Хоёр дайн, нэг зах зээл

Хоёр дайн, нэг зах зээл

Хоёр дайн, нэг зах зээл

Орос, Украины дайн болон Ойрхи Дорнодын мөргөлдөөн эцэслэн шийдэгдэх төлөв ажиглагдахгүй байгаа учир энэ онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт болон эрэлт өмнө нь таамаглаж байснаас илүү хэмжээгээр буурах төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг саяхан мэдээлсэн билээ. Тайланд дурдсанаар, 2026 онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 5.7 сая баррелиар буюу ойролцоогоор зургаан хувиар буурна. Энэ нь өмнө нь таамаглаж байсан дөрвөн хувиас өндөр үзүүлэлт юм.

Юун түрүүнд Орос, Украины талууд харилцан бие биенийхээ эрчим хүчний дэд бүтцэд халдах нь эрчимжиж, боловсруулах үйлдвэрүүд эвдэрч, гэмтэн, бүтээгдэхүүний гарц нь буурах болсон. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины ерөнхийлөгч Зеленскийгээс Оросын шатахууны дэд бүтцүүд рүү халдахгүй байхыг хүссэн билээ. Тэрбээр "Зеленский нэг л зүйл хийх хэрэгтэй байна. Тэр нь Оросын дизель түлшийг онилохоо болих явдал. Ямар ч байг онилж болно, дизель түлш л биш шүү. Үүнээс нь болж хомсдол үүсч байна. Хомсдол Ойрхи Дорнодоос болж үүсээгүй. Орос, Украинаас болж үүсээд байна" гэжээ.

Гэвч ачир дээрээ Ойрхи Дорнодын мөргөлдөөн олон талаараа газрын тосны салбарыг савлуулж байгаа юм.

Ойрхи Дорнодын усан замаар зорчиж буй газрын тос тээвэрлэгч танкеруудад халдах явдал сүүлийн үед эрс нэмэгдсэн нь түүхий нефтийн үнийг хөөргөдөж, баррель нь 110 ам.доллар дөхөөд буй. Энэ нь тавдугаар сараас хойш анх удаа ийм түвшинд хүрч буй явдал юм.

Хамгийн сүүлийн нэгэн жишээ дурдвал, Саудын Арабын "East-West" дамжуулах хоолой есдүгээр сарын 10-ны өдөр Иракын дроны цохилтод өртөж гэмтсэн. Энэхүү цохилтоос болж Саудын Араб түүхий газрын тос тээвэрлэдэг гол шугамаа хаахаас өөр аргагүйд хүрч, Ням гаригийн байдлаар /2026.09.13/ газрын тосны үнэ огцом өсчээ. Тодруулбал, АНУ-ын "West Texas Intermediate" маркын газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 2.89 хувь өсч, баррель нь 102.94 ам.доллар хүрчээ. Харин олон улсын зах зээлийн жишиг болдог брент маркын газрын тосны үнэ 2.82 хувиар өсч, баррель нь 107.56 ам.доллар хүрсэн байна.

Үнийн дарамтаас шалтгаалан эрэлт суларч байгаа ч нийлүүлэлт үүнээс ч хурдан буурч байгаа аж. Өөрөөр хэлбэл, шинэ нийлүүлэлт байхгүй учир одоо байгаа нөөцөө улс орнууд түүхэнд байгаагүй хурдаар ашиглаж эхэлсэн байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр наймдугаар сард дэлхийн газрын тосны нөөц өдөрт 3.1 сая баррелиар буурч, 2023 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Тус агентлаг мэдэгдэлдээ "Өнөөг хүртэл газрын тосны нөөц зах зээлийн тэнцвэрийг хадгалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Гэвч нөөц багасаж, дэлхийн нефть боловсруулах систем хүчин чадлынхаа дээд хязгаарт тулчихсан байгаа учир үргэлжилж буй дайнуудыг шийдвэрлэх чиглэлд ахиц гаргах нь юу юунаас илүү чухал" гэжээ.

Саудын Арабын олборлолт 30 гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрэв

Саудын Арабын эрчим хүчний байгууламжуудад хийсэн халдлагууд болон АНУ-аас Ираны эсрэг хэрэгжүүлж буй бүслэлтийн улмаас OPEC+ бүлгийн газрын тосны олборлолт буурчээ. Тодруулбал, тус бүлгийн газрын тосны олборлолт наймдугаар сард өдөрт 1.8 сая баррелиар багасан 38.8 сая баррель болсон байна.

Зөвхөн Саудын Арабыг авч үзвэл, наймдугаар сард тус улсын түүхий нефтийн нийлүүлэлт өдөрт 2.3 сая баррелиар буурч, зургаан сая баррель болсон нь сүүлийн 30 жилд байгаагүй доод түвшин болжээ.

Дайны хажуугаар дажин гэгчээр, Йемений хуситууд Баб-эль-Мандебийн хоолойгоор дамжин өнгөрч буй усан онгоцууд, Жазан хотын нефть боловсруулах үйлдвэр болон Янбу хотын ойролцоох усан тээвэрт халдсан хэргүүд ч гарсан. Хуситууд өнгөрсөн долоо хоногт Моха боомтыг хяналтдаа авсан нь Улаан тэнгисийн тээврийн хөдөлгөөнд дахин нэг томоохон эрсдэл үүсгээд буй юм. Мөн Ираны дэмжлэгтэй Иракын зэвсэгт бүлэглэлүүд Абкайк дахь газрын тос боловсруулах цогцолборт дроноор цохилт өгсөн байна.

Газрын тосны эрэлт 2027 онд өснө

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор энэ онд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 2.5 сая баррелиар буурах бөгөөд энэ нь өмнө нь таамаглаж байсан 1.6 саяас буурсан үзүүлэлт юм. OPEC буюу үйлдвэрлэгч орнууд үүний эсрэг хүлээлттэй байсан ч өнгөрсөн долоо хоногт энэ таамгаа бууруулжээ. OPEC-ийн анхны тооцоолсноор 2026 онд газрын тосны эрэлт өдөрт 380 мянган баррелиар өсөх юм.

Гэхдээ хоёр байгууллага хоёулаа ирэх онд түлшний хэрэглээ дахин өснө гэж үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 2027 онд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 2.6 сая баррелиар нэмэгдэнэ. Харин OPEC таамаглахдаа өдөрт 2.36 сая баррелиар өснө гэжээ.

Ази тивд ажиглагдах нөлөөлөл

Ази тивийн хувьд дэлхийн газрын тосны хэрэглээний ойролцоогоор 38 хувь, байгалийн хийн хэрэглээний 24 хувийг эзэлдэг. Мөн тус бүс нутаг нь дэлхийн хамгийн том түүхий нефть боловсруулах төвүүдийн нэгд тооцогддог бөгөөд нийт хүчин чадлын ойролцоогоор 35 хувь нь Азид төвлөрдөг. Үүний ихэнх нь Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг орнуудад байрлаж байна.

Түүнчлэн Ази нь Ормузын хоолойгоор тээвэрлэгддэг газрын тос, байгалийн хийн гол худалдан авагч бүс нутаг. Мөргөлдөөнүүд үргэлжилсээр байвал нөлөөлөл нь дараах хэд хэдэн чиглэлд ажиглагдана.

Нэгдүгээрт, эрчим хүчний өндөр үнэ нь газрын тос, байгалийн хийн цэвэр импортлогч орнуудын худалдааны нөхцөлийг муутгаж, харин түлш экспортлогч орнуудын орлогыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, эрчим хүчний үнийн өсөлтөөс болж өрхийн зардал нэмэгдэж, хүмүүсийн бодитоор зарцуулах боломжтой орлого багасна. Гуравдугаарт, эрчим хүч нь тээвэр, аж үйлдвэр, нефть химийн үйлдвэрлэл, бордоо зэрэг салбарын зайлшгүй хөдөлгөгч хүч учраас энэ цочрол нь эдийн засгийн бүх салбарын үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, бизнесийн ашгийг бууруулна. Улмаар цаг хугацааны явцад инфляцын хоёр дахь шатны дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Эцэст нь эрчим хүчний хямрал санхүүгийн зах зээлд нөлөөлнө. Хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж, зээлийн өртөг өсөх, ам.доллар чангарч, импортлогч орнуудын валют сулрах зэргээр газрын тос, байгалийн хийн импортоос хамааралтай орнуудын эдийн засгийн дарамт улам нэмэгдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA, IMF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж