Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 13

Есдүгээр сарын 13-ны баяр

Румыны усан үзэм хураалтын баяр

Усан үзмийн хураалт эрт дээр үеэс баяр наадмаар тооцогдож иржээ. Эртний ромчууд ирэх жилийнхээ ургацыг бэлгэдэн хураалтын баяраа эхэлдэг байв. “Дарсны дуу” гэсэн нэртэй дуун дор залуу боолчууд усан үзмийг гишгэлэн шахдаг байв. Хавар тавдугаар сарын 1-нд Arminden гэх баярыг хийж торхоо онгойлгон тавдугаар сарын дарсныхаа амтыг үзнэ. Энэ баяраар эртний хүмүүс эзнээ хараах, боолоо шийтгэхийг цээрлэдэг бөгөөд чадах хэмжээгээрээ дарсаа уудаг байж. Румын дарс үйлдвэрлэх 3000 жилийн түүхтэй. Тэнд жилдээ долоон сая литр дарс үйлдвэрлэдэг ажээ. Энэ өдөр дарсны зоорийн үүдэнд вааран сав тавиад дарсаа амтлуулдаг. Зах дээр  ч дарсаараа дайлан амтлуулдаг ажээ.

Өдрийн ишлэл

“Энэ өдөр компасын зүү баруун хойд зүг рүү хазайв. Дараагийн өдөр нь ч энэ давтагдлаа”
(Христофер Колумбийн 1492 оны есдүгээр сарын 13-ны өдрийн ажиглалтын тэмдэглэлээс)
Христофор Колумб. Зураач Ридольфо Гирландайогийн зурсан гэх хөрөг. /Генуя, Чивико музео навале/

Америкийг нээхээс нэг сарын өмнө буюу 1492 оны есдүгээр сарын 13-ны өдөр Христофор Колумб өөрийн анхны нээлтээ хийжээ. Тэрээр  баруун хэсгийн соронзон хэлбэлзлийн үзэгдлийг ажигласан байна. Компасын зүү далайд хойд зүгийг үргэлж харуулдаггүйг мэдсэн ч тэрээр үл таних зүгт хөвөх эрэмгий зориг гаргасан юм.

Адрианы даланг барьж эхлэв

122 он: Кельтын омгийнхны шахалтаар ухарч байсан легионууддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр Британид ирсэн Ромын эзэн хаан Адрианы тушаалаар Хойд Английг Таин голоос Солуэйн булан хүртэл хаасан байлдааны бэхлэлттэй чулуун хана бариулах ажлыг эхлүүлсэн байна.
Хана барихад асар их тооны хүмүүсийг дайчилсан ч түүнийг зургаан жилийн дараа барьж дуусгажээ. Ханын урт нь 120 км, өндөр нь 4,5 м орчим, өргөн нь 2,5-3 м байлаа.

«Атласа Российского» хэвлэгдэн гарав

1745 он: “Оросын атлас” гэсэн нэртэй газрын зургийн цуглуулга анх хэвлэгдэн гарсан байна. XVIII зууны Оросын түүхэнд газрын зураг маш чухал байжээ. Анх Догшин Иван хаан 1552 онд  Москвагийн улсын зургийг хийх тушаал өгч байсан гэх яриа бий. Арай тод томруун  газрын зураг XVII зуунд гарч ирсэн ба жинхэнэ геодезийн ажлыг Петр хаан эхлүүлжээ. Газар зүйн «Атласа Российского» гэх 19 зурагтай цуглуулга 265 жилийн өмнө анх хэвлэгдэн гарч дэлхийн газар зүйн шинжлэх ухаанд томоохон үйл явдал болж байсан байна. Түүнийг Оросын шинжлэх ухааны академи хэвлүүлж суут тоочин Леонард Эйлерын удирдлагаар бүтээсэн байв. Түүнтэй өрсөлдөх газрын зураг Францад л XVIII зууны дундуур гарч ирсэн байв.

Пенициллин нээгдэв

1929 он: Пенициллины түүх XIX зуунд эхэлсэн юм. Италийн эмч Б.Гозио  1896 онд антибиотик анхлан бүтээсэн нь пенициллин байсан бололтой. Гэхдээ тэр нь практик хэрэглээг гаргаж чадалгүй мартагдсан байна. Америкийн эрдэмтэд У.Альсберг, О.Блек хоёр Penicillium төрлийн мөөгөнцрөөс пенициллины хүчлийг 1913 онд гарган авч чадсан байлаа. Гэвч тэдний судалгаанд дайн саад болсон юм. Английн нян судлаач Александр Флеминг Лондоны их сургуулийн Дарь эх Мариягийн нэрэмжит госпиталийн дэргэдэх Анагаахын судалгааны клубын хуралдаан дээр өөрөө жилийн өмнө санамсаргүйгээр нээгээд байсан агуу их нээлт пенициллиныг үзүүллээ. Флеминг халдварт өвчний эсрэг биеийн дархлалын эсэргүүцлийн тухай ердийн судалгаа хийж байгаад ердийн хөгц нь өвчний вирусийг устгадаг бодис ялгаруулдгыг тогтоож чадсан байна. Флемингийн “Пенициллины ургац” гэсэн тэр лекц нь  сонсогчдын анхаарлыг татаж чадаагүй бололтой түүнд ганц ч асуудал тавьсангүй өнгөрчээ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд Говард Флори ба Эрнст Чейн 1938 онд пенициллины цэвэр хэлбэрийг гаргаж чадсан байлаа. Дэлхийн II дайны үеэр эм, тариа ихээхэн шаардагдаж байсан учир энэ антибиотикийг 1943 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Флеминг, Флори ба Чейн нар энэ нээлтийнхээ төлөө 1945 онд Нобелийн анагаахын шагналтнууд болж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж