
ХҮРТЭГСЭД БОЛГОВ
Энэ оны хоёрдугаар улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 408.5 мянгад хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 61.5 мянган төгрөгөөр буюу 17.7 хувиар нэмэгдсэн нь худалдан авах чадвар багагүй сайжирсныг илтгэж байна. Өрхийн орлого нэмэгдсэнтэй холбоотой зарлага ч мөн төдий хэмжээнд нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин зарлагын эх үүсвэр болдог ажилгүйчүүдийн тоо 109.4 мянгад хүрсний 60 гаруй хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Гэсэн ч ажилгүйчүүдийн тоо өмнөх оныхоос 2.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Нийгмийн даатгалд 507.2 мянган шимтгэл төлөгч даатгуулагчаар бүртгэгдсэний 198.1 мянга нь төсөвт байгууллагад, 309.1 мянга нь бусад аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг аж. Эдгээр хүний бүрдүүлж буй Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 221.9 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний хамгийн их буюу 73.4 хувийг өндөр насны, 12.7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.2 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна.Мөн нийгмийн халамжийн тэтгэвэрт өмнөх оныхоос 1.8 хувиар илүү буюу 16.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд нийгмийн халамж хүртэгсдийн тоо 1.6 хувиар нэмэгдэн 55.7 мянгад хүрсэн аж. Үүнээс гадна “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгохоор амласан 120 мянган төгрөгийн эхлэл болгож өнгөрсөн сарын байдлаар 2.5 сая иргэнд 180.6 тэрбум төгрөг олгосон байна. Мөн халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 1.8 хувиар өсч, ДОХ-ын 17 тохиолдол шинээр бүртгэгдэж улсын хэмжээнд ДОХ-той хүний тоо 79 болсон нь залуусын гэр бүл төлөвлөлт муу байгааг харуулав.
Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ гурван хувь, боловсролын үйлчилгээний бүлгийнх 17.9 хувиар өссөнөөс болж хэрэглээний үнийн улсын индекс 0.7 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны жилийн эцсийнхээс 9.0 хувь, энэ үеийнхтэй харьцуулахад 11.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Ийнхүү хэрэглээний үнэ өссөн нь өрхийн төсөв үнэгүйдэж байгаа ганц шалтгаан болж байгаа юм. Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 3656.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 42.6 хувиар өссөн. Энэ нь өнгөрсөн сард валютын ханш тогтворгүй байснаас их хэмжээний бэлэн мөнгө гүйлгээнд гаргасантай холбоотой. Ингэснээр гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 467.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 21.7 хувиар өссөн. Үүнийг инфляци хөөргөнө гэж нэг хэсэг хүн ярьж байхад нөгөө нь иргэдийн худалдан авах чадварт эергээр нөлөөлнө хэмээж буй. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өссөн ч хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 86.1 тэрбум болж, өмнөх оныхоос 50.4 хувиар буурсан байна. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 410.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь “Зоос” банк “Төрийн банк” болж, “Анод” банк дампуурлаа зарласантай холбоотой. Одоогоор “Анод” банкны зээлдэгчдээс л гэхэд 75 тэрбум гаруй төгрөгийн авлагатай байгаа нь банкны системийн өрийн хэмжээг нэмэгдэхэд хүргэж байгаа юм. Төсвийн урсгал орлого 1737.4 тэрбум төгрөг, урсгал зардал 1378.5 тэрбум төгрөг болж, тэнцэл нь 358.9 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 641.8 тэрбум төгрөг буюу 70 хувиар нэмэгдсэнтэй холбоотой юм. Үүнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 166 тэрбум төгрөг буюу 3.7 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 112.1 тэрбум төгрөг буюу 95.4 хувь, НӨАТ-ын орлого 129.3 тэрбум төгрөг буюу 62.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхайн, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 1174.5 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 157.2 тэрбум төгрөг буюу 15.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд нийт 107.3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсний 92.8 хувийг дотоодын, 7.2 хувийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн аж. Гэвч энэхүү тоо нь үнэнээс жаахан зөрж байгаа юм. Учир нь дотоодынхны эзэмшиж байгаа 92.8 хувь нь захиалагчийн хувиар эзэмшиж байгаа тоо юм. Үнэн хэрэгтээ захиалагч компани нь дотоодын хөрөнгө оруулагчтай компани байхаас биш гүйцэтгэгч компаниудын ихэнх нь гадны тэр дундаа Хятадын компаниуд байдаг. Харин төмөр замын тээврээр давхардсан тоогоор 2349.3 мянган зорчигч зорчиж, 10485.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос зорчигчдын тоо 7.1 хувь, тээсэн ачаа 17.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр төмөр замын тээврийн салбарын орлого 189.4 тэрбумд хүрч, өмнөх оноос 50.9 тэрбум төгрөг буюу 36.8 хувиар өссөн банйа. Мөн агаарын тээврийн салбарын орлого 85.2 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 10.4 тэрбум төг буюу 14.0 хувиар өссөн нь ачаа эргэлт болон зорчигчдын тоо өссөнтэй холбоотой.
Р.САРАНГООЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин