Сурвалжлага: Хилийн алслагдсан бүсэд хүүхдийн инээд цангинаж байна

Сурвалжлага: Хилийн алслагдсан бүсэд хүүхдийн инээд цангинаж байна

Сурвалжлага: Хилийн алслагдсан бүсэд хүүхдийн инээд цангинаж байна

Увс аймгийн Давст сум, Улаангом хотоос 115 км зайд байрлах Боршоо боомтод ажиллаж, амьдардаг хилчид, төрийн байгууллагын алба хаагчдын хувьд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулах нь тулгамдсан асуудлын нэг байв. Хүүхдээ сургахын тулд аймаг, сумын сургуулийн дотуур байранд суулгах, эсвэл гэр бүлийнхээ нэг гишүүнийг хүүхдээ дагуулан суурин газар амьдруулах шаардлагатай болно.

Харин энэ нөхцөл байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж эхэлжээ. Боршоо боомтод сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ бий болж, хоёр дахь хичээлийн жилдээ хүүхдүүдээ хүлээн авч байна. Тус сургууль, цэцэрлэгт хилийн 5, 6 дугаар застав, гааль болон боомт орчимд ажиллаж, амьдардаг иргэдийн хүүхдүүд суралцаж, хүмүүжиж байгаа юм.

Хүүхдийн тоо цөөн учраас сургалтын үйл ажиллагааг холимог бүлгээр зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, өөр өөр насны хүүхдүүд нэг бүлэгт суралцдаг бөгөөд энэ нь багш нарт хүүхэд бүртэй тулж ажиллах боломжийг олгодог байна.

Бэлтгэл ангийн багш Б.Ганчимэг өмнө нь Улаанбаатар хотод багшилж байжээ. Түүний нөхөр Боршоо боомтод шилжин ажиллаж, боомтод сургууль, цэцэрлэг байгуулагдсан цагаас тус байгууллагад ажиллаж байгаа аж. Тэрбээр боловсролын салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоо бэлтгэл ангийн долоон сурагчтай.

Цөөн хүүхэдтэй учраас хүүхэд бүрийнхээ онцлогт анхаарч, өдөр тутмын ахиц дэвшлийг нь ажиглах боломжтой гэдгийг тэр онцолж байлаа.

Хүүхдүүдийн тухай ярихдаа Б.Ганчимэг багш инээмсэглэнэ. “Намар хичээл ороход ‘Багшаа, та хаашаа яваад ирсэн юм бэ, яагаад ийм удаан амардаг юм бэ’ гэж асуудаг. ‘Багшаа, таныг маш их санасан шүү’, Цэцэрлэгтээ ирэх их дуртай” хэмээн шулганах хүүхдүүдээ санаж, есдүгээр сарын 1-нийг хүлээдэгээ нуусангүй. Эндхийн хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэг нь зөвхөн хичээл, сургалтын орчин биш. Өдөр бүр ирж, багштайгаа уулзаж, найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлдэг тухтай орчин нь.

"НАС НАСНЫ СУРАГЧИД БИЕ БИЕДЭЭ ЗААХ, СУРАЛЦАХ, ТУСЛАХ БОЛОМЖ ИХТЭЙ БАЙДАГ"

Өмнө нь хилийн застав, боомтод ажилладаг гэр бүлүүд хүүхдээ сургахын тулд суурин газар руу явуулах, эсвэл гэр бүлийн нэг гишүүн хүүхдээ дагуулан өөр газар амьдрах шаардлагатай болдог байжээ. Энэ нь гэр бүлээрээ хоёр талд амьдрах нөхцөл үүсгэж, хүүхдээсээ хол ажиллахад хүргэдэг байсан байна. Харин одоо хүүхдүүд эцэг, эхийнхээ дэргэд сурч, боловсрол эзэмших боломжтой болсон нь хамгийн том давуу тал юм.

Залуу багш Н.Энхтунгалагийн хувьд Боршоо боомт анхны ажлын байр нь. Тэрбээр сургуулиа төгсөөд шууд энд ажиллаж эхэлсэн бөгөөд одоо бага, дундын холимог бүлгийн багшаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Анх Боршоо боомтод ажиллана гэхэд алслагдсан хилийн бүсэд амьдрах, ажиллах ямар байх бол гэж эргэлзэж байжээ. Харин хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн нь ажлаа үргэлжлүүлэх гол шалтгаан болсон байна.

“Анх ирэхдээ Боршоо боомт гэж ямар газар байдаг бол гэж бодож байсан. Залуу хүн байж ийм алслагдсан газар яаж ажиллах вэ гэж бодож байлаа. Гэхдээ хүүхдүүд маань намайг эндээ аз жаргалтай ажлаа хийх боломж бөгөөд аз жаргал” хэмээн Н.Энхтунгалаг багш ярив.

Түүний бүлэгт найман хүүхэд суралцдаг. Хүүхэд цөөн учраас нэг бүрийнх нь онцлог, хэрэгцээнд анхаарч ажиллах боломжтой. Тиймээс тоглоомоор дамжуулан суралцуулах, хэл яриаг нь хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх зэрэг арга барилыг түлхүү ашигладаг байна. Холимог бүлгийн нэг онцлог нь хүүхдүүд бие биенээсээ суралцдагт оршино. Том хүүхдүүд багачууддаа тусалж, багачууд нь ах, эгч нараасаа үлгэр дуурайл авдаг. Энэ нь цөөн хүүхэдтэй орчинд тэдний харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нэг хэлбэр болж байна.

Тус сургуульд ажиллаж буй багш нарын нэг нь Д.Солонго. Тэрбээр боловсролын салбарт 17 жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь Тэс, Наранбулаг сум болон аймгийн төвд багшилж байжээ. Харин одоо хилийн алслагдсан энэ бүсэд ажиллаж байна.

Олон жил багшилсан туршлагатай тэрбээр Боршоо боомтод ажиллах болсон шалтгаанаа хүүхэд бүртэй ойр ажиллах боломжтой холбон тайлбарлав.

“Би өөрөө хөдөө ажиллах дуртай. Хүүхэд цөөтэй болохоор хүүхэд бүртэйгээ тулж ажиллах боломжтой. Тэр нь надад таалагддаг” хэмээн Д.Солонго багш ярив. Түүний ажил зөвхөн үндсэн хичээлээр хязгаарлагдахгүй. Өглөөгүүр хичээлээ орсны дараа үдээс хойш хүүхдүүдийн оюуны хөгжил, спорт, шатар, даам болон бусад хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Өөр өөр насны хүүхдүүдтэй нэг бүлэгт ажилладаг учраас сургалтын арга барилаа хүүхэд бүрийн нас, хөгжлийн онцлогт тохируулах шаардлагатай болдог.

Цөөн хүүхэдтэй сургуулийн давуу тал нь багш нар хүүхэд бүрийн чадвар, сонирхол, ахиц дэвшлийг нь анзаарах боломжтойд оршино.

Нөгөө талаас алслагдсан бүсэд ажиллаж буй багш нарт өөрийн гэсэн хүндрэлүүд бий. Багш нар Улаангом хотоос ирж ажилладаг. Баасан гаригийн орой гэртээ харьж, Ням гаригт буцан ирээд ажлын өдрүүдэд Боршоо боомтод амьдарч, хүүхдүүдтэйгээ ажилладаг байна. Өөрийн гэсэн байр, орон сууцгүй, өдөр тутмын ахуйн асуудлаа зохицуулах шаардлагатай.

Мөн хүүхдийн хоол хүнсийг сумаас 30-40 километрийн зайнаас зөөж авчирдаг аж.

Эдгээр нөхцөл багш нарын хувьд амаргүй ч хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байх нь тэдний ажлын гол зорилго болж байна.

"БОРШОО БООМТЫН АЖИЛЧИД ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ "ТУСГААРЛАГДАХГҮЙ" ХАЛУУН АМ БҮЛЭЭРЭЭ АМЬДАРЧ БАЙНА"

Увс аймгийн Боловсролын газрын дарга А.Болормаагийн мэдээлснээр, Боршоо боомт орчимд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ хүргэх ажлыг эхлүүлснээс хойш 150 гаруй хүүхэд цэцэрлэгийн боловсролд хамрагджээ. Одоогоос гурван жилийн өмнө Увс аймгийн Улаангом сумын Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хил дагасан долоон заставт салбар бүлэг байгуулж, эхний ээлжид цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамруулж эхэлсэн байна. Үүний дараа Боршоо боомтод сургууль, цэцэрлэгийн зориулалтын орчин бүрдэж, хүүхдүүд боловсролын үйлчилгээг тогтмол авах боломжтой болжээ.

Боршоо боомт нь 24 цагийн ажиллагаатай, улсын онцгой объектын нэг. Энд ажиллаж буй хилчин, төрийн байгууллагын алба хаагчдын хувьд хүүхдийнхээ боловсролыг шийдэх асуудал олон жилийн турш хүндрэл дагуулж ирсэн байна. Хүүхдээ сургахын тулд гэр бүлээрээ хоёр талд амьдрах, эсвэл хүүхдээ хол явуулах шаардлагатай байсан бол өнөөдөр тэд хүүхдээ дэргэдээ сургах боломжтой болжээ.

Боршоо боомтын сургууль, цэцэрлэг хоёр дахь хичээлийн жилдээ ажиллаж байгаа ч эндхийн гэр бүлүүдэд хэрэгцээтэй боловсролын үйлчилгээг бий болгож чадсан байна. Хүүхдүүдийн хувьд хамгийн том өөрчлөлт нь аав, ээжээсээ холдохгүйгээр сургууль, цэцэрлэгтээ явж байгаа явдал.

Алслагдсан хилийн бүсэд ажиллаж буй багш нарын хувьд холын зам, ахуйн нөхцөл, гэр бүлээсээ хол байх зэрэг бэрхшээл бий. Гэсэн ч тэдний өдөр бүрийн ажил энд амьдарч буй гэр бүлүүдийн нэг том асуудлыг шийдэж байна. Ингэснээр Боршоо боомтын сургууль, цэцэрлэг нь зөвхөн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ хүргэж байгаа газар биш, хилийн алслагдсан бүсэд ажиллаж, амьдардаг гэр бүлүүд хүүхдээ дэргэдээ байлгаж, боловсрол эзэмшүүлэх боломжийг бүрдүүлсэн орчин болжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-14 202.133.76.52

хасгууд цөөн бол хүүхэд бүр инээж байг

Avatar

Нэргүй 2026-09-14 202.9.41.9

Хийж бүтээж байгаа ажил болгоныг дэмжих хэрэгтэй. Сайн байна. Хөдөө орон нутагт иргэд маань очиж амьдрах хүсэлтэй байдаг. Нөхцөл нь сайн бол хэн Улаанбатар хотод түгжирч бухимдалтай утаатай орчинд амьдрахыг хүсэх билээ.

Avatar

зочин 2026-09-14 66.181.184.133

Гэгээтэй сайхан мэдээ уншихад урамтай байлаа. Багш, хүүхдүүд, сурагчдад эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье

Avatar

Уншигч 2026-09-14 202.9.46.131

Цэцэрлэг, сургууль чинь хүүхдийн нас, гүйцэтгэх үүргээрээ арай өөр байгууллага ш дээ. Яахаараа энэ бага насны хүүхдүүдийг "сурагч" гэж бичээд байгаа юм бэ, сурвалжлагч аа? Ингэхээр хүүхдүүдээ академик мэдлэгээр шахаад, хүн болж төлөвшихөд нь бараг анхаарахгүй байгаа ш дээ. Сургуулийн хүүхдүүдийг л уул нь "сурагч" гэдэгсэн.

Avatar

Нэргүй 2026-09-14 43.242.242.59

Сайхан гэрэлтэй мэдээ нийтэлсэнд баярлалаа. Цаг нь болохоор Монгол улс минь хөгжин бадрах болно. маш их баялагатай бахархам түүхтэй монгол улс минь хөгжин бадарч иргэд нь баян чинээлэг аз жаргалтай амьдрах болтугай. Би үхэж байсан ч өвөг дээдсийнхээ гал голомтноос дайжиж явахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж