.

Гэхдээ АНУ-ын Батлан хамгаалах яам "CBO"-ийн тайланд гарсан зэвсгийн хомсдолын талаарх дүгнэлтийг үгүйсгэжээ. Цагаан ордны төлөөлөгч Анна Келли ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын Ираны эсрэг хийсэн цохилтуудыг “шийдвэртэй арга хэмжээ” гэж тодорхойлсон байна. Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл АНУ цэргийн ажиллагаа явуулахад шаардлагатай бүх зэвсэг, сумны нөөцтэй гэж мэдэгджээ.

Энэхүү зардлын тооцоог АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны Ардчилсан намын тэргүүн гишүүн Брендан Бойлын хүсэлтээр хийсэн байна. Одоогоор Ирантай хийж буй дайны үеэр АНУ-ын 18 цэргийн алба хаагч амиа алдаад байгаа юм. Гэхдээ "CBO"-ийн 38 тэрбум ам.долларын тооцоонд Ормузын хоолойд худалдааны хөлгийн эсрэг хийсэн сүүлийн үеийн цохилт болон бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудад гарсан халдлагын зардал багтаагүй байна.

Мөн дайны зардлыг санхүүжүүлэхийн тулд АНУ-ын засгийн газрын зээл авах арга хэмжээнүүдтэй холбоотой зардлыг тооцоогүй. Хэрэв бүх нарийн зардлуудыг тооцох юм бол нийт зардал дахин хэдэн арван тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой аж.

ДАЙНЫ ЗАРДАЛ НЭМЭГДЭХ НЬ ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ

Ирантай хийж буй дайн нь зөвхөн эдийн засагт төдийгүй АНУ-ын цэргийн бэлэн байдалд томоохон нөлөө үзүүлж болзошгүй гэж "CBO" үзжээ. Ялангуяа пуужин болон пуужин сөнөөгч зэрэг чухал зэвсгийн нөөц багассан нь АНУ ирээдүйд өөр томоохон мөргөлдөөнд оролцох шаардлагатай болбол цэргийн хариу арга хэмжээнд хүндрэл учруулж болзошгүй байна. Тухайлбал, Хятад, Тайванийн хооронд зөрчил гарсан тохиолдолд АНУ оролцох шаардлагатай болж болзошгүй. Ийм нөхцөлд зэвсгийн нөөц хүрэлцэхгүй байх эрсдэлтэй гэж "CBO" мэдээлжээ.

АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хегсет долдугаар сард Сенатын сонсголын үеэр зэвсгийн нөөцийг нөхөхөд зориулж бараг 90 тэрбум ам.долларын яаралтай санхүүжилт хүссэн байна. Тэрбээр “Энэ санхүүжилтгүй бол бидэнд ноцтой хэмжээний хомсдол үүснэ” гэж хэлжээ.

Пентагоны Ерөнхий байцаагчийн албаны энэ долоо хоногт гаргасан тайланд дурдсанаар, Ираны халдлагын улмаас Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудын хэдэн зуун барилга эвдэрч, устсан байна. Мөн сөнөөгч онгоц, агаараас шатахуун цэнэглэгч онгоц болон дрон зэрэг цэргийн техникүүд гэмтэж, устжээ. Тус тайланд зургадугаар сарын 19 хүртэлх дайны зардлыг 33.4 тэрбум ам.доллар гэж тооцсон. Үүнд Ираны халдлагын улмаас АНУ-ын дипломат байгууллагуудад учирсан ойролцоогоор 184 сая ам.долларын хохирол багтжээ.

ОРМУЗЫН ХООЛОЙН ХЯМРАЛ НЕФТИЙН ҮНИЙГ ӨСГӨЖЭЭ

Дайны улмаас Ормузын хоолой орчимд эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдээд байгаа юм. Дэлхийн нефтийн худалдааны ойролцоогоор 20 хувь нь дайнаас өмнө энэ нарийн хоолойгоор дамждаг байсан. Тус бүс нутаг болон Персийн булангийн орнуудын эрчим хүчний байгууламжуудад халдлага гарснаар нефтийн үнэ өсөж, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдэд дарамт болжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын дайны зардал нэмэгдэж байгаа нь улсын санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

АНУ-ын улсын нийт өр наймдугаар сард 40 их наяд ам.долларыг давсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайныг АНУ-ын Ирак, Афганистанд явуулсан өмнөх дайнтай харьцуулдаг. "Reuters"-ийн мэдээлснээр, АНУ-ын Иракт хийсэн найман жилийн дайн ойролцоогоор хоёр их наяд ам.доллар зарцуулсан байна. Харин АНУ-ын Афганистанд явуулсан 20 жилийн дайн нийтдээ ойролцоогоор 2.3 их наяд ам.долларын зардалтай байсан гэж Браун их сургуулийн “Costs of War” төслийн тооцоонд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-09-22 66.181.160.70

Дайны зардал чинь нэг Америкийн хармаанаас гараад нөгөө Америкийн хармаанд орж байгаа л мөнгө шдэ .Харин ч ажлын байр нэмэгдүүлэх ашигтай байх шүү

Avatar

ЭПШТЭЙН 2026-09-22 66.181.186.121

ЧУХАМ ҮНЭНИЙГ ЦӨӨН ҮГЭЭР ХЭЛЛЭЭ…ГАДААДЫН ЯДУУ УЛСУУДАД ТУСГАЙ АЛБАДААР ДАМЖУУЛАН САНХҮҮЖҮҮЛЖ ДАЙН ҮҮСГЭЖ СҮЙРСЭН ЭДИЙН ЗАСГАА ХӨГЖҮҮЛДЭГ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж