Загварын домог Синди Кроуфордын хүү Пресли Гербер 27 насандаа нас баржээ. Ээжтэйгээ адил загвар өмсөгч тэрээр есдүгээр сарын 20-ны өдөр нөхөн сэргээх төвд эмчлүүлж байхдаа нас барсан байна. Түүний үхлийн шалтгааныг хараахан тодруулж мэдээлээгүй байна. Энэ хүнд хэцүү цагт хувийн асуудлыг нь дэлгэхгүй байхыг гэр бүлийнхэн нь хүссэн аж.
Пресли Гербер 1999 онд мэндэлсэн бөгөөд загвар өмсөгч Синди Кроуфорд, бизнес эрхлэгч Ранд Гербер нарын дундаас төрсөн хоёр хүүхдийн нэг юм. Түүний охин дүүг Кайа Гербер гэдэг. Ах дүү Герберүүд хэн хэн нь бага залуудаа загварын ертөнцөд хөл тавьжээ.
Преслигийн хувьд 16 настайдаа Италийн "Moschino" брэндийн загварын шоугаар гараагаа эхэлж байв. Үүний дараачаас тэр "Burberry", "Dolce & Gabbana", "Bottega Veneta", "Tommy Hilfiger", "Ralph Lauren" зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн тайзнаа алхжээ. Мөн "Calvin Klein", "Celine", "Pepsi", "Omega" брэндүүд, "GQ Style", "The New York Times Style" хэвлэлүүдтэй хамтран ажиллаж байсан. Түүнийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчээр ч ажиллаж байсныг 2019 онд гэрээ байгуулсан "DNA Model Management" компани мэдэгджээ.
Гербер сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэглээ болон сэтгэл зүйн асуудалтай тэмцэж байгаагаа ил тод мэдэгдсээр ирсэн юм. Тэрээр 2023 онд нэгэн ярилцлагад орохдоо цахим платформыг сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг түгээхэд ашигладаг гэж хэлж байв. Мөн энэ асуудлыг амьдралынх нь маш том хэсэг гэж хэлж байжээ. Тэрээр "Даваа гаригийг сэтгэцийн эрүүл мэнддээ зориулъя" санаачилгыг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд олон төрийн бус байгууллагатай хамтарчээ.
Тэрээр жороор олгодог эм хэрэглэдэг тухайгаа өнгөрсөн арванхоёрдугаар сард инстаграмдаа хуваалцаж байв.
"Би сүүлийн үед маш их зүйл алдсан. Энэ нь өөрийгөө зөвтгөх шалтаг болохгүй ч гэлээ яагаад ийм байдалд хүрсэн шалтгаан минь мөн" гэж тус бичлэг дээр тэр хэлжээ. Гэхдээ тухайн бичлэгийг сүүлд нь инстаграмаасаа устгасан аж.
Тэр бичлэгийн сэтгэгдэл хэсэгт ээж нь "Пресли. Бид чамд хайртай, чи ганцаараа биш" гэж бичиж байв. Өдгөө 60 нас хүрсэн супер модель асан Кроуфорд сүүлд долдугаар сарын 27-нд хүүгийнхээ төрсөн өдрөөр "Хүүгээ ямар том эр болсноор бахархаж байна. Гэхдээ би чамайгаа үргэлж нялх жаахнаар чинь харах болно" гэж фэйсбүүктээ бичжээ.
Преслигийн охин дүү Кайа энэ сарын эхээр ахынхаа донтолтын талаар хэвлэлд ярьсан байдаг. "Айл гэрт ийм асуудал тохиох нь хүн нэг бүрт нөлөөлдөг. Тиймдээ ч би өөрийгөө гэр бүлийнхэн дундаа хамгийн амар, асуудалгүй хүн гэж ойлгодог болсон. Аав ээж хоёр минь үргэлж л гэр бүлсэг байж, олон нийтэд асуудлаа дэлгэлгүй амьдарч ирсэн. Гэтэл одоо миний ах гэх их багш гараад ирлээ. Ах минь хэний ч өмнө өөрийнхөөрөө хүнлэг байна гэж хэлдэг" гэж тэр хэлж байжээ.

3,600.44
















































Нэргүй 2026-09-21 66.181.160.57
Үр хүүхдээ алдах шиг аймшигтай там хорвоод байхгүй!!!!!
Нэргүй 2026-09-21 103.229.121.21
хар тамхи л биз