"BRICS"-ийн тунхаглал

"BRICS"-ийн удирдагчид Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хамтарсан тунхаглал баталжээ. Хоёр өдөр үргэлжилсэн тус уулзалтад 11 улсын төлөөлөл оролцсон байна. Тэд Иран, Украины асуудалд өөр, өөр байр суурь илэрхийлсэн ч санал нэгтэйгээр тунхаглал баталсан байна.

Тодруулбал, "Шинэ Делигийн тунхаглал"-д Ойрх Дорнодод болж буй мөргөлдөөний үеэр талуудыг хүлээцтэй байхыг уриалсан байна.

Гэхдээ АНУ, Израилийн Иранд хийсэн цохилтыг болон Тегераны Персийн булангийн орнуудад чиглэсэн халдлагыг шууд буруутгаагүй байна. Мөн дэлхийн худалдааны дайныг шүүмжилж, нэг талын тарифыг олон улсын эрх зүйн зарчимд нийцэхгүй гэж үзжээ. Гэвч энэ хэсэгт АНУ-ын нэрийг шууд дурдаагүй юм.

Энэтхэгийн нийслэлд болсон уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэрэг удирдагчид оролцсон билээ. Улмаар "BRICS" “насанд хүрсэн” буюу олон улсын тавцанд илүү нөлөөтэй болж буй үе шатанд хүрснийг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди онцолжээ. Тэрбээр хөгжиж буй орнууд бусдын тогтоосон дүрмийг зүгээр дагах бус, дэлхийн шинэ дүрэм, бодлогыг боловсруулахад илүү их оролцох ёстой гэж мэдэгдсэн байна.

BRICS ГЭЖ ЮУ ВЭ?

"BRICS" нь анх 2006 онд Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ гэсэн дөрвөн улсаас бүрдсэн "BRIC" нэртэй бүлэглэл байв. Өмнөд Африк 2010 онд нэгдсэнээр "BRICS" гэж нэрлэх болсон. Улмаар Египет, Этиоп, Иран, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Индонез улс нэгдэж, одоо 11 гишүүнтэй болжээ.

"BRICS"-ийн орнууд дэлхийн хүн амын бараг тал хувийг бүрдүүлж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 40 хувийг үйлдвэрлэдэг.

Тус бүлэглэл хөгжиж буй орнуудын дэлхийн эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргалтад эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийг зорьдог. Мөн Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг барууны орнуудын нөлөө ихтэй байгууллагуудад шинэчлэл хийхийг дэмждэг билээ.

Гэхдээ ерөнхий сайд Нарендра Моди "BRICS"-ийг барууны орнуудын эсрэг чиглэсэн бүлэглэл гэж ойлгож болохгүй гэдгийг онцолжээ. Тэрбээр “BRICS хэний ч эсрэг биш” гэж онцлоод, дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

АНУ, ИЗРАИЛЬ-ИРАНЫ ДАЙН "BRICS"-ИЙН ХУВЬД ТОМ СОРИЛТ БОЛСОН

АНУ, Израилийн Ираны эсрэг дайн нь "BRICS"-ийн орнууд нэгдсэн байр суурьтай байж чадах эсэхийг шалгасан томоохон сорилт болсон. Тус бүлэглэлийн удирдагчид Ойрх Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж байгаад “гүнээ санаа зовниж” буйгаа илэрхийлж, талуудыг “аль болох хүлээцтэй байх”-ыг уриалжээ.

Мөн нөхцөл байдлыг улам хурцатгаж болзошгүй үйлдэл хийхгүй байхыг улс орнуудад уриалсан байна. Гэхдээ хамтарсан мэдэгдэлд АНУ, Израиль, Иран болон Персийн булангийн орнуудын нэрийг шууд дурдаагүй.

Өнгөрсөн онд Бразилд болсон "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтаар АНУ, Израилийн Ираны эсрэг хийсэн дайныг ил тод буруутгасан. Мөн энэ дайн нь олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гэж тодорхойлж байсан юм. Харин энэ удаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг дайн нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй гэж мэдэгдэж, асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэж, байнгын бөгөөд бүрэн хэмжээний гал зогсоохыг уриалжээ.

Өнгөрсөн тавдугаар сард "BRICS"-ийн гадаад хэргийн сайд нар Ираны дайны асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй. Учир нь гишүүн орнуудын байр суурь адилхан байгаагүй юм. Иран бол "BRICS"-ийн гишүүн орон. Мөн Ирантай мөргөлдөөнд оролцож буй Арабын нэгдсэн Эмират улс ч тус бүлэглэлийн гишүүн юм.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны сайд асан Нирупама Менон Рао "Энэтхэг улс хоёр орны санал зөрөлдөөнийг үл харгалзан нэгдсэн тунхаглал гаргаж чадсан нь дипломат амжилт" гэж үнэлжээ. Түүний үзэж буйгаар "BRICS" энэ удаа зөвшилцлийг хадгалж чадсан. Гэхдээ болж буй нөхцөл байдал болон цаашид тус бүлэглэл юу хийх талаар нарийн тайлбар өгч чадаагүй юм.

Тунхаглалд мөн энгийн иргэдийн дэд бүтэц болон Олон улсын атомын энергийн агентлагийн хамгаалалтад байдаг энхийн зорилготой цөмийн байгууламжуудад зориудаар халдахгүй байхыг онцолжээ.

Энэ нь Ираны цөмийн байгууламжуудад хийсэн АНУ, Израилийн цохилтыг шууд бусаар шүүмжилсэн хэрэг болж байна. 2025 онд 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөний үеэр АНУ Ираны Хатанз, Исфахан, Фордо дахь цөмийн гол гурван байгууламжид цохилт өгсөн юм.

Олон улсын хямралын бүлгийн ахлах шинжээч Прэвин Донтигийн хэлснээр, дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцдаж, "BRICS"-ийн гишүүн орнуудын ашиг сонирхол зөрчилдөж байгаа учраас энэ удаагийн уулзалтаас өндөр үр дүн хүлээхэд хэцүү байсан.

Тэрбээр Энэтхэг улс "BRICS"-ийн бүх гишүүн оронтой сайн харилцаатай байдлаа ашиглан, тунхаглалыг батлуулахад идэвхитэйгээр "лоббидсон" гэж үзэж байна.  Ялангуяа мөргөлдөөний эсрэг, тэсрэг талд байгаа Иран болон Арабын нэгдсэн Эмират улсыг нэг байр сууринд хүргэх нь хамгийн том сорилт байсан аж.

ОХУ-УКРАИНЫ ДАЙН

Украины дайн мөн "BRICS"-ийн орнуудын дунд санал зөрөлдөөн үүсгэж буй асуудлын нэг хэвээр байна. Ялангуяа ОХУ нь "BRICS"-ийг анх байгуулсан гишүүн орнуудын нэг юм. Энэ удаагийн тунхаглалд Украины талаар шууд дурдаагүй ч улс хоорондын маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцөл, дипломат арга замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж уриалжээ.

Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр улс орнууд дангаараа хориг арга хэмжээ авахыг "BRICS"-ийн орнууд шүүмжилсэн байна.

Тунхаглалд ийм төрлийн хориг нь олон улсын эрх зүй болон НҮБ-ын зарчмуудыг зөрчиж байгаа тул цуцлах хэрэгтэй гэжээ. Энэ нь 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш барууны орнуудын өргөн хүрээний хоригт өртсөн ОХУ-ын хувьд чухал байр суурь юм.

Харин Энэтхэг улс ОХУ-тай ойр харилцаатай хэвээр байгаа. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд хүндрэл гарсан үед тус улс ОХУ-аас газрын тос импортолж ирсэн.

ОХУ-ын еөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар Украины асуудлаар энхийн хэлэлцээ хийхэд зуучлахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Владимир Путин ч уг саналыг дэмжсэн байна. Өнгөрсөн онд Энэтхэг улс ОХУ-аас газрын тос худалдан авч байгааг шийтгэх зорилгоор АНУ Энэтхэгийн бараанд 25 хувийн нэмэлт тариф тогтоосон. Үүний дараа Энэтхэг улс ОХУ-аас авах газрын тосны хэмжээгээ бууруулжээ.

ПАЛЕСТИН УЛСЫГ ДЭМЖИВ

"BRICS"-ийн орнууд Палестины асуудлаар илүү тодорхой байр суурь илэрхийлсэн байна. Тэд Палестинчуудыг хүчээр нүүлгэн шилжүүлэх болон эзлэгдсэн нутаг дэвсгэрийн газар зүй, хүн амын бүтцийг өөрчлөх аливаа оролдлогыг эрс эсэргүүцжээ.

Мөн Газын зурвас дахь Израилийн дайныг зогсоохыг уриалж, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлдэг НҮБ-ын агентлаг "UNRWA"-г дэмжихээ илэрхийлжээ. "BRICS" мөн Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн байна.

Үүний зэрэгцээ Израиль, Палестин гэсэн хоёр улс зэрэгцэн орших хоёр улсын шийдлийг дэмжсэн.

Тодруулбал, 1967 оны хилд үндэслэсэн тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг уриалж, Зүүн Иерусалимыг нийслэл болгох байр суурийг дэмжсэн байна.

АНУ-ЫН ТАРИФЫГ ШҮҮМЖЛЭВ

"BRICS"-ийн орнууд худалдааг гажуудуулж буй нэг талын тариф болон тарифын бус арга хэмжээнд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр улс орнуудад хориг арга хэмжээ авахыг эсэргүүцсэн байна. АНУ нь БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг "BRICS"-ийн хэд хэдэн гишүүн оронд тариф тогтоогоод байгаа.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь "BRICS"-ийг “Америкийн эсрэг” бүлэглэл гэж тодорхойлж, тус бүлэглэлтэй ойр ажиллаж буй улс орнуудад нэмэлт тариф ногдуулна гэж анхааруулж байсан юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, зарим нэг орон тариф, хориг болон “хүч хэрэглэх” замаар хүчирхэгжиж буй өрсөлдөгч орнуудын боломжийг хязгаарлах гэж оролдож байна гэж шүүмжилжээ.

Үүний зэрэгцээ "BRICS"-ийн орнууд дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүчний урсгал болон далайн аюулгүй байдлыг хамгаалахын тулд хамтран ажиллах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

ОЛОН ТУЙЛТ ДЭЛХИЙГ ДЭМЖИВ

"BRICS"-ийн орнууд дэлхийн олон талт хамтын ажиллагаа болон олон туйлт тогтолцоог бэхжүүлэх байр сууриа дахин илэрхийллээ. Тэдний үзэж буйгаар олон туйлт дэлхий бий болсноор хөгжиж буй болон шинээр хөгжиж буй зах зээлтэй орнуудын эдийн засгийн боломж нэмэгдэнэ.

Путин Ази, Африк, Латин Америкийн орнуудыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илүү өргөнөөр оролцуулж, улсаа төлөөлөх боломж олгох шаардлагатай гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, дэлхий олон туйлт тогтолцоонд шилжих үйл явцыг одоогийн хүчирхэг орнууд эсэргүүцэж байна гэж тэрбээр үзэж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин "BRICS"-ийн орнууд олон улсын харилцааг илүү шударга, тэгш болгоход хувь нэмэр оруулах ёстой гэжээ. Харин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди "Хөгжиж буй орнууд бусдын тогтоосон дүрмийг дагадаг улс байхаас илүүтэй, дэлхийн дүрэм журмыг боловсруулахад оролцдог ‘дүрэм тогтоогч’ болох хэрэгтэй" гэж онцолсон байна.

Моди “Давуу эрхийн шаталсан тогтолцоог түншлэлийн талбар болгон өөрчлөх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Гэхдээ Энэтхэг улс "BRICS"-ийг барууны орнуудын эсрэг чиглэсэн бүлэглэл гэж үзэхгүй гэдгээ мөн тодорхой илэрхийлсэн байна.

Моди “Бид хэний ч эсрэг биш. Харин бүх улс орныг хамтдаа урагшлахыг хүсч байна” гэж мэдэгдсэн байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Russia 🇷🇺, China 🇨🇳, and India 🇮🇳 are the three most powerful allied powers in the world. And Vladimir Putin, Xi Jinping, and Narendra Modi are the three most powerful heads of state in the world today and the best leaders. 2026-09-15 64.119.24.87

Russia 🇷🇺, China 🇨🇳, and India 🇮🇳 are the three most powerful allied powers in the world. And Vladimir Putin, Xi Jinping, and Narendra Modi are the three most powerful heads of state in the world today and the best leaders.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж