НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.09.15/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын 2027 оны төсвийн төслөөр нэгдсэн төсвийн нийт орлогыг 45.7 их наяд, тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.3 хувьтай тэнцүү байхаар төлөвлөжээ.
Тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг 2027 оны хоёрдугаар улирлаас 10 хувиар, төрийн захиргаа, тусгай албан хаагчийнхыг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, иргэдийн татварын ачаалал 840.0 тэрбум төгрөгөөр буурна. Аж ахуйн нэгжийн татварын ачаалал 246.0 тэрбум төгрөгөөр буурч, нийгмийн даатгалын шимтгэлийн 186.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.
Боловсролын салбарт 132 сургууль, 69 цэцэрлэг барих зэрэг 356 төсөл, арга хэмжээнд 2027 онд 1.4 их наяд төгрөг санхүүжүүлнэ. Даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлж, иргэдийн халааснаас 79.0 тэрбум төгрөг хэмнэхийг зорьсон байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг 800 МВт-аар нэмэгдүүлж, 16 мянга орчим иргэнийг орон сууцтай болгох зорилтыг тусгасан байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2026.09.15/ нээлтээ хийсэн. Энэ удаагийн намрын чуулганаар 35 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээс хамгийн чухал нь ирэх 2027 оны улсын төсвийн хэлэлцүүлэг юм. Тэгвэл чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдахаар товлогдсон байна.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа аж.
МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
3,595.72





















































Сөнө 2026-09-15 202.9.46.175
Сөнөтүгэй!