Хүнээ анхаардаг төртэй болохсон!

Хүнээ анхаардаг төртэй болохсон!

Хүнээ анхаардаг төртэй болохсон!

Зэвсэгт хүчний албан хаагч сураггүй алга болоход анги нь ч анхаараагүй, арга нь барагдсан ар гэрийнхэн хэвлэлд хандсанаар сая нэг шалгалт эхлүүлж, бусдын гарт амиа алдсаныг цагдаагийн байгууллага тогтоов.  Маш харамсалтай.

Хэрэг явдлын талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Долдугаар сарын 9-нд харуулын үүрэг гүйцэтгэчихээд буусан юм билээ. Анги байгууллага дээр тийм зүйл болоогүй. Тухайн хүн  долдугаар сарын 17-нд үүрэг гүйцэтгэх байсан ирээгүй. Долдугаар сарын 22-нд дахин ирээгүй тул анги нь ар гэрт нь хандсан.  Анги байрлал дээр байхгүй хүнийг би юу хийж явааг яаж мэдэх юм” гэж биеэ хаацайлах нь тэр.

Хэрэг явдал анги байгууллагад болоогүй ч цэргийн албан хаагч нэгнийхээ аминд хүрсэн нь тус салбарт олон зүйл болохгүй байгааг харуулсан үйл явдал биш юм уу, сайд аа.

Өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 21-нд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан хэрэг болоход мөн л Батлан хамгаалахын сайд биеэ өмөөрч зогссон. Цэргийн албан хаагч амиа алдах бүрт биеэ л өмөөрсөөр байх уу.

Цэргийн албанд "Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлийн бодлого" хэрэгжүүлнэ, яргалалт дэглэлтийг зогсооно гэсэн байсхийгээд салбарт тань цэрэг, одоо албан хаагч амиа алддаг боллоо.

Төв талбайдаа буу шийдэм байршуулж, буудлага хийхийн оронд хүнтэйгээ ажиллая аа.

Сэртхийлгэм хэргүүд шил шилээ даран гарах бүрт хүүтэй хүн бүр хүүгээ “Цэрэгт мордуулах уу, болих уу” гэдэг айдас хүйдэст хүлээстэй явах боллоо.

Залуус ч цэргийн алба хаахаас халширч байна.  Хэн цэргийн алба хаах нэрийн дор бусдын гарын шүүс болохыг хүсэх юм бэ.

Эцэс сүүлдээ цэргийн албан хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг явдал болоход дуугардаг албан тушаалтан ч үгүй боллоо.  Эрх барьж байгаа Ардын намынхан нь Батлан хамгаалахын сайдынхаа талд ороод дуугардаггүй юм гэхэд сөрөг хүчин  салбарын сайдаас нь хариуцлага нэхдэггүй юм уу.

"Нэг хүн үхвэл эмгэнэлт явдал, олон хүн үхвэл статистик" гэж Сталины хэлсэн үг байдаг. Үнэндээ, Монголын цэрэг армид ийм л явдал тохиолдож байна. Учир нь, байсхийгээд л нэг цэрэг учир битүүлгээр амиа алдах, хэн нэгэнд зодуулж эрүүл мэндээрээ хохирох, албан хаагчдаа зодуулж амиа алдах нь болоод л өнгөрдөг үйл явдлын нэг болов. Ингэхдээ бүр  "хүн биш цэрэг" гэдэг хандлагаар алба хааж яваад амиа алдсан албан хаагч нарын асуудлыг төр нь тоохоо болиод удаж байна.

Цаашдаа энэ байдал ужгирвал цэрэгт хүүгээ мордуулах эцэг эх олдохгүй шүү. Дээр нь цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо ч буурах биз.

Тусгай хүчний албаны залуу мөрдөс нэгтнийхээ гарт амиа алдаж, шороонд булагдсан байхад цагдаагийн байгууллага нь хэзээ хойно хэргийг шалгаж, илрүүлэх. Монголд төр байна уу.

Монгол төрийн бас нэг хүнээ гаргуунд нь хаясаны бодит кейс тагнуул хийсэн хэргээр хойд хөршил саатуулагдаад байгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ц.Ганболд гэх залуу юм. Сар шинийн бэлтгэлээ базаахаар өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын хилээр нэвтэрч гараад саатуулагдсан.

Малчин залуу ямар юмных нь тагнуул байх вэ дээ. Иргэнээ авч ирэх тал дээр Гадаад харилцааны яам нь ажилладаг эсэх нь тодорхойгүй. Хувь хүний нууц нэрийн дор энэ хэрэг яасан нь мэдэгдэхгүй болсон.

Битүү хатуу мэдээгээр ял авсан байж болзошгүй.

Мөн саяхан дуулиантай мэдээ гарахад Засгийн газрын холбогдох сайд нараас хэн нь ч бас юу ч дуугарсангүй. Тодруулбал,  Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн БНХАУ судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж нь Үндэсний их баяр наадмын өмнөхөн БНХАУ руу эрдэм шинжилгээний хуралд оролцохоор яваад эргэж ирээгүй, холбоо тасарсан. Олон улсын хуралд оролцож байхад нь үл таних хүмүүс авч явснаас хойш сураггүй.

Энэ мэтчлэн иргэд нь хилийн дээс алхаад сураггүй болж байхад Засгийн газар нь чичим ч үгүй л сууна. Дээрх хугацаанд Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд Гадаад харилцааны сайд нь ОХУ, Хятад улсад айлчиллаа, асуудлаа ярьдаггүй юм уу. Гэтэл урд хөршийн удирдагч ШХАБ-ын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын хөрөнгө оруулалттай компани руу халдсан Монгол иргэдийн асуудлыг хөндөж, төр засгаас анхаарал хандуулахыг сануулснаар газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Ерөнхий сайдаас холбогдох сайд нарт өгөөд байна.

Төр хэзээ иргэнээ хамгаалдаг болох вэ. Яам нь, сайд нь хэзээ иргэнийхээ төлөө ажилладаг болох вэ. Ард түмэн иргэнээ боддог, араас нь хөөцөлддөг тэртэй болохыг шаардаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-09 203.91.115.40

өөрийгөө л хал балгүй аваад гарах нь чухал гэсэн бодолтой ийм л хувалзууд төрд бгаа цагт нийгэм бохир хэвээрээ л бна !! нийгмийн үүрэг, хариуцлага, албан тушаалын үүрэг, хариуцлхга, иргэний болон улс төрийн үүрэг, хариуцлага гэж огт мэдэхгүй ямба, шуналын уутнууд юмаа !! танай алба хаагчид чинь хүн алж, зодож, дээрэлхэж, дарамталж, тахир дутуу болгож бгаа нь цэргийн албаны ялзралыг харуулж бгаа юм биш үүү!!!!! албаны нэг зорилго нь хүн байх ухаанд сургах явдал мөн шүү дэээээ!!!

Avatar

сонгогч 2026-09-09 202.9.46.89

Морь унасан "толгойгүй, эзэнгүй" монголын бодит дүр зураг……………..

Avatar

Нэргүй 2026-09-09 202.126.89.93

Улаанбаатар хотод БГД, 6Р ХОРООНЫ ХЭДН байрууд нь ХАЛУУН УСГҮЙ 3 ЖИЛ БОЛЖ БНӨӨӨӨӨ ХӨӨРХИЙ …….

Avatar

Нэргүй 2026-09-09 43.242.242.59

Гадаад хэргийн яам хүнийгхээ хойноос хөөцөлдөх үүрэгтэй. Ажлаа зохих ёсоор хийхгүй бол сайд болон холбогдох албан тушаалтыг өөрчилж ажлаа хийдэг хүнийг томилох нь зөв юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж