ХҮМҮҮС

AI эриний хувьсгалч

AI эриний хувьсгалч

АНУ-ын хиймэл оюун ухааны стартап компани “Anthropic”-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей өнгөрсөн долоо хоногт нэгэн анхаарал татсан мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр хиймэл оюуны хөгжил хэт хурдасч байгаа тул тодорхой хэмжээнд удаашруулах шаардлагатай гэдгийг онцолжээ. Мөн энэхүү мэдэгдэлтэй нь салбарын аваргууд болох Элон Маск, Сэм Альтман нар санал нэгдсэн юм. Хүн төрөлхтөний амьдралын хэв маягийг хэдийнэ цоо шинээр тодорхойлоод эхэлсэн хиймэл оюун ухаан гэгчийн эрсдэл уршгийг үе үе сануулсаар ирсэн Дарио Амодейг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Дарио Амодей 1983 онд Калифорни мужийн Сан Франциско хотод айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. Түүний аав Риккардо Амодей нь Италийн Тоскана мужаас гаралтай бөгөөд арьсан эдлэл урлаач байв. Харин ээж Элена Энгел нь Чикагод төрсөн бөгөөд еврей гаралтай нэгэн байжээ.

Дариогийн бага нас Сан Францискод өнгөрсөн бөгөөд ахлах сургуульд байхаасаа л физикийн хичээлд дуртай, дөртэй байсан аж. Тухайлбал, 2000 онд Дарио АНУ-ын Физикийн олимпиадын багт багтаж байсан бол Калтекийн коллежид элссэн хойноо Том Томбрелло профессорын "Physics 11" хөтөлбөрт хамрагдаж байв. "Physics 11" нь тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд оюутнууд үүнд хамрагдахын тулд жижиг боловч төвөгтэй хоёр бодлогыг шийдэж шалгуулдаг байжээ. Ингээд Дарио Стэнфордын их сургуульд мөн л физикийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Физик гэсэн үг түүний амьдралаас салахгүй байсаар Принстон их сургуульд биофизикийн чиглэлээр доктор хамгаалсан юм.

Түүний тогтвор суурьшилтай ажлын гараа Хятадын "Google" гэгддэг "Baidu"-аас эхэлжээ. Тус компанид Дарио 2014 оны арваннэгдүгээр сараас 2015 оны аравдугаар сар хүртэл судлаачаар ажилласан байна. Эндээсээ үргэлжлээд жинхэнэ "Google" компанид жил хүрэхгүй хугацаанд ажилласан. "Google" болон "Baidu"-д туршлага хуримтлуулсны эцэст тэрбээр хиймэл оюун ухааны салбарт бүрэн утгаараа хөл тавьсан нь "OpenAI" байв. "OpenAI"-д тэр 2015-2020 оны хооронд таван жил ажиллахдаа хиймэл оюун ухааны аюулгүй байдлын багийн ахлагч, судалгааны захирал, судалгааны асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч гэсэн албан тушаалуудыг хашжээ.

Ингээд 2021 оны хоёрдугаар сард дөрвөн насны зөрүүтэй охин дүү болох Даниела Амодейтэйгээ хамтарч 2021 онд “Anthropic”-ийг үүсгэн байгуулсан юм.

Тэднээс гадна бусад үүсгэн байгуулагч ч байсан нь "OpenAI"-аас гарсан хүмүүс байжээ. Амодей ах дүүс тэргүүтэй залуус үйл ажиллагааны чиглэлийн талаарх санал зөрөлдөөний улмаас "OpenAI"-ийг орхицгоож, дараагийн алхмаа хийсэн нь “Anthropic” байсан юм.

“Anthropic” хэдийнэ үүсгэн байгуулагдсан хойно буюу 2023 онд "OpenAI" Амодейд хоёр санал тавьжээ. Нэгдүгээрт, түүнийг Сэм Альтманыг орлооч гэж хүссэн бол хоёрдугаарт, хоёр компанийг нийлүүлье гэсэн санал байв. Гэхдээ Амодей алийг нь ч зөвшөөрөөгүй.

"Time" сэтгүүл 2025 оны хамгийн нөлөө бүхий 100 эрхмийг жагсаахад Амодей түүнд нь багтжээ. Харин 2026 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад охин дүүгийнхээ хамт нэрээ бичүүлж чадсан юм. Мөн "Оны хүн" шалгаруулалтын хүрээнд тодруулсан "Хиймэл оюун ухааны архитекторууд"-ын нэгээр "Time" сэтгүүл түүнийг нэрлэж байв.

"Forbes" сэтгүүл энэ оны тавдугаар сард Дарио Амодейн нийт хөрөнгийг 15.5 тэрбум ам.доллар гэж үнэлжээ.

Дарио Амодей хиймэл оюун ухааныг зөвхөн шүүмжилсээр ирсэн юм биш. Тэрбээр 2024 оны аравдугаар сард "Machines of Loving Grace" нэртэй эсээгээ нийтлүүлсэн бөгөөд үүндээ хиймэл оюун ухаан хүний төрөлхтөний амьдралын чанарыг хэрхэн сайжруулж болох талаар таамгаа дэвшүүлжээ. Тодруулбал, уг эсээндээ "Ихэнх хүн хиймэл оюун ухааны авчирч болох асар их эерэг боломжийг дутуу үнэлж байна гэж би боддог. Үүний нэгэн адилаар олон хүн түүний эрсдэлийг ч дутуу үнэлж байна" гэж тэр бичсэн байв.

Дариогийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан нь биологи, мэдрэлийн шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжил, дэлхийн энх тайван, хөдөлмөрийн орчин зэрэг маш олон салбарт томоохон дэвшил авчрах боломжтой. Гэхдээ хүчирхэг хиймэл оюун ухааны эрин ирэхэд ардчилсан орнууд стратегийн давуу байр сууриа хадгалах нь туйлын чухал аж. Өөрөөр хэлбэл, ардчилсан орнууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар стратегийн болон цэргийн давуу тал олж авч, харилцан үр өгөөжтэй байх нь чухал.

Түүний аав Риккардо Амодей нь С гепатитын үр дүнтэй эмчилгээ болох софосбувир нээгдэхээс хэдхэн жилийн өмнө нас барсан аж. Энэ үйл явдал нь түүний хиймэл оюун ухааныг ашиглан анагаах ухааны судалгааг хурдасгахыг дэмжих болсон гол шалтгаануудынх нь нэг байжээ.

Харин энэ оны нэгдүгээр сард нийтлүүлсэн "The Adolescence of Technology" нэртэй үргэлжлэл эсээндээ тэрбээр эрсдэлүүдэд голчлон анхаарчээ. Тэрбээр хиймэл оюун ухаанаас үүдэн гарах эрсдэлийг таван үндсэн ангилалд хуваасан байна.

Үүнд:

  • хүний ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй бие даасан системүүд
  • үй олноор хөнөөх зорилгоор хиймэл оюун ухааныг буруугаар ашиглах
  • улс төрийн эрх мэдлийг булаан авах эсвэл хадгалахад хиймэл оюун ухааныг ашиглах
  • эдийн засгийн тогтворгүй байдал
  • технологийн хэт хурдацтай хөгжлөөс үүдэх урьдчилан таамаглах боломжгүй үр дагавар гэсэн таван эрсдэл багтжээ.

Хиймэл оюун ухааны эрсдэлийг хий хоосон үнэлээд зогсохгүй үйлдэл хийснээрээ Дарио Амодей АНУ-ын Батлан хамгаалах яамны "дайсан" болсон юм. Тодруулбал, Пентагон энэ оны хоёрдугаар сард “Anthropic”-ийн "Claude" платформыг иргэдийг өргөн хүрээнд тагнах, хянах, хүний шууд оролцоогүйгээр ажиллах зэвсгийн системд ашиглах санал тавьжээ. Гэвч Дарио Амодей энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Үүний хариуд АНУ-ын Батлан хамгаалах яам "Anthropic"-ийг төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад эрсдэлтэй компани гэж шошголжээ. Мөн АНУ-ын төрийн байгууллагууд "Claude" ашиглахаа зогсоох шийдвэр гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж