Оюутолгойгоос 378 монгол цалин авдаг

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Оюутолгойгоос 378 монгол цалин авдаг

Монголын Засгийн газар “Айвенхоу майнз” болон “Рио Тинто“-той Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад чамгүй хугацаа өнгөрч байна. Энэ гэрээний хэрэгжилтийн талаар улстөрчдийн байр суурь болон ямар дүн тавьж буйг нь сонирхохоор УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Нэгэнт Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталчихсан юм чинь араас нь ингэж нэхэл дагуул болох хэрэг байгаа юм уу. Асуудал аль хэдийнэ 30 жилийн баталгаатайгаар шийдэгдчихсэн шүү дээ?

-Үгүй ээ. Би хувьдаа харин ч энэ талаар санал бодлоо илэрхийлж, засч залруулах боломжтой хувилбарыг дэвшүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Хүмүүс одоо нэгэнт батлагдсан гэрээний хойноос хичнээн ч чанга хашгираад нэмэргүй гэдэг. Тодорхой хэмжээнд алдаатай гэдгийг нь хэлээд байвал бүгд нэгдсэн ойлголтод хүрч алдаагаа засч чадна. Тэгж чадах цаг ойрхон байгаа. Энэ гэрээг байгуулсан даруйд л Монголын төр мөнгөтэй болоод л ард иргэд өлсөхөө болино гээд байсан. Одоо тэр нь хаа байгаа юм. Харагдахгүй л байна шүү дээ. Бод л доо, бид нар өнөөдөр 34 хувиа 800 сая ам.доллараар, жилийн 10 гаруй хувийн хүүтэйгээр худалдаж авсан. Гэтэл Үндсэн хуульдаа газрын доорх баялаг төрийн өмч гээд заачихсан байгаа.

-Монгол мөнгөгүй юм чинь үүнээс өөр аргагүй гэж улстөрчид ийм шийдлийг сонгосон?

-Чи нэг хашаатай байлаа гэж бодъё. Тэр хашаанд чинь хүн 10 давхар байшин барина гэхэд чи зүгээр өгөх үү. Үүнтэй л адилхан.

-Би мөнгөгүй болохоор та барь, барь гээд л өгчих ёстой юм биш үү. Улстөрчдийн заавраас харахад?

-Үгүй ээ. Энэ миний газар учраас би таван давхрыг нь өмчилж авна гэж хэлэх ёстой. Үүн шиг манайд баялаг нь байгаад байхад тэгж 800 сая ам.доллар зээлж авч, түүнийхээ төлөө ордоо өгч болохгүй.

-Хөрөнгө оруулалтын гэрээний явцад сөрөг саналтай гишүүд олонхийн хүчинд дарагдсан. Хойшдоо хичнээн чанга хашгирсан ч нөхцөл байдал хэвээр үлдэнэ. Тэгэхээр та гэхэд л дуугүй байж чаддаггүй, үр дүнд  хүрч чаддаггүй гишүүний л тоог нэмэх юм биш үү?

-Яалаа гэж. Дуугарч байна гэдэг чинь харин ч алдаа засах боломжид хүрэх арга зам ойрхон байна гэдгийг илэрхийлнэ гэж бодож байна. Би сая чуулган завсарлах үеэр Оюутолгойд нийгмийн даатгал төлдөг хэдэн хүн байна, тэд хэдэн төгрөгийн цалин авч байна гэдэг асуудлаар Нийгмийн, хамгаалал хөдөлмөрийн яаманд асуулга тавьсан. Гэтэл тэнд ердөө 378 хүн ажилладаг гэсэн мэдээлэл ирүүлсэн. Тэгэхээр нөгөө 3000-4000 хүн нь хаана нь ажиллаад байгаа юм бэ. Энэ чинь асуудал биз дээ.  Тэгэхээр нь гадаад болон монгол ажилчдын цалингийн мэдээллийг өгөхийг хүсэхэд “Хөрөнгө оруулагч талаас ийм мэдээлэл өгөхгүй байна” гэдэг тайлбар өгсөн.

-Яагаад өгөхгүй байгаа гэж та бодож байна вэ?

-Нуух зүйл байна л гэсэн үг. Өнөөдөр Монголын төрд мэдээлэл гаргаж өгөхгүй хөрөнгө оруулагч гэж байж болох уу. Ерөөсөө л монгол хүн бага цалин авдаг. Гадаадын хүн нь өндөр авдаг. Гэтэл хийж байгаа ажил нь адилхан. Цалин нь болохоор 10-20 дахин их байдаг. Тэгэхээр энэ гэрээ чинь анхнаасаа алдаатай гэрээ болсон гэдэг нь тодорхой болж байгаа юм.

-Оюутолгойд ажилд орохын тулд анкет бөглөхөд “Танай ах дүү, хамаатан садан, найз нөхөд төрийн байгууллагад ажилладаг уу. Нэр ус, ажлыг нь тодорхой бичнэ үү. Засгийн газарт ажилладаг уу” гэж асуусан байдаг юм билээ. Та энэ асуултыг зүй ёсны асуух ёстой, хариулт авах ёстой асуулт гэж бодож байна уу?

-Наадх чинь ёс зүйгүй асуулт. Ингэж арай ч болохгүй. Дараа нь УИХ-ын гишүүн болон сайдууд, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс рүү “Манайх танай хамаатныг, найзыг ажилд авсан шүү” гэж ярих гэж байна шүү дээ. Мөн өөрсдийнх нь талд шийдвэр гаргуулах, лобби хийхийн тулд мэдээлэл цуглуулж байна гэсэн үг. Ийм байдлаар ажиллаж болохгүй. Энэ бол ёс зүйгүй, увайгүй үйлдэл.

-Магадгүй том дарга нарын хамаатан садан, найз нөхдийг ажилд авахгүй жирийн иргэдээр ажилтан, ажилчдаа бүрдүүлэхийн тулд шударга асуулт тавьж байгаа хэрэг биш үү. Цайруулж бодвол шүү дээ?

-Тэгвэл тэгж хүний эрхийг хөсөрдүүлж болохгүй. Аль ч талаас нь бодсон буруу асуулт. Яагаад нэг хүний найз болж төрснөөрөө ялгаварлан гадуурхагдах ёстой юм. Яагаад нэг хүний найз, ах дүү болж төрснөөрөө ажилд орох ёстой юм.

-Хэн нэгэн улстөрчийн дүүг, найзыг ажилд авлаа гэхэд үнэхээр тухайн компанийн төлөө гар өргөх хүчин зүйл болох магадлал бий юу?

-Энэ бол тухайн улстөрчөөс хамаарах асуудал. Тийм оролдлого хийхийг үгүйсгэхгүй. Өөрийнхөө ёс зүйг барьж ажилладаг хүний хувьд бол тийм оролдлого гарлаа гэхэд өөрийнхөө хэмжээнд тасалдаг л байх ёстой.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж