Хятад улс "AI"-ы өрсөлдөөнийг “сөргөлдөөн” болгохгүй байхыг уриалав

Хятад улс "AI"-ы өрсөлдөөнийг “сөргөлдөөн” болгохгүй байхыг уриалав

Хятад улс "AI"-ы өрсөлдөөнийг “сөргөлдөөн” болгохгүй байхыг уриалав

Хятад улс хиймэл оюун ухаан (AI)-ын хөгжлийн талаарх “аюул”-ын тухай яриа, улс орнуудын сөргөлдөөн, хэт өрсөлдөөн нь дэлхийн AI-ийн хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж анхаарууллаа. Энэ нь АНУ-ын “Anthropic” компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей AI-ийн хөгжлийн хурдыг сааруулах шаардлагатай гэж мэдэгдсэний дараа гарч байна. Тэрбээр AI-ийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ Хятад улсыг технологийн өрсөлдөөнд түрүүлэх боломж олгохгүй байх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Үүний дараа Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякун Даваа гаригт буюу есдүгээр сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ “Улс орнууд AI-ийн хөгжлийг сөргөлдөөн, хорлонтой өрсөлдөөн болгон хувиргах ёсгүй” гэж хэлсэн байна.

Тэрбээр мөн улс орнууд AI-ийг нээлттэй, хүртээмжтэй, хүн бүрт ашигтай, сайн сайхны төлөө хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай гэж онцлон тэмдэглэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад болон АНУ AI-ийн салбарт голлон өрсөлдөх болсон. АНУ-ын хувьд дэлхийн хамгийн хүчирхэг AI технологийг Хятадаас түрүүлж бий болгохыг зорьж байна. Харин Хятад улс АНУ-ын хориг, хязгаарлалтыг үл харгалзан AI-ийн салбарт эрчимтэй хөгжиж байна. Түүнчлэн АНУ Хятадад өндөр хүчин чадалтай чип нийлүүлэхийг хязгаарласан. Гэсэн хэдий ч Хятадын компаниуд нээлттэй эхийн технологи болон төрийн дэмжлэгийн тусламжтайгаар AI-ийг хөгжүүлсээр байна. Олон шинжээч АНУ AI-ийн салбарт одоогоор давуу хэвээр байгаа гэж үздэг. Гэхдээ Хятадын компаниуд энэ зөрүүг багасгахыг хичээж байна.

AI ХҮН ТӨРӨЛХТӨНД АЮУЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ

Үүний зэрэгцээ АНУ-д AI хэт хурдан хөгжиж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэлжээ. “Anthropic”-ийн өмнөх ажилтан Жейкоб Коксон өнгөрсөн долоо хоногт AI-ийн хөгжлийн өнөөгийн хурд үргэлжилбэл хүн төрөлхтөнд маш ноцтой аюул учирч болзошгүй гэж мэдэгдсэн. Үүний дараа “Anthropic”-ийн захирал Дарио Амодей зэрэг салбарын удирдлагууд AI-ийн хөгжлийг удаашруулж, илүү хатуу зохицуулалт хийхийг уриалжээ.

Мөн “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман AI-ийн аюулгүй байдлын арга хэмжээ технологийн хөгжлөөс хоцрох ёсгүй гэж мэдэгдсэн. “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла ч AI-ийн хөгжлийг цөөн хэдэн байгууллага дангаараа хянах боломжгүй гэж хэлжээ.

Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп AI-ийн эрсдэлийг харьцангуй бага үнэлж, “AI-д хэн ялна, тэр ялна” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар AI-ийн аюулгүй байдлын тал дээр АНУ, Хятад хамтран ажиллах шаардлагатай боловч энэ нь амаргүй. Учир нь AI нь хоёр улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, цэргийн технологитой шууд холбоотой болсон байна. Хятадын удирдагч Ши Жиньпин ч AI-ийн хөгжлийг аюулгүй байдалтай тэнцвэржүүлэх, холбогдох хууль, ёс зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж мэдэгдэж байсан.

Хятад улс долдугаар сард дэлхийн AI-ийн засаглалд нөлөөлөх зорилготой “Дэлхийн AI-ийн хамтын ажиллагааны байгууллага” байгуулсан. Мөн Ши Жиньпин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр нээлттэй эхийн AI хөгжүүлэх олон улсын хамтын нийгэмлэг байгуулах санал гаргажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпинийг Цагаан ордонд хүлээн авахаар төлөвлөж байна.

Энэхүү хоёр талын уулзалтаар AI-ийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэж албаныхан мэдээлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ, Хятад AI-ийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах нь чухал. Гэхдээ AI-ийн салбарт тус хоёр улсын хэн нь түрүүлэх вэ гэдэг нь зөвхөн технологийн өрсөлдөөн бус, ирээдүйн дэлхийн эдийн засаг, стратегийн хүчний харьцаанд нөлөөлөх асуудал болж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж