Байр суурь: Номоос хүн өөрийнхөө дутууг олдог

Байр суурь: Номоос хүн өөрийнхөө дутууг олдог

Байр суурь: Номоос хүн өөрийнхөө дутууг олдог

Номын баяр бол зохиолч, яруу найрагчид бүтээлээ уншигчидтайгаа уулзуулж, номын үнэ цэнийг мэдрүүлдэг баяр. Зохиолч, яруу найрагчид ном, уран зохиол, уншигчдын тухай өөр өөрийн бодол, дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа.


"ХҮНИЙГ АВЧ ЯВДАГ ЗҮЙЛ БОЛ ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ, ЭД БАЯЛАГ БИШ, ГАНЦХАН ХҮН ЧАНАР Л БАЙДАГ"

Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б. Догмид:

-Би өмнө нь номын баярт оролцдоггүй байсан. Номын дэлгүүрт өгчихвөл болчихдог гэж ойлгоод байсан юм. Гэтэл номын яармаг гэж сайхан юм болдог гэдгийг үзэлгүй, мэдэлгүй явсаар өдийг хүрчээ.Хаврын номын баярт мөн оролцсон. Миний Төрийн шагнал авсан номууд ч байна. Шилмэл номууд ч байна. Гайгүй гэсэн номуудаа л аваад ирлээ. Монголын ард түмэн ном уншдаг болсон юм байна. Урлаг, соёлгүй улс мөхдөг. Олон жишээ бий л дээ. Дан бизнес, мөнгө хөөсөн агуу хөгжилтэй улсууд хүртэл оюун ухааны хувьд хоосролд ордог. Галт уул шиг, гадна талаасаа гял цал хэр нь дотор талдаа хоосон болохоор хүн гэдэг амьтныг тодорхойлдог хүн чанар гэдэг зүйлтэйгээ хамт унтардаг.

Гадна тал нь гял цал, тансаг сайхан амьдралтай хэр нь дотор тал нь байхгүй болохоор галт уул шиг унтардаг. Хүнийг авч явдаг зүйл бол эрдмийн зэрэг цол, эд баялаг биш шүү дээ. Ганцхан хүн чанар л байдаг. Хулгайч байна уу, худалч байна уу, хувилгаан байна уу, тэр нь хамаагүй. Ганц хүн чанар л байх ёстой.

Хүн чанаргүй хүн төрийн тэргүүн болоод ч хэрэггүй. Хүнийг хүн болгодог зүйл бол хүн чанар. Улс гүрнийг захирдаг зүйл бол хүн чанар. Сайхан сайханд хүргэдэг зүйл бол хүн чанар. Номноос хүн өөрийнхөө дутуу бүхнийг олж авна. Хүн хэдий ухаантай ч номноос илүү гарсан ухаантай хүн байдаггүй. Ном шиг гайхамшигтай зүйл гэж байдаггүй. Олон хүний оюун ухааны шүүлтүүрээр өндөр босго давж гарсан учраас номноос сайхан зүйл гэж байдаггүй. Энэ өдөр унаган багын найз Амаагийн Баатараа дурсмаар байна. Амаагийн Баатарын тухай өөрийнхөө номонд оруулсан. А. Баатар гэж гайхамшигтай хуурч байлаа. Уран бүтээл нь түүх болж үлдсэн. Улсдаа эрэмбэ дээгүүр байх А.Баатар, Ч.Банзрагч гэж эрэмбэ дээгүүр хуурчид байсан. "Дэлгэрэх сумаас төрсөн алдарт хуурч Амаагийн Баатарын хуурдахыг сонсохоороо би өөрийгөө голдог. Тэр "Цонхон дээр суусан ялаа"-г хуурдахад нь бие, сэтгэл хачин болж, газраас хөндийрч, бяцхан жингүйдэж байх шиг санагддаг. Боржигон нутаг олон сайн хуурчидтай ч Дэлгэрэхийн Амаагийн Баатар, Чойн Банзрагч шиг алдартай хуурч тийм ч олонгүй ээ. Тэд АЖ, "Их хуурч" Жамъяан гуайтай зэрэгцэхүйц, хойно урдаа орох их хуурчид байлаа" гэж би номон дээрээ оруулсан.

"ЯРУУ НАЙРАГЧИЙН ШҮЛЭГ СЭТГЭЛИЙН БАЯРТ ЭСВЭЛ ГУНИГТ МӨЧӨӨС ТӨРДӨГ"

Төрийн шагналт, зохиолч С.Оюун:

-Хилийн дээс давж байхдаа аягүй их догдолж байсан. Хоёр улсын хилийн баганыг хараад гарч байсан тэр догдлол, сэтгэлийн эмзэг, гоё мэдрэмжээс төрсөн юм. Ер нь яруу найрагчийн шүлэг гэдэг сэтгэлийн баярт мөч, эсвэл гунигт мөчөөс төрдөг. Өнөөдөр хүмүүс хилээр ийшээ, тийшээ яваад л, хилийн дээс гэдэг зүйлийн үнэтэй, ховор сайхан чанарыг мэдрэхээ больчихсон байна. Харин бидний үед хилийн дээс алхаж, өөр оронд очно гэдэг ховорхон шүү дээ.

Тэр нөхцөлөөс үүссэн баяртай, сайхан догдлол, нутаг орноосоо хол байгаа мэдрэмж дээр яруу найрагчийн өөрийнх нь бодол нэмэгдсэн хэрэг. Хоёр биеэ үгүйлэн санана. Хилийн дээсэн дээрээс бие биенээ олон янзаар санаж, уулзах тухай хэлсэн байдаг. Ухаан нь “зүүдний зүүдээр чамтайгаа учирна” гэж хэлж байна. Эсвэл сар, нарыг олон янзаар зүйрлээд уулзана гэж хэлдэг. Хоёр хүний хооронд хилийн дээс байна гэдэг нь нэг нутаг орондоо байгаад бие биенээ санахаас арай өөр. Тэр үед хилийн дээсний цаана гараад уулзана гэдэг боломжгүй шахуу байсан. Харин өнөөдөр хил даваад уулзах боломжтой хүмүүс олон болжээ. Харанга хамтлагийн Ц.Чулуунбат утга зохиолын сонины нэг тасархай дээр миний шүлгийг олж харсан юм билээ. Тэр үед Чулуунбатэхнэр нь гадаадад байсан юм билээ. Тэгээд нэг тийм гоё тохироо бүрдсэн байгаа юм. Хоёр биеэ танихгүй. Гэхдээ нэг нь эхнэрээ санаж байсан хүн, нөгөө нь тэр санасан сэтгэлийг нь гаргасан юм шиг шүлэг биччихсэн хүн. Тэгээд сүүлд нь хоёулаа танилцсан. “Энэ дууны үгийг би зохиосон шүү дээ” гээд танилцаж байсан.

"СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭРЭЭС НОМ БИЧИХ АНХНЫ СЭДЭЛ ТӨРСӨН"

Зохиолч Ц.Оюунгэрэл:

-Та "Номын баяр"-т хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Миний хувьд Номын баярт 15 дахь жилдээ оролцож байна. Ер нь ном бичиж эхлээд, яг зах зээлд гаргаад 20 жил удахгүй болно. Эхний хоёр, гурван жил номын баярт өөрөө гардаггүй, номын дэлгүүрүүдэд номоо тавьж борлуулдаг байсан. Харин сүүлийн 15 жил яг өөрийнхөө нэрээр асартай гарч байна.

-Анх ном бичих сэдлийг хаанаас авсан бэ? Таны бичсэн номууд Монголын хамгийн их борлуулалттай номуудын тоонд ордог шүү дээ…

-Миний ном бичих хамгийн анхны сэдэл Сүхбаатарын талбай дээр үүссэн. 1996 оны есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг анх удаа тэмдэглэж байсан юм. Энд настай хүмүүс маш олноороо ирээд, эрхээ бариад, бурхныхаа хөргийг бариад, хэлмэгдсэн аав, ээжүүдийнхээ зургийг бариад зогсож байсан. Би ч бас бараг л энэ хавьд зогсож байсан байх.

Тэр анхны цуглаанаас “Би өвөг дээдсийнхээ тухай ном бичих ёстой юм байна. Энэ хэлмэгдсэн хүмүүс яг юу туулсан юм бол?” гэж бодсон. Тэрийг би огт мэдэхгүй. Бидэнд ерөөсөө заалгаагүй, нэг ч номоос уншаагүй юм байна гэж бодсон. Тэгээд үүнийг уран зохиолын аргаар бичиж үзье гэж өөртөө сорилт тавьсан. 1996 онд өөртөө өгсөн тэр амлалтаа 2008 онд буюу 12 жилийн дараа биелүүлсэн. 1996 оноос хойш эргээд харахад 27 жилийн турш гурван цуврал романаа бодож, бичиж, уншигчдад хүргэсэн байна. Энэ гурван роман маань гурвуулаа яг тэр үеийнхний үйл амьдралын тухай өгүүлдэг. Тэгэхээр Сүхбаатарын талбай дээрээс ном бичих анхны сэдэл эхэлсэн юм.

Дараагийн нэг сэдэл нь “Америкт суралцсан тэмдэглэл” ном. Энэ бол яг хэвлэгдэж гарсан анхны ном маань. Сэдэл нь бас МУИС-ийн оюутнуудтай уулзалт хийж байх үеэр үүссэн. Стэнфордын их сургуулийг төгсөж ирснийхээ дараа оюутнуудын хүсэлтээр маш их лекц уншдаг байсан. Олон дахин лекц уншаад, нэлээн ядраад явж байх үед залуучууд надад “Та өөрөө ном бичээч ээ. Олон дахин ингэж ярихаасаа ядраад байгаа бол зүгээр ном бичээд тавьчхаач” гэж хэлсэн.

Тэгээд “Америкт сурсан тэмдэглэл” гэдэг анхны ном маань гарсан. Шууд бестселлер болж байсан.

Би номын зах зээлдээ дандаа баярлаж явдаг. Миний бичсэн номуудыг маш сайн худалдаж авдаг, залуучууд маань талархан уншдаг. Тиймээс би залуучуудад хүртээмжтэй хэлээр бичихийг зорьдог.

-Одоо түүхийн роман бичиж байгаа үед хэт хуучинсаг хэлээр бичих үү, эсвэл тухайн үеийн хэлийг судалж байгаад хэл зүйн талаасаа төгс ном гаргах уу гэдэг асуудал гарна. Эсвэл яг залуучуудын хүсэж байгаа темп, хүсэж байгаа хэлээр нь номоо бичих үү гэдэг хоёр сонголтын дунд зохиолч хүн сонголт хийдэг байх?

-Тийм ээ. Би сонголт хийхдээ уншигчдадаа зориулж сонголт хийсэн. Хэдийгээр уран зохиолын чансаа талаасаа том зохиолчдыг гүйцэхгүй ч борлуулалтынхаа чансаа талаасаа зах зээлдээ аягүй таалагддаг ийм л номууд гарсан даа.

-Бичсэн номуудаасаа хамгийн их сэтгэл ханамж авсан нь аль нь вэ?

-“Ногоон нүдэн лам”-ын гурван цуврал. Цуврал бүрээ бичиж дууссаны дараа “Би асар том ачааг үүрч чадлаа даа” гэсэн сэтгэл ханамж авдаг. Ялангуяа сая “Үүрэн голын чулуу”-г бичиж дууссаны дараагаар би бараг уйлсан. Надаас нэг тийм 20 хэдэн жилийн том ачаа, 20 хэдэн жил чирч явсан тэр ачаа маань хөнгөрч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Яагаад гэвэл тэр цувралыг дуусгаагүй байхдаа би дандаа нэг тийм өртэй хүн шиг байсан. Өвөг дээдсийнхээ өмнө сэтгэлийн өртэй, уншигчдынхаа өмнө номын өртэй, өөрийнхөө өмнө хийгээгүй ажлын өртэй. Тийм ачаа дарамттай явдаг байсан.

Тэгээд тэр ачаа дарамт маань хөнгөрөх тэр мөч хамгийн таатай мөч байсан.

-Таны бас эхлүүлж, хэрэгжүүлж, санаачилсан “Жорлонгоо өөрчилье” төсөл бий. Төслийн талаар товчхон мэдээлэл өгвөл?

-“Жорлонгоо өөрчилье” төсөл маань хүн харахад зөвхөн угаалгын өрөөнд тавьдаг ганц тавилгын тухай яриад байгаа юм шиг боловч яг үнэндээ усгүй, хуурай, байгальд ээлтэй аргаар жорлон өөрчилнө гэдэг цоо шинэ шинжлэх ухааны ойлголтуудыг хүмүүст заадаг. Нэг талдаа танин мэдэхүйн, нөгөө талдаа ахуйн, гурав дахь талдаа хүний эдийн засаг, бүтээн байгуулалтаа илүү хямд өртгөөр хийх, үр ашигтай эдийн засгийн тухай төсөл болчихоод байгаа юм. Энэ төслийнхөө хүрээнд гурван ном бичсэн. “Жорлонгоо өөрчилье”, “Хашаанд туссан яриа” гэдэг ном бичсэн. “Жорлонгийн шинжлэх ухаан” гэдэг номоо бичиж дуусчихсан байгаа. Энэ бол өгүүллүүдийн эмхэтгэл юм. Цахим хэлбэрээр гаргах уу, цаасан хэлбэрээр гаргах уу гэдгээ хараахан шийдээгүй байна.

Мөн “Био жорлонтой байх соёл” гэдэг товхимол гарч байсан. Жорлон болгон дээр зориулсан товхимлууд ч гарч байсан.

Ер нь есөн жилийн турш энэ төслийг хэрэгжүүлэхдээ жил болгон бичмэл текстэн контент үйлдвэрлэж, кино, видео контентуудыг байнга хийж ирсэн. Тэр утгаараа манай төсөл нэг талдаа ариун цэврийн төсөл, нөгөө талдаа танин мэдэхүй, оюуны төсөл юм. Хүмүүс соёлыг маш өргөн утгаар ойлгодог. Гэхдээ яг яс юман дээр хамгийн анхан шатны соёл бол ариун цэврийн байгууламж, жорлонгоос эхэлж байгаа гэж би боддог. Ер нь нүхэн жорлон гэдэг зүйл Монголд анх орж ирэхдээ “соёл” гэж орж ирж байсан. Гадаа ил сууж байгаад бие засахаа больё, нэг нүх рүү бие засъя гэдэг нь соёлын нэг шинэ шат байсан. 1959-1963 оны үед яг энэ нүх гэдэг зүйл чинь “соёл” юм шүү гэж орж ирж байсан байдаг. Гэтэл бараг 70-80 жилийн дараа эргээд харахад нөгөө соёл маань тэр чигээрээ байгаль орчны бохирдол болоод хувирчихсан байна. Тиймээс одоо бид экологийн соёл гэдэг цоо шинэ соёлыг сурах хэрэгтэй болсон. Нэг газар бие засна гэдэг зөвхөн биеэ авч явах соёлоос халиад экологийн соёл руу орж байгаа хэрэг. Тогтвортой байх, экологийг цэвэр байлгах, гүний усаа цэвэр байлгах, хямд төсөр, өөрт эвтэйхэн байх гээд тал талаас нь бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нүхэн дотор байгаа зүйлийг шинжлэх ухааны үүднээс задалж, хар шороо болгож, байгальд буцааж ээлтэй болгож байж байгалийн эргэлтэд оруулж байгаа юм. Тиймээс бид энэ байгалийн эргэлтэд оруулдаг соёлыг зааж байгаа.

"ОДООГИЙН ЗАЛУУЧУУДЫГ НОМ УНШДАГГҮЙ ГЭЖ ЯРЬДАГ, ХАРИН ҮНЭНДЭЭ МАШ ИХ УНШДАГ ЮМ БАЙНА"

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны гэргий С.Баасан:

-Таны хувьд Номын баярт хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Номын баярт оролцоод 5-6 жил орж байна.

-Аугаа яруу найрагчийн “Уянгын тойрог”, хайрын шүлгийн номууд бас шинээр хэвлэгдсэн байна. Ер нь хүмүүс, худалдан авагчид, уншигчид хэр сонирхож байна?

-Маш их авч байна. Ноднин үүнийг мянган ширхэг хэвлээд гурав дахь өдрийнхөө үдээс хойш дуусчихсан. Залуучууд “Шүлэг нь хаа байна, энэ шүлэг нь хаа байна?” гээд ирж байгаад уншаад, их уншдаг юм байна. Залуучууд ном уншдаггүй гэдэг худлаа.

-Таны хувьд өмнө нь үлдсэн шүлгүүдээ хэвлээд шинэ ном болгож гаргасан гэсэн үг үү?

-Тийм. Энэ жил бүх хайрын шүлгүүдийг нь түүж байгаад нэг шинэ ном гаргасан.

-Дахиад хэвлэхээр шүлгийн материал байгаа болов уу?

-Зөндөө байгаа. Тэрийг яаж эмхэлж цэгцлэхээ би одоо бас мэдэхгүй, чадахгүй байна. Хасвал янзлах байх. Ноорог, моорог гээд тамтгаа алдсан их юм байна шүү дээ.

-Таны бие хаа сайн уу?

-Онц. 80 нэлээн хол гарчхаад ингээд л явж байна.

-Таныг Монголын хамгийн анхны шүхрээр буугч гэж сонссон…

-Тийм ээ. Би 79 настай байхдаа шүхрээр бууя гэсэн хүүхдүүд маань загинаад болиулсан. Тэгэхэд буулгачихсан бол гоё байхгүй юу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-18 64.119.21.13

ДОГМИД ХАМАГ УРЛАГ СОЁЛЫН АЛДАР ЦОЛЫГ АВЧИХААД, ОДОО ЭРДМИЙН ЦОЛ ЗЭРЭГ РҮҮ, ЭРДЭМТЭД РҮҮ НУЛИМЖ БАЙХ ЮМ. ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ БАЙЖ БОЛНО Ч ГЭХ ШИГ. ЗОРИУД ХЭЛЭВ ҮҮ, ЗӨНӨЖ БАЙНА УУ????

Avatar

уншигч 2026-09-18 64.119.17.137

Урвагчийн зураг нийтлэхдээ анхааралтай байна уу!!!

Avatar

ХҮНИЙГ АВЧ ЯВДАГ ЗҮЙЛ БОЛ ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ, ЭД БАЯЛАГ БИШ, ГАНЦХАН ХҮН ЧАНАР Л БАЙДАГ. 2026-09-18 64.119.22.41

Хүнийг авч явдаг зүйл бол эрдмийн зэрэг цол, эд баялаг биш шүү дээ. Ганцхан хүн чанар л байдаг.

Хүн чанаргүй хүн төрийн тэргүүн болоод ч хэрэггүй. Хүнийг хүн болгодог зүйл бол хүн чанар. Улс гүрнийг захирдаг зүйл бол хүн чанар. Сайхан сайханд хүргэдэг зүйл бол хүн чанар. Номноос хүн өөрийнхөө дутуу бүхнийг олж авна. Зохиолч Догмид гуай ямар сайхан үг хэлээ вэ.

Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.40.9

хөөш энэ дарханд гажиг хужааманжууд гажиг гажиг шөнө амрлтыни цагаар солиотой галзуу галзуу хөгжим орилуулхийг болиулаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж