"Боловсролын салбарын суурь асуудал бол сургууль, цэцэрлэг нэмж барих"

"Боловсролын салбарын суурь асуудал бол сургууль, цэцэрлэг нэмж барих"

"Боловсролын салбарын суурь асуудал бол сургууль, цэцэрлэг нэмж барих"

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганыг долоо хоногийн өмнө зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцлээ. Төсвийн тодотголыг хэлэлцэж, батлахгүй бол оны эцэст багш нарын цалинг тавих боломжгүй гэдэг зүйлийг зарим улстөрчид хэлж байна.  Төсвийг УИХ-ын гишүүд хэлэлцэж, баталдаг. УИХ Монгол Улсын 2026 оны төсвийг батлахдаа яагаад багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг тооцож, төсөвт тусгаагүй юм бэ?

-Би бас энэ асуултыг УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанд оролцохдоо асуусан. Цалингийн асуудлыг шийдэхээр өмнө нь Үйлдвэрчний эвлэл, Сангийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам ширээний ард ярилцаж, гурван талт хэлэлцээр хийгээд тухайн жилийн төсөвтөө оруулж, баталсан. Энэ тооцоог ганц салбарын сайд нь гаргачихсан юм биш. Дээр дурдсан гурван яамны сайд хамтдаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тооцооллыг нь хийж, 2026 оны төсөвт суулган УИХ-аар батлуулсан. Үүнээс гадна эмч нарын цалинг үе шаттайгаар 10, 10 хувиар нэмэгдүүлэх тооцооллыг ч хийсэн байдаг. Ер нь багш, эмч нарын цалин нэмэх асуудал улсын төсөвт тодотгол хийх гол үндэслэл биш. Өнөөдөр улсын төсөвт том ачаалал ирсэн үү ирсэн. Гэхдээ өмнө нь улсын төсвийн тооцоололд орсон асуудал гэж харж байна. Ирэх 2027 оны төсөв харин маш их тэлсэн харагдаж байна. Энэ асуудлыг олон нийт гярхай сайн ажиглаж, ямар төсөв хаана хэрхэн нэмэгдэж байна вэ гэдгийг анхаарах шаардлагатай. Төсвийн тодотголоор ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд 50 тэрбум төгрөг төсөвлөсөн нь олны шүүмжлэл дагуулж байна. Үүнээс илүү багш, ажилчдын цалинг нэмэх нь чухал. Өмнө нь багш, эмч нарын цалин нэмсэн учраас одоо бусад салбарын ажилчдын цалинг нэмэх асуудлыг барьцаж, оруулж ирж байгаа нь буруу.

Анх багш нарын цалинг нэмэхдээ улсын дундаж түвшинд хүргэх л зорилгоор нэмсэн шүү дээ.

Ер нь бол улсын төсвийг зайлшгүй хэлэлцэж, батлах хуультай. Харин төсвийн тодотголыг батлахгүйгээр Засгийн газарт буцаах боломжтой. Би зарчмын хувьд төсвийн тодотголыг дэмжиж байгаа. Ялангуяа тэтгэвэр тэтгэмж нэмэх шаардлагатай. Үнэхээр багш нарын цалин оны эцэст хүндрэх нөхцөл байдалд байгаа бол төсөвт тодотгох ёстой.

"БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ТООН БОЛОН ЧАНАРЫН ГҮН ХЯМРАЛД ОРСОН"

-Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуульд улсын төсвөөс 3,5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд суулгасан гэх асуудал шүүмжлэл дагуулж байна. Ер нь энэ хичээлийн жилд хувийн сургуулиудтай хамтран ажиллаж, хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах зохицуулалтыг хийх нь хэр зөв бэ ?

-Цэцэрлэг, сургуулийн байр хүртээмжгүй байгаагаас үүдэн хүүхдүүд орон сууцны орцонд хичээллэж байна. Бүр орц нь олдохгүй болохоор хувийн сургуульд хандаж, тэнд улсын сургуулийн хүүхэд хичээллүүлэх асуудал яригдаж байна. Улсын сургуулиудын ачаалал хэтэрч, сурагчид нь багтахгүй байгаа учраас салбар яамнаас зарим хувийн сургуулиудад хамтран ажиллах санал тавьсан гэж ойлгосон. Тэр хүрээнд салбарын яамнаас нь зарим хувийн сургуулийн сул суудал дээр улсын сургуулийн сурагчдыг үнэ төлбөргүй суралцуулах хүсэлтийг тавьж, улсаас хувьсах зардлын нэмэгдлийг нь хоёр дахин олгоё гэдэг тооцооллыг хийжээ. Энэ хүсэлтийг нь нэр бүхий хувийн сургууль дэмжин ажиллахаар болсон гэж сонссон. Гэхдээ энд ойлгомжгүй асуудал маш их байна.

Тухайн сурагчид  улсын сургуулийнхаа статусаар суралцах юм уу, хувийн сургуулийнхаа статусаар суралцах юм уу. Яамны санал санаачлага нь эргээд хувийн сургуулиуд руу дайралт болж, ирж байна.

Нөгөө талаас зарим хувийн сургуулиудад тоног төхөөрөмж өгөх асуудал яригдаж байна. Тэр нь төрөлжсөн ахлах сургууль байгуулах асуудалтай холбоотой гэж ойлгосон. УИХ-ын гишүүдэд ямар хувийн сургуульд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ гэдэг төсвийн нарийвчилсан задаргаа ирээгүй тул Ерөнхий сайдын хамааралтай сургууль уу гэдгийг мэдэхгүй байна. Ерөнхийдөө төрөлжсөн ахлах сургууль байгуулахад 15 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдэг мэдээллийг харсан. Би нарийвчилсан задаргааг нь гаргаж өгөх хүсэлтийг яаманд тавьсан.

Би хувьдаа, Боловсролын сайдын манлайлан дэвшүүлж байгаа "Гэрт ойр сургууль" буюу хотхоны бага сургууль байгуулах болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах, цахим шилжилт нэрээр сурагчдад өндөр дүнтэй төсвөөр хромбүүк тараах, аймаг, дүүрэг болгонд кембрижийн хөтөлбөртэй сургууль барих гэсэн бодлогод  шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тооцоо судалгаа, эрэмбэ нь хаана байна вэ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 2026 оныг боловсрол салбарыг дэмжих жил болгон зарласан. Би парламент дахь боловсролын салбарын экспертийн хувьд салбарын тооцоо судалгааг маш нарийн хийсэн юм. Уг тооцооллоор, боловсролын салбарт цэцэрлэг, сургуулийн хүртээмж нэг ангид 30-аас доош хүүхэд суралцах ёстой байтал өнөөдөр 40, 50, 60 давсан хүүхэд суралцаж байна, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 300 хүүхэд сурч байна зэрэг тооцооллыг маш нарийн хийсэн. Эдгээр үндсэн суурь асуудлыг шийдэхгүй бол хүүхдийн чанартай боловсрол эзэмших үндсэн эрх зөрчигдөж байна. Ингэж эрх нь зөрчигдөж буй хүүхэд улсын сургуулийн тал хувийг эзэлж байна. Улсын сургуулийн 740 мянган хүүхдийн тал нь ийм нөхцөлд суралцаж байна. Тэгэхээр ийм суурь нөхцөлийг арилгахгүйгээр бид цаашаа явах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

Тиймээс нэг ангид суралцаж байгаа хүүхдийн тоог 40-өөс доош оруулахын тулд шинээр 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шийдлийг гаргаж байсан.

Багшийн хомсдол бас суурь асуудал. Энэ дутагдалтай орон тоогоо бүрдүүлэхгүй бол боловсролын салбар багшгүй болох эрсдэлтэй. Багш нарын ажлын ачаалал их байна. Тиймээс багш нарынхаа цалинг нэмэхээс гадна ажлын ачааллыг нь багасгаж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхааръя гээд хэд хэдэн үндсэн санал гаргасан. Сургуулиудын бие даасан байдал алдагдаж, менежментийг сайжруулахгүй бол хэн дуртай нь багш руу дайрч байна. Энэ мэтчилэн эксперт хүний хувиар үндсэн 10 ажлыг хийе гэсэн жагсаалт гаргаж байсан. Түүний хамгийн сүүлд нь цахим шилжилт эрэмбэлэгдсэн байсан. Би бол гадаад орны хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмждэггүй. Бид өмнө нь кембрижийн хөтөлбөрийг туршиж байсан, алдсан. Буцаад энэ хөтөлбөрийг гаргаж ирж байгааг ойлгохгүй байгаа. Энэ мэтчилэн хоорондоо ярих хэрэгтэй байгаа.

Сайд маань даанч сонсохгүй  байна. Би бүр арга ядаад парламентад 28 гишүүнтэй боловсролын лобби бүлэг санаачлан байгуулсан. Лобби бүлгийн гишүүдтэйгээ хамтран Л.Энхамгалан сайдад асуулга явуулсан.

Миний гол ярьж буй зүйл бол, “бид үндсэн суурь хэрэгцээ шаардлагаа зөв эрэмбэлье” гэсэн санаа. Эхний ээлжинд шинээр 108 сургууль 95 цэцэрлэгээ барья. Энийг хийж чадвал улс даяар нэг бүлэгт суралцах хүүхдийн тоо 40-өөс доош орно. Гэхдээ энэ хоёр ээлжээр хичээллэх сурагчийн тоо шүү. Өнгөрсөн жил энэ зарчмаар төсөвт тусгасан. Үүний дүнд цаашид барих шинэ сургуулийн тоо 86, цэцэрлэгийн тоо 81 болж буурсан байсан. Энэ маягаар тоог тууштай бууруулаад явах ёстой.

Жишээлбэл, Яармагт байдаг нийслэлийн 34 дүгээр сургууль гэхэд гурван жилийн дотор 3000 хүүхдээр ачаалал нэмэгдсэн байхад ойр орчимд нь шинэ сургууль барихгүйгээр орон сууцны хотхоны нэг давхарт стандарт бус орчинд анги нээж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.

Цэцэрлэгийн хүүхдүүдийг орон сууцны байранд шийдсэн шигээ одоо бага сургуулийг шийдэх гэж байна. Хүүхдийг юу гэж бодоод байгаа юм бэ.  Бодлого боловсруулдаг яам шүү дээ.

Орон сууцны нэг давхар, хонгилд спорт заал, номын сан, багш нарын өрөө, цайны газраас эхлээд ямар ч стандарт хангаагүй нөхцөлд бага сургууль байгуулж байгааг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Тэнд хүүхэд өөрийнхөө ангид орохын тулд өөр ангиар дамжин орж байна. Агаар сэлгэх цонхгүй, самбарынх нь өмнө барилгын суурь багана нь хаачихсан, хүүхдүүд нь самбарынхаа араас хичээлээ цухуйж хардаг. Ийм сургуулиудаар ажлын хэсгийн гишүүдийн хамт очиж үзэж байсан. Орон сууцны нарийн коридорт хүүхдүүд байж сууж чадахгүй гадагшаа гарахын түүс болж байсан. Энэ бол ерөөсөө шинэчлэл биш, ухралт. Шийдэл бол бүр ч биш. Сургууль орон сууцны нэг м.кв талбайг 48-57 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа нь өндөр байгаа бөгөөд үнийн хөөрөгдөл дагуулж байна.

-Төрөөс багш нарын цалинг нэмсэн. Үүнтэй зэрэгцээд багшийн ур чадварын асуудал хөндөгдөж байна. Нэг хүүхэд бага ангидаа суралцах хугацаандаа 4-5 багш сольж байна. Бараг жилд хоёр багш солих тохиолдол ч гардаг гэдгийг эцэг эхчүүд хэлдэг. Салбар яамнаас, улсаас энэ асуудалд хэр анхаарч байна гэж харж байна?

-Монгол Улс багшлах боловсон хүчний гүн хямралд орсон нь үнэн. Би энэ асуудлыг ярихаар салбарын сайд нь “Ж.Галбадрах мэтийн гишүүд ард иргэдийн толгойг эргүүлж байна. Монгол Улс багшийн хямралд ороогүй. Багшийн хомсдолоос болж боловсролын чанарт сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй” гэж дайрдаг. Боловсролын яамны вэб сайт дээр өнгөрсөн хичээлийн жилд 3954 багшийн орон тоо дутуу гэсэн статитик байна. Бидний тооцоогоор бүр 7000 гаруй багшийн орон тоо дутагдалтай байгаа. Жишээлбэл, англи хэлний хичээлийг под группээр оруулах ёстой ч 40, 50-иар нь нийлүүлж орж байна. Уг нь гадаад хэлний хичээлийг 30 хүүхэд байсан ч  15, 15-аар нь оруулж байх ёстой. Бас мэдээлэл зүй, технологийн хичээл дэд бүлгээр орох учиртай. Даац хэтэрсэн сургуульд бүх багш илүү цагтай. Багш уг нь долоо хоногт 19 цагийн хичээл заах нормтой ч бодит амьдрал дээр 25-30 цаг зааж байна. Самбарын өмнө хичээл заана гэдэг хүнд хөдөлмөр. Өглөөнөөс орой болтол тасралтгүй хичээл заах бол үнэхээр хүнд. Угтаа бол багш өдөрт 2-3 цаг хичээлээ заагаад амарч, дараагийнхаа хичээлдээ бэлдэж, төлөвлөж, шавь нартаа давтлага өгч байж чанартай заах учиртай.

Ийм нөхцөлд ажиллах боломжгүй байгаа учраас боловсрол чанаргүй байна. Мөн ихэнх сургуульд багш өөрийн эзэмшсэн мэргэжлээс гадна өөр хичээл заах, жишээ нь, физикийн багш химийн хичээл заах зэрэг тохиол олон бий. Өөр мэргэжлийн хичээл орж буй багш тэр хичээлийг оромдоод л өнгөрдөг.

Салбар яам улсын хэмжээнд яг хэдэн багшийн орон тоо дутагдалтай байна гэдгийг үнэн зөв тоолж, асуудалтайгаа нүүр тулах ёстой. Хүлээн зөвшөөрөх ёстой. Багш мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдийг олшруулах шаардлагатай. Төрөөс багш мэргэжлээр суралцагсадыг төлбөргүй суралцуулах бодлого барьсаны ачаар сүүлийн гурван жилд оюутны тоо бага зэрэг нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан боловч өнгөрсөн жил санхүүжилт дутуу орсоноос багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдөө сургалтын төлбөрөө төлөх болсон тул үргэлжлүүлэн сурах оюутан цөөрөх төлөвтэй гэсэн мэдээлэл байна. Тодорхой хэлбэл, МУБИС-ийн зургаан тэрбум төгрөгийн санхүүжилт тасалдсанаас ийм байдал үүссэн байна. Энэ асуудлыг харин энэ тодотголоор оруулах ёстой байсан. Миний бодлоор, багш мэргэжлээр суралцаж байгаа оюутныг үнэ төлбөргүй суралцуулахаас гадна бүр цалинтай болгох ёстой гэсэн санаа гаргаж, хөтөлбөр боловсруулж байсан.

Багш сайн байж бүх салбарт дутагдаад байгаа хүний нөөц шийдэгдэнэ. Тийм учраас төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарах хэрэгтэй.

Манай салбар тооцоогоо үнэн зөвөөр хийж, яг хэдэн багш дутагдаж байна, хэдэн сургууль ачаалал ихтэй байна, хэчнээн ширээ сандал дутагдаж байна гэдгийг гаргаж ирээд, зөв эрэмбэлж, оновчтой төлөвлөлт хийх хэрэгтэй. Эхний суурь асуудлаа бүрэн шийдээд дараагийн асуудал руу орох ёстой. Би Япон улсын боловсролын салбараар жишээ татахгүй. Бидэнд хамгийн ойр Казахстан улс гэхэд хоёр жилийн дотор 240 сургуулийг шинээр барьж байна. Тэнд нэг бүлгийн ачаалал нь 35 давсан тул улаан гэрэл асааж, ингэж олон сургууль барьсаны ачаар ачааллаа эргээд 25 рүү буулгаж байна. Ингэснээр чанар ярих боломжтой болсон гэж байна. Манайх 50, 60-ыг 40 рүү оруулах тухай ярьж байгаа, эмгэнэлтэй. Казакстаны жишигт оруулъя гэвэл, дахиад 100 сургууль хэрэгтэй шүү.

Миний улс төрд орж ирсэн гол шалтгаан гэвэл, Монголынхоо бүх сургуулийг “Шинэ Монгол”сургууль шигээ болгох. Тэгж хэлэхээр л хүмүүс эгдүүцээд байгаа юм. Би өөрөө 20 жил энэ сургуулийг удирдаж,  сайн сургууль болгосон хүн. Улсын хөгжлийн суурь нь боловсрол гэдэгт бат итгэдэг хүний хувьд, улсаа хөгжүүлэхийн тулд би хувийн сургууль байгуулж, түүнийгээ нотолсон гэж боддог. Сургуулийн менежмент ямар байх, яавал сурагчдын төлөвшил, хандлага зөв байх, амжилттай суралцах, сургуулийн эерэг соёлыг хэрхэн төлөвшүүлэх гээд олон зүйлийг бодитоор хийж харуулсан. Манай сургууль руу хүүхэд бүр тэмүүлдэг. Би энэ туршлагаа төрийн сургуульд нэвтрүүлье гээд хоёр, гурван үе шаттай төсөл хэрэгжүүлж, 188 сургуульд хүрч ажиллахын тулд улсаа бүтэн тойрчихсон. Бидний арга зүйг нэвтрүүлээд, сайжирсан сургууль олон бий. Би улстөржихөөс илүүтэй, байгаа байдлаа хараад, хэрхэн сайжруулах вэ гэдгээ ярилцахыг хүсдэг. Ийм санал санаачлагыг ганц би биш маш олон судлаач, сэтгэл зүрхтэй хүмүүс бодож байгаа.

Бид эхнээсээ бодлогоо зөв эрэмбэлэхгүй нэг ангид 40, 50-иулаа сурч, багшийн орон тоо дутуугаас маш ачаалалтай ажиллаж байхад компьютер тараана гэдэг зөв бодлого уу. Эрэмбээрээ эхлээд сургууль, цэцэрлэгээ хүртээмжтэй болгоод, багшийн хомсдолоо арилгасны дараа энэ асуудал ярих учиртай биш үү.

"ЭЦЭГ ЭХЧҮҮД ЯАГААД ХУВИЙН СУРГУУЛЬД ХҮҮХДЭЭ СУРГАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА ГЭХЭЭР УЛСЫН СУРГУУЛЬД СТАНДАРТ БАРИХГҮЙ, БАГШ ДУТУУГААС Л БОЛЖ БАЙНА"

-Та саяхан Япон улсаас хуучин ширээ, сандал авч ирж сургуулиудад тараасан. Ингэхдээ заавал сандал, ширээгээ гардуулж өгөх шаардлага байсан уу гэдэг асуудлыг хүмүүс хөндлөө. Нийт хэдэн сургуульд сандал, ширээгээ бэлэглэв?

-Япон улсаас үнэ төлбөргүй өгсөн сандал, ширээг тарааж өгсөн биш баахан шүүмжлэл дагууллаа. Цаад газар маань "Хэрвээ та нарт ийм ширээ сандал хэрэгтэй гэвэл, цаашид ахиад үнэ төлбөргүй өгч болно. Та замын зардал, гаалийн татвараа төлөөрэй" гэсэн юм. Манай зөвлөхүүд ч гэсэн "Хэдүүлээ сандал, ширээ шаардлагатай сургуулиудад нь ёслол төгөлдөр гардуулаад өгчихье" гэсэн юм. Ингээд сандал, ширээгээ Нисэхийн долдугаар сургууль, "Оюуны ундраа" сургууль, шинээр байгуулсан 187 дугаар сургууль, Ховдын хоёрдугаар сургуульд өглөө. Нийт 400 ширээ сандал өгсөн. Нэг ширхэгийн үнэ нь 70 мянган төгрөг орчим болж байсан. Тэр зардлыг би 100 хувь хариуцаж, сургуулиудад үнэ төлбөргүй өгсөн. Энэ сандал, ширээг дахин 15 жил ашиглах боломжтой.

Би ширээг хог гэж үздэггүй. Зарим хүнд хог шиг харагддаг юм байна лээ. Ширээ бол үнэ цэнтэй зүйл. Хичээж буй хүүхдийн дурсамж энд үлддэг. Хүүхдийн сурах үйлийг дэмждэг хэрэгсэл.

Манай "Шинэ монгол" сургууль болон "Шинэ Монгол Харумафүжи" сургуулийн бүх ширээ сандал ийм л хуучин байдаг. Хүүхэд суугаад хичээл хийхэд тухтай, эвтэйхэн байдаг, хүүхдийн бие бялдарт ямар нэгэн хоргүй. Хүлээж авсан сургуулийн сурагчид "Ийм ширээ, сандал бэлэглэсэнд маш их баярлалаа" гэдгийг хэлж байсан. Надад сандал, ширээ шаардлагатай байгаа сургуулиуд тоогоо хүртэл гаргаж өгсөн. Манай УИХ-ын олон гишүүн хүсэлт тавьж байсан. Миний хувьд хүмүүсийн хэлсэн шүүмжлэлийг хүлээж авсан. Би одоо сандал, ширээ захисан хүмүүст чимээгүйхэн л өгч байя.

-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь заалтад “Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж хуульчлан баталгаажуулсан байдаг. Гэвч өнөөдрийн нийгэмд боловсролын асар том ялгаа, зааг үүсчихлээ. Хүүхэд хэр сайн боловсрол эзэмших эсэх нь эцэг эхийн санхүүгийн боломжтой шууд холбоотой болсон. Та энэ асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Монгол Улс ардчилсан орон. Тэр утгаараа боловсролын салбарт ч сонголт бий. Тэгэхээр шууд хувийн сургуульд хүүхдээ суралцуулж байгаа эцэг эхчүүдийг буруутгаж болохгүй. Хувийн сургуулиудыг ад үзэж бүр болохгүй. Харин төрөөс энэ асуудалд анхаарч, бодлого барих ёстой. Төрөөс хувийн сургуулиудад хувьсах зардал олгож байгаа нь Үндсэн хуулийн “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэсэн заалтыг хэрэгжүүлж буй хэрэг. Өнөөдөр ард иргэдийн дийлэнхийн амьжиргааны түвшин ямар байна вэ, хүүхдээ хувийн сургуульд суралцуулах боломжтой байна уу гэвэл тийм боломж бараг байхгүй байна. Ийм нөхцөлд төрийн сургууль л сайн байх хэрэгтэй байна.

Төр, хувийн сургуулийн ялгаа юунд байна гэхээр хувийн сургуулийн нэг ангид байх хүүхдийн тоо 30-аас доош гэх мэт зохист харьцаанд байна. Үүнийг үүсгэн байгуулагчид нь хариуцлагатайгаар мөрдөж байна. Тохь тухтай орчин, мэргэжлийн багш нараар хангахын төлөө чармайж байна.

Тэгвэл улсын сургуульд хүүхдүүд ангидаа 50, 60-уулаа сууж, багш нар дутагдалтайгаас зарим хичээл орохгүй байх нь жирийн үзэгдэл болсон тул сургалтын чанар алдагдаж байна. Төрийн сургуулийн үүсгэн байгуулагч нь төр өөрөө. Боловсролын яам, газрууд хариуцлагатай байж, нэг ангид байх хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байж, багш нараа хангалттай бэлдэж, ажиллах орчин, цалин урамшлуулын асуудлыг шийдэж, сургалтын орчноо сайжруулж чадвал энэ байдал аажмаар сайжирна. Эцэг эхчүүд яагаад хувийн сургуульд хүүхдээ сургах хүсэлтэй байна гэхээр улсын сургуульд стандарт барихгүй, багш дутуугаас л болж байна. Тиймээс тэд хуруу хумсаа хугалан байж болсон болоогүй бүх зүйлээ зориулан хүүхдээ төлбөртэй хувийн сургуульд сургах гэж хичээж байна. Энэ байдлыг арилгая гэвэл улсын сургуулиуд маань чанаржих ёстой. Төрийн сургуулиудын чанарыг дээшлүүлэхийн тулд хувийн сургуулиудтай хамтарч ажиллаж болно. Жишээлбэл, миний хувьд УИХ-ын гишүүн болохоос өмнө "Шинэ Монгол" сургуулийн менежментийг улсын сургуульд нэвтрүүлэх оролдлого хйиж байсан. Аймаг, дүүрэг болгонд "Шинэ Монгол" шиг сургууль бий болгохыг зорьсон. Одоогоор аймаг болгонд “Шинэ Монгол” менежментийг үйл ажиллагаандаа тусгасан олон сургууль бий.  Дархан-Уул аймагт "Шинэ Орхон", Өвөрхангайд "Шинэ Бат-Өлзий", Сүхбаатар аймагт “Шинэ хоёрдугаар сургууль”, Сэлэнгийн  Мандал суманд “Шинэ дөрөвдүгээр сургууль” гэж нэрлэгдэх хүртэл болсон олон сургуульд менежмент, арга зүйгээ нэвтрүүлсэн. Сайн сургалтыг заавал төлбөр, мөнгөөр хийдэггүй юм.

Би олон юм ярьдаггүй, Боловсролын салбарт стандартаа барих, шинэчлэлээ цэгцтэй, сууриас нь эхлээд эрэмбэтэй хийгээсэй гээд ярьж байгаа. Монгол Улс 3.5-хан сая хүн амтай, сургуульд сурдаг хүүхэд харьцангуй цөөн гэсэн үг. Эрэмбэлээд хийвэл богино хугацаанд дороо л босоод ирэх учиртай.

Токио хот гэхэд 18 сая хүн амтай, хэдэн зуун сургуулийг ямар ч асуудалгүй сайн ажиллаад л байна. Монгол Улсын хувьд шинэ сургуулиуд барих нь ямар ч асуудалгүй гэж хардаг. Үнэндээ 108 сургуулийг бүгдийг зэрэг барихад нийтдээ ердөө 1.6 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байсан. Монгол Улсын ирэх оны төсөв 45 их наяд төгрөг. Гэтэл энэ мөнгөнөөс хоёр их наядаар нь сургууль, цэцэрлэгээ яагаад барьж болохгүй гэж. Надад нэгэн эрхэм хандаж, “Та сургуулийн барилга ярьж байна. Гуравхан сарын дотор Монголоос хоёр дахин хямд өртгөөр 5000 м2 сургууль барих боломж байна” гээд танилцуулж байсан. Яагаад бид түүнийг хэрэгжүүлж болохгүй гэж. Намайг ингэж ярихаар "Та социализм, комунизмын үеийн юм яриад байна.Сүүлийн жилүүдэд хүүхдийн төрөлт буурсан" гэх мэтээр үгүйсгэдэг. Төрөлт энэ жил тодорхой хэмжээнд буурсан байж болно.

Өнөөдөр улсын хэмжээнд 800 орчим мянган хүүхэд сурч байгаа бол 2050 онд 1.1 сая болно гэсэн Үндэсний статистикийн газрын тооцоо бий. Бидний энд ярьж байгаа нь хоёр ээлжээр суралцах тухай яриа шүү дээ. Уг нь нэг ээлжээр хичээллэж, хүүхдүүл үдээс хойш дугуйлан секцэнд хамруулах тухай ярих ёстой. Бид одооноос зорих ёстой.  Тэр хүртэл маш олон сургууль цэцэрлэг шинээр барих шаардлагатай.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-14 66.181.179.151

Ooriinh ni surguuli ni ter ulsiin surguuliasaa muu yum bn lee. odoo yay gehev

Avatar

Япон 2026-09-14 66.181.190.30

Багшгүй сургуулиар яахав дээ

Avatar

Нэргүй 2026-09-14 104.28.68.89

Mal ve turult buuraad bn gsn biz dee. Daraa ni ter olon baishing yah ym

Avatar

Жинхэн хумсаа нуусан баагий даа 2026-09-14 202.21.100.164

Япончуудын мөнгөөр сургууль байгуулаад, түүндээ хүүхэд авахдаа мөнгө төгрөг аваал сууж байдаг жинхэн зэвүүн гөлгөр дөө.

Avatar

Шударга АРД 2026-09-14 103.212.119.138

Япончуудыг бөгсийг долоож, Монголчуудыгаа газар дор ортол муулж дундаас нь хоолоо олж иддэг хөгийн гар. Хуучирч эвдэрсэн яйжгий сандал ширээ авчирч байхаар хүүхэд залуусыг дан ганц Япон гэлтгүй өөр бусад өндөр хөгжилтэй оронд сургах хэрэгтэй. Иймэрхүү ашиг хонжоо хайсан гадны тагнуулыг ахиж битгий дэмжээрэй.

Avatar

Нэргүй 2026-09-14 203.17.23.177

ЯПОНЫ ХУУЧИН САНДАЛ ДЭЭР Л ИХ ШҮҮМЖИЛЖ БАЙНА АА ЮМ ҮЗЭЭГҮЙ МУУСАЙН ООРКУУД. ТА НАР ЯПОН САНДАЛ ДЭЭР СУУЖ ХИЧЭЭЛ ХИЙЖ ҮЗСЭН ҮҮ МАЛНУУД АА. МОНГОЛ ЗАЛУУЧУУД ХИЙНЭ Ч ГЭХ ШИГ. ТЭГЭЭД ХИЙСЭН БОДИТ ЖИШЭЭ НЬ ЯГ ХААНА БАЙНА? ХЯТАДААС ШИНЭ ШИРЭЭ САНДАЛ АВЧРААД ТЭР НЬ НЭГ ЖИЛ БОЛОХГҮЙ ЭВДЭРДЭГ. ЭХЛЭЭД МОЯА ОРКУУД АА ТЭР ЯПОН ХУУЧИН ШИРЭЭ САНДАЛ ДЭЭР НЬ СУУЖ ҮЗЧИХЭЭД ОЛОН ЮМ х**.

Avatar

Zochin urgus 2026-09-14 202.133.76.51

Odoo ih hurald suuchaad yu hiisiin alban tushaal goridj bga bh hun l yum chn turd oroogui bhdaa ulsin surguuliig uurinhe huvin surguli shg bolgoyo gj guihed yasin bas l saidruu zutgsn neg bh uurinh ni surguli goyo chanartai bshdee biende daldgnasn huuramch orchin bdg

Avatar

Нэргүй 2026-09-14 66.181.190.70

Хот төлөвлөлтөд анхаар Сая GoGo сайтад "90 айлаас 600 айл " гэсэн асуудал хөндсөн өгүүлэл гарсан. энэ дахин төлөвлөлтөөс чинь хүүхдийн тоо 6-10 дахин өсч байна Байгаа сургууль нь ачааллаа даахгүй, шинэ сургууль барих газар байхгүй ийм байдлыг ашиглаад Хувийн сургууль барьж ашиг олж байна. Улсын сургууль байхгүй учраас аргаа бараад л хувийн сургуульд хүүхдээ өгөх, хол зөөж улсын сургуульд өгч байна шүү дээ. Хувийн сургуультай төрд гарсан хүмүүс хувийн сургуулийн төлөө л юм хийнэ шүүээ.

Avatar

Нэргүй 2026-09-14 202.9.40.106

дргын хүүхд дрга болцн гж хужааманж заль хужааманжууд толгойд шаацн ихнхнь хужөаманжууд толгойд шаацн бсн х***а манжууд толгойд шааж эзлж бх гж хужааманжууд тйм ма тийн хужааманж арга зальж бодж оож шааж бх болн.

Avatar

Нэргүй 2026-09-14 59.153.112.192

сургуулиуд гэж нил эмэгтэй багш нар. эрэгтэйчүүд яасан юм бэ. хүйсийн хэт давуу байдлаа бууруул

Avatar

Нэргүй 2026-09-14 202.9.40.106

хятд манжуудын зорилгыг биелүүлж бвал одоо яаая гэхэв хятд манжуудыхн зорилгон энэ шдэ яадхгүй юмнуудтай зам нийлээд яаахв.

Avatar

Нэргүй 2026-09-14 64.119.21.53

эхлээд шинэ монголынхоо сургалтыг сайжруулаа Галаа менежерээ та бол багш хүн биш. бизнесмен.

Avatar

Нэргүй 2026-09-14 66.181.179.151

uneen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж