Монгол ардын намынхан яг л талцсан, хуваагдсанаараа ринген дээр ил гарав. Анх эхэлсэн цэг нь гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагасан цагаас энэ талцал, хуваагдал эхэлсэн байдаг.
2025 оны зургадугаар сард МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан цагаас эхлэн 68 гишүүнтэй МАН 30/38-аараа хуваагдсан.
Өнөөдрийн болж буй үйл явдал, нэгнийнхээ эсрэг ажиллаж байгаа, Засгийн газар нь төсвийн тодотголоо ч баталж чадахгүй байгаа, Н.Учралын Засгийн газрыг огцруулах эсэх асуудал гээд бүгдийг эхлэл нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас буулгасан үйл явдлын үр дүн нь юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагасны дараа Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилуулж байв. Гэхдээ энэ Засгийн газар бүрдэж байхад л “түр“ засаг хэмээн ярьж, тодорхойлж байв. Түр гэсний учир нь намын дарга Л.Оюун-Эрдэнээс намынхаа тамгыг авах явдал байсан. Яг л зурагдсан зохиолын дагуу гэдэг шиг 2026 оны дөрөвдүгээр сард Г.Занданшатарын Засгийн газар унаж, Н.Учрал засгаа, намаа гартаа авсан байдаг.
АХ НАР VS 80 ОНЫХОН+Н.НОМТОЙБАЯР
МАН хоёр хуваагдахдаа 70, 80-аад оныхон гээд хуваагдчихсан гэхэд хилсдэхгүй. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан ба түүний нөхөд дунд олонх нь 80-аад оныхон, харин 38 талынхны олонх нь 70-аад оныхон бий. Тиймээс ч МАН дотор үе хоорондын тулаан эсвэл хуучин ах нар, шинэковуудын тулаан гэж ярих нь ч бий. Ах нар дунд парламентад хэд хэд сонгогдчихсон, хэдэн удаа сайд хийчихсэн, хувьдаа бизнестэй, нам дотроо нөлөө бүхий улстөрчдийг хэлж болно. 80 оныхон дунд дийлэнх нь анх удаа сонгогдсон, Л.Оюун-Эрдэнийг намын дарга байхад парламентад сонгогдсон хэсэг бүлэг.
Гэхдээ энэ дунд "малгай тавиад манайх" гэдэг хэсэг бүлэг ч бий. Тэд хэн ялсан талд нь бооцоогоо тавьдаг, эсвэл хэнтэй ч хамаагүй үгсэж, эрх мэдэлд хүрдэг бүлэг.
Өрнөж буй улс төрийг харвал ах нар одоогоор намын удирдлагад илүү их нөлөөлөлтэй. Учир нь тэд Ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхэн. Угаасаа М.Энхболдын фракцийг унагаж, У.Хүрэлсүхийн фракц намын эрх, улс төрийн эрхээ авснаас хойш түүний хүрээлэл өнөөдрийг хүртэл намын, төрийн удирдлагад бий. Харамсалтай нь, түүний фракц хоёр хуваагдчихсан л процесс. Одоо тэдний хэн нь эрх мэдлээ гартаа авах вэ гэдэг асуудал нь Засгийн газар унагах үйл явдлаар илэрч байна. Цаашид хэрэв Н.Учралын Засгийн газрыг унагана гэвэл намын даргаа ч өөрчлөх асуудал үүснэ. Хэрэв ийм нөхцөл үүсвэл дараагийн Засгийн газар нь 2028 оны сонгууль хүртэл тэсэх тийм л тал л одоогийн өрнөж буй улс төрд ялах хэрэгтэй болно. Хөшигний ард яригдаж буй улс төрийн мэдээллээр бол Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хамтралд Д.Амарбаясгалан нь илүү их байр суурьтай болсон гэлцэж буй. Тиймээс ч Н.Учралын Засгийн газарт сайдын суудал, Хотын даргад мөн Д.Амарбаясгалантай тохиролцсон дундын хувилбар томилсон гэгдэж буй. Үүн дээр нэмээд намаасаа өрх тусгаарласан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын "хүч" хавсрагдсан гэх яриа гарах болсон. Учир нь намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн 30 бүлэг Хоргын тогоо орж, тэр уулзалтад нь Н.Номтойбаяр оролцсон явдал. Оргүй яриа биш гэдэг нь ч батлагдаж, Н.Номтойбаяр "нам санал тавибал төрхөмдөө буцах талаар бодож үзнэ" гээд ярьсан ч учиртай. Тэгвэл 30-ын бүлэг дээр Н.Номтойбаярын "хүч"-ийг нэмбэл энэ Засгийн газар, ардын намын хувь заяа яаж ч эргэж, өөрчлөгдөх нөхцөл бий болж байна гэсэн үг.
Анх МАН 30/38-аараа хуваагдахад 30-ын тал болоод хуучин М.Энхболдын талынхан Н.Номтойбаярын намд элсэх нь гэх яриа улс төрийн хүрээнд яригдах болсон. Тиймээс ч МАН-ын асуудалд Н.Номтойбаярын "хүч", нөлөө нь одоо ч байсаар байгаа. Дээрээс нь Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд "хүчтэй" өрсөлдөгч гаргаад ирэх боломж байгааг үгүйсгэж болохгүй.
2028 ОНЫ СОНГУУЛЬ БА ГОРЬДОЖ, ГОРИЛОГЧИД!
МАН дотор хамгийн их асуудал болж байгаа нь 2028 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан бол энэ удаад өмнө нь болж буйгаар онцлогтой. 2028 оны Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн намуудад 2028 оны парламентын сонгуулийн зургаа гаргах том үйл явдал учраас үүнд улс төрийн намууд хамгийн их ач холбогдол өгч буй. Мөн парламентад суудалтай таван нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой болж байгаа нь өрсөлдөгчдийг илүү олон бөгөөд өрсөлдөөнтэй болгож байгаа. Тиймээс МАН дотор 50+ настай ах нар бие биенээ "намнаж", сошиал өгөөш болгож, зарим нь бүр зүүдэлж яваа. УИХ-д олон сонгогдсон, сайд хийгээд үзчихсэн хүмүүсийн цээжинд нь багтаж ч байгаа биз.
Гэхдээ одоогийн МАН дотор хамгийн эрх мэдэлтэй, нөлөө бүхий, намын удирдлага, өөрийн хамаарал бүхий хүмүүсээ Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргад томилсон ганц л хүн бий. Тэр хүн ямар нүүдэл хийхээс 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зураг гарна. Одоогоор "нүүдэл" хийж эхлээгүй байгааг МАН-ынхан мэдэж байгаа ч Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж амбицалж байгаад дараагийн Ерөнхий сайд болох, дараагийн засагт үлдэх, УИХ-ын дарга болох хүсэлтэй хүмүүсийн хүсэл ил, далдаар илэрсээр байна. Ерөнхийлөгчийн сонгууль болоогүй, ялангуяа МАН доторх хүмүүс ингэж хоорондоо арсалдаж, нэгнийгээ шонд дүүжлэх болоогүй л баймаар. Гэвч тэдэнд өнөөдрийн улс орон гэхээс илүү хувь эрх мэдэл нь чухал учраас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл бид их ч зүйл үзэж, харж, хэрэлдэх сэдэв ихтэй байх болов уу.
Одоогийн нөхцөлд Н.Учрал Засгийн газраа авч үлдэхийн тулд шүд сугалах тактик хэрэглэхийг илүү үзэж буй. Гэхдээ Засгийн газрыг унагах хүсэл сонирхолтой хүмүүст бол танхимаар нь унагаж, дараагийн Засгийн газраа бүрдүүлэх, цаашлаад намын тамгаа авах амбиц бий. Хэн нь хэнтэй нийлж, хэнтэй гар барихаас Н.Учралын Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ.
Эцэст нь хэлэхэд, ардын нам бол цусаа гартал үзэлцсэн ч нэг, хоёрхон хүнээр туг тахиад тосоо гартал тэврэлддэг л түүхтэй нам гэдгийг онцлоё. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдал, улс төрийн шилжилт, эрх мэдлийн төлөөх хагарал, тулаан бүхэн нь хэдхэн хүн золиосонд гаргаад л дуусдаг нь худлаа биш юм.
Ш.ЧИМЭГ
3,602.33






















































2028 2026-09-16 202.9.46.88
Бичээч нь алдаагаа зас. Еөкийн сонгууль 2027 шүү. Редактор энэ тэр гэж байдаггүй, хэн дуртай нь санаандаа орсноо бавж бурж байдаг юмуу хаашаа хогнууд вэ.
Нэргүй 2026-09-16 66.181.185.10
Энэ АН МАН ч дээ хэд хувааж хусах уу л гэж бодно. Орос Хятад 2 тэднийг дээрээс нь удирдана тэгээд юу болох юм байгаа юм
ЗОЧИН 2026-09-16 203.91.115.53
АН ЗАСГАА 3 УДАА УНАГАХАД МОНГОЛЧУУД АРЧААД БАЙСАН. МАН 5 УДАА УНАГААЛАА. МАН ЫГ БҮР МӨСӨН ТАРААЯ. МАН ЫХАН ИХ ИДСЭН БАГА ИДСЭНЭЭРЭЭ ЗОДОЛДДОГ БОЛ АН ЫХАН УЛС ОРНЫ ТӨЛӨӨ ЗАСГАА УНАГАЖ БАЙСАН.
Нэргүй 2026-09-16 43.242.242.59
МАН 2 хуваагдахад Ерөнхийлөгч тодорхой үүрэг гүйцэтгэсэн.Н.Энхбаярын үед МАХН мөн л 2 хуваагдахад У.Хүрэлсүх бас л тодорхой рольд тоглосон. Сүүлийн үед засгийнгазар ойр ойрхон огцрох болсон нь МАН-аас гадна АН-ын хатгаас акц явуулга чухал үүрэг гүйцэтгэсэн одоо ч гүйцэтгэсээр байна. Засаг төрөө унагааж тоглодог монголчуудыг ухаантай хүмүүс байна гэж хэн ч бодохгүй. Аль аль таарчихсан хүмүүс байдаг юм байна гэж дэлхий харж байна
Нэргүй 2026-09-16 66.181.185.10
Үнэн үнэн
Зочин 2026-09-16 66.181.191.64
Мал минь, У.Хүрэлсүх МАН, Засгийн эрхийг утсан хүүхэлдэйнүүдээрээ дамжуулаад авчихсан. Харин Амарбаясгалан, Оюун-эрдэнэ нарын МАН фракц У.Хүрэлсүхийн дураар авирлаж байгаатай тэмцэлдээд байна. Өнөөдөр ерөсөө У.Хүрэлсүх л бүх эрх мэдлийг авсан байдалтай байна. Оюун-эрдэнэ нарын тэмцэл зөв…
ЖИРИЙН ИРГЭН 2026-09-16 202.9.46.135
SETGUULCH XUN BAIJ NQAD UG USEG UTGAA XARJ BICHEECH 2027 OND ERUNXIILUGCHIIN SONGUULI BOLNO……
Нэргүй 2026-09-16 64.119.19.15
2027 ond erunhiilugchin songuuli bolno