Өмнөд Солонгосын бизнесмен, "Smilegate" тоглоомын компанийг үүсгэн байгуулагч Квон Хёг Бин салсан эхнэр Ли Хва Жиндээ 2.55 их наяд вон олгохоор болжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэр бүл цуцлалтын хөрөнгө хуваарилалт болж байна.
Шүүх 52 настай Квон Хёг Бинд өөрийн эзэмшдэг "Smilegate"-ийн хувьцааны 35 хувийг эхнэртээ шилжүүлэх, мөн 65 тэрбум вон бэлнээр олгох шийдвэр гаргасан байна.
Түүний эхнэр Ли Хва Жин анх компанийн 50 хувийн хувьцааг авахыг шаарджээ. Тэрбээр "Smilegate"-ийг байгуулах үед санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд гэр бүл, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд 20 гаруй жил зарцуулсан тул компанийн амжилтад хувь нэмэр оруулсан гэж үзсэн байна.
Харин Квон Хёг Бин эхнэр нь компанид хөрөнгө оруулаагүй, мөн компанид ажиллаж байгаагүй гэж маргажээ. "Smilegate" ч анхны хөрөнгийг бүхэлд нь Квон өөрөө гаргасан гэж өмнө нь мэдэгдэж байсан.
Гэсэн хэдий ч шүүх Ли Хва Жин гэр бүл, хүүхдүүдээ удаан хугацаанд дангаараа хариуцаж байсан нь компанийн үйл ажиллагаанд шууд бус хувь нэмэр оруулсан гэж үзжээ. Шүүхийн шийдвэрээр Ли Хва Жин насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ асран хамгаалагч болох бөгөөд Квон Хёг Бин хүүхдийн зардалд сар бүр 20 сая вон төлөхөөр болсон байна. Тэд хоёр хүүхэдтэй аж.
Энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгосын өмнөх дээд амжилтыг хоёр дахин давсан байна. Өмнө нь "SK Group"-ийн тэргүүн Чой Тэ Вон салсан эхнэр Ро Со Ён-д 944 тэрбум вон олгохоор болсон нь хамгийн өндөр дүнтэй гэр бүл цуцлалт байжээ.
"SMILEGATE"-Д ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Шүүхийн шийдвэр "Smilegate"-ийн үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх талаар тоглоомын салбарынхан мэтгэлцэж байна. Квон Хёг Бин хувьцааныхаа 65 хувийг хадгалж үлдэх тул компанийн удирдлага одоогоор түүний гарт хэвээр байх төлөвтэй.
Гэхдээ Ли Хва Жин 35 хувийн хувьцаа эзэмшсэнээр компанийн захирлууд, аудиторуудыг өөрчлөх санал гаргах зэрэг арга замаар компанийн шийдвэрт нөлөөлөх боломжтой болж байна.
Квон Хёг Бин 2002 онд "Smilegate"-ийг байгуулсан ч компани эхний жилүүдэд амжилттай тоглоом гаргаж чадалгүй нэлээд хугацаанд бэрхшээлтэй байсан. Харин 2008 онд “Crossfire” тоглоом Хятадад хит болсноор компани эрчимтэй өсжээ. “Crossfire” тоглоомыг "Tencent" Хятадад түгээсэн бөгөөд улмаар дэлхийн 80 гаруй оронд нийт 1.1 тэрбум гаруй хэрэглэгчид хүрсэн байна.
"Forbes" сэтгүүл 2026 оны Өмнөд Солонгосын чинээлэг хүмүүсийн жагсаалтад Квон Хёг Биний хөрөнгийг 3.1 тэрбум ам.доллар гэж үнэлж, 16 дугаарт эрэмбэлжээ.
3,602.33

















































Холбоотой мэдээ