“ЖДҮ эрхлэгчид дангаараа биш, нэгдэж экспортлох хэрэгтэй”

“ЖДҮ эрхлэгчид дангаараа биш, нэгдэж экспортлох хэрэгтэй”

“ЖДҮ эрхлэгчид дангаараа биш, нэгдэж экспортлох хэрэгтэй”

Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад зах зээлд гарах боломж, Евразийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэл болон ЖДҮ-ийн сангийн зээлийн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.


-Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтад жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнесийн төлөөлөл оролцож байна. Энэ чуулганы онцлог нь хоёр орны бизнес эрхлэгчид холбоо тогтоох боломж. Үүний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхлээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд ямар үр дүн гарсан, ямар саад бэрхшээл тулгарч байгаа талаар ярилцлаа. Бид МҮХАҮТ-тай хамтран наймдугаар сарын 20-нд Байкалын үзэсгэлэнд оролцсон. Үзэсгэлэнд оролцох үеэр аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг хил, гаалиар нэвтрүүлэх, тээвэр, ложистик, төлбөр тооцоотой холбоотой асуудлууд гарч байсан. Үүнийг энэ хурлаар хэлэлцлээ. Мөн 10 гаруй аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Бид ОХУ-ын холбогдох хүмүүстэй ярилцаж, аж ахуйн нэгжүүдээ ОХУ-ын зах зээлийн судалгаа хийх, үзэсгэлэн худалдаанд оролцох, цаашид бараа бүтээгдэхүүнээ хэрхэн нийлүүлэх талаар хэлэлцэж байна.

Хуралд оролцож буй 10 гаруй аж ахуйн нэгж тухайн зах зээлийг сонирхож байгаагаас гадна гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж буй олон аж ахуйн нэгж байгаа. Тэдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй уулзалт хийхээр зорьж байна. Энэ бол дан ганц ОХУ-ын асуудал биш. Казахстан, Киргизстан зэрэг Евразийн таван улсын зах зээл рүү гарах асуудал юм.

Сарын хугацаанд 680 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн Евразийн зах зээл рүү гарсан байна.

Энэ тоог хэрхэн нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэдгийг тооцох ёстой. Мөн дотооддоо жижиг, дунд бизнес эрхлэгчид маань гадаадын зах зээл рүү гарахдаа хэрхэн хамтрах вэ гэдэг асуудал байна. Дангаараа хэдхэн ширхэг бүтээгдэхүүн бариад яваад байх уу, эсвэл нийлээд чанартай үйлдвэрлэл хийж, их хэмжээгээр экспортлох уу гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй. Түүнийг нь төрөөс дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн гадаадын зах зээлд гаргах вэ гэдгийг ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд харагдаж байна. Тиймээс Монголын холбогдох яам, агентлагууд энэ асуудлыг ажлын хэсгийн хүрээнд ярилцах хэрэгтэй гэж бодож байна.

-Евразийн зах зээлд ямар бараа бүтээгдэхүүн эрчимтэй нийлүүлэгдэх чиг хандлагатай байна вэ? Голлох бараа бүтээгдэхүүнийг дурдвал?

-Евразийн орнуудаас Монгол руу орж ирж байгаа бүтээгдэхүүн бол мах, махан бүтээгдэхүүн, тэр дундаа гахайн мах байна. Монголоос гарч байгаа бараа бүтээгдэхүүний хувьд нэхмэл, сүлжмэл, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүн байна. Хамгийн их ноос, ноолуур гарч байгаа. Хүнсний бүтээгдэхүүн ганц нэгээр гарч байна. Монгол Улс өөрөө хөдөө аж ахуйн орон учраас ноос, ноолуур, арьс шир зэрэг түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах нь өрсөлдөх чадварын нэг хэлбэр юм. Зөвхөн аж ахуйн нэгжүүдийн саад тотгорыг арилгаад орхих уу, эсвэл тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл шийдэж өгөх үү гэдгийг хэлэлцэх шаардлагатай.

-ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой ямар асуудлууд гарч байна вэ? Хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй гэж харж байна вэ?

-ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийн хувьд 2019 оноос хойш зургаан жил төрөөс санхүүжилт авч, төсвөөс мөнгө олгоогүй. Зээлийн эргэн төлөлтөөс зээл олгож, мөн орон нутгийн эх үүсвэрийг татаж байна.

Энэ жил улсын төсвөөс 35 тэрбум төгрөг, орон нутгаас 10 тэрбум төгрөг, нийт 45 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

Үүний сонгон шалгаруулалтыг аймаг бүртэй гурвалсан гэрээ байгуулж, мөнгө нь орж ирсэн тохиолдолд сонгон шалгаруулалт хийж олгож байгаа. Одоогийн байдлаар Төв аймаг, Дархан-Уул аймагт төсөл сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна. Тэгэхээр бид цаашдаа бага хэмжээний мөнгийг олон салбарт хүч тарамдуулаад байх уу, эсвэл тодорхой хэсгийг ЖДҮ-ийн сангаас олгохдоо экспорт, тэр дундаа зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн зээлийн бодлогоор дэмжих ёстой юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Экспортын потенциал гэдэг дан ганц аж ахуйн нэгжээс хамаардаг зүйл биш. Дээрээс нь жижиг, дунд үйлдвэрүүдэд хүндрэлтэй байдаг.

Томоохон компаниуд жижиг, дунд үйлдвэрүүдтэйгээ хамтарч, тэдгээр нэгжүүдээ манлайлж, бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлүүлэн өөрийн нэрээр эсвэл нэг нэрийн дор гадаадын зах зээлд гаргах хэрэгтэй байдаг юм билээ.

Олон улсын жишгийг харахад ийм туршлага байна. Өнөөдрийн хувьд гэхэд ноолуурын компаниуд дан дангаараа явж байгаа шүү дээ. Үүнээс илүү нэгдэж явах хэрэгтэй гэсэн туршлага байна.

-ЖДҮ эрхлэгчдэд хэрхэн зээл олгодог вэ? Ямар шалгуур баримталдаг вэ?

-Жишээлбэл, Төв аймгийн хувьд орон нутгийн төсвөөс 1.5 тэрбум төгрөг тавьсан. ЖДҮ хөгжүүлэх сангаас 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр наймдугаар сарын 3-наас есдүгээр сарын 1-ний хооронд төслийн материалыг хүлээж авсан. Ингээд гурван үе шаттайгаар зохион байгуулдаг. Нэгдүгээрт, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ЖДҮ-ийн мэргэжилтэн төслийг уншиж, 100 хүртэлх оноогоор дүгнэнэ. 70-аас дээш оноо авбал тэнцдэг. Эхний шатанд 100 гаруй аж ахуйн нэгжээс 80 гаруй нь тэнцсэн. Дараа нь ЖДҮ-ийн сангийн мэргэжилтэн газар дээр нь очиж үнэлэлт, дүгнэлт хийдэг.

Дараагийн шатанд аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, төслийг ил тод танилцуулан оноо тавьж, ихээс нь бага руу эрэмбэлдэг.

Үүний дараа аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, гэрээ байгуулна. Барьцаа хөрөнгийг нь авна. Улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар баталгаажуулсны дараа зээлийг олгодог. Энэ жилийн хувьд 14 аймаг, сум төслөө хүлээж авч, сонгон шалгаруулалт бүрэн дуусаагүй байна. Бүрэн дууссан аймаг нь 11 байна. Нийтдээ 1000 гаруй аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 30 гаруй тэрбум төгрөгийн зээлд 231 аж ахуйн нэгж шалгарсан. Үүнээс гэрээ байгуулж, 210 гаруй нь санхүүжилтээ авч, төслөө хэрэгжүүлээд явж байна. Харин 10-аад аж ахуйн нэгж барьцаа хөрөнгөө оруулаагүй, гэрээгээ байгуулаагүй байна.

-Зээлийн эргэн төлөлтийн хувь хэр байна вэ?

-Зээлийн эргэн төлөлт 2020 оноос хойш маш сайн байгаа. Муу зээлдэгчийн асуудал, эргэн төлөлтийн хүндрэл бараг гараагүй. Зээлийн хүндрэлтэй асуудал 2019 оноос өмнөх зээлүүд дээр байгаа. Үүнийг тухайн байгууллагуудтай нь удаа дараа уулзах, хууль хяналтын байгууллагад хандах зэргээр зээлийн эргэн төлөлтийг сайжруулаад явж байна.

-Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид, тухайлбал төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлууд үүсэж байсан. Эдгээр асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн үү?

-Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал 2018 онд үүсэж байсан. Үүнийг бүгд мэдэж байгаа. Үүнтэй холбоотой асуудал дууссан. Аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлууд цэгцрээд дуусаж байна. Цөөхөн ганц, хоёр компанитай холбоотой асуудал байгаа. Бусад нь шийдвэрлэгдээд дууссан. Үүнтэй холбоотой эргэн төлөлтийн асуудал, өмнө нь зээл аваад төлөөгүй асуудлуудыг бүгдийг нь шүүх, прокурорын байгууллагад хандаж шийдвэрлээд явж байна. Зарим тохиолдолд эрэн сурвалжилж байгаа. Нийт асуудлын 70-80 хувьд нь шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн процесс нэлээд удаан үргэлжилдэг юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хахаха 2026-09-15 202.9.47.9

Байж байгаа царагий нь хараарай!!!

Avatar

Нэргүй 2026-09-15 64.119.19.229

энэ гоё гар уу үгүй юу? иалаар нэг тарсан а.а.н. хөдөө орон нутгаас яаж зах зээлд гарахав, энэний удирддаг байгууллага юу хийдэг болж таарав? иймэрхүү нам дагасан далдагаруудыг зайлуулах хэрэгтэй, б**с долоогчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж