"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудыг хүргэж байна.
ХИЛИЙН АЛСЛАГДСАН БҮСЭД ХҮҮХДИЙН ИНЭЭД ЦАНГИНАЖ БАЙНА

Өмнө нь хилийн застав, боомтод ажилладаг гэр бүлүүд хүүхдээ сургахын тулд суурин газар руу явуулах, эсвэл гэр бүлийн нэг гишүүн хүүхдээ дагуулан өөр газар амьдрах шаардлагатай болдог байжээ. Энэ нь гэр бүлээрээ хоёр талд амьдрах нөхцөл үүсгэж, хүүхдээсээ хол ажиллахад хүргэдэг байсан байна. Харин одоо хүүхдүүд эцэг, эхийнхээ дэргэд сурч, боловсрол эзэмших боломжтой болсон нь хамгийн том давуу тал юм.
Залуу багш Н.Энхтунгалагийн хувьд Боршоо боомт анхны ажлын байр нь. Тэрбээр сургуулиа төгсөөд шууд энд ажиллаж эхэлсэн бөгөөд одоо бага, дундын холимог бүлгийн багшаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Анх Боршоо боомтод ажиллана гэхэд алслагдсан хилийн бүсэд амьдрах, ажиллах ямар байх бол гэж эргэлзэж байжээ. Харин хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн нь ажлаа үргэлжлүүлэх гол шалтгаан болсон байна.
“Анх ирэхдээ Боршоо боомт гэж ямар газар байдаг бол гэж бодож байсан. Залуу хүн байж ийм алслагдсан газар яаж ажиллах вэ гэж бодож байлаа. Гэхдээ хүүхдүүд маань намайг эндээ аз жаргалтай ажлаа хийх боломж бөгөөд аз жаргал” хэмээн Н.Энхтунгалаг багш ярив.
Түүний бүлэгт найман хүүхэд суралцдаг. Хүүхэд цөөн учраас нэг бүрийнх нь онцлог, хэрэгцээнд анхаарч ажиллах боломжтой. Тиймээс тоглоомоор дамжуулан суралцуулах, хэл яриаг нь хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх зэрэг арга барилыг түлхүү ашигладаг байна. Холимог бүлгийн нэг онцлог нь хүүхдүүд бие биенээсээ суралцдагт оршино. Том хүүхдүүд багачууддаа тусалж, багачууд нь ах, эгч нараасаа үлгэр дуурайл авдаг. Энэ нь цөөн хүүхэдтэй орчинд тэдний харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нэг хэлбэр болж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД 5.5-12.8 САЯЫН ЦАЛИН АВДАГ

Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 238 санхүүгийн тайланг нэгтгэснээс 237 тайланд аудит хийсэн байна. Аудитын явцад 1 их наяд 884.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж, 460.8 тэрбум төгрөгийн алдааг залруулжээ.
Мөн 1.2 тэрбум төгрөгийн зөрчилд 97 төлбөрийн акт, 337.1 тэрбум төгрөгийн зөрчилд 268 албан шаардлага, 1 их наяд 82.8 тэрбум төгрөгийн зөрчилд 634 зөвлөмж өгсөн байна. Түүнчлэн 2.6 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан зургаан албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Аудитын дүгнэлтээр нийслэлийн төсөвт дөрвөн удаа тодотгол хийсэн нь төсвийн төлөвлөлтийн үр нөлөөг бууруулж, төсвийн тогтвортой байдлын зарчим алдагдахад хүргэсэн байна. Мөн төсвийн орлогын төлөвлөгөөг 9.4 хувиар дутуу биелүүлжээ.
Нийслэлийн нэгдсэн төсвийн нийт зарлагын 53 хувийг хөрөнгийн зардал эзэлсэн боловч төлөвлөсөн түвшинд хүрээгүй байна.
Үүнийг хөрөнгө оруулалттай холбоотой зарим төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүйтэй холбон үзжээ. Түүнчлэн төсвийн байгууллагын батлагдсан төсөвт тусган санхүүжүүлэх боломжтой зарим зардлыг нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан санхүүжүүлсэн байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчил өмнөх оноос 35.1 тэрбум төгрөг буюу 8 хувиар буурсан ч мэдээлэх ёстой найман мэдээллийг байршуулаагүй зөрчил илэрчээ.
Нийслэл, дүүргийн харьяанд үйл ажиллагаа явуулж буй 107 аж ахуйн нэгжээс 35 нь орлогынхоо 90-100 хувийг буюу нийт 176 тэрбум төгрөгийг зөвхөн төсвийн санхүүжилтээр бүрдүүлсэн байна.
Нийслэлийн өмчит 52 аж ахуйн нэгж, байгууллагаас долоо нь өөрийгөө санхүүжүүлээгүй атлаа төсөвт байгууллагын санхүүгийн тайлан гаргажээ.
Мөн Бодлогын судалгаа, шинжилгээний төв болон Нэгдсэн төслийн удирдлагын газар зэрэг орон нутгийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтнуудын сарын цалин 5.5-12.8 сая төгрөг буюу дундаж цалингаас өндөр байгаа нь аудитын дүгнэлтэд дурдагдсан байна.
Хүнс хангамжийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит таван хуулийн этгээд бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хэт өндөр үнээр төсвийн байгууллагуудад нийлүүлсэн нь төсвийн хөрөнгийн үр ашгийг бууруулжээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 921 дүгээр захирамжаар ашигтай ажилласан есөн орон нутгийн өмчит байгууллагын удирдлагад зорилтот түвшнээс давсан цэвэр ашгийн 20 хүртэлх хувиар урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Харин алдагдалтай ажилласан 31 байгууллагын хувьд алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй гэжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Ж.ЭНХБАЯР САЙДАА, МАХНЫ ҮНЭ БУУГААГҮЙ БАЙНА ШҮҮ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв бол нийслэлчүүдийн хүнс, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнээ худалдан авдаг том зах. Өнөөдөр ч тус захад хөл хөдөлгөөн их, махны тасгуудаар үйлчлүүлэгчид тасралтгүй зорчиж байлаа.
Махны хэсгээр ормогц лангуунууд шинэ махаар дүүрсэн нь нүдэнд тусна. Бод малын махны тасгаар алхахад нэг лангуун дээр үхрийн мах ангилан өрсөн байх бол дараагийн лангуун дээр худалдагчид үйлчлүүлэгчийн хүссэн хэсгийг эвдэж, жинлэн өгнө.
Харин худалдан авагчдын хувьд нэг л зүйл хамгийн их анхаарал татаж байв. Үнэ… Учир нь саяхан Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр махны үнэ 20 мянга руу буучихсан гээд чуулганы индер дээрээс хэлсэн болохоор, үнэхээр үнэ буусан эсэхийг нь нягтлан, сурвалжлав.
“Мах хэдтэй байна?”, “Энэ гуяны цул мах хэд вэ?”, “Хоёр килограмм авбал хэд болох вэ?” гэх асуулт лангуу бүрийн өмнө давтагдана. Ийнхүү “Хүчит шонхор”-ын махны зах дээрх нэг өдрийн дүр зураг махны хэрэглээ, үнэ ханш, иргэдийн худалдан авах чадварын талаар олон зүйлийг өгүүлж байлаа. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ” БА Г.ЗАНДАНШАТАРЫН “НҮҮДЭЛ”

Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн өрсөлдөх боломжтой хүмүүсээр экс Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын дарга С.Бямбацогт, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар МАН-аас нэр дэвших хүсэлтэй горилогчдоор нэрлэгдэж байв. Эднээс хамгийн их яарсан нь Г.Занданшатар, С.Амарсайхан нар.
Өнгөрсөн өдрүүдэд болж буй үйл явдлуудаас ажиглавал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж байсан хүмүүс эхнээсээ АТГ-ын үүдийг сахих тийшээгээ хэлбийв.
МАН-ын 70-аад оны ах нар хоорондоо зодоон ихтэй байгаа. Учир нь бүгдээрээ 50-иас дээш настай учраас бүгдэд нь Ерөнхийлөгчид нэр дэвших хуулийн боломж бий болчихсон. Тиймээс тэд дотооддоо ч, ил цагаандаа ч нэгэнтэйгээ наашаа харж инээж, цаашаа харж уйлцгааж байгаа. Гэхдээ эдэн дундаас Г.Занданшатар хамгийн их яригдсан учраас намын зодоонд “нүдүүлчихэв”. Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа өгсөн С.Амарсайхан, ажлаа өгөхийнхөө өмнө маш олон асуудал, баримт ярьсан нь бүгд Г.Занданшатар руу чиглэсэн.
Г.Занданшатарыг хууль, бизнес, улстөрчдийн мафи байгуулж, өөрийг нь санаатайгаар харлан, гүтгүүлж байгаа баримтуудыг дэлгэсэн байдаг. Яг энэ үед Г.Занданшатар эзгүй байсан бөгөөд өөрийгөө гүтгүүлсэн гэдгээ мэдэгдээд буй.
Харин ийн Г.Занданшатарын талаар мэдээлэл хийсэн С.Амарсайхан хэдхэн цагийн дараа өөрөө энэ албанаасаа чөлөөлөгдөв. С.Амарсайханы хувьд хоёр хуваагдсан МАН дотроо 30-ын бүлэгт хамаарна. Тиймээс ч 30 бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүн бол С.Амарсайханыг гэж нэрлэж, бичиж байсан юм. Ингэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын нэрсээс хоёр хүн “цэвэрлэгээ”-нд өртөв. Мөн дараагийнх нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан бололтой. Түүний хувьд УИХ-д 4 дэх удаагаа сонгогдсон, сайд, УИХ-ын дэд дарга хийж байсан учраас нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтад бичигдэж байв. Өөрөө ч үүнийг ил, далд хүсч байгаа гэж намынхан нь хэлж буй. Тиймээс зарим улстөрчид Л.Энх-Амгалан руу “дайрах” ажиллагааг эхлүүлж, шүүмжлээд эхэлжээ. Бүүр зарим нь Н.Учралын Засгийн газрын “урвагч” байсан гэж жиг, жуг гэлцэж байгаа аж.
Тэдний хэн нь ч гэм буруутай эсэх, хуулийн байгууллагаар шалгагдах эсэх, юу нь үнэн, юу нь худлаагаас үл хамаараад "үнэн гутлаа өмсч байхад худал уул давдаг" гэдэг шиг олон нийтэд "харлуулчихав". Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,595.72





















































Нэргүй 2026-09-20 202.179.11.230
Chaavaas daa, uls turchdiig haraad bur uruvdchihluu, uuruur amidrah argagui bolson ulsuud bololtoi.
Нэргүй 2026-09-20 202.133.76.2
УСНЫ ҮНЭ 40 ХУВЬ НЭМСЭН ЧИНЬ ИНФЛЯЦИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ НЬ БОЛСОН ШҮҮ
Leave Mongolia !!! 2026-09-20 202.126.89.176
Монголоос явмаар бнаа 🙏🙏🙏
Нэргүй 2026-09-20 202.21.107.48
Үхэж далд ор